| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
| Хэргийн индекс | 183/2020/03856/И |
| Дугаар | 183/ШШ2021/02758 |
| Огноо | 2021-11-29 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 183/ШШ2021/02758
2021 оны 11 сарын 29 өдөр Дугаар 183/ШШ2021/02758 Улаанбаатар
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Г нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц.Б-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагчийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэгт 17 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: ..............................шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц.Б-тэй2006 оны 7 дугаар сард танилцаж, 2007 оноос хамтран амьдарч, гэрлэлтээ 2008 оны 5 дугаар сарын 13-ны өдөр албан ёсоор бүртгүүлсэн. Том охин Б.Н 2007 оны 7 дугаар сарын 16-нд, дунд охин Б.********* 2009 оны 11 дүгээр сарын 28-нд, бага хүү Б.Б 2014 оны 8 дугаар сарын 05-ны өдөр төрсөн. Анх Хан-Уул дүүгийн 10 дугаар хороо, Морин ....тоотод хоосон газар авч амьдралаа эхлүүлж, 2007 онд 8х12 хэмжээтэй байшинтай болсон. Амьдрах хугацаандаа 2008 онд болон 2018 оны 5 сард салаад эргэж нийлсэн, 2019 онд 2 удаа, нийт 4 удаа салж тусдаа амьдарч байсан удаатай. Б.Г нь хамт амьдарч эхэлсэн жилээсээ хийж байсан ажлаасаа гарсан. Учир нь нөхөр Ц.Б түүнийг ажилдаа явахад үргэлж дагаж мөрдөж, хардаж, хэрүүл үүсгэж, аль болох ажилд оруулахгүй нийгмээс тусгаарлаж өөрийнхөө дэргэд ажилгүй суулгах хүсэлттэй байдаг байсан болохоор арга буюу ажлаасаа гарсан. 2019 оны 02 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө Ц.Б нь гэртээ агсан согтуу тавьж эхнэр Г ийг айлган сүрдүүлж, гарах гэхээр хувцсыг нь өмсүүлэхгүй, утас руу нь ойртуулахгүй тусламж дуудах боломж өгөхгүй байх үед том охин Б.Н нууцаар ээжийнхээ төрсөн дүү Б.Ө-тай холбогдож дүү нь цагдаад мэдэгдэж баривчлуулж байсан. Мөн гэрт байгаа хутгыг эгнүүлэн тавьж, ална гэж заналхийлдэг. Ц.Б нь эхнэрээ үргэлж сэтгэл санааны дарамтад байлгасны улмаас 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр дүүгийндээ ирж амьдарч байгаад 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс Буянт-Ухаа 1 хороололд байр түрээслэн хүүхдүүдийн хамт амьдарч байна. Иймд Ц.Б нь эхнэр Б.Г тай хамт амьдрах хугацаандаа байнга эхнэрээ дагаж мөрдөж, утас шалгаж, сэтгэл санааны дарамтад байлгадаг, гэртээ танхайрч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж захиргааны арга хэмжээ авагдаж байсан тул эвлэрүүлэн зуучлах байгууллагад хандалгүйгээр шүүхэд шүүхэд гэрлэлт цуцлуулж, хүүхдүүдийг өөрийн асрамжид авч, тэтгэлэг гаргуулна. Мөн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн гудамжны тоот хаягт байрлах хашаа байшингаас өөрт болон гурван хүүхдүүддээ ногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа бөгөөд дундын хөрөнгийн хувьд гэрлэснээс хойш бий болсон хөрөнгө нь гэр бүлийн бүхий л гишүүдэд тэнцүү оногддог тул Ц.******гийн сөрөг нэхэмжлэлд дурдсан шиг хөрөнгийн тал хувийг түүнд өгөх боломжгүй” гэв.
