| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Очбадрах |
| Хэргийн индекс | 185/2024/0999/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1044 |
| Огноо | 2024-11-21 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Б.Оргилболд |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1044
2024 11 21 2024/ШЦТ/1044
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Очбадрах даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Батчимэг,
Улсын яллагч Б.Оргилболд,
“Говийн Нар Констракшн” ХХК хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Д,
Шүүгдэгч М.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овгийн М-ын Э т холбогдох эрүүгийн ************** дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч М.Э нь Баянгол дүүргийн 20 дугаар хороо Үйлдвэрийн баруун бүс 4-16103 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “Говийн Нар Констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Үндэсний Соёл амралтын хүрээлэнгийн газрыг нөхөн сэргээх төсөл дээр Чанарын инженер албан тушаалд томилогдон ажиллаж байх хугацаандаа буюу 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр байгууллагаас ажилдаа ашиглуулахаар итгэмжлэн хариуцуулан өгсөн байсан “... Dell inspiron 15 маркийн, 81XW4W3 сери дугаартай, 3535AMD Ryzen 7-7730U 16GB 512GB SSD үзүүлэлтэй 2,191,200 төгрөгийн зөөврийн компьютерыг завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
“Говийн Нар Констракшн” ХХК хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Одоогоор улсын яллагчийн хэлснээр 2,191,200 төгрөгийн хохиролтой байгаа. Б.Э ын хувьд байгууллагад хүлээлгэж өгөх бичиг баримтуудаа хүлээлгэн өгсөн. Надтай нэг ярихдаа төлбөр хохирол барагдуулахтай холбоотойгоор ирж уулзана гэж хэлсэн боловч ирээгүй. Нөүтбүүкийг биет байдлаар эсвэл мөнгийг нь нэхэмжилж байна” гэв.
Шүүгдэгч М.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн ************** дугаартай хэргээс:
Улсын яллагч “Говийн Нар Констракшн” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 2024/85 дугаартай итгэмжлэл /хх-ийн 19-р хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Дий мэдүүлэг /хх-ийн 8-9, 65-р хуудас/, “Дамно” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “...Dell inspiron маркийн, 81XW4W3 сери дугаартай, 3535AMD Ryzen 7-7730U 16GB 512GB SSD үзүүлэлтэй зөөврийн компьютерыг 2,191,200 төгрөгөөр үнэлсэн” шинжээчийн дүгнэлт /хх-ийн 14-17-р хуудас/, “Говийн Нар Констракшн” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 27-28-р хуудас/, М.Э ыг чанар хяналтын инженер албан тушаалд томилон төсөлд ажиллуулах тухай 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/31 дугаартай гүйцэтгэх захирлын тушаал, ажил горилогчийн анкет, хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 29-46-р хуудас/, “Говийн нар констракшн” ХХК нь М.Э аас... фото зураг архив, барилгын 99 материалын гарал үүсэл, тохирлын гэрчилгээ, лабораторийн үр дүн, ил далд ажлын акт” хүлээн авсан талаарх “Баримт бичиг хүлээлцсэн акт” /хх-ийн 50-р хуудас/, М.Э ын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 44-99 тоотод байрлах “Найман анд 4 барьцаат зээлийн үйлчилгээний гэрээ /хх-ийн 48-р хуудас/, яллагдагч М.Э ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 57-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
“Говийн Нар Констракшн” ХХК хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Д нь нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүгдэгч М.Э нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хассан, хязгаарласан байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хүрэлцээтэй гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч М.Э-т холбогдох хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүгдэгч М.Э нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж дараах дүгнэлтүүдийг хийж шийдвэрлэв.
1.Гэм буруугийн талаар:
1.1. Шүүгдэгч М.Э нь Баянгол дүүргийн 20 дугаар хороо Үйлдвэрийн баруун бүс 4-16103 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “Говийн Нар Констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Үндэсний Соёл амралтын хүрээлэнгийн газрыг нөхөн сэргээх төсөл дээр Чанарын инженер албан тушаалд томилогдон ажиллаж байх хугацаандаа буюу 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр байгууллагаас ажилдаа ашиглуулахаар итгэмжлэн хариуцуулан өгсөн байсан “... Dell inspiron 15 маркийн, 81XW4W3 сери дугаартай, 3535AMD Ryzen 7-7730U 16GB 512GB SSD үзүүлэлтэй 2,191,200 төгрөгийн зөөврийн компьютерыг завшсан болох нь:
- “Говийн Нар Констракшн” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 2024/85 дугаартай итгэмжлэл /хх-ийн 19-р хуудас/,
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Дгийн: “... Иргэн Мөнхболдын Э нь “Говийн нар констракшн” ХХК-ний гүйцэтгэх захирлын 2024 оны 03 дугаар сарын 25-ны Б/31 тоот тушаалаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд хэрэгжүүлсэн “Улаанбаатар хотын Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн 10.2 га газрыг нөхөн сэргээх бүтээн байгуулалтын ажил төсөл дээр Чанар хяналтын инженер албан тушаалд томилогдож, Хөдөлмөрийн гэрээ байгуулсан. М.Э нь 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс хойш ажлаа хаяад ор сураггүй алга болсон, бид удаа дараа холбогдохыг хичээсэн боловч өөрийнх нь болон яаралтай үед холбоо барих утас нь холбогдох боломжгүй байгаад байна. М.Э нь явахдаа компанийн хар саарал өнгөтэй Dell inspiration 15 маркийн, 81XW4W3 сери дугаартай, 3535AMD Ryzen 7-7730U 16GB SSD үзүүлэлтэй зөөврийн компьютер Дээрх зөөврийн компьютер доторх төсөлтэй холбоотой боловсруулж, хэвлэхэд бэлэн болсон файлууд, ил, далд ажлын актууд баталгаажсан их хувиар нь аваад алга болсон тул тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. .../Дахин өгсөн/ Барилгын ил, талд ажлын актууд болон компьютер доторх төсөлтэй холбоотой боловсруулж, хэвлэхэд бэлэн болсон файлууд олж хүлээлгэн өгсөн. Хар саарал өнгөтэй Dell inspiration 15 маркийн компьютер бол өгөөгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9, 65-р хуудас/,
- “Дамно” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн: “...Dell inspiron 15 маркийн, 81XW4W3 сери дугаартай, 3535AMD Ryzen 7-7730U 16GB 512GB SSD үзүүлэлтэй зөөврийн компьютерыг 2,191,200 төгрөгөөр үнэлсэн” гэсэн шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 14-17-р хуудас/,
- “Говийн Нар Констракшн” ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 27-28-р хуудас/,
- М.Э ыг Чанар хяналтын инженер албан тушаалд томилон төсөлд ажиллуулах тухай 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/31 дугаартай гүйцэтгэх захирлын тушаал, ажил горилогчийн анкет, хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 29-46-р хуудас/,
- “Говийн нар констракшн” ХХК нь М.Э аас “...фото зураг архив, барилгын материалын гарал үүсэл, тохирлын гэрчилгээ, лабораторийн үр дүн, ил далд ажлын акт” хүлээн авсан талаарх “Баримт бичиг хүлээлцсэн акт /хх-ийн 50-р хуудас/,
- Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 44-99 тоотод байрлах “Найман анд” 4 барьцаат зээлийн үйлчилгээний гэрээ /хх-ийн 48-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч хүсэл сонирхлоо хязгаарлаж чадахгүй зүй бус хандлагатай, амар хялбар аргаар эд хөрөнгөтэй болох гэсэн шунахайн сэдэлт шалтгаалсан гэж үзэхээр байна.
Энэ үйлдлийн улмаас бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байх бөгөөд өөрт нь хариуцуулсан эд хөрөнгийг завшсан идэвхтэй үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэхэд, шүүгдэгч М.Э нь Баянгол дүүргийн 20 дугаар хороо Үйлдвэрийн баруун бүс 4-16103 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “Говийн Нар Констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Үндэсний Соёл амралтын хүрээлэнгийн газрыг нөхөн сэргээх төсөл дээр Чанарын инженер албан тушаалд томилогдон ажиллаж байх хугацаандаа буюу 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр байгууллагаас ажилдаа ашиглуулахаар итгэмжлэн хариуцуулан өгсөн байсан “... Dell inspiron 15 маркийн, 81XW4W3 сери дугаартай, 3535AMD Ryzen 7-7730U 16GB 512GB SSD үзүүлэлтэй 2,191,200 төгрөгийн зөөврийн компьютерыг завшсан үйлдэл нь хөдөлбөргүй тогтоогдсон ба энэ талаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Э ын үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсны улмаас бага хэмжээнээс дээш хохиро учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
1.1 Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “Бусдын...эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-т “Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан ба гэмт хэргийн улмаас “Говийн Нар Констракшн” ХХК-д учирсан хохирол болох 2,191,200 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Д-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч М.Э аас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар хохирлыг нөхөн төлөх санал гаргаж шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргасан.
Тиймээс эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг завсарлуулж шийдвэрлэсэн бөгөөд дээрх хугацаанд шүүгдэгч М.Э нь гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол болох 2,191,200 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах ” саналыг гаргасан.
Шүүх шүүгдэгч М.Э т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлсөн болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх эрүүгийн хариуцлагын зорилго болон мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч М.Э т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулан, ялын биелэлтэд хяналт тавьж ажиллах үүргийг түүний оршин суугаа газрын харьяа Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон, битүүмжилсэн болон хураан авсан эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Э т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овгийн М-ын Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсны улмаас бага хэмжээнээс дээш хохиро учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч М.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э т шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч М.Э ын эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг түүний оршин суугаа газрын харьяа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон, битүүмжилсэн болон хураан авсан эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд оролцогч нар давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Э т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОЧБАДРАХ