Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 271

 

Н.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Батчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 92 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 289 дүгээр магадлалтай, Н.Б-т холбогдох 1706018930447 дугаартай эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Ням-Эрдэнийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Үржав овогт Н.Б нь 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Н.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1-т заасныг үндэслэн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Н.Б-т холбогдох Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Ням-Эрдэнэ бичсэн эсэргүүцэлдээ “...Давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй ба илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар яллагдагч нь гэрт байхдаа хохирогчийн толгойд төмөр шанагаар цохиж улмаар гэрээс үсдэж гарган толгойн тус газар нь гараараа цохин, бөгс рүү нь өшиглөсөн, улмаар хүргэн ахаасаа утас асуун буцаж гэртээ орж, аав, ээж рүүгээ ярьж дуудсан зэрэг үйл баримт тогтоогдсон байдаг.

Шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 11259 дугаартай дүгнэлтэд шинжээч Г.Энхбаатар “Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэж мэдүүлсэн байдаг.

Дээрх үйл баримтаар Н.Б нь хохирогчийн биед хөнгөн хохирол учруулахдаа түүнд хор уршиг учрахыг бүрэн ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан гэж үзэхээргүй байна. Шүүгдэгч нь бусдыг зодсоноос биед нь гэмтэл үүсч болохыг болон энэ үйлдэл нь нийгэмд аюултай, хууль зөрчсөн үйлдэл болохыг ойлгон ухамсарлаж байсан боловч тухайн нөхцөл байдалд өөрийн үйлдлээрээ хохирогчид хөнгөн хохирол учруулсан байна.

Хэргийн болсон үйл баримтаас үзэхэд шүүгдэгчийн бусдыг зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг нь өөрийн хүсэл зорилгоо ухамсартайгаар хэрэгжүүлсэн үйл ажиллагаа гэж үзэх бүрэн үндэстэй ба харин өөрийгөө удирдан залах боломжгүй болсон нөхцөлд аргагүйн эрхээр хийгдсэн хууль бус ажиллагаа гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Иймд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 289 тоот магадлалыг хүчингүй болгон анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 92 тоот шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр прокурорын эсэргүүцэл бичив ”  гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Х.Батчимэг гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан гэж үзэх боломжгүй. Шүүгдэгч нь хохирогчийг зодож байхдаа түүнд гэмтэл учирна гэдгийг мэдэх боломжтой байсан. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Ням-Эрдэнийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Н.Б-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Н.Б нь 2017 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын 7-146 тоот гэртээ өөрийн найз Н.Ариунбаяр, эхнэр Г.Нямгэрэл нартай согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар унтаж байгаад сэрэх үед нь Г.Нямгэрэл, Н.Ариунбаяр нар хурьцал үйлдэж байхыг мэдээд Г.Нямгэрэлийг татан босгож, улмаар түүнийг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Н.Б-ыг өөрийн эхнэр Г.Нямгэрэлийг бусадтай хардан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэсэн хууль зүйн дүгнэлт хийж, түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, давж заалдах шатны шүүх Н.Быг гэм буруугүйгээр бусдын бие махбодид хөнгөн хохирол учруулсан гэж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд хоёр шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Н.Б нь өөрийн эхнэр Г.Нямгэрэлийг найз Н.Ариунбаяртай эр эмийн холбоотой гэж сэрдэж хардсан биш, харин Г.Нямгэрэл дээр нь байрлалтай хурьцал үйлдэж байхыг нүдээр харснаар сэтгэл санааны гэнэтийн цочролд орж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсан үедээ Г.Нямгэрэлийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон ба энэхүү шүүхийн дүгнэлтэд онцгой ач холбогдолтой буюу хохирогч Г.Нямгэрэлийн гэр бүлийн харилцаанд үнэнч байх үүргээ зөрчин нөхөр Н.Б-ын нэр хүндийг гутаан доромжилсон зүй бус үйлдэл шууд нөлөөлсөн нөхцөл байдлыг анхан болон давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй орхигдуулсан байна.

2015 оны Эрүүгийн хуулиар нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцоогүй тул Н.Б-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хэргсэхгүй болгож, шийтгэх тогтоол болон магадлалыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 92 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 289 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Н.Б-т холбогдох Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Үржав овогт Н.Б-г цагаатгасугай.

2.Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Ням-Эрдэнийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                         ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                                         ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                                               Д.ГАНЗОРИГ

                                                                                                               Ч.ХОСБАЯР

                                                                                                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН