| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2022/00470/И |
| Дугаар | 184/ШШ2022/01284 |
| Огноо | 2022-04-22 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 184/ШШ2022/01284
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, шүүгч Д.Уранзул, шүүгч Л.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:С.Э нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Л.Б-д холбогдох
Гэм хорын хохиролд 35,260,188.64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Э, хариуцагч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуундарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Л.Б нь 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр миний ээж талийгаач Г.Б болон талийгаач Г.С нарыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт буруутай нь тогтоогдсон. Миний ээж талийгаач Г.Б болон Л.С- нар нь 2013 оноос хамтран амьдарсан ба хариуцагч Л.Б нь талийгаач Л.С-ын төрсөн ах юм. Ах дүү нар хоорондоо эд хөрөнгийн маргаан үүсч ах нь дүүдээ өс хонзон санаж явсаар амийг нь хөнөөсөн ба үүнд миний ээж харамсалтайгаар мөн хохирч амиа алдсан. Талийгаач нар нь амьдарч байсан хашаа байшингаа 1 өрөө байраар сольсон ба Л.Б нь тухайн хашаанд амьдарч байсны хувьд талийгаач нарт өс хонзон санаж амийг нь хөнөөсөн. Үнэндээ бол талийгаач Л.С- нь өөрийн өмчлөлийн газрыг албан ёсны гэрээ хийж үнэ мөнгөнд нь тэнцэхүйц 1 өрөө байраар сольж тухайн байрандаа миний ээж талийгаач Г.Бтай хамт амьдарч байсан.
Миний бие нь эхээс гурвуулаа ба болсон явдалд бид бүгд маш их цочирдож сэтгэл санааны маш хүнд байдалд орсон. Миний ээж нь элдэв хууч өвчингүй эрүүл саруул хүн байсан. Үр хүүхдүүдтэйгээ олон жил хамт байх байсан. Болсон явдалд Болд болон гэр бүлийнхэн ах дүү нарынх нь зүгээс биднээс уучлалт гуйгаагүй, цагдаагийн хэлтэс дээр тааралдахад дүү бид хоёрыг доромжилж хохь чинь гэж хэлж байсан. Мөн оршуулгын зардалд мөнгө өгөөгүй, шүүх хурал дээр л уучлаарай гэж хэлж байсан. Өөрийн дүү болох талийгаач Л.С-ын оршуулгын зардалд 6,000,000 төгрөг гаргаж өгсөн байсан. Бид талийгаач Л.С- ахтайгаа сайхан харилцаатай байсан, оршуулгын ажил явдалд нь боломжоороо хандив өгсөн. Манай ээж талийгаач ах Л.С-тай 10 гаран жил хамт амьдарсан. Манай ээж тэр хүний хашаа, газар, байранд шунаад байх хүн биш. Бид эхээс 3-уулаа өөр өөрийн гэсэн тусдаа амьдралтай. Ээж, ах 2-ын хамт амьдарч байсан газар нь талийгаач ах Л.С-ын нэр дээр байсан. Тухайн газрыг 1 өрөө байраар л солих боломжтой гээд 1 өрөө байр авч гэрчилгээ нь талийгаач ах Л.С-ын нэр дээр гарсан гэсэн. Манай ээж хамтран өмчлөгчөөр бүртгүүлээгүй, одоо тэр байрыг хэн эзэмшиж ашиглаж байгааг бид мэдэхгүй. Энэ Болдын дүү Л.Энхбат л мэдэж байгаа байх. Энэ хариуцагч ээжийг маань байрыг талийгаачтай хамт өмчилсөн гэж буруу ойлгоод байх шиг байна. Тийм зүйл байхгүй.
