| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Очбадрах |
| Хэргийн индекс | 185/2024/1010/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1032 |
| Огноо | 2024-11-20 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Пүрэврагчаа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1032
2024 11 20 2024/ШЦТ/1032
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Очбадрах даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Батчимэг,
улсын яллагч Д.Пүрэврагчаа /томилолтоор/,
шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Б-ийн Ат холбогдох эрүүгийн *********** дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:
Шүүгдэгч Б.А нь 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 80-15 тоотод гэр бүлийн хамаарал бүхий хүн болох өөрийн эхнэр Н. Б г “гэр бүлээс гадуур харилцаатай болсон гэх” шалтгаанаар маргалдаж, улмаар түүний зүүн гар руу 2 удаа, нүүр хэсэг рүү 1 удаа, дагз хэсэг рүү 1 удаа, гуя хэсэг рүү 1 удаа тус тус цохиж, эрүүл мэндэд нь зүүн дээд, доод зовхи, хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээж, хэвлий, зүүн мөр, бугалга, сарвуу, гуянд цус хуралт, зүүн зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2024 оны 04 дүгээр сард хорих ангиас гарч ирсэн. Тухайн үед эхнэр маань жирэмсэн болсон байсан ба гэр бүлээс гадуурх харилцаатай болсон байсан. Эхнэртээ гар хүрсэн нь миний буруу” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн *********** дугаартай хэргээс:
Улсын яллагч хохирогч Н.Б гийн мэдүүлэг /хх-ийн 18-21-р хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмчийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 11657 дугаартай дүгнэлт /хх-ийн 30-31-р хуудас/, хохирогч Н.Б гийн эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл баримт /хх-ийн 12-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.А нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Б.Ат холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.
Шүүгдэгч Б.А нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж дараах дүгнэлтүүдийг хийж шийдвэрлэв.
1.Гэм буруугийн талаар:
1.1. Шүүгдэгч Б.А нь 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 80-15 тоотод гэр бүлийн хамаарал бүхий хүн болох өөрийн эхнэр Н. Б г “гэр бүлээс гадуур харилцаатай болсон гэх” шалтгаанаар маргалдаж, улмаар түүний зүүн гар руу 2 удаа, нүүр хэсэг рүү 1 удаа, дагз хэсэг рүү 1 удаа, гуя хэсэг рүү 1 удаа тус тус цохиж, эрүүл мэндэд нь зүүн дээд, доод зовхи, хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээж, хэвлий, зүүн мөр, бугалга, сарвуу, гуянд цус хуралт, зүүн зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
- Хохирогч Н.Б гийн: “...Миний нөхөр Баттөмөрийн А нь 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр шүүхээр орж 415-р хорих ангид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйл ангид заасан гэмт хэрэг үйлдэж ял эдлээд 2022 оны 09 дүгээр сард суллагдаад цахим гавтай хяналтад байсан тэгээд 2023 оны 04 дүгээр сард хүн зодоод тэнсэнгийн хугацаа нь дуусаагүй гээд хорих ял эдлээд 2024 оны 04 дүгээр сард суллагдаж гарч ирсэн. Би нөхрийгөө шоронд байх хугацаанд нь хүүхдүүдээ тэжээх гээд барилга дээр ажилладаг байсан тэгээд ажлын шугамаар олон эрэгтэй хүнтэй харилцах хэрэг гарсан тэгээд нөхөр шоронгоос гарч ирээд намайг хардаад хүмүүстэй харилцуулахгүй ажлын ахтай хардаад энэ зунжин хэрүүл тасраагүй гэр бүлийн уур амьсгал хэцүү байсан болохоор том хүү маань дүү Сосорын гэрт очоод энэ зунжин тэндээ байсан тэгээд нөхөр бид хоёр ихэвчлэн хүүхдээс болж маргалдсан учир нь намайг дүүгийндээ хүүхэд байлгаж золбин гөлөг шиг хаялаа гээд уурлаад байдаг хааяа маргалдахдаа хавирга, гарын булчин руу гараа атгаж байгаад хүчтэй цохидог байсан маргалдах болгондоо л зоддог би тэр бүрт нь цагдаад хандаж байгаагүй учир нь нөхрөө, хүүхдүүдээ боддог байсан. Өнөөдрийн хувьд том хүүгийн хичээл орох болчхоод байхад гэртээ ирэхгүй дүүгийнд байгаад байсан болохоор дахиад хэрүүл болоод миний зүүн нүд рүү гараа атгаж байгаад олон удаа цохисон, цээж, хавирга, мөр хэсэг рүү олон удаа гараа атгаж байгаад цохиод байсан тэгээд би том хүү рүүгээ уйлаад аав чинь чамайг ирэхгүй бол ээжийг нь зодоод байна гэж ярьсан чинь хүү маань аав, дүү нарт хэлээд цагдаа дуудсан байна. Миний зүүн нүд хөхөрч хавдсан, зүүн хавирга хавьцаа амьсгаа авахад гайгүй ч хөндүүртэй, зүүн гар хавдчихсан, толгой өвдөж байна. 10-н жилийн сурагч байхаасаа үерхэж гэрлэлтээ 2008 онд батлуулж 4 хүүхдийн эцэг, эх болцгоосон. 2024 оны хавраас шоронгоос гарч ирээд надад гар хүрч эхэлсэн өмнө нь маргалдаж хэрэлдэж байсан ч надад гар хүрдэггүй байсан. 