Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 184/ШШ2022/00914

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    2022            03             22                                            184/ШШ2022/00914

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч.С.М нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.У-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 18,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхбаяр, хариуцагч Б.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Номинжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Н , Б.У нар нь 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй 10,000,000 төгрөгийг зээлж авсан. Үүнээс хойш төлбөрөө төлөөгүй бөгөөд Б.Н  нь Солонгос улсад байгаа гэх бөгөөд дүү У- нь Монголд байгаа гэж ойлгож байгаа. Иймд үндсэн зээл 10,000,000 төгрөг, хүү 2,000,000 төгрөг, алданги 6,000,000 төгрөг, нийт 18,000,000 төгрөгийг Б.Угаас гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү.

Хамтран зээлдэгч Б.Н  Солонгос улсад байдаг гэж хариуцагч ярьж байна. Энэ хүн хэзээ ирэхийг бид мэдэхгүй, энэ 2 хүн төрсөн ах дүүс гэсэн. Хариуцагч Б.У дээд боловсролтой хүн, өөрөө зээлийн гэрээнд гарын үсгээ зурахдаа юун дээр зурж байгаагаа мэдэх ёстой. Нэхэмжлэгч хариуцагчаа сонгох эрхтэй учир Б.Уг тодорхойлон зээлийн төлбөрөө нэхэмжилж байгаа. Би нэхэмжлэгчийг бүрэн төлөөлж байгаа боловч нэхэмжлэлээс дур мэдэн багасгах эрх байхгүй. Анх Н зээл авахдаа ажлын шаардлагаар гэж хэлээд зээл аваад гадагшаа гараад явсан харагдаж байгаа. Анх нэхэмжлэгч маань Нгаас л зээлийн төлбөрөө нэхээд яваад байсан. У-тай холбогдоогүй байсан. Түрүүчийн шүүх хуралдаанаар У- ахтайгаа ярилцаад эвлэрэх боломжтой гэсэн боловч ах нь би өөрөө хариуцаж төлнө гэж байгаа боловч тэр хүн хэзээ ирж төлбөр барагдуулах нь тодорхойгүй байгаа учир нэхэмжлэлийг хангаж өгнө үү. Яахав надад нэхэмжлэгчээс өөрийгөө төлөөлүүлэх бүрэн эрх олгосон боловч өөрөө дур мэдэн нэхэмжлэлээс ихэсгэх, багасгах боломжгүй боловч алдангиас 1,000,000 төгрөгийг хасах боломжтой гэж үзэж байгаа. Нэхэмжлэл ганц хуудас хэн ч харсан шууд хараад л гэрээний нөхцлийг ойлгох боломжтой байгаа. Барьцаагүйгээр гэрээг олгож байгаа нэхэмжлэгч учир хамтран зээлдэгч шаардсан байх. Нтай байнга ярьж утсаар харилцаж зээлийн төлбөрөө нэхэж байсан бөгөөд удаахгүй өгнө гэсээр сүүлдээ холбогдож чадахаа больсон учир У-гаас нэхэмжилж байгаа. Энэ бол нэхэмжлэгчийн эрх учир хэнээс нь ч шаардаж болно. Уг мөнгө У-гийн данс руу ороогүй ч У- зээлдэгчээр гарын үсэг зурсан, өөрөө л би авч хэрэглээгүй гээд байгаа болохоос хэн нь юунд зарцуулсныг нэхэмжлэгч мэдэхгүй. Хэрэв Н би өөрөө хариуцаж төлнө гэсэн бол өдийд төлчих байсан, ямар ч төлөх талаар санаачлага гаргахгүй байгаа.    гэв.

 

Хариуцагч Б.У шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.У миний бие ах Буяндэлгэрийн Нгийн хувь хүнтэй гэрээ хийж авсан зээлийг төлөх боломжгүй болно. Миний бие ганц бие өрх толгойлсон, 5 настай хүүтэйгээ амьдардаг. 2012 онд ослын улмаас 2 хөлөндөө удаа дараа хагалгаа хийлгэж байсан. Ажил хийхэд хүндрэлтэй. Одоо мөн адил эмнэлэгт хэвтэж байгаа учраас надад энэ зээлийг төлөх чадвар байхгүй. Иймд миний байдлыг харгалзан үзэж шийдвэр гаргаж өгнө үү.

Анх 2019 оны 3 сард манай ах Н, М нар намайг Мишээл экспо дээр хүрээд ир гэсэн. С.М болон манай ах Б.Н  нар хоорондоо зээл өгч авахаар болж ах маань намайг энэ дээр гарын үсэг зурчих гэхээр нь л би зурсан. Зээлийг манайх ах Б.Н  авч хэрэглэсэн, юунд зарцуулсан, яах гэж авсныг мэдэхгүй. Би нэг ч төгрөг авч өөртөө хэрэглээгүй. Намайг шүүхээс дуудахад л ийм төлбөр мөнгөний асуудал үүссэн гэж мэдсэн. Төлөх ямар ч боломж надад байхгүй. Ах Н Солонгос улс уу 2019 оны 11 сарын үед ажиллаж амьдрахаар яваад тэндээ 4 жил болж байгаа, одоо 4 сард ирнэ гэсэн. Үндсэн зээлдэгч болох ахтайгаа утсаар ярихад ирээд өөрөө Мтай уулзаж асуудлаа шийднэ, чамд хамааралгүй гээд надад ямар нэгэн шийдэл хэлж өгөөгүй. Иймд би хариуцахгүй. Миний бие өвчний учир ажил эрхлэх боломжгүй, хүүхдийн мөнгөөр амьдарч байгаа. Ээж маань тэтгэвэрт гарсан. Байнгын өвчин намдаагч хэрэглэдэг. Миний хувьд төлбөрийг төлөх боломж огт байхгүй гэв.  