Бид мөн оршуулгын ажил явдал дээрээс ковид өвчин тусч 3 гэрээрээ нийт 13 хүн эмчилгээ хийлгэсэн. Тухайн үед эгч Батцэцэг бид хоёр хоёулаа төрөөд 3 сар болсон нялх хүүхэдтэй байсан тул нагац ах Баярбатыг хэргийн төлөөлөгчөөр оролцуулсан. Болсон явдлаас болж бид бүгд сэтгэл санаа болон эрүүл мэнд, эдийн засгаар маш их хохирол амссан ба Л.Б гэж хүнд маш их гомдож байна. Оршуулгын зардал 20 сая төгрөг болсон, эмчилгээний зардал 2 сая орчим төгрөг. Гэвч баримтаар баталгаажиж байгаа нь 15,260,188.64 төгрөг байна. Иймд Болдоос оршуулгын зардалд оршуулгын ёслолын ажиллагаа /шинжээ, хүрд, суварга, ном уншлага/-нд зарцуулсан 8,060,500 төгрөг, цайллага хийхэд 1,231,230 төгрөг, хүнсний зүйлд 1,981,605 төгрөг, 13 хүний ковидын эмчилгээний төлбөрт 1,358,900 төгрөг, нийт 15,260,188.64 төгрөгийг сэтгэл санааны хохиролд 20,000,000 төгрөгөөр тооцон түүнээс 35,260,188.64 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:Юуны өмнө та бүхнээс чин сэтгэлээсээ уучлал гуйя. Би 10 жил надтай амьдарч байсан энэ эмэгтэйг нэг ирэхэд нь хүүд машин өгч заруулаад хохирогчид мөнгө өгч уучлалт гуйгаарай гэж хэлсэн. Тэгсэн чинь энэ хүүхэн миний машиныг би авна гээд өгөөгүй. Харин дээр нь хашаа байшинг зарна гээд явж байсан байна. Энэ хэргийг хийхэд энэ шуналтай хүүхэн намайг ятгаж хэрэг хийхэд хүргэсэн юм. Үүнээс хойш хорих ангид 5, 6 сар болоход нэг ч үзэгдээгүй. Би насаараа хоригдох хүн яаж мөнгө төлж чадах вэ. Харин та бүхэн намайг уучилж дээд шүүхэд өргөдөл гаргаж миний ялыг тоотой ял болгож өгөх юм бол би шоронд ажил хийж олсон мөнгөө өгөх боломжтой болно. Би энд хичнээн удах вэ дээ. Даралт байнга ихсэж, суурь өвчин болох нурууны өвчин байнга өвдөж байна. Би нуруундаа 3 удаа хагалгаа хийлгэсэн хүн шүү дээ.
Уг нь Сүхээ бид хоёр газраа нэг нэг өрөө байраар солих боломжтой юм байна гэж ярилцсан байсан. Манай айлын 2 хашаа хоёулаа нэг нэг өрөө байраар сольсон байдаг. Тэр 2 хашаа нийлээд хоёулаа манайх шиг нэг хашаа шүү дээ. Гэрээ хийхдээ танай ээж Сүхээг ятган надад хэлэлгүй гэрээ хийсэн байдаг. Би юу бодож байснаа шүүх хурал дээр хэлсэн шүү дээ. Уул нь танай ээж Сүхээ бид хоёрыг эвлэрүүлсэн бол зүгээр байсан юм. Тэгсэн бол бид хоёр байрандаа сайхан амьдарч байгаа гэж намайг үгээр дайрсан нь танай ээж буруутай шүү дээ. Би 2 хүүхдээсээ 1995 онд эхээс нь салахдаа тэр хоёроос хөндий амьдарсан хүн эргэлт тойролт байхгүй над шиг хүнд энэ шоронд мөнгө хэрэг болох байх.
