Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2021/03119

 

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 21 өдөр                           Дугаар 183/ШШ2021/03119                                 Улаанбаатар хот

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 0 дугаар байрны 0 тоотод байрлах, ЭХХК нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Тэнгэр Рашааны гудамж, 605 дугаар байрны 101 тоотод байрлах, И ХХК  холбогдох,

 

177 412 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, хариуцагчийн өмгөөлөгч М.Ц шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.                                                                                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ЭХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...ЭХХК нь бетон зуурмаг үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2017 оны 7 дугаар сарын эхээр И ХХК бидэнд 300 000 000 төгрөгт бетон зуурмаг нийлүүлж, төлбөрт нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо И зайсан виллаже хотхон, 796 дугаар байрны 1 тоот хаягт байршилтай, 120 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг худалдаж аваач гэсэн санал тавьсан, манай талаас 269 800 000 төгрөгийг бетон зуурмаг нийлүүлээд, зөрүү 30 200 000 төгрөгийг бэлнээр өгье гэж тохиролцоод бид гэрээ байгуулсан. Дээрх гэрээний дагуу 2017 оны 7 дугаар сарын сүүлээс 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл М250 маркийн 170 496 000 төгрөгийн үнэ бүхий 1200 м.кв М250 маркийн бетон зуурмаг нийлүүлсэн, 6 916 000 төгрөгийн насост машинаар үйлчилгээ үзүүлсэн, 30 200 000 төгрөгийг арматурын мөнгө гэж бэлнээр өгсөн. Ингээд 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ЭХХК,  И ХХК нь тооцоо нийлсэн актыг гэрээ хэлбэрээр үйлдэж, дээрх 4 өрөө орон сууцны өмчлөл болон эзэмшлийг Э  ХХК-ийн нэр дээр шилжүүлэхээр харилцан тохиролцож гарын үсэг зурсан. Гэвч И ХХК нь өнөөдрийг хүртэл Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, И зайсан виллаже хотхон, 796 дугаар байрны 1 тоот хаягт байршилтай, 120 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг өгөхгүй байгаа тул орон сууц худалдан авах төлбөрт өгсөн бетон зуурмагийн төлбөр болох 177 412 000 төгрөгийг И ХХК-иас гаргуулж өгнө үү” гэв. 

 

