Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2021/02751

 

 

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 29 өдөр                           Дугаар 183/ШШ2021/02751                                  Улаанбаатар хот

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ж.Б,

 

Хариуцагч: М.А

 

Зээлийн гэрээний үүрэгт 4 222 656,52 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв

 

Шүүх хуралдаанд: ....................шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ж.Б би Архангай аймгийн Жаргалант сумын хоолт багт төрж өссөн тэндээ мал маллаж амьдарч байгаад мал, тээврийн хэрэгслээ худалдаж хуримтлуулсан 20 000 000 төгрөгөөр БНХАУ-аас ачааны тээврийн хэрэгсэл худалдан авч, ачаа тээвэрт явж амьдрал ахуйгаа дээшлүүлэх зорилгоор 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр өөрийн найз Н.Л, эхнэрийн хамтаар БНХАУ-ын Эрээн хот руу явсан. Эрээн хотод очоод найз н.Л намайг М.А-тай танилцуулж, тэрээр “...Эрээн хотод ирээд удсан, энд монголчуудад ажил олж өгч хувь авдаг” гэж байсан. Миний мөнгө ачааны автомашин авахад тухайн үед хүрэлцээгүй учир эхнэрээ тэнд ажилд оруулаад өөрөө хар бор ажил хийж байгаад мөнгө нэмээд машин авъя гэсэн бодолтой байж байтал М.А сарын хугацаатай 6 000 000 гаруй төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлэх санал тавьсныг би хүлээн зөвшөөрч, 16 298 юанийг бэлнээр өгсөн. Тухайн үедээ түүнд итгэж бичгийн хэлбэрээр гэрээ хэлцэл байгуулаагүй. Тохирсон хугацаандаа мөнгө өгөөгүй тул 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр зээлсэн мөнгөө буцаан өгөхөөр илэрхийлсэн баримт үйлдэж талууд гарын үсэг зурж, М.А-т өөрийнхөө хурууны хээг дарсан баримтыг үйлдэж өгсөн. Иймд 2019 оны 3 дугаар сарын 10-ны өдөр зээлдүүлсэн 16 298 юанийг тус өдрийн Монгол банкны ханшаар тооцож, 6 401 100 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие нэхэмжлэгч Ж.Б-тэй холбогдоход М.А нь Монгол төгрөгөөр 900 000 орчим төгрөгийг шилжүүлж, бэлнээр 3000 юанийг цувуулж өгсөн гэж хэлсэн, энэ нь 2 170 000 төгрөг орчим болж байх тул энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Нэхэмжлэгчийн зүгээс анхнаасаа тэнд удаан байх зорилгогүй, машин аваад буцах зорилготой байсан учир хариуцагчтай хамтарч ажилласан зүйл огт байхгүй. Мөн өөр хүмүүсийн паспортыг авах зорилгоор мөнгө аваад тэр хүмүүс нь мөнгө өгөх байдлаар баримт өгсөн гэдэг зүйл, анх Г.Б гэдэг хүн мөнгө зээлсэн гэж ярьдаг. Тийм зүйл огт байхгүй. Г.Б, М.А хоёрт мөнгө зээлсэн. Тэд өөрсдөө ажил хийлгэж байсан хүмүүсийнхээ паспортыг суллаж авах зорилготой байсан юм шиг байсан. Авсан мөнгөө тэд нараар төлүүлнэ гэсэн ойлголттой авсан юм билээ. Г.Б гэж хүн энэ хэрэгт хамааралгүй, М.А-аас тусдаа мөнгө зээлсэн байсан, үүнийгээ гаргуулахаар шүүхэд хандаж шийдвэр гарсан байгаа” гэв.

 

Хариуцагч М.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Би 2019 оны 3 дугаар сард БНХАУ-д ажиллаж, амьдарч байх хугацаандаа иргэн Ж.Б, Г.Б нартай хүмүүсийг ажилд авч, ашиг олох зорилготой хамтарч ажиллахаар болсон. Г.Б бид 2 ажил хийж гүйцэтгэх хүмүүсийг Эрээн хотоос авч явах гэтэл тэдгээр иргэд паспортаа барьцаанд тавьсан байсан учир тухайн хүмүүсийн паспортуудыг нь чөлөөлж, ажилд авч явах шаардлага гарсан. Ингээд Ж.Б нь өөрөө мөнгө гаргаж паспортуудыг нь авч өгөөд, эргүүлээд тухайн хүмүүсээс нь мөнгөө авахаар болсон. Гэтэл ажил олгогч компаниасаа шалтгаалаад ажил хийгдээгүй тул Ж.Б Монгол улс руугаа буцахаар болсон. Г.Б бид хоёр замын зардал, хоолны мөнгө, ажилчдын байрлаж байсан буудлын мөнгө зэргийг өөрсдөө гаргасан тул мөнгө хүрэлцэхгүй болсон тул тухай хүмүүсээс Ж.Б-ийн мөнгийг гаргуулж өгөхөөр тохиролцож, бүх хүмүүсээр гарын үсгийг нь зуруулан авч Ж.Б-д өгсөн. Гэвч энэхүү бичгийг шүүхэд гаргаж өгөөгүй байна. Би Ж.Батхүүд 2019 онд бэлнээр 5 000 юань, дамжуулан 2 500 юань, мөн өөрийн биеэр ченж н.С гэдэг хүнээс 3 000 юань бэлнээр өгч монгол мөнгө болгон Ж.Батхүүгийн данс руу шилжүүлж нийт 10 500 юань өгсөн байдаг. 2020 оны хавар Ж.Б-тэй утсаар ярьж би өөрөөсөө хангалттай төллөө, цаашид төлж чадахгүй юм байна, паспортоо авхуулсан хүмүүсээс мөнгөө төлүүлж ав аа би тусалья гэж хэлсэн. Түүнчлэн Ж.Б нь Г.Б-аас иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж мөнгө гаргуулахаар болчхоод дахин надаас мөнгө нэхэмжилж байна.  Ж., Г.Б бид гурав ажилд хамтарсан тул гарсан зардлыг хувааж төлөх ёстой байтал 10 хувийн хүүтэй гэж нэхэмжлэлдээ дурдсан нь зүйд нийцэхгүй байна. Учир нь Ж.Б-ээс хүүтэй мөнгө зээлж аваагүй, харин ажил хамтарч хийсэн. Иймд паспортоо барьцаанаас суллуулсан хүмүүсийн гарын үсэгтэй бичгийг Ж.Б-ээс гаргуулж, тухайн хүмүүсийн нэр дээр нэхэмжлэл гаргуулж өгнө үү” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Б нь М.А-т холбогдуулан анх тус шүүхэд 6 401 100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 4 222 656,52 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрчээ. 

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “...М.А-т 16 298 юанийг БНХАУ-ын Эрээн хотод байхдаа бэлнээр зээлдүүлсэн. Тохирсон хугацаанд мөнгөө өгөөгүй тул 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр зээлсэн мөнгөө буцаан өгөхөөр илэрхийлсэн баримт үйлдэн гарын үсэг зурж, М.А хурууныхаа хээг дарж өгсөн. Хариуцагчаас 10 500 юань хүлээж аваагүй, дансаар 1 000 000 төгрөг, бэлнээр 3000 юань нийт 2 178 443,48 төгрөг авса. Нэхэмжлэгчид хариуцагчтай хамтарч ажилласан, өөр хүмүүсийн паспортыг авах, тэр хүмүүс нь мөнгө өгөх байдлаар мөнгө зээлсэн зүйл огт байхгүй. Г.Б гэж хүн энэ хэрэгт хамааралгүй, М.А тусдаа мөнгө зээлсэн байсан, үүнийгээ гаргуулахаар шүүхэд хандаж шийдвэр гарсан байгаа” гэж тайлбарласан.  

 

Хариуцагч “...Эрээн хотод нэг ажил аваад хийх гэтэл ажилчдын гадаад паспорт барьцаанд байсан тул Ж.Б “...30 хувийн ашиг өгье, Г.Б бид хоёр ажлаа дааж хийх юм чинь 35, 35 хувийн ашиг авъя” гэж тохиролцоод паспортыг барьцаанаас чөлөөлөхөөр Ж.Б мөнгө зээлсэн. Паспортууд бүгд Ж.Б байж байгаад буцахдаа “та 2 энэ хүмүүсээс мөнгө гаргуулж өгөөрэй” гэхээр нь бүгдийнх нь хэдэн төгрөг өгөхийг бичүүлээд хурууны хээг нь даруулаад, нийтдээ төлөх бүх мөнгөн дээр би хурууны хээгээ дарсан. Тэр дунд миний хэрэглэсэн мөнгө байсан тул 5000 юань, 3000 юань, 2500 юань, нийт 10 500 юань төлсөн. Иймд паспортоо барьцаанаас суллуулсан хүмүүсийн гарын үсэгтэй бичгийг Ж.Бгаргуулж, тухайн хүмүүсийн нэр дээр нэхэмжлэл гаргуулж өгнө үү” гэж маргасан.

 

Хавтаст хэрэгт авагдсан “...2019.04.30-нд М.А миний бие нь Ж.Б өгөх мөнгө 16 298 юань” гэх бичвэр бүхий нотлох баримт болон хариуцагч М.А тайлбараараа 16 298 юань хүлээж авсан талаар маргаагүй тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдэгч нь зээлдүүлэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар хэргийн нотлох баримтад зохигчийн тайлбар багтах бөгөөд хариуцагч шүүхэд “...Ж.Б, Г.Б бид гурав ажилд хамтарсан тул гарсан зардлыг 3 хувааж төлөх ёстой”, “...паспортоо суллуулж авхуулсан хүмүүсээс мөнгөө шаардах  ёстой”, “...миний хэрэглэсэн мөнгө байсан тул 10 500 юанийг төлсөн” гэж тус тус зөрүүтэй тайлбар гаргасан тул шүүх зээл болох 16 289 юаниас зөвхөн 10 500 юанийг түүнд хамаарах зээл гэж дүгнэх боломжгүй, мөн тэрээр 10 500 юанийг буцааж өгсөн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй. 

 

Түүнчлэн хариуцагчийн гаргасан “...Ж.Б Г.Б-с мөнгө гаргуулахаар болчхоод дахин надаас мөнгө нэхэмжилж байна.  ...Паспортоо барьцаанаас суллуулсан хүмүүс дээрх мөнгийг төлөх үүрэгтэй” гэх агуулга бүхий тайлбар хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Шүүх 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчид өмгөөлөгчтэй оролцох эрхтэй болохыг нь тайлбарлаж өгсөн, хариуцагчид татгаллаа нотлох боломжийг олгож мөн өдрийн хуралдааныг хариуцагчийн хүсэлтээр Г.Болормааг гэрчээр оролцуулахаар хойшлуулсан боловч тэрээр уг хүсэлтээс татгалзжээ.  

 

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч М.А 4 222 656,52 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Б олгож, ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117 400 төгрөгийг улсын орлого хэвээр үлдээж, хариуцагчаас 82 515 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч М.А 4 222 656,52 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Б олгосугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 82 515 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.МӨНГӨНТУУЛ