Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2021/02767

 

 

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 30 өдөр                           Дугаар 183/ШШ2021/02767                                 Улаанбаатар хот

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч Р.Х,

 

Нэхэмжлэгч:Э ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Х  банк ХХК /рд:2693321/-д холбогдох,

 

Улсын бүртгэлийн Ү-000000000дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг гаргаж өгөхийг даалгах, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан №ЗГ/20184126647 тоот зээлийн гэрээг 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар тасалбар болгон цуцалсныг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн зээлийн гэрээний үүрэгт 1 164 287 691,09 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг тус тус хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: .................шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Р.Х-, Э ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Р.Х- миний 100 хувь хувьцааг эзэмшдэг, өөрөө захирлаар нь ажилладаг Э ХХК нь Х  банк ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр №ЗГ/201844126647 зээлийн гэрээ, №БГҮ/201844126647 барьцааны гэрээг байгуулж 1 800 000 000 төгрөгийн зээл авсан. Дээрх зээлийн хөрөнгө нь Э ХХК-ийн зочид буудлын үйл ажиллагааг жигдрүүлэх, үйл ажиллагааг нь олон улсын түвшинд хүргэхэд зориулагдсан бөгөөд энэ зорилгодоо бид хүрч энгийнээс Гурван одтой зочид буудал болгож, орлогоо нэмэгдүүлэн, үйл ажиллагаанаас олсон орлогоосоо зээлийн эргэн төлөлтийг төлж барагдуулж байсан. 2020 оны эхээр дэлхий дахинд дэгдсэн Ковид 19 цар тахлын сөрөг нөлөөнөөс шалтгаалж гадаад улс орнуудад төдийгүй, мөн Монгол Улсын Засгийн Газар, Улсын Онцгой Комиссоос хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд хил хаагдаж, хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбогдуулан дэлхий нийтэд аялал жуулчлал, нийтийн хоолны салбар хамгийн түрүүнд зогсонги байдалд орж, үүний улмаас зочид буудал, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Э ХХК-ийн үйл ажиллагаа бүрэн зогсож санхүүгийн хямралд орсон. Санхүүгийн хүнд байдлаас гаргах зорилгоор миний бие болон холбогдох компани шат дараалсан арга хэмжээ авсан боловч амжилтгүй болж, Э ХХК үйлчлүүлэгчгүй, орлогогүй болж, өдөр ирэх тусам үйл ажиллагааны алдагдал ихсэж байсан тул аргагүйн эрхэнд үйл ажиллагаагаа зогсоож, ажилчдынхаа 98 хувийг нь цомхотгох арга хэмжээ аваад нэг жил гаран болж байна. Эдгээр нөхцөл байдлын улмаас Э ХХК гэрээ цуцлах тухай хүсэлт, санал, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах тухай саналуудыг тус тус Х  банк ХХК-д хүргүүлсэн, банк зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан, хугацааг хойш нь сунгаж өгснөөс өөр арга хэмжээ аваагүй. Э ХХК-ийн зүгээс Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ” авч, Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.2-т заасныг үндэслэл болгон Х  банк ХХК-тай байгуулсан зээлийн гэрээг цуцлах тухай хүсэлтийг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүргүүлсэн. Үүнд Х  банк ХХК боломжит хугацаанд хариу өгөөгүй тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 196 дугаар зүйлийн 196.2 дахь хэсэгт зааснаар гэрээ цуцлах хүсэлтийн хүлээн авсан гэж үзсэн. Мөн 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр барьцааны зүйлийг тохиролцож, худалдан борлуулах талаар хүсэлт хүргүүлсэн. Ингээд бид нэгэнт гэрээ цуцлах хүсэлтийг хүлээн авсан гэж ойлгосон учир 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр, нэгдүгээрт барьцаа хөрөнгүүдийн худалдан борлуулах ажлыг зохион байгуулж худалдсан үнийн дүнгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэе, хоёрдугаарт эсхүл тодорхой үл хөдлөх эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлээд зээлийг хаая гэсэн саналыг тавьсан, мөн л хариу өгөөгүй. Үүний дараа Х  банк ХХК-ийн төлөөлөгч н.Халиун, эдийн засагч н.Бямбадорж гэх хүмүүс Э ХХК-ийн ажлын байранд хүрч ирж үйл ажиллагаа зогссонтой танилцаж, барьцаа хөрөнгийн чанар байдлыг шалгаад явсан тул гэрээ цуцлах саналд хүлээн авсан байна, тодорхой арга хэмжээ авах байх гэсэн хүлээлт байсан. Гэвч Х  банк ХХК-ийн хувьд ямар нэгэн арга хэмжээ аваагүй учир бид 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэрээгээ цуцлаад энэ талаараа мэдэгдсэн. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар хугацаа хэтрэхэд үүссэн нөхцөл байдал нь Х  банк ХХК гэрээнд заасан эрх үүргээ хэрэгжүүлэхгүй хугацаа хожигдуулснаас үүссэн тул зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нь гэм буруугүй гэж үзэж байна. Мөн хуулийн 223 дугаар зүйлийн 233.1.2-т тус барьцаа хөрөнгийг худалдах эсэх талаар эс үйлдэл гаргаж зээлдэгчийн зүгээс төлбөрийн төлүүлэх нөхцөлийг Х  банк ХХК-ийн зүгээс бүрдүүлээгүй. Иймд Иргэний хуулийн 224 дүгээр 224.2.3 дахь хэсэгт заасны дагуу 2020 оны 3 сараас хойш зээлийн гэрээний дагуу хүү авах эрхээ алдсан. Дээрх зээлдэгч, хамтран хариуцагч нарын 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр өгсөн барьцаа хөрөнгүүдийг худалдах, тодорхой хөрөнгийг шилжүүлэх саналаас Х  банк ХХК идэвхтэй үйлдлээр хандаагүй боловч саналд дурдсан хөрөнгүүдийг худалдах үйл ажиллагаанд оролцсон. Улмаар 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Р.Х-, Э ХХК нь Ремакс компанитай гэрээ байгуулж, Р.Х-ын өмчлөлийн Сити тауэр барилгын 2 давхрын 211 тоот зочид буудлын хоолны заалны зориулалтаар ашиглаж байсан талбайг 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр худалдаж, үүнээс орж ирсэн 775 000 000 төгрөгийг банкны үндсэн зээлийн төлбөрт төлүүлэхээр өгсөн ч барьцаа хөрөнгийг чөлөөлөөгүй. Нэгэнт Э ХХК-ийн үйл ажиллагаа зогссон, санхүүгийн чадваргүй болсон байхад Х  банк нь барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар ямар нэг бодит арга хэмжээ авахгүй байгаа тул би өөрийн санхүүгийн хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх зорилгоор Андууд финанс ББСБ болон бусад хувь хүмүүстэй харилцан тохиролцож барьцаа хөрөнгүүдийн давхар барьцаалах, зарим хөрөнгүүдийг хэсэгчлэн бусдын өмчлөлд шилжүүлэх замаар тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэхээр Э ХХК болон Х  банк ХХК нарын хооронд байгуулагдсан Барьцааны гэрээ (№БГҮ/201844126647) хоёрдугаар хэсгийн 2.8-д заасан “Барьцаалагчийн зөвшөөрөл”-ийг, барьцаа хөрөнгүүдийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийн хамт гаргаж өгөхийг хүссэн. Гэтэл энэхүү хүсэлтэд Х  банк мөн л татгалзаж, өмчлөгчийн эрхийг хязгаарлаж, миний эрхийг зөрчөөд байна. Иймд 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар тасалбар болгож гэрээ цуцалсан болохыг тогтоож, өмчлөх эрхээ бүхэлд нь буюу хэсэгчлэн бусдад шилжүүлэх барьцаалагчийн зөвшөөрөл болон Улсын бүртгэлийн Ү-000000000дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг гаргаж өгөхийг Х  банк ХХК-д даалгаж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Х  банк ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан, 1 800 000 000 төгрөгийн зээл авсан талаар хариуцагч маргадаггүй. Нэхэмжлэгч Х  банк ХХК-аас авсан мөнгөн хөрөнгийг ашигласан, үйл ажиллагаандаа захиран зарцуулсан гэдэг нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлээс тодорхой харагдаж байна. Барьцааны гэрээ Иргэний хуулийн 165 дугаар зүйлд заасны дагуу бичгээр байгуулагдсан, улсын бүртгэлд бүртгүүлэх хуульд заасан шаардлагыг хангасан барьцааны гэрээ байгуулагдсан. Нэгэнт хүчин төгөлдөр гэрээний үндсэн дээр барьцаалагдсан хөрөнгүүдийн барьцааны эрх хууль болон гэрээнд зааснаар зээлийг барагдуулсан тохиолдолд дуусгавар болдог. Дээрх зээлийн тодорхой  хэсгүүдийг төлж барагдуулсан талаар маргахгүй, харин үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр зээлийн хүүгийн үлдэгдлийг төлөөгүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Нэхэмжлэгч талаас 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулъя, хугацааг сунгуулъя, эргэн төлөлтийн хуваарийг өөрчлүүлье гэсэн хүсэлтүүд гаргасныг банк хүлээн аваад 2020 оны  3 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, Сити тауэр хотел ХХК-ийг хамтран үүрэг гүйцэтгэгчээс хассан. Мөн Э ХХК-ийн захирал Р.Х- барьцаа хөрөнгөө чөлөөлүүлье гэдэг хүсэлт гаргасан байдаг боловч зээлийн гэрээний үүрэг бүрэн биелсэн тохиолдолд барьцааг чөлөөлөх боломжтой талаар 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 86 дугаартай албан бичгээр мэдэгдсэн.  Мөн 5 дугаар сарын 25-ны өдөр гаргасан саналд хариу хүргүүлсэн албан бичгийн агуулга дээр “...таны гаргасан хүсэлтийг шийдэх боломж байхгүй байна. Үүнийг журмын дагуу хороогоор шийдвэрлүүлээд тухайн хариуг хүргүүлэх болно” гэдэг байдлаар мэдэгдсэн байдаг. Мөн 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр гэрээнээс татгалзах саналыг хүлээн авах боломжгүй талаарх хариу албан бичгийг Э ХХК болон Р.Х-т 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 11 цаг 20 минутад нарийн бичиг М.Сүглэгмаад хүлээлгэн өгсөн. Иймд банк нэхэмжлэгч Р.Х-ын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч Х  банк ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Э ХХК, С ХХК, Р.Х- нар нь Х  банк ХХК-ийн Ард төвлөрсөн тооцооны төвөөс 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээг тус тус байгуулан 1 800 000 000 төгрөгийн зээлийг хөрөнгө оруулалтын зориулалтаар жилийн 16.8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлийн барьцаанд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Бага тойруу /14200/, Их эзэн чингис Х ы нэрэмжит талбай гудамж, 8/1 дугаартай барилга 2101 тоот хаягт байршилтай,  203.79 м.кв талбайтай, мөн барилгын 2102 тоот хаягт байршилтай, 126.39 м.кв талбайтай, 2103 тоот хаягт байршилтай,  204.13 м.кв талбайтай, 2104 тоот хаягт байршилтай, 124,79 м.кв талбайтай, 2001 тоот хаягт байршилтай, 203.68 м.кв талбайтай, 2002 тоот хаягт байршилтай, 125.97 м.кв талбайтай, 2003 тоот хаягт байршилтай, 203.85 м.кв, талбайтай, 2004 тоот хаягт байршилтай, 124.92 м.кв талбайтай нийт 8 ширхэг үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон. Зээлдэгч нар нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг өнөөдрийг хүртэл төлөөгүй хугацаа хэтрүүлээд байна. Нэхэмжлэгч үндсэн зээлийн төлбөр дээр маргахгүй байна. Зээлийн хүүгийн талаар гэрээнээс татгалзсан тухайгаа 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр гаргасан гэж ярьдаг. Гэтэл 2020 оны 3 дугаар сараас хойш банк хүү нэхэмжлэх эрхгүй гэсэн зөрүүтэй тайлбарыг мөн гаргаж айна. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд гэрээний нэг тал гэрээнээс татгалзах боломжтой, харин татгалзал гаргах хугацаа тогтоох санал гаргаагүй тал тогтоохоор хуульчилсан байгаа. Тэгэхээр Х  банк ХХК гэрээнээс татгалзах хүсэлтийг хүлээн авч, хариу өгсөн зүйл байхгүй, зөвшөөрөх боломжгүй гэдгийг албан бичгээр хүргүүлж байсан тул 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 790 694 737,32 төгрөг, хүүгийн төлбөр 373 592 953,77 төгрөг, нийт 1 164 287 691,09 төгрөгийг хариуцагч Р.Х-, Э ХХК-иас гаргуулж, дээр дурдагдсан барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү” гэв.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Э ХХК төлбөрийн чадваргүй болсон тул зээлийн гэрээг талуудын эрх, ашиг сонирхолд нийцүүлэн, хэн алинд нь хохирол багатайгаар цуцлах асуудлыг судлахад гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д “Дараах тохиолдолд банкны санаачилгаар гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг хугацаанаас өмнө бүрэн төлөхийг шаардана”, 6.1.1-д “Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь"-ийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй”, 6.1.8-д “Зээлдэгч төлбөрийн чадваргүй болсон” гэж зөвхөн зээлдүүлэгч тус гэрээг цуцлах асуудлыг зохицуулсан байсан. Гэтэл Х  банк ХХК нь тайлбартаа зээлдэгч нар төлбөрөө төлөлгүй хугацаа хэтрүүлж, өнөөдрийг хүртэл зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй, сөрөг нэхэмжлэлдээ зээлдэгч нар зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг өнөөдрийг хүртэл төлөөгүй хугацаа хэтрүүлээд байна гэх мэт үндэслэл дурдаад байгаа нь ойлгомжгүй, бодит байдалд нийцэхгүй байна. 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүсэлт хүргүүлсэн, Х  банк хариуцагчтай тохиролцоод үл хөдлөх хөрөнгүүдийг нь зараад яваад байсан. Нэг ёсондоо зээлийг барагдуулах ажиллагаа хийгдэж байна гэдэг чинь Х  банк ХХК үйлдлээрээ гэрээнээс татгалзаад, төлбөрийг хугацаанаас нь өмнө барагдуулах ажиллагаанд орчихсон байна гэсэн үг. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 790 694 373 төгрөгийг хүлээн зөвшөөрнө, 3 сараас хойш хүү тооцох үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бусад хэсгийг зөвшөөрөхгүй байна” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Р.Х- 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр тус шүүхэд хариуцагч Х  банк ХХК-д холбогдуулан улсын бүртгэлийн Ү-000000000дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан №ЗГ/20184126647 тоот зээлийн гэрээ цуцлагдсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, Э ХХК, С ХХК-ийг тус тус хамтран нэхэмжлэгчээр оролцуулахаар хүсэлт гаргасан бол тус шүүх хуралдаанд С ХХК-ийг нэхэмжлэгчээр оролцуулахаас татгалзсан байна.

 

Хариуцагч Х  банк ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, зээлийн гэрээний үүрэгт 1 164 287 691,09 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Э ХХК, С ХХК, Р.Х- нарт холбогдуулан сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд С ХХК-ийг хариуцагчаар оролцуулахаас татгалзжээ.     

 

Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэргийн баримтаас үзвэл, Х  банк болон Э ХХК, С ХХК, Р.Х- нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр №ЗГ201844126647 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, тус гэрээгээр 1 800 000 000 төгрөгийг, хөрөнгө оруулалтын зориулалтаар, 48 сарын хугацаатай, жилийн 16.8  хувийн хүүтэй зээлдүүлэхээр талууд харилцан тохиролцсон байна.  

 

Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасан банк, эрх бүхий хуулийн этгээдээс мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, зээлийн гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүрэг хүлээсэн зээлийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд талууд гэрээний хүчин төгөлдөр байдал, зээлийн гэрээний зүйл болсон 1 800 000 000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн, зээлийн зүйлийг хариуцагч хүлээн авсан, зээлдэгч гэрээний хавсралтаар баталсан эргэн төлөх хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг төлөх үүргээ зөрчсөн зэрэг үйл баримтад маргаагүй.

 

Мөн өдөр талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар №БГҮ/201844126647 тоот барьцааны гэрээ байгуулж уг гэрээгээ..............үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан байх бөгөөд мөн гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаагүй, тус гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангасан хэлцэл байна.

 

Харин нэхэмжлэгч дээрх гэрээтэй холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “...Давагдашгүй хүчин зүйлийн улмаас ...зээлийн гэрээний үүргийг цаашид гүйцэтгэх боломжгүй болсон. Х  банк ХХК-д ...2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэрээгээ цуцалсан талаар мэдэгдсэн. ...2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр ...барьцаа хөрөнгүүдийг худалдах ...санал хүргүүлж, Р.Х- өөрийн өмчлөлийн Сити тауэр барилгын 211 тоот талбайг 775 000 000 төгрөгөөр худалдаж, үндсэн зээлийн төлбөрт төлсөн. Иймд Х  банк ХХК уг үйлдлээрээ гэрээнээс татгалзаж, төлбөрийг хугацаанаас өмнө барагдуулах ажиллагаанд оролцсон тул  2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөр гэрээ цуцлагдсан болохыг тогтоолгож, Х  банк барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах ямар нэг бодит арга хэмжээ авахгүй, өмчлөгчийн эрхийг хязгаарлаж байх тул Улсын бүртгэлийн Ү-000000000дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг гаргуулна” тайлбарласан.  

 

Хэрэгт авагдсан, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр олгосон “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ”-гээр БНХАУ-д дэгдээд буй корона вирусын халдварт өвчний хорио цээр, тус нөхцөл байдалтай холбогдуулан гаргасан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаар тогтоол болон эрх бүхий байгууллагуудаас гарсан бусад шийдвэр нь Э ХХК-ийн хувьд гэрээ байгуулах үед урьдчилан таамаглах, даван туулах, сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл болохыг нотолсон байна.    