Хариуцагч И ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Талуудын хооронд 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулагдаж, гэрээний 2.1 дэх заалтаар М250 марктай, нэг метр куб бетон зуурмагийн үнэ 142 000 төгрөг бөгөөд 1900 м.куб бетон зуурмагийн үнэ нийт 269 800 000 төгрөг байхаар харилцан тохиролцсон. Дээрх гэрээний толгой хэсэгт төлбөрийг бараа бүтээгдэхүүнээр 100 хувь төлсөн гэж заасан, үүнтэй нэхэмжлэгч тал маргадаггүй. 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “Тооцоо нийлсэн акт”-ын 2.1-д хариуцагчийн шаардаж буй И зайсан виллаж хотхон, 796 дугаар байр, 1 тоот хаягт байршилтай, 120 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг талууд нийт 300 000 000 төгрөгөөр тооцож үнэлэн ЭХХК-д шилжүүлэн өгснийг ЭХХК зөвшөөрсөн байна. Актын 3.1-д нэхэмжлэгчийн зүгээс нийт 147 212 000 төгрөгийн үнэ бүхий бараа ажил үйлчилгээ үзүүлсэн, нэхэмжлэгч нь хариуцагчид 135 588 000 төгрөг буюу 954.8 м.куб бетон зуурмагийг 2018 оны 2 дугаар улиралд багтаан нийлүүлэх талаар тусгасан. Ийнхүү И ХХК нь гэрээний дагуу ЭХХК-д маргаж буй 796 дугаар байрны 1 тоот, 4 өрөө орон сууцыг шилжүүлж, ЭХХК нь тус орон сууцыг хүлээж аваад гуравдагч этгээдийг амьдруулж, улмаар И финанс ББСБ ХХК-иас зээл аван барьцаанд тавьсан байдаг. Харин нэхэмжлэгч нь гэрээнд заасан орон сууцыг шилжүүлэн авсан ч бетон зуурмаг нийлүүлэх үүргээ биелүүлээгүй атлаа хариуцагчаас нэхэмжлэлд дурдсан мөнгийг шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч гэрээний үүрэг шаардаад байгаа юм уу, гэрээний бус үүрэг шаардаад байгаа юм уу гэдэг нь тодорхойгүй, гэрээ цуцлагдсан үйл баримт хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Бетон зуурмаг нийлүүлэх гэрээний үүргийг шаардаж байгаа бол нэхэмжлэгч мөнгөн хэлбэрээр биш орон сууцыг л шаардах ёстой. Нэхэмжлэгч орон сууцыг түрүүлээд манайх руу шилжүүлэх ёстой гэж байна, гэтэл тооцоо нийлсэн актаар бетон зуурмагаа нийлүүлсний чинь дараа байрыг өгнө гээд тохиролцоо хийсэн байна. Өөрсдөө эхлээд үүргээ биелүүлээгүй байж гэрээ цуцалсан эсэх нь тодорхойгүй байхад, орон сууцаа ч авсан зүйл байхгүй хэрнэ мөнгөө буцааж гаргуулах гээд байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч тал бидэнд мөнгө шилжүүлээгүй, бетон зуурмаг нийлүүлсэн тул бетон зуурмагийн мөнгийг шаардахаас биш, өгсөн мөнгөө буцаан шаардах гэсэн зүйл байхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ЭХХК нь И ХХК-д холбогдуулан 177 412 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “...И ХХК бидэнд 300 000 000 төгрөгт бетон зуурмаг нийлүүлж, төлбөрт нь ...байрлалтай 4 өрөө орон сууцыг худалдаж аваач гэсэн санал тавьсан, манай талаас 269 800 000 төгрөгийг бетон зуурмаг нийлүүлээд, зөрүү 30 200 000 төгрөгийг бэлнээр өгье гэж тохиролцоод орон сууцыг худалдаж авахаар болсон. Гэрээний дагуу 2017 оны 7 дугаар сараас 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 170 496 000 төгрөгийн бетон зуурмаг нийлүүлсэн, 6 916 000 төгрөгийн насост машинаар үйлчилгээ үзүүлсэн, 30 200 000 төгрөгийг арматурын мөнгө гэж бэлнээр өгсөн, гэтэл хариуцагч И ХХК өнөөдрийг хүртэл 4 өрөө орон сууцыг өгөхгүй байгаа тул орон сууц худалдан авах төлбөрт өгсөн бетон зуурмагийн үнэ 177 412 000 төгрөгийг гаргуулна” гэж тайлбарласан. 

 

Хариуцагч “...Нэхэмжлэгч зуурмагийн үнэд орон сууцыг хүлээн авч, гуравдагч этгээдийг амьдруулж байсан. 2017 оны 11 дүгээр сарыен 08-ны өдрийн тооцоо нийлсэн актын 3.1-д нэхэмжлэгч 147 212 000 төгрөгийн үнэ бүхий бараа ажил үйлчилгээ үзүүлсэн, нэхэмжлэгч нь хариуцагчид 135 588 000 төгрөгийн өглөгтэй болохыг баталгаажуулсан. Гэтэл нэхэмжлэгч нь гэрээнд заасан орон сууцыг шилжүүлэн авсан атал бетон зуурмаг нийлүүлэх үүргээ биелүүлээгүй байж 177 412 000 төгрөг шаардаж байгаа нь үндэслэлгүй” гэж маргасан.

 

Хэргийн баримтаар, талуудын хооронд 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр  “Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ” байгуулагдаж, тус гэрээгээр ЭХХК нь М250 марктай, 1 м3 бетон зуурмагийн үнийг 142 000 төгрөгөөр тооцож, нийт 1900 м3 хэмжээтэй, 269 800 000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагийг гэрээ байгуулсан өдрөөс 2017 оны 12 дугаар  сарын 31-ний өдрийн дотор И ХХК-д нийлүүлэх, И ХХК нь гэрээ байгуулсан өдрөө гэрээний үнэ 269 800 000 төгрөгийг төлөхөөр талууд харилцан тохиролцсон болох нь тогтоогдох бөгөөд зохигчид тус гэрээ байгуулагдсан эсэх, гэрээний дагуу 140 296 000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмаг нийлүүлэгдсэн эсэхэд маргаагүй. /хх40-43/

 

Мөн хавтаст хэрэгт, 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гэсэн огноотой, И ХХК, ЭХХК-ийн хооронд байгуулсан, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Зайсан виллаж хотхоны 2 дугаар блок, орон сууцны барилгын 1 дүгээр орц, 1 давхрын 120 м2 талбай бүхий 4 өрөө 1 тоот орон сууцыг 1 м2 талбайг 2 500 000 төгрөгөөр тооцон нийт 300 000 000 төгрөгөөр захиалан бариулахаар, төлбөрийг графикт хугацаанд төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцсон Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээ авагдсан байх боловч зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсээгүй байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөхөөр хэлэлцэн тохирсон гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Зохигч талууд 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн тооцоо нийлсэн акт үйлдэхдээ уг актын зорилгыг “...И ХХК, ЭХХК нарын 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан “Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ”-ний дагуу хийгдсэн ажлыг дүгнэх” гэж тодорхойлон, 2 дахь заалтаар “...И ХХК, ЭХХК нарын хооронд 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан “Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ”-ний дагуу ЭХХК нь 1900 м3 ...бетон зуурмаг нийлүүлэх үүрэг хүлээсэн, үүний хариуд И ХХК 269 800 000 төгрөг төлөхөөр тохирсон. Дараах байдлаар төлбөрийг хийхийг талууд харилцан тохирсон. 1.И ХХК 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо И зайсан виллаж хотхоны 79Б байрны 1 тоот, 120 м.кв талбай бүхий 4 өрөө байрыг 300 000 000 төгрөгөөр үнэлэн ЭХХК руу шилжүүлснийг ЭХХК зөвшөөрч хүлээн авсан. ...3. Дээрх зуурмагийн төлбөрийн зөрүү 30 200 000 төгрөгийг ЭХХК нь Г.Батболд болон Д.Баасанжав нарын хооронд 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан Арилжааны гэрээний төлбөрт буюу арматур нийлүүлэгч Д.Баасанжавын тооцоо руу шилжүүлэхээр болсон гэж, 4, 5 дахь заалтаар “...ЭХХК И ХХК-д 135 588 000 төгрөгийг өглөгтэй байгаа бөгөөд энэхүү бетон зуурмагийг 2018 оны 2 дугаар улиралд багтаан И ХХК-ийн захиалсан өдөр саадгүй нийлүүлнэ” гэж тохиролцсон. /хх44-45/

 

Талуудын дээрх тохиролцоо болон гэрээ, зохигчдын тайлбараар ЭХХК И ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, худалдан авагч тал Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо И зайсан виллаж хотхон, 79б байрны 1 тоот хаягт байршилтай, 120 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг шилжүүлэх замаар худалдан авсан барааны үнийг төлөхөөр мөн талууд тохиролцсон нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д заасан арилжааны гэрээний шинжийг агуулж байна гэж шүүх дүгнэв. 

 

Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагчид биет байдлын доголдолгүй барааг бэлтгэн худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагчид үнийг төлөх үүрэг үүсдэг бол арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээдэг байна. 