 

Нэхэмжлэгчээс 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээ, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг бичгийн баримтыг ирүүлсэн байна.

 

Хариуцагчаас Өвчний учир шүүхэд ирэх боломжгүй тухай хүсэлт, түүнд хавсарган ирүүлсэн рентген оношилгоо, өвчний талаарх фото зураг ирүүлсэн.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                       ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч С.М нь хариуцагч Б.Уд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч С.М нь хариуцагч Б.У болон түүний төрсөн ах  Б.Н  нартай 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатайгаар зээлэх, гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрөө төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцон төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан “зээлийн гэрээ”-ээр тогтоогдож байна.

Зээлийн гэрээнд зээлийн гэрээний зүйл буюу 10,000,000 төгрөгийг 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр зээлдэгч Б.Н гийн 5447244035 тоот дансанд шилжүүлэхээр тохиролцсон байх бөгөөд мөн өдөр нэхэмжлэгч С.М өөрийн ХААН банк дахь 5025256299 дугаартай данснаас дээрх 5447244035 тоот дансанд шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан ХААН банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасны дагуу зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд бичгийн хэлцэл нь талууд гэрээнд гарын үсэг зурснаас хүчин төгөлдөр болж, эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлсэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.

 

Зээлдүүлэгч С.М нь зээлийн гэрээний дагуу 10,000,000 төгрөгийг зээлдэгч нарт шилжүүлсэн өгсөн, Б.Н , Б.У нар мөнгийг хүлээн авсан болохоо хүлээн зөвшөөрч энэ талаар маргадаггүй тул зээлийн гэрээний үүргээ зээлдүүлэгч биелүүлсэн буюу зээлийн гэрээ байгуулагдсан, зээлдэгчээс үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.

 

Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “Хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан ба талуудын байгуулсан зээлийн гэрээ хуулийн шаардлагад нийцэж байх тул нэхэмжлэгч С.М нь гэрээгээр тохирсон хугацааны хүү шаардах эрхтэй байна.

 

Талуудын байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2019 оны 5 дугаар сарын 04-ний өдөр дууссан байна. Нэхэмжлэгч С.М зээлдэгч нар гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 10,000,000 төгрөг, 2 сарын хүүгийн төлбөрт 2,000,000 төгрөгөөр тооцон нийт 12,000,000 төгрөгийн үүргийг биелүүлээгүй гэж үзэн гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэлгүйгээр тооцон 6,000,000 төгрөгийн алдангийг нэмж нийт 18,000,000 төгрөгийг гаргуулна гэж шаардаж байна.

 

Нэхэмжлэгч хариуцагчаар Б.Уг тодорхойлон түүнээс зээлийн гэрээний дагуу төлбөрийг шаардаж байна. Хариуцагч Б.У уг төлбөрийг төлөхөөс татгалзаж, татгалзлын үндэслэлээ “...зээлсэн 10 сая төгрөгөөс би мөнгө аваагүй, уг мөнгийн ах Б.Н  авсан, өөрөө хариуцах ёстой, би эрүүл мэндийн шалтгаанаар төлбөр төлөх боломжгүй...” гэж тайлбарлаж мэтгэлцэж байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрүүлэхгүй хэмжээгээр тогтоосон анзыг алданги гэх бөгөөд анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж, мөн зүйлийн 232.8-д анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол шүүх түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэж тус тус заасан байна.

 

Талууд зээлийн гэрээний 2.7-д алдангийг 0,5 хувиар тооцохоор тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс бодож шаардах эрхтэй байна.

Зээлдэгч нар нь зээлийн гэрээний дагуу зээл, хүү, алдангийг төлөх үүргийг зээлдүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд зээлийн гэрээний зүйл болох мөнгийг нөгөө зээлдэгч болох Б.Н  өөрийн дансаар хүлээн авч, өөртөө ашигласан, хариуцагч Б.Уд өгөөгүй явдал нь зээлдэгчийн шаардах эрхийг үгүйсгэхгүй юм.

 

Харин зээлийн хүүгийн хэмжээ хэт өндөр байгаа байдал болон нэхэмжлэгчийн зээлийн гэрээний хугацаа дууссан хугацаанаас хойш 2 жил гаруй хугацаа өнгөрсөн байхад шаардах эрхээ хэрэгжүүлээгүй зэрэг хэргийн нөхцөл байдал болон зээлдэгч Б.У эрүүл мэндийн шалтгааны улмаас ажил, хөдөлмөр эрхлэх боломжгүй байгаа нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8, 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасны дагуу хүү, алдангийн хэмжээг 50 хувиар бууруулан тооцож нийт нэхэмжилсэн 8,000,000 төгрөгийг хүү, алдангийн 50 хувь буву 4,000,000 төгрөгийг хариуцагч Б.Ус гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Б.Ус үндсэн зээл 10,000,000 төгрөг, хүү, алдангид 4,000,000 төгрөг буюу нийт 14,000,000 төгрөгийг  гаргуулан нэхэмжлэгч С.Мт олгож, нэхэмжлэлийн үлдэх үлдэх 4,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангасан бол нэхэмжлэгч, хариуцагч нар тэр хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцдаг. Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ус 227,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүлд заасныг удирдлага болгон

 

                                             ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.2, 232 дугаар зүйлийн 232.8-д заасныг баримтлан хариуцагч Б.Ус  14,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Мт олгож, үлдэх 4,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д  зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 248,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ус 227,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэр бичгээр үйлдэгдэж гарын үсэг зурагдсаны дараа зохигч шийдвэрийг 14 хоногийн дотор ирж гардан авах, энэ хугацаанд зохигч ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ч.НЯМСҮРЭН