Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 274

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Д.Чинзориг,

улсын яллагч Г.Эрдэнэ,

шүүгдэгч Б.Эрдэнэбаяр, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 110 дугаар зүйлийн 110.1, мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1, мөн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж Минжүүр овогт Баттулгын Эрдэнэбаярт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201725010031 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Минжүүр овгийн Баттулгын Эрдэнэбаяр, 1991 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Бүрэн суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг, Төв аймгийн Бүрэн сум 1 дүгээр баг Төхөм монгол 6 дугаар гудамж 17 тоотод оршин суух хаягтай, /эгч Б.Батцэцэгийн түрээслэн амьдарч байгаа Баянгол дүүрэг 14дүгээр хороо 20-2-5 тоотод түр оршин суудаг/ урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, НК91060313 тоот регистрийн дугаартай,

Шүүгдэгч Б.Эрдэнэбаяр нь 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хохирогч Ц.Дэжидхандтай Амгаланбаяр гэх нэрээр “Сэтгэцийн урлан” гэх фейсбүүкийн цахим хуудсаар танилцан мессенжерээр харилцаж байгаад улмаар 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн цахим хуудсаар нүцгэн зургийг чинь байршуулна гэж түүнийг далайлган сүрдүүлж, мөнгө өгөхийг шаардсан гэмт хэрэг,

-2016 оны 12 дугаар сарын 14 нөөс 2016 оны 12 дугаар сарын 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хан хөхий зочид буудалд хохирогч Ц.Дэжидхандаас Хаан банкны виза картыг итгэл эвдэх аргаар олж авч, уг картнаас 480.000 төгрөгийг залилан мэхлэж авсан гэмт хэрэг,

-2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хохирогч Ц.Дэжидхандын нүцгэн зургийг цахим хуудсанд байршуулж бусдын нэр төр, алдар хүндийг олон нийтийн өмнө доромжилсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Эрдэнэбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна, хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү” гэв.

Хохирогч Ц.Дэжидханд мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр өөрийн "Дэжидханд Мишээл" гэх нэртэй фэйсбүүк цахим хаягаар "Сэтгэлийн урлан" гэх нэртэй фэйсбүүк цахим хаягтай урьд өмнө нь цахим хуудсаар найзууд болсон хэзээ гэдгээ мэдэхгүй дээрх хүн нь фэйсбүүк цахим хуудсан дээрх найзуудтайгаа дотно танилцаж байгаа юм гэх утга бүхий мессеж над руу ирсэнээр уг хүнтэй чатаар нь харилцаж эхэлсэн. Тухайн хүн нь өөрийнхөө мэдээллийг надад хэлэхдээ Амгаланбаяр гэж өөрийнхөө нэрийг хэлж, 1983 онд төрсөн, эмч мэргэжилтэй, Зайсанд найзтайгаа хоёр талаасаа хөрөнгө оруулан байгуулсан хувийн эмнэлэгтэй, өөрөө мэдрэлийн эмч гэж танилцуулж байсан. Ингээд бид хоёр хэд хоног чатаар хоорондоо харилцан ярилцаж мессежеер харьцаж байх хугацаанд миний итгэлийг олсоны дараагаар буюу надтай ханилж суухгүй ч гэсэн бие биедээ түшиг тулгуур болж дэмжиж амьдаръя гэж надад итгүүлэн намайг бэлгийн харьцаанд оролгүй буюу секс хийлгүйгээр хэр удаж байна гэх мэтчилэн надаас асуулт асууж байсан. Ингээд бид хоёр энэ үеэс сексийн талаар хоорондоо ярилцаж санал сэтгэгдэлээ солилцож нэг өдөр уулзаж сайхан танилцая гэсэн учир би уг залуутай уулзахыг хүлээн зөвшөөрсөн. Тэгээд надаас чи дансны дугаарыг өгчих чамд мөнгөний гачигдал хэрэгцээ гарвал хэлж байгаарай би тусалж дэмжиж байя гэж байн байн надад хэлдэг байсан. Тэгээд 12 дугаар сарын 12-ны өдөр надаас өөрийнхөө зургийг явуулаач гэж гуйдаг болж эхэлсэн, ингээд байн байн надаас зураг нэхээд байхаар нь би өөрийнхөө 2-3 цээж нүцгэн өөрийнхөө царай төрхийг орсон зурагнуудаа чатаар уг залуу руу явуулсан. Зураг явуулсанаас хойш зан нь өөрчлөгдөж бичиж байгаа мессежний утга нь өөрийнхөө шалдан зургийг өгсөнд чинь баярлалаа. энэ зургийг чинь фэйсбүүк хаяганд чинь тавиад нэрийг чинь таглаад тавьчихвал яах уу гэх мэтээр надаас асууж лавлахаар нь би чи тэгээд үзчихээд устгачих байлгүй дээ, нээрээ миний зургийг тавьчихвал би амиа хорлоно шүү тэгэхгүй байлгүйдээ гэж ярилцаж байсан. “...Ер нь бол өөртэй нь уулзахаас өмнө намайг өөрийнхөө зургийг явуулсаны дараагаар энэ зурагнуудыг чинь фэйсбүүкт тавьчихвал яах уу гэх мэтээр асууж лавлаад байсан учраас би уг хүнтэй ямар ч байсан уулзаж ярилцахгүй бол болохгүй юм байна гэж бодоод уулзаад ярилцахаар болсон. Тэгтэл уг хүн нь чи тэгвэл буудал аваад пиво аваад байж байгаарай 50.000 төгрөг л болох биз гээд 12 сарын 14-ний өдөр 15:00 цагт уулзахаар болсон. Тэгээд мөнгө олдохгүй байсан учир би уг хүнтэй холбогдож 18:00 цагт уулзая гэхэд хамгийн сүүлийн хугацаа чинь 18:00 цаг шүү чи амжих юмуу тэрнээс хоцорвол чиний шалдан зурагтай фэйсбүүк хаяг нээгдэнэ шүү гэж намайг дарамталсан. Ингээд би хүнээс мөнгө зээлж уг буудалд очсон. Надад тухайн үед хүнээс 30.000 төгрөг зээлсэн боловч Хас банкны харилцах данснаас 10.000 төгрөгийг шимтгэл авсан байсан учир би 20.000 төгрөгөө данснаасаа аваад очсон. “...Түүнээс хойш хэсэг хугацаанд чимээгүй байж байгаад надаас гэнэт бүтэн сайн өдөр уулзая гэхээр нь би уулзаж амжихгүй гэсэн. Тэгтэл 1 дэх өдрийн өглөө чи намайг муриад байна би ажлын газраасаа шагнуулсан надад 30.000 төгрөгийн бэлэг авч өгөөрэй гэж шаардаж эхэлсэн, тэгэхээр нь би мөнгөний асуудалд унагачихаа биздээ чи гэхэд тухайн өдрийнхөө 12:00 цагийн орчимд нөгөө бэлэг чинь 40.000 төгрөг болсон шүү гээд дараа дараагаар нь цаг, хоёр цагаар ахиулсаар байгаад 200.000 төгрөг өг тэгэхгүй бол зургийг чинь фэйсбүүкт тавина гээд байсан. Ингээд намайг дарамтлаад байсан учир би уг хүнд өнөөдөр надад мөнгөний боломж байхгүй, мөнгө олох ч боломж байхгүй байна, би чамд маргааш өгье, би хүүхдийнхээ хадгаламжийг хаагаад маргааш өглөө гэхэд 200.000 төгрөг өгье гэж гуйсан ...” гэсэн мэдүүлэг. /хх-96/,

Яллагдагч Б.Эрдэнэбаяр мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 12 дугаар сарын 10-даар өөрийн фэйсбүүк сэтгэлийн урлан гэх нэртэй цахим хуудаар дамжуулан Мишээл Дэжидханд гэх нэртэй цахим хуудасны эзэнтэй мессенжер чатаар дамжуулан анх танилцсан, нөгөөдөр өглөө нь надтай хэдэн цагт уулзах уу гэж Дэжидханд асууж байхаар нь би 30.000 төгрөг өгчих гэж хэлэхэд 2 цагийн дараа өгье гэж хэлж байсан тэгээд мөнгө өгөхгүй болохоор нь би мөнгийг нь өсгөж нэхэж байсан бөгөөд 150.000 төгрөг боллоо гэхэд амжихгүй, мөнгө олдохгүй байна маргааш хадгаламж цулах гэж байгаа тэгээд чамд нэг мөсөн 200.000 төгрөг явуулъя гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-114/,

Хохирогч Ц.Дэжидханд мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...тэгээд хэвтэж байхад буюу шөнийн 01.00 цаг өнгөрч байхад ажил дээр аудитын шалгалт ирсэн байна. Би өөрийнхөө дансанд байгаа 17 сая төгрөгийг чиний дансанд түр хийх шаардлагатай байна гээд миний картыг ашиглахыг хүсэж надаас асуун миний картны нууц дугаарыг надаас асуугаад аваад гарсан. Гарч явсанаасаа хойш ирэхгүй удахаар нь би араас нь утас руу нь залгахад огт утсаа авахгүй байсан учир ирж байна уу яаж байна гэж удаа дараа мессеж бичихэд эмнэлэг дээр асуудал гарсан хүн нас барсан байна гэж хариу мессеж явуулаад утас нь холбогдохгүй болсон байсан. Би маргааш нь буудлаас гарахад уг залуу нь миний картыг авч яваад картанд байсан үлдэгдэл мөнгийг бүгдийг нь шавхаж авсан байсан.   Би уг залуугаас чи миний дансыг хоослон мөнгийг нь авчээ гэхэд огт хариу бичихгүй байсан. Миний картыг авч мөнгө хийчихээд эргүүлээд өгье гэж хэлж надад итгүүлэн миний картын нууц дугаарыг авч гарч яваад дансанд байсан 480.000 төгрөгийг АТМ-ээс гаргаж авсан байсан. Ингээд дахин ирэлгүй утсаар ярьж холбогдохгүй алга болсон. Тэгээд өөрөөс нь асуухад огт юм хэлэхгүй мөртлөө зургийг чинь фэйсбүүкт тавина гээд байсан учир уг хүнээс мөнгө нэхэж чадахгүй байсан...” гэсэн мэдүүлэг. /хх95-96/,

Гэрч Ж.Байгалмаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би ажиптан Ц.Дэжидхандад 2016 оны 12 дугаар сарын 14-ны өдөр билүү, 12 дугаар сарын дундуур цалин гэж 500.000 төгрөгийг өөрийнхөө данснаас мобайл банкны үйлчилгээ ашиглан шилжүүлсэн, уг мөнгө нь Ц Дэжидхандын 12 дугаар сарын цалин нь байсан. Манай ажиптан Ц.Дэжидханд нь манай компанид 10 гаруй жил тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд сайн ажилтнуудын маань нэг нь байгаа юм. Шагнал урамшуулал их авдаг тэргүүний ажилтны нэг, Манай ажилтан Ц Дэжидхандын ээж нь тэтгэврийн хүн байдаг бөгөөд өөрийнх нь охин нь 4 дүгээр ангид сурдаг, мөн охиноос нь гадна дүүгийнх нь нэг охин хамт амьдардаг байсан. Одоо ч гэсэн хамт амьдардаг эсэх талаар нь бол мэдэхгүй байна. Өөрөө л ажил хийж цалин хөлсөөрөө гэр бүлээ тэжээдэг хүн байгаа юм. Нөхөр сүүдэр огт байхгүй ганц бие өрх толгойлсон эмэгтэй байгаа юм. Их олон жил өрх толгойлон явж байгаа байх. Манай компанид орохдоо л өрх толгойлсон ганц бие эмэгтэй байсан, ажлынх нь хөлс буюу 11, 12 дугаар сарын цалин юм. мөнгө төгрөгөө алдчихсан гээд шинэ жилээр надаас 100.000 төгрөг зээлж авч байсан, уг мөнгийг мөнгөө алдсаны дараагаар буюу 7 хоногийн дараа зээлж авч байсан байх. Мөнгө төгрөгөө алдсанаасаа хойш ажилдаа ирэхээ байгаад байгаа. Нэг тийшээ явчихаад ирье гээд л тогтохгүй болсон…” гэсэн мэдүүлэг. /хх97-98/,

Гэрч Б.Золзаяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр буюу 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр миний бие ресэпшинээр гарч байсан. Намаиг ажиллаж байхад 103 тоот өрөөнд 4 хүн хоноод гарсан, мөн 105 тоот өрөөнд 18 цагийн орчим махлаг эгч гаднаас орж ирж өдрийн турш 10.000 төгрөгөөр 23 цаг хүртэл орохоор болж орсон. Орохдоо гаднаас хүн ирнэ гээд дотогшоо орсон. Араас нь удалгүй өндөр намаараа ойролцоо барагцаалвал 160-165 орчим см өндөртэй, доогуур харцтай залуу 10 орчим минутын дараа орж ирээд өрөөнд нь орсон. Ингээд шөнө 03:30 минутын орчимд залуу нь гарч явсан байсан. Харин түрүүн орсон эмэгтэй нь үлдээд нөгөө залуугаа виза картаа аваад гарсан, мөнгө авчихаад ирнэ гэсэн гээд хүлээж байгаад хонохоор болсон Хонох хугацаанд нь хамт орсон залуу нь ирээгүй. Өглөө нь тооцоо авах болоход нөгөө залуу ирээгүй 100 айлд намайг дуудаад байна очиж мөнгө аваа эргэж ирж тооцоо хийнэ гээд кошлоктой будгаа үлдээгээд явсан. Тэгээд намайг өдөр ээлж солилцсоны дараагаар ирээд нөгөө ээлжийн Батзаяад 10.000 төгрөгөө өгөөд явсан байсан...” гэсэн мэдүүлэг. /хх99-100/,

Яллагдагч Б.Эрдэнэбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...би Дэжидхандын картанд мөнгө хийчихээд ирье гэж худал хэлж картыг нь авч гараад эргэж очилгүйгээр шууд явсан. Картанд нь мөнгийг нь болохоор хорооллын арын зам дагуу байдаг Хаан банкны АТМ дээр очиж 480.000 төгрөг байсныг нь бүгдийг нь аваад тэр өдрийнхөө маргааш өглөө нь уулзъя гэж байгаад уулзаагүй...” гэсэн мэдүүлэг. /хх-113/,

Хохирогч Ц.Дэжидханд мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Тэгтэл миний нэрээр фэйсбүүк хаяг нээж миний гар утасны дугаарыг тавиад над руу залгаарай найзуудаа би та нарт гоё зураг явуулна шүү гэсэн байсан. Тэр хаяганд маргааш нь миний өөрийн царай ороогүй нэг зургийг хийсэн байсан тэгээд нэг мэдэхэд уг хаяг нь байхгүй болсон байсан бөгөөд над руу чи ч яаж зүгээр суухавдээ надад өөр арга чарга бас байдаг юм шүү гээд мессеж бичиж дарамталсан...” гэсэн мэдүүлэг. /хх-95/,

“...би түүнд 2016 оны 12 сарын 14-ний өдөр өглөө 10 цагийн орчим цээж нүцгэн 2 зураг, өгзөгөө гаргасан нэг зураг нийт 3 зургийг Сэтгэлийн урлан хаяг руу нь явуулсан юм тэгээд 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Б.Эрдэнэбаяр утсаар мессэж бичээд "за одоо мөнгөө хийж байна уу. банк онгойж байна шүү банкруу явж байна уу" гээд л зогсоо зайгүй утсаар асуухаар нь би түүнд одоо удахггүй мөнгө хийнээ гэж аргалсан гэтэл Б.Эрдэнэбаяр над руу мессэжээр бидний яриа дууслаа 16:00 цаг болчихлоо гээд л миний зургийг өөрөө хуурамчаар миний нэрээр Дэжидханд Мишээл гэж нээсэн фэйсбүүк хаягруугаа миний мэдэхээр миний өгзөгөө гаргасан 1 ширхэг зургийг хийж залгаарай найзуудаа шинэ жилийн үнэгүй зураг тараана гэж 8880**** гэсэн дугаарыг маань олон нийтийн цахим сүлжээнд байршуулсан үүнийх нь доор хүмүүс сэтгэгдэл бичиж мөн над руу хэд хэдэн танихгүй дугаар залгаж байхаар нь би утсаа авахад танихгүй хүн "зургаа авъя" гэж байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-165/,

Яллагдагч Б.Эрдэнэбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...би нэг өгзөгний зураг хөхний зураг Дэжидханд Мишээл цахим хуудсанд 8880**** гэсэн дугаарыг бичиж байгаад залгаарай гээд байршуулсан. Утасны дугаар бичиж байгаад байршуулахад хүмүүс Дэжидханд Мишээл гэсэн цахми хуудсан дээр байрлуулсан шалдан зургууд дээр хүмүүс 7 лайк дарж намайг тухайн хаяг руу ахиж орж болохгүй болох хүртэл ямар зураг өгөх юм бэ гэсэн сэтгэгдэл бичиж байсан би урдаас нь над руу залга гээд Дэжидхандын 8880**** дугаарыг бичсэн. Дэжидханд Мишээл гэж миний нээсэн цахим хаягруу одоо орж болохгүй байгаа уг хаягийг устгасан байгаа...” гэсэн мэдүүлэг. /хх-170/,

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-9/, фото зургууд /хх-10-79/, Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх-87-92/, Хохирогч Ц.Дэжидхандын мэдүүлэг /хх-96/, гэрч Ж.Байгалмаагийн мэдүүлэг /хх-97-98/, гэрч Б.Золзаяагийн мэдүүлэг /хх99-100/, яллагдагч Б.Эрдэнэбаярын мэдүүлэг /хх-170/, ял шалгах хуудас /хх-118/, шүүгдэгч Б.Эрдэнэбаярын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх125-145/, хохирогчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Б.Эрдэнэбаяр нь 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хохирогч Ц.Дэжидхандтай Амгаланбаяр гэх нэрээр “Сэтгэцийн урлан” гэх фейсбүүкийн цахим хуудсаар танилцан мессенжерээр харилцаж байгаад улмаар 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн цахим хуудсаар нүцгэн зургийг чинь байршуулна гэж түүнийг далайлган сүрдүүлж, мөнгө өгөхийг шаардсан болох нь,

-2016 оны 12 дугаар сарын 14 нөөс 2016 оны 12 дугаар сарын 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хан хөхий зочид буудалд хохирогч Ц.Дэжидхандаас Хаан банкны виза картыг итгэл эвдэх аргаар олж авч, уг картнаас 480.000 төгрөгийг залилан мэхлэж авсан болох нь,

-2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хохирогч Ц.Дэжидхандын нүцгэн зургийг цахим хуудсанд байршуулж бусдын нэр төр, алдар хүндийг олон нийтийн өмнө доромжилсон болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Б.Эрдэнэбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 110 дугаар зүйлийн 110.1, мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1, мөн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Эрдэнэбаярыг бусдын нэр төр, алдар хүндийг олон нийтийн өмнө доромжилсон гэмт хэрэг,

-бусдын эд хөрөнгийг авах зорилгоор итгэл эвдэн хуурч мэхлэх аргаар залилан мэхлэсэн гэмт хэрэг,

-бусдын эд хөрөнгийг авах зорилгоор бусдыг далайлган сүрдүүлсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, хуульд заасан ял шийтгэхээр шийдвэрлэв.

Хохирогч Ц.Дэжидханд нь шүүгдэгч Б.Эрдэнэбаяраас хохирол төлбөрт 480.000 төгрөгийг хүлээн авсан, гомдол саналгүй, бид эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлт, нэхэмжлэх зүйлгүй гэж хүсэлт ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Эрдэнэбаяр нь бусдын нэр төр, алдар хүндийг олон нийтийн өмнө доромжилсон гэмт хэрэг, бусдын эд хөрөнгийг авах зорилгоор итгэл эвдэн хуурч мэхлэх аргаар залилан мэхлэж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан шүүгдэгч Б.Эрдэнэбаяр нь хохирогч Ц.Дэжидхандтай сайн дураараа эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Б.Эрдэнэбаярыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэстэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Б.Эрдэнэбаяр нь үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, хохирол төлбөрөө сайн дураараа нөхөн төлсөн, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасны дагуу биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Минжүүр овогт Баттулгын Эрдэнэбаярыг бусдын нэр төр, алдар хүндийг олон нийтийн өмнө доромжилсон гэмт хэрэг,

-бусдын эд хөрөнгийг авах зорилгоор итгэл эвдэн хуурч мэхлэх аргаар залилан мэхлэсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хохирогчтой сайн дураараа эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр буюу Б.Эрдэнэбаярыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

2. Минжүүр овогт Баттулгын Эрдэнэбаярыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор бусдыг далайлган сүрдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.1 дэх хэсэгт зааснаар Б.Эрдэнэбаярыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Эрдэнэбаярт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Эрдэнэбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 480.000 төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурьдсугай.

6.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Б.Эрдэнэбаярт оногдуулсан  2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай. 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Эрдэнэбаярт бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол, эсэргүүцлийг хүлээж авснаас хойш 3 хоногийн дотор хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх журамтай болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.ШИНЭБАЯР