Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 184/ШШ2022/01410

 

 

   

 

 

      2022            04             27                                              184/ШШ2022/01410

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Н” ХХК,

Хариуцагч: “Э” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 30,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золзаяа, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Даваадулам,

Хариуцагчийн төлөөлөгч М.Баасанхүү шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй бөгөөд нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Н" ХХК нь 2017 оны 09 сарын 13-нд "Э" ХХК болон түүний захирал Ц.Б-дд 60 сая төгрөгийн үнэтэй газар тариалангийн тоног төхөөрөмж зарсан юм. Үүнээс 39,500,000 төгрөг өгсөн боловч үлдэгдэл 20,500,000 төгрөг алданги 10 сая төгрөг нийт 30,500,000 төгрөгийг "Э" ХХК-аас гаргуулах хүсэлтэй гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч “Н” ХХК нь “Э” ХХК-д холбогдуулан 30,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: "Н" ХХК нь 2017 оны 09 сарын 13-нд "Э" ХХК болон түүний захирал Ц.Б-дд 60 сая төгрөгний үнэтэй газар тариалангийн тоног төхөөрөмж зарсан юм. Үүнээс 39,500,000 төгрөг өгсөн боловч үлдэгдэл 20,500,000 төгрөг алданги 10 сая төгрөг нийт 30,500,000 төгрөгийг "Э" ХХК-аас гаргуулах хүсэлтэй гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч М.Баасанхүү шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны иргэн “Э” ХХК-г үүсгэн байгуулагч Ц.Б-д миний бие 2016 онд Төв аймгийн Угтаал сумын иргэн Д.Батхуяг гэдэг хүнээс Foton үйлдвэрийн трактор 1 ширхэг /40 сая/, ангилангийн хадагч 1 ширхэг /20 сая/, нийт жаран сая төгрөгийн техник худалдан авах гэрээ байгуулсан.

Гэвч энэ хоёр техник нь ажлын шаардлага хангахгүй, эвдэрхий байсан учир, маш олон удаа энэ техникээ ирээд ажиллуулж өгөө гэж хэлсэн болвч ирээгүй, сүүлдээ утсаа салгаад алга болсон. Тийм учраас ажлаа энэ хоёр техникээр нь хийж чадаагүй. Түрээсийн хадлангийн салаа оруулж өөрийн ажлаа хийж дуусгасан.

Гэтэл намар гэнэт ирээд мөнгө нэхсэн. Техникээ буцааж ав, эвдэрхий юм байна би энэ техникээр чинь 1 га газарч ажил хийгээгүй шаардлага хангахгүй техник өглөө гэсэн боловч Батхуяг өөрөө тэгвэл оронд нь өөр техник өг гэсэн. Тэгэхээр нь өөрт байсан техникийг буюу ОХУ-д үйлдвэрлэсэн 150 трактор /20 сая/, ОХУ-д үйлдвэрлэсэн хаман боогч /15 сая/, Түлшний запруушик машин /20 сая/, Ландровер маркийн бага оврын суудлын машин /5,5 сая/, Эвдэрхий 2.1 силк 3 ширхэг /9 сая/, Реминин подпоршик 2 ширхэг /1 сая/, Ангилангийн рам /1 сая/, нийт дүн нь 71.5 сая төгрөг болсон.

Энэ техникүүдийг өөрт нь хүлээлгэн өгсөн боловч байнгын мөнгө нэхэж намайг дарамталдаг. Надаас авсан түлшний запруушик машинаа банкны өр өгөх мөнгө хэрэгтэй байна зарж өгөөч гээд гуйгаад байхаар нь худалдан авах хүнийг нь олж өгсөн бөгөөд өөрийнх нь хүсэлтээр 15 сая төгргөнд зарж өгсөн. Гэтэл энд тэнд намайг хүмүүст хулгайч, луйварчин мэтээр нэр төрийг минь гутааж байна. Шударга шүүх үнэн зөвийг олж тогтоон, нэр төрийг минь цэвэрлэж өгнө гэдэгт итгэж байна гэжээ.

 

Зохигчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд: нэхэмжлэгчээс 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 06 тоот “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ” /хавтаст хэргийн 9-10/ дугаар тал, Н ХХК-ийн дүрэм /хавтаст хэргийн 11-13 дугаар тал/ 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “2017 оны намар хийсэн гэрээний дагуу өр төлсөн тухай” /хавтаст хэргийн 16 дугаар тал/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн, цуглуулсан.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд: "Н" ХХК нь 2017 оны 09-р сарын 13-нд "Э" ХХК-д 60 сая төгрөгийн үнэтэй газар тариалангийн тоног төхөөрөмж зарсан юм. Үүнээс 39,500,000 төгрөг өгсөн боловч үлдэгдэл 20,500,000 төгрөг алданги 10 сая төгрөг нийт 30,500,000 төгрөгийг "Э" ХХК-аас гаргуулна 20,500,000 төгрөгийн үлдэгдэл төлбөр төлөх үлдэгдэлтэй, алданги 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцсон гэж.

