Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 259

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

Нарийн бичгийн даргад М.Оргилтунгалаг,    

Улсын яллагч С.Уянга,

Шүүгдэгч Б.Батчулуун, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Мөөгөн овогт Баасанжавын Батчулуунд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201725010895 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Мөөгөн овогт Баасанжавын Батчулуун,1989 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Өмнөговь аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Их орд” төвд хувиараа гар утас засдаг гэх, ам бүл 2, дүүгийн хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг, Дундсайханы 2 дугаар гудамж 15 тоотод оршин суух хаягтай, одоо Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Цагаанхуаран хотхоны 86-в байрны 40 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, КЛ89040316 тоот регистрийн дугаартай,

 

Шүүгдэгч Б.Батчулуун нь согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ 2017 оны 3 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Цагаан хуаран хотхоны 86-в байрны 1 дүгээр орцны гадна болон дотор хаалганы шил, галын шланкны хайрцагны шилийг цохиж өшиглөн хагалж гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Б.Батчулуун шүүхийн хэлэлцүүлэгт: “Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

 

Хохирогч З.Зоригт мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...86 в байрны 40 тоотод түр оршин суугч Батчулуун гэгч нь 2017 оны 03 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 03 цаг 30 минутын орчим согтуугаар 86 в байрны 1 дүгээр орцны гадна хаалганы жижиг шил, дотор хаалганы том шил, галын шланкны хайрцагны шил зэргийг хагалсан юм. Уг үйлдэл нь хяналтын камерт бичигдсэнээс гадна харуул Нямдорж тухайн үйлдлийг хараад Батчулуун гэгчийг дагаж гэрийг нь мэдээд цагдаад хандсан..” гэсэн мэдүүлэг. /хх-19/,

 

Гэрч Г.Нямдорж мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2017 оны 3 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 03 цаг 35 минутын үед манаачийн пүтгэн дотроо сууж байтал гадаа эрэгтэй хүн орилоод байхаар нь би гартал эрэгтэй, эмэгтэй 2 хүн 86 в байрны 1 дүгээр орцны үүдэнд зогсож байсан. Би ажиглаад зогсож байтал эрэгтэй нь орцны гадна талын хаалганы жижиг цонхыг цохиод хагалчихсан. Тэгээд тэр залуу хагалсан цонхоороо гараа оруулаад хаалгыг дотроос нь онгйолгох гэхээр нь би очиж чипээр хаалгыг нь оннгойлгойж өгсөн. Тэгээд тэр хоёр дотогшоо орсон бөгөөд би араас нь дагаад ортол нөгөө залуу дотор талын хаалганы цонхыг дахиад өшиглөөд хагалчихсан. Тэгээд цаад талд нь байсан шланкны хайрцагны шилэн хаалтыг мөн цохиж хагалсан...” гэсэн мэдүүлэг. /хх-21/,

 

Гэрч Б.Байгалмаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2017 оны 03 дугаар сарын 12-ны шөнө 03 цагийн үед Батчулуун бид хоёр такси бариад гэр рүүгээ явсан. Бид хоёр таксинд явж байхдаа ар гэрийн асуудлаас болж хоорондоо бага зэрэг мууддалцсан. Тэгээд цагаан хуарангийн 86 в байранд ирээд 1 дүгээр ору руу орох гэтэл орцны хаалга цоожтойбайсан. Уг хаалга нь чипээр онгойдог бөгөөд бид хоёр чипээ орхичихсон байсан юм. Тэгтэл Батчулуун уурлаад уг хаалганы жижиг цонхыг гараараа цохиод хагалсан. Тэгэхэд манаач гэх ах хүрч ирээд хаалгыг онгойлгож өгсөн.. Тэгээд дотогшоо ортол Батчулууны орцны дотор талын шилэн хаалгыг өшиглөж шилийг нь хагалсан. Би болиулах гээд дийлээгүй. Тэгээд орцны 1 давхарын галын шланкны хайрцагны шилийг мөн цохиж хагалсан. Надтай маргалдсан уурандаа хагалсан..” гэсэн мэдүүлэг. /хх-20/,

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-10/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх11-14/, хохирогч З.Зоригтын мэдүүлэг /хх-19/, гэрч Б.Байгалмаагийн мэдүүлэг /хх-20/, гэрч Г.Нямдоржийн мэдүүлэг /хх-21/, ял шалгах хуудас /хх-32/, ажлын газрын тодорхойлолт, боловсролын гэрчилгээний хуулбар /хх-36/, хохирогчид хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-40/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүгдэгч Б.Батчулуун нь согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ 2017 оны 3 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Цагаан хуаран хотхоны 86-в байрны 1 дүгээр орцны гадна болон дотор хаалганы шил, галын шланкны хайрцагны шилийг цохиж өшиглөн хагалж гэмтээсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларсан, энэ баримтуудаар хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

 

Прокуророос шүүгдэгч Б.Батчулуунд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Батчулууныг бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан ял шийтгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Батчулуун нь үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, хохирол төлбөрөө сайн дураараа нөхөн төлсөн, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасны дагуу биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дүрс бичлэг бүхий хэрэгт хавсаргахаар шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Мөөгөн овогт Баасанжавын Батчулууныг бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар Б.Батчулууныг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Батчулуунд оногдуулсан хорих ялыг жилийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Батчулуун нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Б.Батчулуунд оногдуулсан  1 жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай. 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шүүхэд давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Батчулуунд бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол, эсэргүүцлийг хүлээж авснаас хойш 3 хоногийн дотор хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх журамтай болохыг дурдсугай.

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР