Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2022/00931

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2022/00931

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: М.Э нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ОТ ХХК  холбогдох

 

ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, цалингийн зөрүү гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагчийн өмгөөлөгч Д.Б, Б.Ө , нарийн бичгийн дарга Г.Саранчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ... миний бие 1997 онд МУИС-ийг социологич мэргэжлээр, 2008 онд бизнесийн удирдлага мэргэжлээр тус тус төгссөн ОТ ХХК-нд анх 2008 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр мэдээлэл технологийн хэлтэст ellipse системийн админисртратороор ажилд орсон ба ийнхүү ажиллаж байгаад 2009 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс ОТХХК-нд ажиллаж эхэлсэн. 2016 оны 12 дугаар сарын 7-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл ОТХХК-ийн мэдээлэл технологийн хэлтэст РТБ шийдэлд /РТБШ/ дэмжлэг үзүүлэх ахлах шинжээчийн албан тушаалд ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтонд заасан ажил үүргийг зохих ёсоор гүйцэтгэж, ямар нэг сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. Гэтэл 2021.03.05-ны өдөр гүйцэтгэх захирал А.Т гарын үсэг бүхий хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл танилцуулсан ба энэхүү мэдэгдэлд компанийн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт оруулан зарим орон тоог хассан тул 2016.12.07-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д зааснаар цуцалж байгааг мэдэгдэж, 2021.04.19-ний өдрөөр тасалбар болгон ажлаас халах болсон талаар дурдсан. Үүний дараа 2021.04.16-ны өдөр Хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаалд өөрчлөлт оруулах тухай мэдэгдэл хэмээн 2 дахь мэдэгдлийг өгсөн. Ийнхүү удаа дараа мэдэгдэл өгсний эцэст гүйцэтгэх захирлын 2021.04.26-ны өдрийн №Б3425 дугаар тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлсөн тушаалыг 2021.06.28-ны өдөр ОТХХК-ийн хүний нөөцийн дэмжлэг үйлчилгээний ажилтан Б.А Моннис цамхагийн 1 давхарт дуудан уулзаж, надад танилцуулсан. Өмнө нь огт танилцуулаагүй, мэдэгдээгүй, гардуулж өгөөгүй бөгөөд миний бие уг тушаалыг 2021.06.28-ны өдрийн 11 цаг 20 минутанд хүлээн авсан. Тушаал бүтцийн өөрчлөлтөөр бус талууд харилцан тохиролцсон гэсэн үндэслэлээр гарсан нь үндэслэлгүй.

Учир нь компаниас хөдөлмөрийн гэрээг цуцлах мэдэгдлийг удаа дараа өгсөн болон ам бүл олон 3-17 насны 4 хүүхэдтэй, гэр бүлийн хүн эрхэлсэн ажилгүй зэрэг амьдралын нөхцөл байдлаас шалтгаалан миний бие компанийн дотооддоо зарласан ажлын байранд анкет болон холбогдох бичиг баримтаа илгээн, ажлын ярилцлаганд орж улмаар ажлын саналыг 4-р сарын 22-ны өдөр цахимаар хүлээн авч ажиллаж байснаас бус өөрийн өмнө ажиллаж байсан үндсэн ажлын байр болох РТБ шийдэлд дэмжлэг үзүүлэх ахлах шинжээч-ийн хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцож дуусгавар болгох талаар миний бие ямар ч санал хүсэлт илэрхийлээгүй, энэ талаар харилцан тохиролцсон зүйл байхгүй болно.

Ажил олгогч талаас хөдөлмөрийн гэрээг цуцлах мэдэгдлийг 2021.03.05-ны өдөр өгснөөс хойш 2021.04.22-ны өдөр санал болгосон сургалтын зохицуулагчийн ажилд ажиллаж байсан нь миний 2016 онд байгуулсан ахлах шинжээчийн ажлын байрны хөдөлмөрийн гэрээний үйлчлэлтэй ямар ч холбоогүй. Намайг сургалтын зохицуулагчийн ажлын байрнаас туршилтын хугацаа дууссан үндэслэлээр дахин ажлаас чөлөөлсөн. Иймд ОТХХК-ийн гүйцэтгэх захирал А.Т 2021.04.26-ны өдрийн №3425 дугаар тушаалыг хүчингүйд тооцож, намайг РТБ шийдэлд дэмжлэг үзүүлэх ахлах шинжээчийн ажилд эгүүлэн тогтоож, 2021.04.26-2021.07.26-ны өдрийг хүртэл хугацаанд сургалтын зохицуулагчийн ажилд ажилласан болон РТБ шийдэлд дэмжлэг үзүүлэх ахлах шинжээчийн цалингийн зөрүү, 2021.07.26-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин 88,790,108 төгрөг гаргуулах, 2021.04.23-ны өдрөөс хойш нийгмийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг РТБ шийдэлд дэмжлэг үзүүлэх ахлах шинжээчийн ажлын байрны цалин хөлснөөс тооцон холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ОТХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... гүйцэтгэх захирлын 2021.03.03-ны өдрийн №9/21 дугаар ОТХХК-ийн зарим газар, хэлтсийн бүтэц, зохион байгуулалтанд өөрчлөлт оруулах тухай тушаал, тус тушаалын хавсралт 3-т заасны дагуу Рио тинто бизнес шийдэлд дэмжлэг үзүүлэх ахлах шинжээчийн ажлын байрыг 2021.04.19-ний өдрөөс тасалбар болгож компанийн бүтцээс хасахаар шийдвэрлэсэн тул тухайн ажлын байранд ажиллаж байсан М.Э  2021.03.05-ны өдөр Хөдөлмөрийн хуулийн 40.5-д заасны дагуу мөн хуулийн 40.1.1-д заасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай мэдэгдлийг хүргүүлсэн. М.Э хөдөлмөрийн гэрээг цуцлах мэдэгдлийг авсан хугацаандаа компанийн дотоодод зарлагдсан ажлын байрны сонгон шалгаруулалтанд оролцож, компанийн боловсон хүчин бүтэц, зохион байгуулалт-үйлдвэрлэлийн үйл ажиллагааны сургалтын хэлтэст сургалтын зохицуулагчийн ажлын байрны сонгон шалгаруулалтанд оролцон шалгарч, тухайн ажлын байрны саналыг 2021.04.22-ны өдөр хүлээн авсан. Тухайн ажлын байранд ажиллах хүсэлтэй буюу зөвшөөрч байгаагаа илэрхийлж, сургалтын зохицуулагчийн ажлын байранд ажиллаж эхэлсэн байдаг.

Ийнхүү нэхэмжлэгч нь өөрийн хүсэлтээр өөр ажлын байрны саналыг хүлээн зөвшөөрч ажиллах болсон тул гүйцэтгэх захирлын 2021.04.26-ны өдрийн №Б3425 тоот тушаалаар түүнийг сургалтын зохицуулагчийн албан тушаалд 2021.04.26-ны өдрөөс эхлэн томилж, тус ажил албан тушаалд томилогдсонтой холбоотойгоор 2016.12.07-ны өдрийн Рио тинто бизнес шийдэлд дэмжлэг үзүүлэх ахлах шинжээчийн албан тушаалд ажиллуулахаар байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2021.04.25-ны өдрөөр тасалбар болгон дуусгавар болгосон ... дээрх үйл баримт нь РТБ шийдэлд дэмжлэг үзүүлэх ахлах шинжээч албан тушаалд ажиллуулахаар байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.1-д зааснаар дуусгавар болгохыг М.Э зүгээс хүлээн зөвшөөрсөн гэж үзэх, түүний хүсэл зоригийг хангалттай тайлбарлах үндэслэл юм ... маргаж буй РТБ шийдэлд дэмжлэг үзүүлэх ахлах шинжээчийн ажлын байр нь гүйцэтгэх захирлын 2021.03.03-ны өдрийн 9/21 дугаар тушаал болон 2021.04.16-ны өдрийн Тушаалд өөрчлөлт оруулах тухай 14/21 дүгээр тушаалд заасны дагуу 2021.05.13-ны өдрөөр тасалбар болж компанийн бүтцээс хасагдсан.

... РТБ шийдэлд дэмжлэг үзүүлэх ахлах шинжээчийн ажлын байрыг 2021.04.19-ний өдрөөр тасалбар болгон хасахаар шийдвэрлэсэн байсан боловч МУ-ын ЗГ-аас 2021.04.08-ны өдөр Бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэх тухай 91 дүгээр тогтоолоор бүх нийтийн бэлэн байдалд 2021.04.08-2021.04.25-ны өдрийг хүртэл шилжүүлсэн тул гүйцэтгэх захирлын тушаалд газар хэлтсийн зарим ажлын байруудыг 2021.04.19-ний өдөр хасах гэснийг хөл хориог цуцалсан өдрөөс хойш ажлын 4 дэх өдрөөр хасах гэж өөрчилсөн. Тиймээс 2021.05.13-ны өдөр Рио тинто бизнес шийдэлд дэмжлэг үзүүлэх ахлах шинжээчийн ажлын байр хасагдсан.