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Хоёр техник нь ажлын шаардлага хангахгүй, эвдэрхий байсан, 71.5 сая төгрөг төлсөн гэж.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 06 тоот “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ” /хавтаст хэргийн 9-10/ дугаар тал, Н ХХК-ийн дүрэм /хавтаст хэргийн 11-13 дугаар тал/ 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “2017 оны намар хийсэн гэрээний дагуу өр төлсөн тухай” /хавтаст хэргийн 16 дугаар тал/ нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Зохигчийн хооронд 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр өдөр “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах” гэрээ байгуулагдсан байна.

Талуудын маргааны зүйл нь худалдах худалдан авах гэрээний үүрэгт 20,500,000 төгрөгийн үлдэгдэлтэй, эсхүл бүрэн төлсөн, илүү төлсөн эсэх талаар байна. Харин талууд “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах” гэрээний үүрэгт 39,500,000 төрөг өгсөн, авсан талаар маргаагүй байна.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан “Худалдах, худалдан авах” гэрээний харилцаа үүссэн, худалдагч “Н” ХХК нь худалдах-худалдан авах гэрээгээр биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэн хариуцагчид 2 гэрээгээр нийт 60,000,000 төгрөгийн тээврийн хэрэгсэл шилжүүлсэн,

-хариуцагч “Э” ХХК нь худалдан авсан хөрөнгөө хүлээн авсан, худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийн хариу төлбөрт 39,500,000 төрөг төлсөн, үлдэгдэл 20,500,000 төгрөгийн үүргийг гүйцэтгээгүй байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.1, 232.4-д зааснаар “Худалдах худалдах авах” гэрээний үүрэг, мөн 0.5 хувийн алданги шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 234 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ”,

Энэ хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.4-д “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ” “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасан.

2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “2017 оны намар хийсэн гэрээний дагуу өр төлсөн тухай баримтаас үзэхэд зохигч гүйцэтгээгүй үнийн дүнгээс алданги тооцохоор тохиролцсон байна. Гүйцэтгээгүй үүрэг 20,500,000 төгрөгийн алданги 1 хоногийн 102,500 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш алданги Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн байх тул 10,000,000 төгрөг шаардсан нь энэ хуульд нийцэж байна.

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Б-д нь гэрээний төлбөрт хүлээлгэн өгсөн техник хэрэгслүүд нийт 71,500,000 төгрөг болсон. Энэ техникүүдийг өөрт нь хүлээлгэн өгсөн эвдэрхий, шаардлага хангахгүй байсан, үлдэгдэл төлбөргүй, 20,500,000 төгрөгийг төлсөн талаарх нотлох баримтыг монгол шуудангаар явуулсан боловч замдаа үрэгдсэн байна гэх тайлбар үндэслэлгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч татгалзлын үндэс болж байгаа байдлын талаар нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй, тэрээр уг татгалзлаа нотлосон баримтыг шүүхэд ирүүлээгүй, баримтаар нотлоогүй, хэргийн баримтаар хариуцагчийн татгалзал тогтоогдохгүй байна.

Нотлох баримтыг монгол шуудангаар явуулсан гэх тайлбарыг тайлбарлавал 500 хуудас цаастай 1 боодол цаас 2,5 кг орчим жинтэй, үүний 1 хуудас А4 цаасны жин нь нягтралаас хамаарч 5 грамм жинтэй байдаг бөгөөд шуудангийн баримтанд явуулсан 2022 он 1-р сар 27, хүлээн авсан 2022-01-28 Уранчимэг гэж бичигдсэн байх бөгөөд хүндийн жин нь 0,025 кг, Баасандорж гэснээс үзэхэд энэхүү баримт хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй, иргэний хэрэг үүсгэх, хариуцагчид нэхэмжлэлийн шаардлагыг гардуулахаас өмнөх цаг хугацаанд үлдэгдсэн баримт байна.

Дээрх гэрээний шаардах эрх, хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн баримт, 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэргээс үзэхэд хугацаа тасалдсан байна.

Иймд “Н” ХХК-ийн “Э” ХХК-с  худалдах худалдан авах гэрээний үүрэгт 20,500,000 төгрөг, түүний алданги 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийг бүрэн хангагдсан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 312,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв. Нэхэмжлэгчийн төлөөлөгч илүү төлсөн 1,650 төгрөгийг улсын орлогод үлдээнэ үү гэснийг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 234 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.1, 232.4-д зааснаар “Н” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, хариуцагч “Э” ХХК-с 30,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Н” ХХК-д олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312,000 төгрөгийн улсын орлогод үлдээж, хариуцагчаас 312,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       В.АМАРТҮВШИН