Хариуцагч Ц.Б шүүхэд болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан хариу тайлбартаа: ”...Би Б.Г тай 2006 онд танилцаж гэрлэлтээ бүртгүүлэн, 3 хүүхэдтэй болсон. Амьдрах хугацаанд эхнэр хүүхдүүддээ дарамт үзүүлж байсан удаагүй. Би эхнэрээ зодож байгаагүй, хардаж сэрдэж байсан нь үнэн. 2018 оны 02 дугаар сард тийм явдал болсныг би архи уугаад өглөө нь цагдаагийн газар сэрэхдээ мэдсэн. Одоо тусдаа амьдраад бараг 2 жил болж байна. Хутга гаргаж тавьсан гэж намайг гүтгэж байна. Б.Г ажилд орсноосоо хойш гэртээ ирэхээ байсан, ажлынхан нь ч бараг мэдэж байгаа байх. Шөнийн 11, 12 цаг хүртэл өөр хүнтэй уулзаад яваад байдаг байсан. Нэхэмжлэгчийн зүгээс гэр бүлийн хүчирхийлэлтэй гэдэг байдлаар гэрлэлтээ цуцлуулах, эвлэрүүлэхгүйгээр хэргийг шүүхээр шийдвэрлүүлэх сонирхолтой байсан гэж харагдаж байна. Учир нь хэрэгт авагдсан нотлох баримт нь цагдаагийн байгууллагын асап сангийн мэдээлэл байх бөгөөд энэ нь хууль бус нотлох баримт байна. Тухайн үед гэр орондоо архи ууж, агсам тавьсан асуудал ганц нэг удаа байсан боловч яг танхайрсан тухай Асап сангийн мэдээлэлд байхгүй. Ц.Б-ийн хувьд ярих чадвар муутай хүн байх бөгөөд ярилцаад үзэхэд Б.Г ажилд орсноосоо хойш гэртээ ирэх нь оройтдог болсон, зарим үед ажил дээрээ байна гэдэг ч байхгүй байдаг тул түүнээс болоод бухимдахаараа бодлоо илэрхийлж чадахгүй, архи уудаг, хатуухан үг хэлдэг байсныг гэр бүлийн хүчирхийлэлтэй гэж хэлээд байдаг, олон хутга гаргаж тавьсан гэдэг гэтэл манайд нэг л заазуур байдаг, яах аргагүй амьдралын шаардлагаар өглөө гараад орой орж ирдэг, гэр орноо тэжээж амьдралаа аваад явж байсан, Солонгос улс руу 2003 онд яваад 2006 онд ирж, цуглуулсан мөнгөөрөө өөрсдийн гэсэн байшин барьсан гэж ярьдаг. Ц.Б-ийн хувьд гэрлэлтээ цуцлуулахгүй, цаашид эвлэрэх хүсэлтэй байсан боловч нэгэнт нэхэмжлэгчийн хувьд нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлээд, том охин нь анх аавтайгаа байх сонирхолтой байсан боловч ээж нь 2021 оны 6 дугаар сард Б.Г хөдөө явлаа гэж авч яваад санал бодолд нь нөлөөлсөн зүйл байгаад байдаг. Гэхдээ нэгэнт хүүхдүүд ээжтэйгээ байна гэсэн болохоор тэдний байр суурийг хүндэтгээд нэхэмжлэлийн шаардлагын хүүхдийн асрамжийг хүлээн зөвшөөрч байгаа. Хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг төлөх нь үүрэг учир мөн төлнө гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Гэр бүлийн дундын хөрөнгийн хувьд, нэгэнт Ц.Б нь Б.Г аас гэрлэлтээ цуцлуулж байгаа, 3 хүүхдийн тэтгэлэг төлнө, энэ хүн ч мөн хүн л учраас орон байрны зайлшгүй анхдагч хэрэгцээ гэж байгаа, гэтэл энэ хүн өөрөө орох оронгүй цаашид хэрхэн амьдрах вэ гэдэг нь бодит байдал дээр гэрлэлтээ цуцлуулсан нөхөр архичин болоод мөн хүүхдийн тэтгэлэг ч үгүй болоод дуусдаг практик амьдрал дээр олон байдаг. Иймд гэр бүлийн дундын хөрөнгөөс Ц.д оногдох хэсгийг шинжээчийн гаргасан дүгнэлтийн үнийн дүнгийн 50 хувь болох 17 000 000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэр бүлийн дундын хөрөнгийн хувьд Иргэний хуулийн 129.1 дэх хэсэгт дараах байдлаар тодорхойлно гэж заасан. Үүнд, 129.1.1-д гэр бүлийн гишүүн гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарахад ногдох хэсгийн талаар маргавал, 129.1.2-т гэрлэгчдээс төлбөр гаргуулахад тэдгээрийн хуваарьт эд хөрөнгө хүрэлцэхгүй бол, 129.1.3 дахь хэсэгт гэр бүлийн бусад гишүүнээс төлбөр гаргуулбал, 129.1.4-т гэр бүлийн гишүүн нас барснаар өв нээгдсэн бол гэсэн байдаг. Дээрх заалтад гэрлэлт цуцалсан бол гэж дурдаагүй б айна. Гэрлэлт цуцлуулсан тохиолдолд 126 дугаар зүйлд заасан зохицуулалтыг нэхэмжлэгч талаас ярьж байгаа нь гэрлэгчдийн хувьд гэрлэснээс хойш үүссэн хөрөнгө дундын эд хөрөнгө мөн боловч тухайн гэр бүлийн гишүүн бүрд ногдох хэсгээр хуваах, эс хуваах уу гэдэг асуудлыг хуулийн зүйл заалттайгаа ярих нь зүйтэй байх. Тийм учраас Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт гэрлэлт цуцалсан буюу гэрлэлтийг хүчингүйд тооцсоноос гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэсгийг тодорхойлохдоо гэрлэгчдийн эрүүл мэндийн байдал, хүүхдийн ашиг сонирхлыг харгалзан шүүх өөрөөр тогтоож болно гэсэн болохоос биш гэрлэгчдийн хувьд гэр бүлийн гишүүн бүрд ногдох хувиар нь тодорхойлно гэсэн заалт хуулийн үг хэллэгт байхгүй байгааг, 129.4-т энэ хуулийн 129.3-т зааснаас бусад гэр бүлийн гишүүнд ногдох эд хөрөнгийн хэсгийг тодорхойлохдоо гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө бий болгоход оруулсан түүний хөдөлмөрийн оролцоо, хөрөнгийн хэмжээг харгалзан багасгах, эсхүл олгохгүй байхаар шүүх шийдвэрлэж болно гэж заасан байхыг харахад хүүхдэд оногдох хэсгийг нэхэмжлээд байгаа нь зүйтэй эсэх талаар харгалзаж үзэх нь зүйтэй байна. Иймд гэр бүлийн дундын хөрөнгөөс оногдох хэсэг болох 17 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргаж байгаа болно” гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч Ц.Б-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэгт 17 000 000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.
Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар зэргээр Б.Г , Ц.Б нар 2006 оны 7 дугаар сарын 16-ны өдөр гэр бүл болсноо 2008 оны 5 дугаар сарын 13-ны өдөр эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлж, тэдний дундаас 2007 оны 7 дугаар сарын 16-ны өдөр охин Б.Н, 2009 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр охин Б.Н , 2014 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүү Б.******* нар төрсөн, гэрлэгчид хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2019 оны 5 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа болох нь тус тус тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Б.Г “...Ц.****** нь байнга дагаж мөрдөж, утас шалгаж, сэтгэл санааны дарамтад байлгадаг, гэртээ танхайрч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж захиргааны арга хэмжээ авагдсан тул эвлэрүүлэн зуучлагчид хандалгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан” гэж тайлбарласан.
Хавтаст хэрэгт авагдсан Цагдаагийн байгууллагын Асап сангийн захиргааны зөрчлийн талаарх баримтаар хариуцагч Ц.Б-г 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэртээ танхайрсан болох нь тогтоогдох тул шүүх дээрх баримт болон зохигчийн тайлбар, нэхэмжлэгч 2020 оны 10 дугаар сард шүүхэд хандан нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хойш хэргийг хуралдаанаар шийдвэрлэх хүртэл хугацаанд талууд эвлэрэн хэлэлцээгүй нөхцөл байдал зэрэгт үндэслэж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээг авалгүйгээр мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Охин Б.Н 14 настай, охин Б.Н 12 настай, хүү Б.Б 7 настай тус тус эхийн асрамжид амьдарч байгаа бөгөөд хариуцагч хүүхдийн асрамжид маргахгүй гэж тайлбарласан тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүүхдүүдийг эх Б.Г ийн асрамжид үлдээж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар хүү Б.*******ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, Б.Н, охин Б.Н, хүү Б.Б нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ц.Б-ээр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т ...хүүхэд эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй гэж заасан болон Ц.Б-г Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд Б.Г аас ямар нэг байдлаар саад учруулахгүй байхыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн гудамж 0тоот хаягт байрлах хашаа байшингаас өөрт болон 3 хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах тухай шаардлага гаргасан.