 

Дээрх нөхцөл байдлын улмаас зээлдэгчийн 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр гаргасан хүсэлтийг үндэслэж, талууд 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”, “Барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”-г байгуулж, тус гэрээгээр С ХХК-ийг хамтран үүрэг гүйцэтгэгчээс хасаж, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл сунгажээ.

Мөн зээлдэгч Э ХХК нь Х  банк ХХК-д 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр гэрээ цуцлах хүсэлт, 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр дээрх хүсэлтийг хариуг шаардсан агуулга бүхий хүсэлт, 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр гэрээний үүрэг гүйцэтгэх тухай саналыг тус тус хүргүүлж байсан, Х  банк ХХК 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр саналыг хүлээж авах боломжгүй гэсэн хариуг 492 тоот албан бичгээр хүргүүлсэн болох нь хэргийн баримтаар тогтоогддог.

 

Улмаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээнд тусгагдаагүй, Р.Х-ын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн тоот үл хөдлөх эд хөрөнгийг 400 000 000 төгрөгөөр худалдаж, 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр зээлийн төлбөрт нийт 775 000 000 төгрөгийг банкны үндсэн зээлийн төлбөрт төлүүлсэн талаар талуудын хэн аль нь маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон гэрээ цуцлагдсан болохыг тогтоолгох гэж тодорхойлсон боловч мөн өдрөөр огноолсон гэрээ цуцалсан агуулга албан бичиг хэрэгт авагдаагүй, 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөр зээлийн гэрээний хугацаа сунгах талаар хүсэлт хүргүүлж байсан атал 2020 оны 3 дугаар сараас хойш хүү тооцох эрхгүй гэж зөрүүтэй тайлбар гаргасан, түүнчлэн нэхэмжлэгчийн удаа дараа Х  банк ХХК-д хүргүүлсэн хүсэлтийг Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар гэрээнээс татгалзсан тухайгаа мэдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй боловч Х  банк ХХК нь мөн хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2-т зааснаар гэрээнээс татгалзах хугацааг тогтоож өгөөгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан дээрх шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй.

 

Мөн нэхэмжлэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй, хүчин төгөлдөр гэрээгээр барьцаалсан барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болоогүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан улсын бүртгэлийн Ү-000000000дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 160 дугаар зүйлийн 160.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан Улсын бүртгэлийн Ү-000000000дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг гаргаж өгөхийг даалгах, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан №ЗГ/20184126647 тоот зээлийн гэрээг 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар тасалбар болгон цуцалсныг тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Харин хариуцагч Х  банк ХХК нь зээлдэгч Р.Х-ын барьцааны гэрээнд тусгагдаагүй бусад хөрөнгийг худалдан борлуулахад оролцож, улмаар 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр зээлдэгчээр үндсэн зээлийн төлөлтөд 775 000 000 төгрөг төлүүлж буй үйл баримтыг зээлдүүлэгчийг мөн өдрөөр тасалбар болгон зээлийн гэрээг цуцлах саналыг хүлээж авсан гэж үзэх тул 2021 оны 5 дугаар  сарын 13-ны өдрөөр тасалбар болгож, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан Р.Х-, Э ХХК-иас үндсэн зээлийн үлдэгдэл 790 694 737.32 төгрөг, хүүгийн үлдэгдэл 321 186 149,84 төгрөг нийт 1 111 880 877,16 төгрөгийг гаргуулан Х  банк ХХК-д олгож, үүргээ гүйцэтгэхгүй буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй бол барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан худалдаж, түүний үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6 055 047 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас 5 787 554 төгрөгийг гаргуулан хариуцагч Х  банк ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 160 дугаар зүйлийн 160.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан хариуцагч Х  банк ХХК-д холбогдуулан гаргасан Улсын бүртгэлийн Ү-000000000дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг гаргаж өгөхийг даалгах, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан №ЗГ/20184126647 тоот зээлийн гэрээ 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөр цуцлагдсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч Р.Х-, Э ХХК нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан Р.Х-, Э ХХК нараас зээлийн гэрээний үүрэгт 1 111 880 877,16 төгрөг гаргуулан Х  банк ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 52 406 813,93 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6 055 047 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас 5 787 554 төгрөг гаргуулан хариуцагч Х  банк ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.МӨНГӨНТУУЛ