Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 184/ШШ2022/01263

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    2022            04              21                                         184/ШШ2022/01263

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                      

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ч.А-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Н.Б-д холбогдох

 

2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Ч.А, хариуцагч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуундарь нар оролцов.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:  

  

Нэхэмжлэгч Ч.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр над руу Монгол дээж компаниас утсаар яриад “Таны 37 ширхэг хайрцаг бараа ирсэн, хүргэлтээр авах уу” гэж асуухаар нь би хүргэлтээр авъя гэж хэлсэн. Гэтэл Н.Б гэх жолооч миний 37 ширхэг хайрцаг барааг 50,000 төгрөгөөр тохиролцож, хүргэж ирэхээр манай гэрийн хаягийг авсан. Хэсэг хугацааны дараа манай гэрийн хаягаар ирчихлээ гэхээр нь гартал хайрцагтай бараануудыг маань хогийн цэгийн хажууд замбараагүй шидчихсэн байсан. Тэгэхээр нь би уурлаж, хүний энэ их мөнгөөр хүмүүсийн захиалсан юмыг ингэж шидэж болохгүй, ийшээ ингэж хураа гээд газар зааж өгөөд хураалгасан. Тэгээд Н.Б-ийн машиных нь дугаарын зургийг авсан. Тухайн үед хайрцагтай барааг өргөж үзэхэд доторх зүйл нь шажигнаж дугарсан. Ингээд шуудайг нь урж, хайрцгийг онгойлгож үзэх гээд хүүхдээ гэрээс хайч авчруулахаар явуулсан. Тэгэхэд Н.Б миний дараагийн ажил хэцүүдлээ гээд яваад өгсөн. Явсных нь дараа шуудайг хайчилж үзэхэд хайрцаг эвдэрч, хайрцаг доторх ариутгагч буу хагарсан байсан. Тухайн үед би Н.Б руу залгаад, тухайн нөхцөл байдлыг үзүүлэх гэтэл ажилтай байна гээд утасны дуудлагаа таслаад байсан. Монгол дээж рүү залгатал “Бидэнд хамаагүй, Н.Бтайгаа ярьж, учраа ол” гэж хэлсэн.  Каргоны мөнгө 1,175,000 төгрөг, хүргэлт 50,000 төгрөг, нийт 1,225,000 төгрөгийг Molgol deej гэсэн утгатайгаар өгсөн данс руу нь хийсэн. Гэхдээ тэр үед хүргэлтийн жолоочийн нэрийг Н.Б гэдэг, тэр данс нь Батсуурийн данс гэж мэдээгүй. Намайг хайрцагтай бараагаа хүлээж аваагүй байхад Н.Б яваад өгсөн би Батсуурьд энэ хайрцагтай зүйл шажигнаад байна аа ямар сонин юм бэ, ариутгагч буу юм шиг л байх юм, угсраагүй ирдэг юм байхдаа гэж тэр үедээ бодсон. Батсуурь намайг хайч авчраад үзэх хооронд байж байсан бол ийм зүйл болохгүй байсан. Би энэ хүний араас утасдаад яриад хэлсэн. Нийтдээ 37 ширхэг хайрцаг барааны 7 хайрцаг нь ариутгагч буу байсан, түүнээс 2 хайрцаг буюу нийтдээ 40 ш агааржуулагч буу эвдэрч хагарсан байсан. Би нэг ариутгагч бууг 50,000-55,000 төгрөгөөр захиалга аваад хүргэж өгдөг. 1 хайрцагт 20 ширхэг ариутгагч буу байдаг ба 1 бүрийн үнэ нь 50,000 төгрөгөөр тооцоод 40 ширхэг ариутгагч бууны нийт үнэ 2,000,000 төгрөг юм. Намайг гэрээсээ гарч ирэхэд хайрцагтай ачаа барааг маань шидэж буулгасан байдалтай байсан. Хайрцагтай бараанууд маань хөнгөхөн учир нэг хүн чөлөөтэй буулгах боломжтой байсан. Би арга буюу Н.Бд 500,000 төгрөгөөр хуваагаад мөнгөө төлчих гэж утсаар хэлж байсан. 2022 оны 02 дугаар сарын хорьдоор утас руу нь залгахад нэг эмэгтэй утсыг нь авсан. Тэр эмэгтэйгээс Н.Б-ийн Сонгинохайрхан дүүргийн хаягийг нь мэдэж аваад, шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Би урьд нь зөндөө ингэж каргогоос захиалсан бараагаа авахдаа портер машины жолооч нартай бараагаа хүргүүлдэг. Нэг ч ийм зүйл гарч байгаагүй.  Манай ачаа хаана буусан, хэдэн ачаа ирдгийг би мэддэггүй. Каргоноос яриад л яаж авах уу хүргүүлэх үү, ирж авах уу гэж асуугаад шийддэг.

Би өөрийн 99694615 утасны дугаараас би энэ хүний 88006 руу 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр залгаж, мессеж бичсэн. Энэ хүн тэр дороо ирсэн ачаагаа буулгахдаа надад тоолж, үзэж шалгаж авах боломж олгоогүй, хүлээлгэж өгөөгүй. Намайг гэрээсээ гарч ирж амжаагүй байхад шидэж буулгачихаад яваад өгсөн. Би тэр дор нь мэдэгдэхээр энэ жолоочийн араас нь утасдаад утсаа аваагүй, эргэж ирээгүй. Каргоноос мөнгөө нэхээд байсан учир би мөнгийг бүрэн шилжүүлсэн байгаа. Энэ хүн эвдсэн учир мөнгөө энэ хүнээс л гаргуулна. Цаанаасаа хэдэн төгрөгөөр ирдэгийг би мэдэхгүй, манай охин цаанаас нь үйлдвэрээс нь захиалаад авч өгдөг. Би эндээс мөнгийг нь шилжүүлдэг. Тэгээд урдаас замын үүд дээрээс шалаанз машинд ачигдаж ирээд тэгээд тараадаг гэсэн. Охин маань намайг каргоны хүн амьтантай битгий хэл ам хийж байгаарай, нэхсэн мөнгийг нь шууд өгчихөж байгаарай гэхээр нь би тээврийн зардлыг нь шууд өгчихдөг. Ачуулсан ачааны тоо, хэмжээг цаанаасаа хэд ирж байгааг би мэдэхгүй. Надад тийм бичиг энэ тэр өгч, хүлээлгэн өгсөн гарын үсэг зуруулаагүй. Урдаас ирсэн машины жолооч л таны 37 ш хайрцаг бараа ирлээ гэж хэлсэн. Тэгээд ирэхээр нь би бүртгээд авдаг. Өмнө нь яг ингээд л аваад болдог, нэг ч удаа эвдэрч гэмтэж, дутаж байгаагүй. Тэр өдөр энэ хүн өөрөө шидэж буулгаж миний барааг эвдчихээд яагаад худлаа яриад байгааг би ойлгохгүй байна. Миний шилжүүлсэн мөнгө бол замын үүдээс ирсэн замын зардал дээр энэ портерийн 50,000 төгрөгийг нэмээд шилжүүлсэн мөнгө байгаа. Би одоо бүүр энэ хүнийг ингээд зөвшөөрөхгүй байгаа бол ядаж шүүхээс эвлэрэх боломжтой гэж байгаа бол 1,500,000 төгрөг аваад эвлэрч болж байна  гэв.