Миний хувьд оршуулгын зардал болон эмчилгээний зардалд нэхэмжилж байгаа 15,260,188 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Уг төлбөрийг миний газар, машины үнээс төлөх боломж байгаа боловч надтай хамтран амьдарч байсан хүүхнийг зараад уучлал гуйгаад өгөөч гэхэд алга болсон. Одоо миний машин, газар яасныг би мэдэхгүй байна. Харин сэтгэл санааны хохирол 20 сая төгрөгийг төлөх боломж надад байхгүй. Би энэ хохирлыг талийгаач нарт урьдчилаад өгчихсөн гэж бодож байгаа. Уг байр орон сууцанд миний өмчлөх хувь хэмжээ байгаа. Бид 2 хашаа байшингаа, газраа 2 орон сууцаар сольж авах ёстой байсан юм. Уг орон сууц нь манай эцэг эхээс үлдсэн газар, хашаа байшингийн оронд сольж өгсөн хөрөнгө учир манай талийгаач дүү болон надад ногдох хэсэг гэж байгаа. Түүнээс надад мэдэгдэлгүй нууцаар гэрээ хийж, надад 1 өрөө байр өгөөгүйгээс болж ийм зүйл болсон. Уг орон сууцанд талийгаач дүү маань эхнэртэйгээ амьдарч байсан, надад ногдох хэсгийг би урьдчилж өгчихсөн гэж яриад байгаа юм. Би энэ талаар эрүүгийн хэрэг шалгаж байхад цагдаад хэлж шалгуулах хүсэлт гаргасан боловч шалгаж өгөөгүй. Нэхэмжилж байгаа мөнгийг талийгаач нарын амьдарч байсан байрыг зараад төлөх боломжтой гэж бодож байна. Би 1995 оноос хойш эхнэр хүүхдээсээ тусдаа амьдарсан. Би өндөр насны тэтгэвэрт байдаг. Хүү маань нэг удаа эргэж ирсэн гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.Энхбат шүүхэд ирүүлсэн тайлбар хүсэлтдээ:Миний бие Лхамсүрэн овогтой Энхбат нь С.Эийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авсан. Миний бие Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд жолооч ажилтай яаралтай тусламж үйлчилгээнд явдаг учраас дуудсан цаг мөчид очих боломж муутай байдаг. Тус нэхэмжлэлд намайг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулж байгааг ойлгож байна. Шүүхийн шийдвэр гарах явцад миний бие биечлэн оролцох боломжгүйг ойлгон хүлээн авна уу гэж хүсч байна гэжээ.
Нэхэмжлэгчээс С.Эийн иргэний үнэмлэхний хуулбар, С.Эийн 3916 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, Д.Баттүшиг, С.Э нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Г.Бы нас барсны гэрчилгээний хуулбар, С.Эийн Хаан банкны шилжүүлгийн баримтууд, Д.Баттүшигийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, С.Эийн Хаан банк дахь депозит дансны хуулга, Дөл буян ХХК-ийн кассын орлогын ордер, Гандантэгчилэн хийдийн төлбөрийн баримт, е-март, Flower hotel-н Алтай рестораны төлбөрийн баримт, Барс худалдааны төвийн зарлагын баримт, Монос эмийн сан, Энхэс эмийн сан, МНФЧ, Батзэгст ХХК, Маго парадокс, Анон фарм, Номун клиник эмнэлэг, Байссан ХХК-ийн төлбөрийн баримтууд, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/1184 дугаар шийтгэх тогтоолыг гаргаж өгсөн,
Шүүхийн журмаар Авто тээврийн үндэсний төвийн Л.Бын нэр дээрх бүртгэлтэй тээврийн хэрэгслийн лавлагаа, Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан бичиг,Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11дүгээр сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/1184 дугаар шүүхийн шийдвэрийн хуулбар зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Э нь хариуцагч Л.Бод холбогдуулан гэм хорын хохиролд 35,260,188.64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч С.Э нь 35,260,188.64 төгрөгийг хариуцагч Л.Боос гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Л.Б нь миний төрсөн эх Г.Бы амь насыг хохироосны улмаас оршуулгын зардалд 15 сая гаруй төгрөг зарцуулснаас баримтаар тогтоогдож байгаа 13,901,288 төгрөгийг оршуулгын зардалд, буяны ажилд оролцож байсан хүмүүсээс нийт 40 гаруй хүн ковидоор өвчилж, түүнээс өөрийн болон дүүгийн гэр бүлийн нийт 13 хүний эм, эмчилгээ, шинжилгээний зардалд баримтаар нийтдээ 1,358,900 төгрөгийг зарцуулсан зардлыг, мөн төрсөн ээжийгээ бусдын гарт амь насаа алдсанаас учирсан сэтгэл санааны хохирлыг мөнгөөр үнэлэх боломжгүй ч энэ хүний хувийн байдал, төлбөрийн чадварыг харгалзан хамгийн багаар тооцон 20,000,000 төгрөгийг гаргуулна...” гэж тайлбарлаж байна.
