Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2024/ШЦТ/243

 

 

 

2024           11            21                                 2024/ШЦТ/243

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуун,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгч Ц.Сүхбаатар, түүний өмгөөлөгч М.Даваасүрэн нарыг оролцуулан

******* аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Сүхбаатарт холбогдох эрүүгийн 2415002430249 дугаартай, 163/2024/0246/Э индекстэй хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын Сүхбаатар, ******* аймгийн ******* суманд 1971 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, ******* аймгийн ******* сумын 5 дугаар баг, ******* тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй, Монголын Цахилгаан холбооны ******* салбарт инженер ажилтай, ам 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, 53 настай, эрэгтэй, /РД:*******/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Сүхбаатар нь 2024 оны 09 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө 00 цагийн орчим ******* аймгийн ******* сумын 5 дугаар баг ******* тоотод өөрийн эхнэр Ш.Д*******ыг грашийн хаалга сүхээр цохисон гэх шалтгаанаар уурлаж түүний хэвлийн тус газарт гараараа нэг удаа цохиж зүүн 6 дугаар хавирганы хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг эрүүгийн 2415002430249 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Ц.Сүхбаатар нь 2024 оны 09 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө 00 цагийн орчим ******* аймгийн ******* сумын 5 дугаар баг ******* тоотод  эхнэр Ш.Д*******ыг грашийн хаалга сүхээр цохисон гэх шалтгаанаар уурлаж түүний хэвлийн тус газарт гараараа нэг удаа цохиж зүүн 6 дугаар хавирганы хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Сүхбаатарын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, өмнө нь хэргийн талаар үнэнээ хэлсэн, гэм буруугийн талаар маргахгүй гэх мэдүүлэг,

2.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ш.Д*******ын өгсөн: “...2024 оны 09 дүгээр сарын 04-ны өдөр миний төрсөн өдөр болсон чинь манай эгч Улаанбаатар хотоос бялуутай мэндчилгээ ажил дээр ирүүлэхээр нь би баярлаад ажлынхаа үйлчлэгч Өнөрсайхантай хэдэн ширхэг пиво уугаад дуусаад бид хоёр манай гэрт орсон юм. Тэгээд гэрт Сүхбаатар хоол хийж байхаар нь хоол идчихээд Өнөрсайхан гэр лүүгээ явчихсан энэ хооронд Сүхбаатар гэрт орж гараад явж байгаад хэсэг алга болчихоор нь араас нь гартал грашин дотор хүнтэй утсаар яриад зогсож байхаар нь би хаалгыг нь тогштол хаалгаа онгойлгож өгөхгүй байхаар нь сүхээр хаалгыг нь цохиж байхад хаалгаа онгойлгоод гарт байсан сүхийг булааж аваад миний гэдэс рүү гараараа нэг удаа цохихоор нь би эвхрэлдээд амьсгаа авч чадахгүй байж байхад Сүхбаатар гараад зугтаасан. Би шууд цагдаад дуудлага өгсөн юм. Цагдаа ирэхэд Сүхбаатар байхгүй байсан. Сүхбаатар миний хэвлий хэсэг буюу гэдэс рүү нэг удаа цохиж гэмтэл учруулсан. Миний бие өвдөөд байхаар нь 2 өдрийн дараа эмчид үзүүлээд рентгэнд харуулсан чинь миний 6-р хавирга хугарчихсан байсан. Надад одоо гомдол санал байхгүй. Миний гэмтсэн хавирга бороолоод эдгэчихсэн. Сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Учир нь Сүхбаатар бид 2 гэр бүлийн хүмүүс...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,

3.Иргэний нэхэмжлэгч Б.Ариунболдын өгсөн: “...Хохирогч Ш.Д******* нь 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс хойшхи хугацаанд эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 69,700 төгрөгийн зардал гаргуулж эмчилгээ хийлгэсэн. Энэ мөнгийг буруутай этгээдээс буцаан авч эрүүл мэндийн даатгалын санд төвлөрүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22, 26 дахь тал/,

4.******* аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 303 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Шаравдорж овогтой Содномын биед зүүн 6 дугаар хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 30-32 дахь/

5.Яллагдагч Ц.Сүхбаатарын өгсөн: “... Би эхнэрээсээ уучлалт гуйж бид хоёр учир зүйгээ олсон. Тухайн өдөр би өөрийн уураа барьж дийлэхгүй, тийм үйлдэл гаргасандаа маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дахь тал зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Ш.Д*******, иргэний нэхэмжлэгч Б.Ариунболд нарын өгсөн мэдүүлэг, ******* аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 303 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Ш.Д*******ын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг нягтлан шалгахад,

Шүүгдэгч Ц.Сүхбаатар нь 2024 оны 09 дүгээр сарын 04-ны өдрөөс 05-нд шилжих шөнө 00 цагийн орчим ******* аймгийн ******* сумын 5 дугаар баг ******* тоотод эхнэр Ш.Д*******ыг грашийн хаалга сүхээр цохисон гэх шалтгаанаар маргалдаж улмаар  түүний хэвлийн тус газарт гараараа нэг удаа цохиж зүүн 6 дугаар хавирганы хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон байна.

******* аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 303 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Шаравдорж овогтой Содномын биед зүүн 6 дугаар хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх 2024 оны 09 дүгээр сарын 04-ны өдөр үүсэх боломжтой.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлтийг хууль зүйн хувьд хөнгөн хохирол гэж ойлгох бөгөөд учирсан хохирол, хор уршиг нь шүүгдэгч Ц.Сүхбаатарын гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

Ц.Сүхбаатарын гэмт үйлдэл хийсний үр дүнд хохирол хор уршиг учирсан шалтгаант холбоотой, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Мөн Ц.Сүхбаатар нь хүний эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Монгол улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан ба уг эрхийг эрүүгийн хуулиар тодорхойлж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Шүүгдэгч Ц.Сүхбаатарын бусдын бие, эрх чөлөөнд  халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байх  эрхийг зөрчсөн,  хууль зүйн хувьд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэн гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж дүгнэн  шүүгдэгч Ц.Сүхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдъя.

Шүүгдэгч Ц.Сүхбаатарын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Ш.Д******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

Харин иргэний нэхэмжлэгч Б.Ариунболд нь ******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилгээний зардал 69.700 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Ц.Сүхбаатар хохирлыг төлсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ц.Сүхбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Сүхбаатар нь хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Ц.Сүхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  500.000 мянган төгрөгөөр торгох ялын саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгч  Ц.Сүхбаатар нь анхнаасаа гэм буруугийн талаар маргаагүй, иргэний нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлж барагдуулсан түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэх саналыг тус тус шүүхэд илэрхийлсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” зохицуулалт нь шүүхэд үүрэг болгоогүй эрх олгосон зохицуулалт бөгөөд шүүгдэгч Ц.Сүхбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх шаардлагагүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял  шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Хавтаст хэргийн 51-55 дугаар талд авагдсан иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Ц.Сүхбаатар нь ******* аймгийн ******* сумын 5 дугаар баг, ******* тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй, Монголын Цахилгаан холбооны ******* салбарт инженер ажилтай, ам 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Сүхбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Ц.Сүхбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын Сүхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Сүхбаатарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт анхааруулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Ц.Сүхбаатар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Сүхбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Ц.Сүхбаатараас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэнэ.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.СУВД-ЭРДЭНЭ