 

Хариуцагч Н.Б шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр иргэн Ариунаагийн 37 ш хайрцаг 15.00 цагийн үед 4-р хороололд хүргэж өгсөн. Ариунаагийн зааж өгсөн газарт буулгаж тавьсан. Ачааны тооцоо 1,175,000 төгрөгийг авья гэхэд ачаагаа шалгаж үзчихээд данс руу чинь хийнэ гэсэн. Би өөр олон газар ачаа буулгах байсан тул за гээд явсан. Түүнээс хойш 7 цагийн дараа буюу 22.00 цагт ачааны тооцоогоо данс руу хийсэн. Ачаагаа шалгаж үзэх хангалттай хугацаа байсан учир шалгаад бүрэн бүтэн хүлээж авсан байна гэж би ойлгосон. Гэтэл 3 хоногийн дараа над руу залгаж бараа хангарсан байна, 500,000 төгрөгөөр хохирчихлоо яах вэ гэж асуухаар нь ачаагаа авах үедээ шалгаж үзчихээд тэр үедээ юу ч хэлээгүй биз дээ. Одоо ингэж ярьж байгаа чинь ямар учиртай юм бэ, та өөрөө өөр тийш нь зөөж байгаад хагалсан ч юмуу би яаж мэдэх юм бэ би хариуцлага хүлээж чадахгүй гэж хэлсэн.

Би нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа, одоо энэ хүнтэй ингэж маргалдаад явмааргүй байна. Ариунаа гуайг би өөрийн ээж шиг минь хүн юм байна, бас эд зүйл нь эвдрээд гэмтэж хохирсон юм байна гэж бодоод бас залхаад байгаа учир энэ хүнд яахав яаж ийж байгаад 500,000 төгрөг олж өгөөд дуусгаж болж байна. Энэ санал дээр эвлэрэхгүй гэвэл би нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, шүүхээрээ шийдвэрлүүлэх саналтай байна.

Би тухайн үед Ч.Агийн ачааг хүргэлт хийж өгсөн, нэхэмжлэгчийн зааж өгсөн газарт буулгасан. Хайрцгуудыг шидсэн зүйл байхгүй бөгөөд намайг хайрцгуудыг машинаас буулгаж байхад Ч.А өөрөө хараад зогсож байсан. Хайрцаг доторх бараанаас шажигнасан дуу гарч байна гэж огт хэлээгүй. Нийт 37 ширхэг хайрцагтай барааг нь тоо ёсоор нь хүлээлгэж өгөхөд, мөнгийг орой шилжүүлнэ гэхээр нь би явсан. Ингээд орой 22 цагийн орчимд урдаас ирсэн каргоны мөнгийг, миний хүргэлтийн 50,000 төгрөгийн хамт шилжүүлсэн. Тиймээс ачаа, бараагаа бүрэн, бүтэн хүлээж аваад, тооцоогоо хийж байна гэж би ойлгосон. Тухайн өдөр Ч.А над руу залгаагүй. Харин би тооцоогоо хийх болж байгаа эсэхийг тодруулахаар 1, 2 удаа залгасан. Түүнээс 11 сарын 01-ний өдөр буюу хүргэлт хийснээс хойш 6 хоногийн дараа залгаад, “Манай бараа хагархай ирсэн байна, барааны 1 бүрийн үнэ 50,000 төгрөг, 10 ширхэг ариутгагч буу эвдэрсэн байна, нийт үнэ 500,000 төгрөг болж байна” гэж хэлсэн. Гэтэл одоо 500,000 төгрөгөөр цувуулаад өгчих гэж хэлсэн гээд зөрүүтэй зүйл яриад байна. Тухайн үйл явдлын дараа бараануудаа хэнээр, хаашаа зөөлгөсөн нь мэдэгдэхгүй байхад хүргэлт хийснээс хойш 6 хоногийн дараа залгаад, ийм тодорхой бус зүйл яриад байгаад гайхаж байна. Миний хүргэж ирсэн бараануудад нэхэмжлэгчийн яриад байгаа шиг ариутгагч буу байсан эсэхийг ч мэдэхгүй байна. Ийм тодорхой бус зүйлд би хариуцлага хүлээх үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Миний ачаа хүлээж авсан хүн бол н.Ганзориг гэж шалаанз дээрээс ачаа тараадаг хүн. Тэр хавьд надаас гадна хүргэлтэд явдаг 2, 3 портертой хүн байдаг. Би тухайн өдөр Бөмбөгөр, 3, 4 дүгээр хороолол чиглэлд ачаа хүргэх болж таарсан. Ингээд Ч.Агийн ачааг аваад, хүргэж өгсөн. Тухайн ачааны хүргэлт хийж байгаа хүн нь урдаас ирсэн тооцоог нь хүргэлтийн зардалтайгаа бараа хүлээж авч байгаа хүнээсээ нийлүүлж аваад, орой нь ачаа тарааж байгаа хүндээ өгдөг юм. Тиймээс Ч.Агийн утас руу өөрийнхөө утасны дугаараас өөрийнхөө дансны дугаарыг зурвасаар явуулсан. н.Ганзориг Ч.А руу огт залгахгүй, тэр зөвхөн урдаас ирсэн ачааг Улаанбаатар хотод тараадаг хүн.  Бид хэн нь ч албан байгууллагад хөдөлмөрийн гэрээтэй ажилладаг ажилтан биш. н.Ганзориг ачааны үнэ Ч.Агаас 1,175,000 төгрөг авах тооцоотой байна гэхээр л би өөрийн ачааны хөлсийг нэмж аваад түүнд өгөхдөө өөрийнхөө 50,000 төгрөгийг хасаад тооцоо хийчихдэг.  Ачааг хүлээж авахад ямар нэгэн бичиг баримт дагалдах бичиг баримт өгдөггүй, тухайн хайрцаг дотор юу байгааг сайн мэдэхгүй. Шил, шаазан зүйл дээр тэмдэглэгээ байдаг боловч Ариунаагийн хайрцагтай ачаан дээр хагарах тийм тэмдэг тэмдэглэгээ байгаагүй. Би хайрцгуудыг шидээгүй, уг хайцагтай зүйлд хүн даахааргүй хүнд зүйл байгаагүй, өргөж буулгаад л өрөөд тавь гэсэн газар нь тавьсан.  Тэр 37 ширхэг хайрцаг ачаа нь портерийн үндсэн тэвшнээс урд талын кабинтай чацуу орчим хэмжээтэй байсан.  Намайг хүлээж бай, хайч аваад ирье гэж хэлээгүй, хэрэв ярьсан бол би хүлээж байх байсан. Наад утсаар ярьсан баримтаас харах юм бол би Ариунаа руу эхлээд ачааг нь хүргэж өгөх талаар ярьж үнэ хөлсөө тохиролцоод хаягийг нь авах гэж ярьсан байгаа, дараа нь ирчихлээ гэж ярьсан. Түүнээс хойш ачааг нь буулгаад дансаа мэссэжээр явуулсан байгаа. Тэгээд мөнгөө хийгээрэй гэж 2-3 удаа би л залгасан байгаа. Энэ хүн над руу залгаж, мэссэж бичсэн зүйл тэр өдөр огт байхгүй байгаа. Харин 6 хоногийн дараа залгахаар нь одоо надад хамаагүй гэж хэлсэн. Би энэ хүний нэхэмжилж байгаа 2,0 сая төгрөгийг огт зөвшөөрөхгүй байна гэв.

 

Нэхэмжлэгчээс Ч.Агийн 5026962010 тоот ХААН банкны дипозит дансны хуулга 8 хуудас, “Итгэлт эстимэйт” ХХК-ийн төлбөрийн баримт, 9ш ачаа буулгасан байдал, эвдэрсэн ариутгагч бууг харуулсан фото зураг баримтуудыг гаргаж ирүүлсэн байна.

 

Хариуцагчаас 5720564177 тоот Н.Б-ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга 1 хуудас, 2550УАС улсын дугаартай Hyundai Porter маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг тус тус гаргаж өгсөн байна.

 

Шүүхээс талуудын хүсэлтээр Мобиком корпораци ХХК, Юнител ХХК-иас  лавлагаа гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн байна. 

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                       ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.А нь хариуцагч Н.Бт холбогдуулан 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч Н.Б ачаа бараа буулгахдаа шидэж гэмтээсний улмаас 2 ш хайрцаг, нийт 40 ш ариутгагч буу эвдэрч дахин ашиглах боломжгүй болсон тул нэг бүрийн үнийг 50,000 төгрөгөөр тооцон нийт 2,000,000 төгрөгийг гаргуулна...” гэж тодорхойлон хариуцагчаас 2,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...ачааг өөрийнх нь буулга гэсэн газар буулгаж хүлээлгэж өгсөн, ...ачаагаа хүлээж аваад шалгаж үзсэний дагуу хөлсөө шилжүүлсэн, ...ачааны хөлс шилжүүлснээс хойш 6 хоногийн дараа залгасан учир би уг эвдрэлийг хариуцахгүй...” гэж тайлбарлан мэтгэлцэж байна .

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Ч.А нь 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Амгаланд байрлалтай Монгол дээж нэртэй агуулахад ирсэн өөрийн захиалсан 37 хайрцаг бараа бүтээгдэхүүнийг н.Ганзориг гэх хүний мэдэгдсэний дагуу хүргэлтийн үйлчилгээгээр авахаар ярилцаж тохиролцон, улмаар хариуцагч Н.Бтай утсаар ярилцан өөрийн хаягаар уг ачааг зөөвөрлүүлэн хүргүүлэх, үйлчилгээний хөлсөнд 50,000 төгрөгийг өгөхөөр харилцан тохиролцожээ.

Уг тохиролцсоны дагуу хариуцагч Н.Б өөрийн өмчлөлийн 2550УАС дугаартай, Hyundai Porter маркийн ачааны портер автомашинаар 37 хайрцаг ачааг нэхэмжлэгчийн хаяг болох Баянгол дүүрэг, 18-р хороо, 4-р хороолол, 46-р байрны гадаа орцны үүдэнд хүргэсэн байна. Нэхэмжлэгч Ч.А уг хүргэлтийн үйлчилгээний хөлс 50,000 төгрөгийг, уг ачааны Эрээн-Замын үүдээс тээвэрлэсэн ачаа тээвэрлэлтийн хөлс 1,125,000 төгрөгийн хамт нийт 1,175,000 төгрөгийг хариуцагч Н.Б-ийн  5720564177 тоот дансанд 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлэн өгсөн нь талуудын гаргаж ирүүлсэн ХААН банкны дансны хуулгаар тогтоогдож байгаа бөгөөд дээрх үйл баримтын талаар талууд хэн аль нь маргахгүй хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байна.

Харин нэхэмжлэгч Ч.А бараа хүргэлтээр түүний ачааг хүргэн ирсэн хариуцагч Н.Б хайрцагтай барааг буулгахдаа шидсэнээс болж хайрцаг доторх ариутгагч буу эвдэрч ашиглах боломжгүй болсон тул төлбөрийг түүнээс гаргуулна гэж шаардаж байгаа бол хариуцагч Н.Б би уг барааг буулгахдаа шидээгүй, түүний хэлсэн газар зөөж байрлуулаад явсан. Бараагаа шалгаж үзээд хүлээн авснаас хойш 21 цагт ачааны мөнгийг шилжүүлсэн, энэ хүртэл хугацаанд ямар ч гомдол санал гаргаагүй учир би хариуцахгүй гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргаж байна.

Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг харьцуулан дүгнэвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 386 дугаар зүйлийн 386.1-д заасан ачаа тээвэрлэлтийн гэрээ  байгуулагдсан гэж үзэхээр байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор өөрийн тухайн өдөр гар утас дээрээ авсан фото зургийг нотлох баримтаар гарган ирүүлдэг. Уг фото зургаас үзвэл хариуцагч ачааны 2550 УАС дугаартай портер автомашинаар барааг хүргэж өгсөн үйл баримт тогтоогдож байгааг хэн аль нь мөн хүлээн зөвшөөрдөг бөгөөд харин хариуцагчийн нийт 37 хайрцаг барааг нэхэмжлэгчийн хэлсэн газар буулгаж хураасан гэх тайлбар болон нэхэмжлэгчийн машинаас ачааг шидэж буулгаснаас болж 2 хайрцаг, 40 ш ариутгагч буу хагарсан гэх тайлбарыг шууд нотолж чадахгүй байна. Уг фото зургаас үзвэл нэхэмжлэгч бор хайрцагтай, уг хайрцагны гадуур ууталж савласан байдалтай хүлээлгэн өгч хүлээн авсан үйл баримт байгаа боловч уг хайрцагт байсан ариутгагч буу хагарч эвдэрсэн байсныг нэхэмжлэгч гэртээ зөөвөрлөн оруулж задалсны дараа хагарсан байгаа байдлаас чухам хэний үйлдлээс болж уг бараа эвдэрч хэмхэрсэн болохыг шууд тогтоох боломжгүй юм. Нэхэмжлэгч хариуцагчийг ачаа барааг хүлээлгэн өгөөгүй гэх болов тоо ширхэгээр нь хүлээн авсан болохоо хэн аль зөвшөөрдөг, харин уг хайрцагт юу байгаа, хэдэн ширхэг, ямар бараа бүтээгдэхүүн ирсэн болохыг тогтоосон дагалдах бичиг болон ямар нэгэн бичгийн баримт байдаггүй.

 

Иргэний хуулийн 386 дугаар зүйлд ачаа тээвэрлэлтийн гэрээг дагалдах бичгийн хэлбэрээр байгуулах бөгөөд дагалдах бичгийг 3 хувь үйлдэж, талууд гарын үсгээ зурж эхний хувийг ачаа илгээгчид үлдээж, хоёр дахь хувийг ачаанд хавсаргаж, гурав дахь хувийг тээвэрлэгчид өгөхөөр заажээ.

 

Нэхэмжлэгч Ч.А уг ачааг өөрийн охин БНХАУ-аас захиалан Эрээн-Замын үүдээр дамжин Монгол Улсад орж ирэн улмаар Улаанбаатар хотод тээвэрлэгдсэн ирсэн гэж тайлбарлаж байгаа боловч уг ачааг хэзээ, хэнээс, хэдий хэмжээтэй, ямар үнээр ачуулсан болох, барааг хэн илгээсэн, ачааны сав баглаа боодол, тэмдэг тэмдэглэгээ байсан эсэх, уг ачаа хэдэн тээврийн хэрэгсэл дамжиж тээвэрлэгдсэн, ачааны дагалдах бичиг байсан эсэхийг тодруулахад энэ талаар ямар нэгэн баримт байхгүй гэж тайлбарлан шүүхэд нотлох баримт бүрдүүлэх цуглуулах талаар санал хүсэлт гаргаж шийдвэрлүүлээгүй болно.

 

Хэрэгт нотлох баримтаар талуудын хүсэлтээр Мобиком корпораци, Юнител ХХК-иас нэхэмжлэгчийн 99694615 дугаар, хариуцагчийн 88006 дугаарын утасны хооронд хийгдсэн дуудлага, мэссэжийг тодруулахаар холбогдох лавлагааг гаргуулахаар шийдвэрлэсэн ба Юнител ХХК-иас ирүүлсэн баримтаар хариуцагч Н.Б-ийн 88006 дугаарын утаснаас нэхэмжлэгч Ч.Агийн 99694615 дугаарын утас руу 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 6 удаагийн дуудлага, 1 удаагийн мэссэж илгээсэн байна. Уг дуудлага мэдээллийг хариуцагч Н.Б эхлээд ачааг хүргүүлэх эсэхийг асууж 1 удаа, мөн гэрийн хаягийг асууж 1 удаа, гадаа нь ирсэн болохоо мэдэгдэж 1 удаа, мөнгөө шилжүүлэхийг шаардаж 3 удаа залгасан ба 1 удаа тээврийн хөлс шилжүүлэх дансны дугаараа явуулж мэссэж илгээсэн гэж тайлбарлаж байгааг нэхэмжлэгч үгүйсгэж няцаадаггүй. Харин нэхэмжлэгч Ч.А өөрийн дугаараас хариуцагч Н.Б-ийн гар утас руу 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1 удаа, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1 удаа залгаж, 3 удаа мэссэж илгээсэн байна. 

Талуудын хоорондоо дуудлага хийсэн, мэссэж илгээсэн дээрх цаг хугацаанаас үзэхэд нэхэмжлэгч Ч.Агийн “...ачааг хүлээж аваад гэрээс хүүхдээр хайч авчруулаад задалж үзэхэд шидэгдээд хагарсан байсан, тэр дор нь энэ тухай мэдэгдэхээр Н.Б луу удаа дараа залгасан боловч утсаа аваагүй, утасдаж хэлэхэд өөрөөсөө зайлуулсан..., ...ачааны тээврийн хөлс нэхээд залгаад байсан учир аргагүйн эрхэнд шилжүүлсэн...” гэх тайлбар няцаагдаж байх бөгөөд түүнийг хариуцагч Н.Бт энэ тухайгаа мэдэгдсэн гэж үзэх боломжгүй байна. Харин хариуцагчийн мөнгө шилжүүлэх дансны дугаар илгээсэн гэх 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 16 цаг 20 минутаас хойш мөн өдрийн 21 цаг 43 минутад мөнгийг шилжүүлсэн болох нь тэдний дансны хуулгаар тогтоогдож байх тул хариуцагчийн “...15 цагт ачааг хүргэж өгснөөс хойш орой мөнгийг нь шилжүүлсэн байгаа, хэрэв тэр үед ачаагаа задалж үзээд эвдэрч гэмтсэн бол надад хэлэх ёстой байсан, хангалттай хугацаа өнгөрсөн байхад мөнгөө шилжүүлсэн нь бүрэн бүтэн хүлээж авсан гэж үзнэ...” гэх тайлбар татгалзал үндэслэлтэй гэж үзэхээр байна. Дээрх байдлаас үзвэл нэхэмжлэгч Ч.А өөрийн ачаа барааны сав баглаа боодлыг задалж үзээд хагарч эвдэрсэн байсан тохиолдолд хариуцагч Н.Бт болон Монгол дээж карго нэрээр н.Ганзориг гэгч этгээдэд төлбөрийг шилжүүлэхээс татгалзах эрхээ хэрэгжүүлж улмаар хэний буруутай үйлдлээс болж эвдэрч гэмтсэн болохыг тогтоох боломжтой байжээ. Өөрөөр хэлбэл энэ асуудалд хариуцагчийг буруутган хамааруулан дүгнэх үндэслэл тогтоогдоогүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй байдаг бөгөөд талууд нотлох баримтаа анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж, шүүх хэргийг оролцогчийн гаргасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж хэргийг шийдвэрлэдэг.

 

 Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох, нотлох баримт гаргах үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбар зэргийг үндэслэн хариуцагч Н.Б нь ачааг буулгахдаа эвдэж гэмтээсний улмаас нэхэмжлэгчид 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Ч.Агийн хариуцагч Н.Б-иас 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нэхэмжлэгчээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцуулдаг. Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                   

                                                          ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 386 дугаар зүйлийн 386.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Б-иас 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ч.Агийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ч.НЯМСҮРЭН