Хариуцагч Л.Б нэхэмжлэлийн шаардлагаас оршуулгын болон эмчилгээний зардалд нэхэмжилж буй 15,260,188 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, харин сэтгэл санааны хохирол 20,000,000 төгрөгийг төлөх боломжгүй гэж тайлбарлан эс зөвшөөрч маргадаг.
Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Самбуугийн Энхцэцэг нь талийгаач Гомбожавын Баярсайханы төрүүлсэн хүүхэд нь мөн бөгөөд түүний төрсөн эгч нь Самбуугийн Батцэцэг, нөхөр Даваадагвын Баттүшиг мөн болох нь тэдний төрсний гэрчилгээний хуулбарууд, иргэний үнэмлэхний хуулбар, гэрлэлтийн баталгааны хуулбараар тус тус тогтоогдож байна. Мөн С.Батцэцэг, Д.Баттүшиг нараас С.Эт олгосон итгэмжлэлийн дагуу С.Э нэхэмжлэл гаргах, хохирол төлбөр шаардах эрхтэй байна.
Талууд хэн аль нь талийгаач Л.С-, Г.Б нарыг 10 гаруй жил хамтран амьдарч байсан, тэдний дундаас хүүхэд төрөөгүй, 2015 оноос хойш амь насаа алдах хүртэл хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 21 дүгээр хороолол, 39/А байрны 24 тоот орон сууцанд амьдарч байсан талаар маргадаггүй.
Хариуцагч Д.Болд нь согтууруулах ундаа хэрэглэж согтуурсан үедээ 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өглөө урьд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас буюу “хамт амьдарч байсан газраа орон сууцаар сольж өөртөө авсан, намайг орон гэргүй болгосон” гэх эд хөрөнгийн маргааны улмаас өөрийгөө доромжилсон гэсэн шалтгаанаар төрсөн дүү Л.С-ыг олон удаагийн үйлдэл давтамжтайгаар хутгалж, хоолойн тус газар нь хэрчиж онц харгис хэрцгийгээр хөнөөсөн, мөн талийгаач Л.С-ыг хутгалах явцад түүний үйлдлийг таслан зогсоохоор ирсэн талийгаачийн эхнэр Г.Быг олон удаагийн үйлдэл давтамжтайгаар хутгалж амь насыг нь онц харгис хэрцгийгээр хөнөөсөн, онц харгис хэрцгийгээр хоёр хүнийг алсан гэмт хэргийг үйлдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6 дахь хэсэгт зааснаар бүх насаар нь хорих ялаар шийтгэсэн болох нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ1184 дугаартай шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна.
Талууд дээрх гэмт хэргийн талаарх үйл баримт болон гэм буруугийн талаар хэн аль нь маргахгүй, хариуцагч өөрийн буруутай үйлдлийн улмаас бусдын амь насыг хохироосон, улмаар талийгаач Г.Бы оршуулгын зардал, талийгаачийг оршуулах үйл ажиллагаанд оролцох явцад халдварт ковид өвчний улмаас түүний хүүхдүүдэд учирсан эм, эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлэн, хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байна.