3-12 настай гурван хүүхэд маань байсан. А болон манай гэр бүлийн эцэг, эх, ах, дүү нар болон бид хоёрын найзууд бүгд мэдэж байгаа. Баттөмөр овогтой А 1989 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Говь-Сүмбэр аймагт төрсөн, дээд боловсролтой, санхүү эдийн засагч мэргэжилтэй, цэргийн алба хаагаагүй, ял шийтгэл эдэлж байсан, архи согтууруулах ундааны зүйл уудаггүй, зан байдлын хувьд түргэн цочир ууртай, нэг уурлахаараа аймар уурладаг уурлах нь ховор байдаг. Эхлээд 2024 оны хавар ажлын ахтай харлаж зодож эхэлсэн, өнөөдөр хүүхдээ гэртээ авчирсангүй гэж зодсон...”, “...нөхөр Атай маргалдаад орон дээр сууж байсан чинь зүүн гар руу 2 удаа цохиод, нүүр хэсэг рүү 1 удаа, дагз хэсэг рүү 1 удаа, гуя хэсэг рүү 1 удаа цохиж зодсон. Би эрүүл мэндийн сангаас ямар нэгэн үйлчилгээ авсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-21-р хуудас/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмчийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 11657 дугаартай: “...Н. Б гийн биед зүүн дээд, доод зовхи, хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээж, хэвлий, зүүн мөр, бугалга, сарвуу, гуянд цус хуралт, зүүн зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 30-31-р хуудас/,
- Хохирогч Н.Б гийн эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл баримт /хх-ийн 12-р хуудас/ зэрэг болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт зааснаар эхнэр, нөхөр нь дээрх хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд мөн байна.
Уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор заасан ба хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Ариунбаяр нь хардлагын улмаас хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар хохирогч Н.Б гийн бие махбодид халдсан болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэхэд, шүүгдэгч Б.А нь 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 80-15 тоотод гэр бүлийн хамаарал бүхий хүн болох өөрийн эхнэр Н. Б г “гэр бүлээс гадуур харилцаатай болсон гэх” шалтгаанаар маргалдаж, улмаар түүний зүүн гар руу 2 удаа, нүүр хэсэг рүү 1 удаа, дагз хэсэг рүү 1 удаа, гуя хэсэг рүү 1 удаа тус тус цохиж, эрүүл мэндэд нь зүүн дээд, доод зовхи, хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээж, хэвлий, зүүн мөр, бугалга, сарвуу, гуянд цус хуралт, зүүн зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хөдөлбөргүй тогтоогдсон ба энэ талаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.А-ын үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг “Энэ гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Б.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор Эрүүгийн хуульд тодорхойлсон бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Н.Б гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учиржээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Б нь хохирол нэхэмжилсэн талаарх баримтыг гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Н.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “Шүүгдэгч Б.Аын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж, учруулсан хохирол, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлээгүй зэрэг нөхцөл байдлууд мөн шүүгдэгчийн хувийн байдал буюу шүүгдэгч нь гэрээт ажил хийдэг ба энэ талаар гэрээг шүүх хуралдаанд гаргаж өгч байгаа учир эрхэлсэн тодорхой ажилтай, тодорхой хэмжээний орлоготой зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” саналыг гаргасан.
Шүүх шүүгдэгч Б.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, нөхөн төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзээд нийтэд тустай жил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх эрүүгийн хариуцлагын зорилго болон мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Б.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 /дөрвөн зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Ат нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 / найман / цагийн ажлыг 1 / нэг / хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Б-ийн Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугааар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аыг 400 /дөрвөн зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх хялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.А нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 / найман / цагийн ажлыг 1 / нэг / хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шүүгдэгчийн эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг түүний оршин газрын харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Н.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОЧБАДРАХ