Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2017/0124

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт, шүүгч Д.*******, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.******* нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 874 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******ын гаргасан давж заалдах гомдлоор, “******* кроун” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 874 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасныг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “...Ашигт малтмалын 12738X тоот, 12739X тоот тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрийг хүчингүйд тооцуулах, “******* кроун” ХХК-ийн 12738X тоот, 12739X тоот тусгай зөвшөөрлүүдийг эзэмших эрхийг сэргээхгүй байгаа эс үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, дээрх тусгай зөвшөөрлүүдийн эзэмших эрхийг сэргээлгэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгах” тухай нэхэмжлэгч “******* кроун” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* давж заалдах гомдолдоо: “... Нэг. Хуулийг буруу хэрэглэсэн тухайд:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн 5 дах талын Үндэслэх нь хэсгийн 1 дэх үндэслэлд: “...”******* кроун” ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын 12738Х болон 12739Х тоот тусгай зөвшөөрлийн эзэмших хугацаа 2010 оны 9, 10 дугаар саруудад дуусгавар болсныг “******* кроун” ХХК-ийн нэхэмжлэлээр Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх 2012.03.28-ны өдөр хянан хэлэлцээд “хүндэтгэн үзэх шалтгааны улмаас” сунгуулах хүсэлтээ хуульд заасан хугацаанд гаргаж чадаагүй байна” хэмээн үзэж 102 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлүүдийг сунгахыг Ашигт малтмалын газрын, Геолог уул уурхайн кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэсэн байна.   

 Энэхүү шийдвэрийн дагуу Ашигт малтмалын газрын Геолог, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012.10.19-ний өдрийн 736 дугаар шийдвэрээр “******* кроун” ХХК-ийн эзэмшиж буй ашигт малтмалын хайгуулын 12738 Х болон 12739 Х тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2012.07.23-ны өдрөөс тооцож, 2015.07.23-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгаж, энэ тухайгаа “******* кроун” ХХК-д 2012.10.19-ний өдрийн 6-6439, 6-6440 тоот албан бичгээр мэдэгдэж, тусгай зөвшөөрлийн бүртгэл болон хавсралтад тэмдэглэгээ хийжээ.

Дээрх дүгнэлтээс харахад Анхан шатны шүүхээс “тусгай зөвшөөрлүүдийн хүчин төгөлдөр байх хугацаа”-г тооцохдоо Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012.03.28-ны өдрийн тусгай зөвшөөрлүүдийн хугацаа сунгахыг даалгасан шүүхийн шийдвэрийг үндэслэж Ашигт малтмалын газар, Геолог, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012.07.23-ны өдрийн 485 дугаар шийдвэрээр “******* кроун” ХХК-ийн эзэмшлийн 12738 Х, 12739 Х тоот тусгай зөвшөөрлүүдийн хүчин төгөлдөр байх хугацааг сунгасан шийдвэрийг үндэслэсэн байна.

Юу гэх гээд байна гэхээр Геологи, уул уурхай кадастрын хэлтсийн даргын тусгай зөвшөөрлүүдийн хугацаа сунгах тухай 2012.07.23-ны өдрийн 485 дугаар шийдвэр нь тусгай зөвшөөрлүүдийн хүчин төгөлдөр байх хугацааг сунгахдаа энэхүү хугацаа сунгах тухай хуралдаан болсон огноогоор буюу 2012.07.23-ны өдрөөр тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг шинээр тогтоосон нь харагдаж байна.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа нь хугацаа сунгахад ч тэр, төлбөр төлөхөд ч тэр хуульд заасан журмын дагуу зөвхөн тусгай зөвшөөрөл анх олгосон өдрийг баримтлах ёстой. 2012.03.28-ны өдрийн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь 12738 Х, 12739 Х тоот тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахыг даалгасан болохоос бус хүчин төгөлдөр байх хугацааг шинээр тогтоох тухай шийдвэр биш юм. Зүй нь Геолог уул уурхайн кадастрын хэлтэс нь тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг сунгахдаа тухайн тусгай зөвшөөрлийг анх олгосон огноог баримталж буюу 2012.09.26-ны өдрөөс үргэлжлүүлэн тооцох ёстой. Тодруулбал:

Ашигт малтмалын тухай хуулийн 56.8. “Энэ хуулийн 56.1-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцно.”

Иргэний хуулийн 71.1. Хууль, хэлцэл буюу шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацааг хуанлийн он, сар, өдөр, гаригаар буюу жил, улирал, сар, долоо хоног, хоног, цагаар тодорхойлно.

Иргэний хуулийн 72.7. Хугацааг сунгах тохиолдолд хугацаа дууссан үеэс шинэ хугацааг тоолно гэж заасан.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас харахад Ашигт малтмалын газрын, Геолог уул уурхайн кадастрын хэлтэс нь шүүхийн шийдвэрийг үндэслэн хугацааг сунгахдаа тухайн тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан үеэс буюу 2012.09.26-ны өдрөөс эхлэн хугацааг үргэлжлүүлэн сунгах ёстой байсан болно.

Хоёр. “******* кроун” ХХК нь тусгай зөвшөөрлийн 4 дэх жилийн төлбөрийг 2012 онд, 5 дах жилийн төлбөрийг 2013 онд тус тус төлөхдөө тусгай зөвшөөрөл анх олгосон 2007 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийг баримталж тухайн хугацаа дуусахаас 1 сарын өмнө буюу 8 дугаар сарын 26-ны өдрөөс өмнө төлж ирсэн ба энэ хугацаанд Ашигт малтмалын газрын, Геологи, уул уурхайн кадастрын хэлтсээс ямар нэг зөрчилтэй тухай мэдэгдэж байгаагүй, харин ч 12739 Х, 12738 Х тоот тусгай зөвшөөрлүүдийн хавсралтад төлбөрийг хүлээн авч хугацааг бүртгэхдээ 2012.09.26-аас 2013.09.26, 5 дах жилийн төлбөрийг бүртгэхдээ мөн л төлбөрийг хүлээн авч хугацааг 2013.09.26-аас 2014.09.26 гэж бүртгэж ирсэн.

Нэгэнт энэ бүх хугацаанд тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөхдөө анх олгосон огноог баримталж төлсөөр ирсэн, энэ хугацаанд зөрчилтэй тухай ямар нэг асуудал үүсч байгаагүй, Ашигт малтмалын тухай хуульд 22 дугаар зүйлд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахдаа тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дуусахаас 1 сарын өмнө материалаа бүрдүүлж өгнө гэж заасны дагуу “******* Кроун” ХХК-ийн зүгээс 2015 оны 08 дугаар сарын 26-аас өмнө тусгай зөвшөөрөл сунгах  тухай өргөдлөө өгөх нь хуулийн шаардлагыг хангасан, зүй ёсны хэрэг юм.

Гэвч Ашигт малтмалын газрын, Геолог уул уурхайн кадастрын хэлтсээс тусгай зөвшөөрлийн хугацааг хууль зөрчиж хугацаанаас нь өмнө дуусгавар болгосноор “******* Кроун” ХХК-д хуульд заасан эрхээ эдлэх боломжийг олголгүйгээр нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн болно.

            Энэ бүгдээс харахад Ашигт малтмалын газрын, Геологи уул уурхайн кадастрын хэлтэс нь “******* Кроун” ХХК-ийн эзэмшлийн 12738 Х, 12739 Х тоот тусгай зөвшөөрлүүдийг дуусгавар болгохдоо хуульд заасан журмуудыг зөрчсөн болох нь тодорхой харагдаж байна.

             Эцэст нь дурдахад “******* кроун” ХХК нь дээрх 2 тусгай зөвшөөрлийг эзэмших хугацаандаа хуульд заасан үүргээ бүрэн биелүүлж, тусгай зөвшөөрлийн төлбөрийг цаг хугацаанд нь бүрэн төлж ирсэн, түүнчлэн хайгуулын ажлын зардалд багагүй хөрөнгө зарсан болно.

Ашигт малтмалын газрын, Геологи уул уурхайн кадастрын хэлтсээс тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг буруу тооцож, 12738 Х, 12739 Х тоот тусгай зөвшөөрлүүдийг дуусгавар болгосон нь “******* Кроун” ХХК-ийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж багагүй хохирол учруулаад байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016.11.04-ний өдрийн 874 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдал, хэрэгт авагдсан баримтыг буруу үнэлж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, “******* кроун” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

             Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 102 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч “******* кроун” ХХК-ийн 12738Х, 12739Х тоот тусгай зөвшөөрлүүдийн 2010 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр дууссан хугацааг сунгахыг Ашигт малтмалын газрын кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэснээс хойш уг тусгай зөвшөөрлийн хугацааг анх олгогдсон 2007 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс тооцох боломжгүй болжээ.

Уг шүүхийн шийдвэрийн дагуу Ашигт  малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 736 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлүүдийн хүчин төгөлдөр байх хугацааг 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгаж, тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэсэн боловч төлбөр төлсөн хугацааг “... 6 дахь жилийн төлбөрийг төлөв. Хугацаа 2015.09.26-2015.09.26” гэж тус тус тэмдэглэж нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20-д “тусгай зөвшөөрлийн төлбөр гэж тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах зорилгоор эзэмшигчээс нь хуульд заасны дагуу төлөх төлбөрийг ойлгох”-оор заажээ.

Үүнээс үзвэл тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацааны төлбөрийг төлөх үүрэгтэй, төлбөр төлсөн хугацаандаа тусгай зөвшөөрлийг эзэмших эрхтэй, иймд тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн хугацаа, тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2 нь ялгаатай байх боломжгүйгээс гадна хариуцагч нь шүүхийн шийдвэрийн дагуу хугацаа сунгах шийдвэрээ 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гаргасан атлаа тусгай зөвшөөрлийн хугацааг 7 дугаар сарын 23-ны өдрөөс тооцсон нь төрийн үйл ажиллагаанд баримтлах шударга ёсны зарчимд нийцэхээргүй байна. 

Гэтэл хариуцагчаас тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа болон төлбөр төлсөн хугацааг тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд ялгаатай тэмдэглэж тусгай зөвшөөрөл эзэмшигч нэхэмжлэгч “******* кроун” ХХК-д хугацаа сунгуулах хүсэлтээ хэзээ гаргах талаар эргэлзээтэй байдлыг бий болгосон байх тул “төлбөрөө 2015 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүртэлх хугацааны төлбөрөө төлсөн учраас уг хугацаа дуусахаас өмнө сунгуулах өргөдлөө гаргах байсан ..” гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.7, 11.2-т зааснаар Кадастрын  хэлтэс нь тусгай зөвшөөрлийн бүртгэл хийх чиг үүргээ хэрэгжүүлэхдээ төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг хэрэгжүүлж, тусгай зөвшөөрөл эзэмшигчид эрх, үүргээ эдлэх боломж олгох, тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр хадгалах нөхцөл болдог тусгай зөвшөөрлийн хугацааг тодорхой, эргэлзээгүйгээр зааж өгөх үүрэгтэй. Гэтэл хариуцагч нь энэ үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй атлаа нэхэмжлэгч “******* кроун” ХХК-ийн эзэмшиж байсан 12738 Х, 12739 Х тусгай зөвшөөрлүүдийн хугацааг 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдөр дуусгавар болсноор бүртгэсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д заасан “энэ хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасан тохиолдолд ... тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах” тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг зөрчсөн байна.

Гэтэл анхан шатны шүүх дээрх тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа, төлбөр төлсөн хугацааг ялгаатай тэмдэглэсэн тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралт, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгасан шийдвэр, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг буруу үнэлж, хэрэгт хамааралгүй тусгай зөвшөөрөл сунгуулахад шаардлагатай бусад материалыг бүрдүүлээгүй явдлыг дүгнэж тусгай зөвшөөрлийг дуусгавар болгон бүртгэсэн захиргааны үйлдлийг зөвтгөж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн нэхэмжлэгч “******* кроун” ХХК-ийн 12738Х, 12739Х тоот тусгай зөвшөөрлүүдийн хугацааг 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөр дуусгавар болсноор бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

            Уг бүртгэлийг хүчингүй болгосноор тусгай зөвшөөрөл эзэмших эрх сэргэх тул нэхэмжлэгчийн “тусгай зөвшөөрлийг сэргээхийг даалгах” хүсэлтийг нэхэмжлэлийн тусдаа бие даасан шаардлага гэж үзэхгүй.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан 2012 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 736 дугаар шийдвэр гарснаар тусгай зөвшөөрлөө бодитой эзэмшиж эхэлсэн гэж үзэх үндэслэлтэй тул 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаар байхад 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хууль бусаар дуусгавар болгон бүртгэсний улмаас нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх 3 жилээс 3 сар 6 хоногоор дутуу эзэмшсэн тул энэхүү шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болмогц нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлөө дутуу эзэмшсэн хугацаагаар эрх нь сэргэхийг, нэхэмжлэгч уг хугацаа дуусахаас өмнө хуульд заасан журмын дагуу тусгай зөвшөөрлөө сунгуулах хүсэлт гаргах, дараа жилийн төлбөрөө төлөх зэрэг эрх, үүргээ эдлэх эрх нь нээлттэйг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.   

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2, 121.2-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 874 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20, 11 дүгээр зүйлийн 11.1.17, 11.2, 21 дүгээр зүйлийн 21.1.5, 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг баримтлан “******* кроун” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн тус компанийн эзэмшиж байсан 12738 Х, 12739 Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөр дуусгавар болсныг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “******* кроун” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасны дагуу магадлалд “хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болно.

                                    ШҮҮГЧ                                               Ц.ЦОГТ

                                    ШҮҮГЧ                                               Д.БАТБААТАР

                                    ШҮҮГЧ                                               С.МӨНХЖАРГАЛ