Хариуцагч Л.Б нь дээрх зардлын тухайд маргаагүй тул шүүх Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар оршуулгын зардал болон нэхэмжлэгчээс гаргасан эмчилгээний зардалд 15,260,188 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Мөн нэхэмжлэгчийн сэтгэл санааны хохиролд 20,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагын тухайд нэхэмжлэгч С.Э өөрийн төрсөн эхийг бусдын гарт амь насаа алдсаны улмаас гэр бүлээрээ хүнд нөхцөл байдалд орж, уй гашуу тохиолдохын зэрэгцээ, сэтгэл санааны гүн хямралд орж, хүүхэд төрүүлээд удаагүй байхдаа сэтгэл санааны хямралд орсон, гэр бүлээрээ насанд хүрээгүй хүүхдүүдийн хамт ковид өвчнөөр өвдсөн зэрэг үндэслэлээр сэтгэл санааны хохирлоо 20,000,000 төгрөгөөр тооцон нэхэмжилдэг.
Нэхэмжлэгч уг мөнгөн дүнг тогтоохдоо “...бидэнд учирсан сэтгэл санааны хохирлыг хэмжих, үнэлэх боломж байхгүй, хэдэн төгрөгөөр ч үнэлж барагдуулах боломжгүй ч бид үр хүүхдүүд, гэр бүлийнхээ сэтгэл санааг бага ч болов тайвшруулах, мөн хариуцагчийн төлбөр төлөх чадвар зэргийг харгалзан түүний төлж чадахуйц хамгийн бага дүнгээр тооцон гаргасан...” гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байна.
Харин хариуцагч “...би талийгаачийн хүүхдүүдээс уучлал гуйж байна. Би бүх учирсан хохирлыг барагдуулахаа зөвшөөрч байгаа ч сэтгэл санааны хохирлыг урьдчилаад төлчихсөн гэж бодож байгаа. Учир нь талийгаач нарын амьдарч байсан орон сууцны тал нь надад ногдох хөрөнгө учир уг орон сууцнаас надад өгөөгүй болохоор энэ орон сууцны үнээс авсан гэж тооцож байна” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.
Дээрх орон сууц нь хариуцагч Л.Бын өмчлөлд бүртгэгдээгүй болох нь Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 10/2614 дугаартай “...Л.Бын өмчлөлд хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө өнөөдрийн байдлаар бүртгэгдээгүй байна.” гэсэн албан бичгээр тогтоогдож байна.
Мөн талийгаач Г.Быг амьд байхдаа орон сууцны өмчлөгч болсон тул сэтгэл санааны хохиролд тооцно гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй юм. Түүнчлэн эхийгээ алдсан хохирогчийн үр хүүхдүүдийн сэтгэл санааны хохирлыг юугаар ч үнэлшгүй бөгөөд мөнгөн дүнгээр ч тооцоход боломжгүй юм. Энэхүү хэргийн тохиолдолд нэхэмжлэгч, хариуцагчийн хувийн байдлыг харгалзан үзэж сэтгэл санааны хохирлоо 20,000,000 төгрөгийн хэмжээнд үнэлэн шаардсан, хариуцагч нь нэхэмжилж байгаа мөнгийг талийгаач нарын амьдарч байсан байрыг зараад төлөх боломжтой гэх агуулга бүхий тайлбарыг гаргадаг.
Иймд шүүхээс хэрэгт цугларсан бичгийн баримтууд, хариуцагч Л.Бын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал болон талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэгчийн сэтгэл санааны хохиролд 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч С.Эийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хариуцагчаас 35,260,188 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг бөгөөд нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 334,251 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгч С.Эт олгож, хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 334,251 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцохоор томилогдсон иргэдийн төлөөлөгч Х.Солонгожаргалд шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд зохигчид түүнийг эзгүйд шүүх хуралдааныг хийхийг зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар хариуцагч Л.Боос гэм хорын хохиролд 35,260,188 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Эт олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 334,251 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгч С.Эт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 334,251 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН
ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ
Д.УРАНЗУЛ