 

ЭХХК нь 988 м3 хэмжээтэй 140 296 000 төгрөгийн үнэ бүхий зуурмаг, 6 916 000 төгрөгийн насост машинаар үйлчлэх үйлчилгээ зэрэг нийт 147 212 000 төгрөгийн бараа, ажил үйлчилгээг И ХХК-д үзүүлсэн талаар хариуцагч маргаагүй, зөрүү төлбөр гэх 30 200 000 төгрөгийг ЭХХК нь Д.Баасанжавд шилжүүлсэн болох нь  2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр  “гэрээний үнийн зөрүү 30.2 сая төгрөгийг арматурын үнэ рүү шилжүүлэв” гэсэн утгатай И ХХК-ийн харилцагчийн гүйлгээний баримтаар тогтоогдсон гэж шүүх дүгнэсэн тул ЭХХК нь 300 000 000 төгрөгийг бараа, бэлэн мөнгийг хариуцагчид шилжүүлэх үүрэг хүлээснээс 177 412 000 төгрөгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн, үлдэх үүргийн зөрчилтэй. /хх106/

 

Хариуцагч И ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо И зайсан виллаж хотхоны 79Б байрны 1 тоот, 120 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг ЭХХК-д шилжүүлж өгсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 10/5647 дугаар албан бичигт тус орон сууцны өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгэгдээгүй гэж дурдсан, гэрээний төлбөр болох орон сууцыг нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтад байлгаж буй үйл баримт ч шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдоогүй тул хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. /хх74/

 

Иймд Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д “Гэрээ байгуулснаас хойш гэрээний аль нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл бий болсон бол нөгөө тал хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж болно” гэж зааснаар үлдэх бетон зуурмагийг нийлүүлээгүй асуудлаар ЭХХК-ийг буруутгах боломжгүй, энэ талаар гаргасан хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа гэрээнээс татгалзаж, үр дагаврыг шийдвэрлүүлэхээр тодорхойлоогүй боловч түүний гаргаж буй “...И ХХК өнөөдрийг хүртэл 4 өрөө орон сууцыг өгөхгүй байгаа тул орон сууц худалдан авах төлбөрт өгсөн бетон зуурмагийн үнэ 177 412 000 төгрөгийг гаргуулна” гэх шаардлага 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн бетон зуурмаг нийлүүлэх гэрээнээс татгалзсан агуулгатай байна.

 

Түүнчлэн, И ХХК нь 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2018/20 тоот албан бичгээр ЭХХК-д 163 м3 бетон зуурмаг авах тухай захиалга хүргүүлсэн байхад тус компани тооцоо нийлэх актын 5-д “...бетон зуурмагийг 2018 оны 2 дугаар улиралд багтаан И ХХК-ийн захиалсан өдөр саадгүй нийлүүлнэ” гэж заасан үүргээ зөрчиж бетоныг нийлүүлээгүй нөхцөл байдал, мөн тооцоо нийлсэн акт үйлдсэнээс хойш бетон зуурмаг огт нийлүүлээгүй үйлдэл, улмаар 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд хандан хариуцагчаас 177 412 000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасныг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.3-т зааснаар гэрээнээс татгалзсан гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд шүүх талуудын хооронд 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан  бетон зуурмаг нийлүүлэх гэрээ цуцлагдсан гэж дүгнэсэн тул гэрээг цуцлах хүртэл хугацаанд ЭХХК-ийн нийлүүлсэн бараа, үйлчилгээ, бэлэн төлсөн нийт 177 412 000 төгрөгийг хариуцагч И ХХК-иас буцаан гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 045 010 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1 045 010 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Хариуцагчийн гаргасан “...ЭХХК-д маргаан бүхий орон сууцыг шилжүүлж, тус компани И финанс ББСБ ХХК-иас зээл аван барьцаанд тавьсан” гэх тайлбар хэргийн баримтаар тогтоогдоогүй, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдсэн И ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Б-т холбогдох иргэний хэрэг тус хэрэгт хамааралгүй болохыг дурдах нь зүйтэй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1, 274 дугаар зүйлийн 274.1-д заасныг баримтлан хариуцагч И ХХК-иас 177 412 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ЭХХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 045 010 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1 045 010 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.МӨНГӨНТУУЛ