Хариуцагч “...Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан ногдох хэсэг тодорхойлох үндэслэлд гэрлэлт цуцалсан бол гэж дурдаагүй. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т гэрлэлт цуцалсан буюу гэрлэлтийг хүчингүйд тооцсоноос гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэсгийг тодорхойлохдоо гэрлэгчдийн эрүүл мэндийн байдал, хүүхдийн ашиг сонирхлыг харгалзан шүүх өөрөөр тогтоож болно гэсэн болохоос гишүүн бүрд ногдох хувиар тодорхойлно гэсэн заалт байхгүй. 129.4-т энэ хуулийн 129.3-т зааснаас бусад гэр бүлийн гишүүнд ногдох эд хөрөнгийн хэсгийг тодорхойлохдоо гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө бий болгоход оруулсан түүний хөдөлмөрийн оролцоо, хөрөнгийн хэмжээг харгалзан багасгах, эсхүл олгохгүй байхаар шүүх шийдвэрлэж болно гэж заасан тул хүүхдэд оногдох хэсгийг нэхэмжлээд байгаа нь зүйтэй эсэхийг харгалзаж үзнэ үү” гэж тайлбарлан маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн 50 хувьд ногдох 17 000 000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаардсан.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр шинжээч томилж, шинжээч уг үл хөдлөх эд хөрөнгийг 34 832 641 төгрөгөөр үнэлсэнд талууд маргаагүй байна.
Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д “Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн” гэж, мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-д “Гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах адил эрх эдэлж, харилцан тохиролцсоны үндсэн дээр эд хөрөнгөө эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулна” гэж тус тус заасан тул Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасныг гэр бүлийн гишүүн бүрийн дундын өмчид эзэмших хэсгийг тодорхойлсон гэж ойлгоно.
Түүнчлэн Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т хүүхдийг эцэг, эхийн хэний асрамжид үлдээхээс шалтгаалж үр хүүхдээ асран хүмүүжүүлж буй тал дундын эд хөрөнгийн арай илүү хэсгийг хүртэж болохоор зохицуулсан боловч нэхэмжлэгч өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгээ гаргуулахаар шаардсан тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байна” гэж зааснаар гэр бүлийн нэг гишүүнд ногдох хэсгийг 34 832 641 төгрөгөөс тооцож тодорхойлоход 6 996 528 төгрөг болж байна.
Иймд Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1, 130.3-т тус тус зааснаар Б.Г ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морин 6 дугаар гудамж 000 тоот хаягт байршилтай, 548 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, мөн хаягт байршилтай 85.2 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Б.Г болон охин Б.Н, охин Б.Н, хүү Б.Б нарын өмчлөлд үлдээж, Б.Г аас 6 996 528 төгрөг гаргуулан С.Б-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г, хариуцагч Ц.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар охин Б.Н, охин Б.Н, хүү Б.Б нарыг эх Б.Г-ийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан 2014 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүү Б.Б-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, хүү Б.Б, охин Б.Н, охин Б.Н нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ц.Б-гээс тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.1, 130.3-т тус тус заасныг баримтлан Б.Г ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морин 6 дугаар гудамж 000 тоот хаягт байршилтай, 548 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, мөн хаягт байршилтай 85.2 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч хүү Б.Б, охин Б.Н, охин Б.Н нарынөмчлөлд үлдээж, Б.Г аас 6 996 528 төгрөг гаргуулан С.Б-д олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсгүүдэд зааснаар мөн хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг хариуцагчид, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг нэхэмжлэгчид тус тус даалгасугай.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 600 төгрөгийн 140 400 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242 950 төгрөгийн 172 750 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагчид, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