Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/321

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Дөлгөөн

Улсын яллагч Б.Оюунцэцэг /томилолтоор/

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Ундармаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421000000293 дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 11-р баг ******* ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, ******* овогт ******* . /РД: /

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр баг Цагаан худаг гэх газраас 2024 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 07 дугаар сарын 07-нд шилжих шөнө улсын дугаартай Haojue маркийн мотоциклийг уналга болгон ашиглан хохирогч өмчлөлийн олон тооны малыг буюу 5 тооны адууг бэлчээр дээрээс хулгайлж бусдад 5,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай гэр аймгийн төвөөс 45 км зайтай байдаг ба 2024 оны 07 дугаар сарын 06-ны орой 18 цагийн орчим би өөрийн нуман тамгатай бор азаргатай 30 тооны адууг Сэргэлэн сумын 4-р багийн нутаг “Цагаан худаг” гэх газрын худагт услаад орой бэлчээрт гаргасан юм. Манай адуу гэрээс урагш 4-5 км зайд бэлчдэг ба маргааш өглөө нь 07 цаг гээд адуугаа хураах гээд адууныхаа бэлчээр дээр очиход адуу маань байхгүй байсан. Өөр газарт бэлчдэггүй тул би гэрийн эргэн тойронд 10 км радиуст хайж үзээд адуугаа олоогүй юм. Хүмүүсийн хэлж байгаагаар манай энэ хавиар адуу явж байгаа үзэгдээгүй гэж ярьцгааж байсан. Тэгээд өдөр 14 цагт гэртээ ирээд дүү руу ярьж адуу олдохгүй байгаа талаар хэлж дуудсан юм. гийн ажил 17 цаг гэж тараад манайх руу ирэх замдаа аймгаас 20 км зайд адуугаа олж намайг ирж аваад адуугаа бүртгэсэн юм. Бүртгэж үзэхэд зөв талынхаа гуя дээр нум тамгатай шаргал, ухаа халзан, хээр гэсэн зүстэй 3 тооны бүдүүн морь, монгол бичгээр нум гэсэн бичигтэй саарал бүдүүн морь, сартай А үсгэн тамгатай бүдүүн морь гээд 5 тооны адуу алга болсон байсан. ...Миний хувьд алдагдсан 5 тооны адуугаа хүлээн авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21, 23/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 18 цагийн орчим төрсөн дүү над руу ...яриад та улсын дугаартай портер маркийн машинаа өгчих, би Сэргэлэн сумын 4 дүгээр баг Галын гол гэх газарт адуу буулгах гэсэн юм гэсэн. ...ийн хашаанд ирээд 5 тооны адуу буюу зүүн талын гуя нум тамгатай 3 тооны адуу, зүүн талын гуя дээрээ монгол бичгээр нум тамгатай бор адуу, ...А тамгатай хүрэн морийг  ачаад хөдлөх гэж байхад Цагдаагийн алба хаагч нар ирж шалгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27/

Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний хувьд 2024 оны 07 дугаар сард Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах Шүр зах дээр өөрийн эзэмшлийн улсын дугаартай хар өнгийн Haojue маркийн мотоциклтойгоо такси үйлчилгээнд явах зорилгоор зогсож байсан чинь миний зүс таних нь ганцаараа ирээд “танд 50,000 төгрөг өгье, өөрийн мотоциклоо нэг өдөр зээлдүүлээч, би Сэргэлэн сум руу морины сунгаа үзчихээд ирье” гэж хэлээд миний мотоциклийг аваад намайг гэрт маань буулгаад яваад өгсөн. Тэгээд мотоциклийг маань 1 хоногийн дараа буюу маргааш нь хүлээлгэн өгсөн. Өөр надад ямар нэгэн зүйл хэлээгүй. Шүүхээс миний эзэмшлийн мотоциклийг хураан авч улсын орлого болговол Дамно үнэлгээ ХХК-ний гаргасан хохирлын үнэлгээг *******ээс нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 74/

Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Миний хувьд танил эзэмшлийн улсын дугаартай Haojue маркийн мотоциклийг гуйгаад 2024 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Сэргэлэн сумын 4-р багийн нутаг “Сүмийн булаг” гэх газарт ганцаараа очиж морины сунгаа үзсэн. Тэгээд “Галын гол”-д байж байгаад 2024 оны 07 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө тус сумын 4-р багийн нутаг “Цагаан худаг” гэх газарт бэлчиж байсан адуун сүргээс 5 тооны адууг барьж, холбоод унаж ирсэн мотоциклоороо туугаад Хэрлэн сумын 11 дүгээр баг ******* ******* тоотод авчирсан. Улмаар үүнээс хойш манай хашаагаар малаа хайж байгаа бололтой жижиг машинууд эргэлдээд байхаар нь буцаагаад тавья гэж бодоод 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ах машинтай нь гуйгаад тухайн 5 тооны адууг машин дээр  ачаад байж байхад цагдаа нар ирсэн. Уг хэрэгт манай ах Мөнхболд хамааралгүй бөгөөд би ганцаараа үйлдсэн юм. Тухайн үед унасан мотоцикл нь манай танил найз эзэмшлийнх...” гэх мэдүүлэг /хх-ийн 64/

- Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 07/

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 08-11/

- Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 12/

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-14/

- Гэрч  мэдүүлэг /хх-ийн 29-30/

- Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ний шинжээчийн РЦ-24-169, РЦ-24-197 тоот дүгнэлтүүд /хх-ийн 35-39, 41-45/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65/

- Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 66-69, 70-72/

- Шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 73, 76-78/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээрээ үнэлж шүүгдэгчид холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч ******* нь 2024 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр баг “Цагаан худаг” гэх газраас улсын дугаартай Haojue маркийн мотоциклийг уналга болгон ашиглан хохирогч өмчлөлийн олон тооны малыг буюу 5 тооны адууг бэлчээр дээрээс хулгайлж бусдад 5,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч , гэрч , иргэний нэхэмжлэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ний шинжээчийн РЦ-24-169, РЦ-24-197 тоот дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Цэрэндолгор нар нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч ******* нь бусдын өмчлөлд байгаа малыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын өмчлөлөөс нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшил, өмчлөлд авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна гэж, “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно гэж заасан.

 

Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

 

Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч эд хөрөнгөд 5 тооны адуу буюу 5,500,000 төгрөгийн хохирол учирсан ба хохирогч д шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “миний хувьд 5 тооны адуугаа буцаан авсан тул шүүх хуралд оролцохгүй, гомдол, саналгүй, сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжлэхгүй” гэж тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч *******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.   

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, хохирол төлбөргүй зэргийг харгалзан үзэж шүүгдэгч ******* овогт ******* д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын техник хэрэгслийг хураан авч хадгалах, устгах, улсын орлого болгох, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулах талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан бөгөөд шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Haojue маркийн улсын дугаартай мотоцикл нь 1,617,000 /хх-ийн 41-45/ төгрөгөөр үнэлэгдсэн ба тухайн мотоцикл нь иргэний нэхэмжлэгч эзэмшлийнх болох нь шүүгдэгчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч *******ээс уг мотоциклийн үнэ 1,617,000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч ******* ийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотоциклийн үнэ 1,617,000 /нэг сая зургаан зуун арван долоон мянга/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай. 

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.  

 

            6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

                                                

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ             Г.НАМУУНТУЯА