Нэхэмжлэгчид хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай мэдэгдлийг 2021.04.16-ны өдөр цахим шуудангаар мэдэгдсэн. Гэтэл нэхэмжлэгч нь түүний ажлын байр хасагдсан болохыг мэдсэн атлаа 2021.07.26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан үндэслэлгүй, хуульд заасан хугацааг хэтрүүлж гаргасан байна ... иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү ... гэжээ.

 

Нэхэмжлэгч тал нотлох баримтаар: иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 2021.03.05, 2021.04.16-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай, цуцлах өдөрт өөрчлөлт оруулах тухай мэдэгдэл, хариуцагч байгууллагын 2021.04.26-ны өдрийн №Б3425 дугаар ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай тушаал, 2016.12.07-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, өргөмжлөлийг гаргасан.

 

Хариуцагч тал нотлох баримтаар: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ОТХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021.03.03-ны өдрийн №9/21 дугаар ОТХХК-ийн зарим газар, хэлтсийн бүтэц, зохион байгуулалтанд өөрчлөлт оруулах тухай тушаал, тушаалын хавсралт №3, гүйцэтгэх захирлын 2021.07.26-ны өдрийн №Б3822 дугаар Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал, 2021.04.16-ны өдрийн №14/21 дугаар Тушаалд өөрчлөлт оруулах тухай, 2021.04.16-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг цуцлах өдөрт өөрчлөлт оруулах тухай мэдэгдэл, 2021.07.06-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай мэдэгдэл, 2021.04.26-ны өдрийн №Б3425 дугаар ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай тушаал, хүлээн зөвшөөрсөн тухай баримт, нэхэмжлэгч М.Э цалингийн тодорхойлолт, 2016-2021 оны цалингийн суутгалын мэдээлэл, ур чадварт суурилсан ярилцлагын онооны баримтыг гаргасан.

 

Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтийн дагуу: ..............     ОТХХК-ийн дотоод teams chat-д үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн тэмдэглэлийн хавсралт баримт, гэрч Ч.Н, Ш.А, Б.Б, С.Б нарын мэдүүлгийг нотлох баримтаар бүрдүүлсэн.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Энь хариуцагч ОТХХК-нд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, цалингийн зөрүү гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэг. Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой үйл баримтын талаар.

 

Нэхэмжлэгч М.Энь хариуцагч компанид 2008 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр ажилд орж, 2016 оны 12 дугаар сарын 7-ны өдрөөс компанийн мэдээлэл технологийн хэлтэст РТБ шийдэлд дэмжлэг үзүүлэх ахлах шинжээчийн ажилд томилогдон ажиллаж байсан, 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс Үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны сургалтын хэлтэст сургалтын зохицуулагчаар ажиллаж, 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн үйл баримт хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, ажил олгогчийн ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай тушаал зэрэг бичгийн баримт, талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Талууд дээрх үйл баримтын талаар буюу нэхэмжлэгч нь хариуцагч компанид дурдсан хугацаанд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан үйл баримтын талаар маргаагүй.

 

Харин хариуцагчийн 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн №Б3425 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, РТБ шийдэлд дэмжлэг үзүүлэх ахлах шинжээчийн ажил, албан тушаалаас чөлөөлсөн шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрч, хөдөлмөрийн гэрээг цуцалсан хариуцагчийн дээрх шийдвэр хуульд нийцээгүй үндэслэлээр нэхэмжлэл гаргасан.

 

Тодруулбал талууд харилцан тохирсон үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэр хуульд нийцсэн эсэх, ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоолгох үндэслэлтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

 

Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэж заасны дагуу хөдөлмөрлөх эрхийн талаарх нэхэмжлэлтэй иргэний хэрэгт тухайн харилцаа үүссэн цаг хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хууль буюу 1999 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэнэ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох үндэслэлийн талаар зохицуулсан бөгөөд үүнд талууд харилцан тохирсон болон хөдөлмөрийн гэрээг ажилтны буюу ажил олгогчийн санаачилгаар цуцалсан үндэслэлүүд хамаарч байна.

 

Талууд харилцан тохирч хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тохиолдолд ажилтны хувьд ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөлд өртөөгүй байх, хэн аль нь хөдөлмөрийн харилцааг цуцлах хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрсөн байж сая хүчин төгөлдөр болох бөгөөд хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэрт баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэлтэй тохирсон байх шаардлагатай.

 

Хавтас хэрэгт цугларсан баримт, хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбараар нэхэмжлэгч М.Энь РТБ шийдэлд дэмжлэг үзүүлэх ахлах шинжээчийн ажил, албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй байсан ба хөдөлмөрийн гэрээг ажил олгогчтой харилцан тохирч дуусгавар болгосон болох нь тогтоогдохгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн үндэслэлээр ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцалж болох бөгөөд энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэхээр хуульд заасан.

 

Хариуцагч ОТХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021.03.03-ны өдрийн №9/21 дугаар ОТХХК-ийн зарим газар, хэлтсийн бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай тушаалаар компанийн зарим газар, хэлтсийн бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн баталсан байх ба тушаалын 3 дугаар хавсралтаар РТБ шийдэлд дэмжлэг үзүүлэх ахлах шинжээч-ийн орон тоог хасах шийдвэр гаргажээ.

 

Үүний дагуу хариуцагчаас 2021.03.05-ны өдөр Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл хүргүүлж, уг мэдэгдэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээг 2021.04.19-ний өдрөөр цуцлах болсныг, цаашлаад хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаатай холбоотой шаардлагатай мэдээллийг дурджээ.

 

Мөн дахин 2021.04.16-ны өдөр Хөдөлмөрийн гэрээг цуцлах өдөрт өөрчлөлт оруулах тухай мэдэгдэл хүргүүлж, хөдөлмөрийн гэрээ цуцлах хугацаа өөрчлөгдөж, хөдөлмөрийн гэрээг Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 91 дүгээр тогтоолоор тогтоосон бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, хөл хориог цуцалсан өдрөөс хойш /хэрэв хөл хориог сунгасан бол сунгасан хугацаа дууссанаас хойш/ ажлын 4 дэх өдрөөр цуцлах болсныг мэдэгдэж, өмнөх мэдэгдэлд дурдсан нөхцөлүүдэд өөрчлөлт ороогүй болохыг тэмдэглэсэн байна.

 

Дээрх мэдэгдлүүд нь ажил олгогч хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах хүсэл зоригтой байсны бодит илэрхийлэл бөгөөд энэ хүртэл нэхэмжлэгчийн зүгээс болон талуудын хэн аль нь хөдөлмөрийн харилцааг харилцан тохиролцож дуусгавар болгох талаар аливаа яриа хэлэлцээр, санал гаргаагүй, энэ талаар баримт хэрэгт байхгүй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгчийн ... хөдөлмөрийн гэрээг цуцлах мэдэгдлийг удаа дараа өгсөн болон ам бүл олон, 3-17 насны 4 хүүхэдтэй, гэр бүлийн хүн эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг амьдралын нөхцөл байдлаас шалтгаалж дотооддоо зарласан ажлын байранд анкет өгсөн ... , хариуцагчийн ... нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээг цуцлах мэдэгдэл авсан хугацаандаа компанийн дотоодод зарлагдсан ажлын байрны сонгон шалгаруулалтанд өөрийн хүсэлтээр оролцсон ... гэх тайлбар, гэрч Б.Б ... ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцлах хугацаанд өөрчлөлт оруулах тухай мэдэгдэл өгсөн ... тэр заасны дагуу 2021.05.13-ны өдрөөр цуцлахаар заасан ... гэх мэдүүлэг болон үзлэгийн тэмдэглэлээр бэхжүүлэгдсэн нэхэмжлэгч М.Э хариуцагч байгууллагын хөдөлмөрийн харилцааны багийн OTE..................... цахим хаягт 2021.07.01-ний өдөр илгээсэн ... 2021.03.05-нд хөдөлмөрийн гэрээг цуцлах мэдэгдэл авсны дагуу миний бие ажлаас халагдах нь тодорхой гэж ойлгосон ... , T................. хаягт 2021.03.22-ны өдөр илгээсэн ... надад миний ажлын байр цомхотголд орох тухай ямар ч ойлголт төрөөгүй, гэнэтийн шийдвэр гаргасан мэт ... , ОТХХК-ийн дотоод teams chat-аар Э.Ц 2021.04.22-ны өдөр илгээсэн ... миний тушаал 4 сарын 25-наар ирэх үү надад ажлаас халагдсан тушаал өгнө биз дээ ... гэх мэйл зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн хувьд хөдөлмөрийн гэрээг цуцлах хүсэл зориг байгаагүй, харин ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл өгсөн хугацаанд компанийн дотоодод зарлагдсан ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцож, шалгаруулалтанд тэнцэж, улмаар компанийн Үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны сургалтын хэлтэст Сургалтын зохицуулагчийн ажил, албан тушаалд томилогдсон болох нь тогтоогдож байна.

 

Хариуцагч маргаж буй үндэслэлдээ ... М.Энь РТБ шийдэлд дэмжлэг үзүүлэх ахлах шинжээчийн ажлын байрны орон тоо хасагдах 2021.05.13-ны өдрөөс өмнө буюу 2021.04.26-ны өдрөөс эхлэн компанийн Боловсон хүчин бүтэц зохион байгуулалт-Үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны сургалтын хэлтэст сургалтын зохицуулагчаар ажиллаж эхэлсэн нь түүнийг 2016.12.07-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.1-д заасны дагуу дуусгавар болгохыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ ... гэсэн нь бодит байдалд нийцээгүй байна.

 

Тухайлбал хэргийн оролцогчийн хүсэлтийн дагуу хийгдсэн үзлэгийн тэмдэглэл, хавсралт баримтаар нэхэмжлэгчийн ....................... цахим хаягаас компанийн ажилтан ...............)-г хаягт 2021.04.07-ны өдөр илгээсэн чатанд ... hi T........ traninh Coordinator ажлын байр зарлагдсан байсан, энэ талаар мэдээлэл өгөөч хө, манай BP Ц чамаас мэдээлэл аваарай гэсийн ..., сургалт хариуцсан менежер Ч.Н ................ хаягаас 2021.04.22-ны өдрийн и-мэйлд ... Ажлын санал ... таныг сургалтын төлөвлөгчийн ажлын байранд ажиллуулах саналыг үүгээр хүргүүлж байгаадаа баяртай байна ... , хариуцагч байгууллагын хөдөлмөрийн харилцааны багийн OT.........................  цахим хаягаас 2021.07.01-ний өдөр нэхэмжлэгчид илгээсэн и-мэйлд ... та хөдөлмөрийн гэрээг цуцлах мэдэгдэл авсан хугацаандаа компани дотор зарлагдсан ажлын байруудаас Сургалтын зохицуулагч гэх ажлын байранд өргөдөл, анкетаа өгч улмаар хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын журмын дагуу сонгон шалгаруулалтанд орсон ... , компанийн хүний нөөцийн бүрдүүлэлтийн системд хадгалагдсан сонгон шалгаруулалтанд оролцогч, өргөдөл гаргагчдын нэрсийн жагсаалт, нэхэмжлэгчийн сонгон шалгаруулалтанд оролцох тухай хүсэлт, хувийн танилцуулга, ажилд бүртгүүлэх өргөдлийн маягт болон гэрч Ч.Н. ... ярилцлагад орж байгаа хүнээс дундаж оноогоор гарч ирдэг, М.Э17 оноо авсан санагдаж байна ... , гэрч Ш.А. ... Э. 2021.04 дүгээр сард сургалтын мэргэжилтэн, сургалтын зохицуулагч, мэдээлэл бүртгэл үйлчилгээний ажилтан гэсэн гурван ажлын байранд материалаа ирүүлсэн ... гэх мэдүүлэг, ур чадварт суурилсан ярилцлагын онооны баримт, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар зэргээр нэхэмжлэгчийг 2021.04.26-ны өдөр сургалтын зохицуулагчийн ажил, албан тушаалд томилсон нь түүнтэй байгуулсан өмнөх хөдөлмөрийн гэрээг цуцалсан асуудалтай холбоогүй, харин нэхэмжлэгчийг зохих журмын дагуу сонгон шалгаруулалтанд орж тэнцсэний үндсэн дээр тухайн ажилд томилсон байна.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч М.Э.2021.04.26-ны өдөр компанийн сургалтын зохицуулагчийн албан тушаалд 1 жилийн хугацаатай томилж, ажилд авсан нь түүнтэй байгуулсан өмнөх хөдөлмөрийн гэрээ буюу РТБ шийдэлд дэмжлэг үзүүлэх ахлах шинжээчийн ажил, албан тушаалын хөдөлмөрийн харилцааг талууд харилцан тохирч, Хөдөлмөрийн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан үндэслэлээр дуусгавар болгосон гэж үзэх үндэслэл болохгүй.

 

Нөгөө талаар хариуцагчийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай 2021.04.26-ны өдрийн №Б3425 дугаар тушаал нь мэдэгдэлд зааснаас өөр үндэслэлээр буюу ажилтантай харилцан тохирсон гэсэн үндэслэлээр гарсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг зөрчсөн.

 

Учир нь ажилтныг ажлаас халах, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал, шийдвэр нь эрх зүйн акт болохын хувьд түүнд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтныг ажлаас халсан бодит үндэслэлтэй тохирч байх шаардлагатай бөгөөд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байх шаардлагатай.

Хариуцагч ОТХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021.03.03-ны өдрийн №9/21 дугаар ОТХХК-ийн зарим газар, хэлтсийн бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай тушаалаар компанийн газар, хэлтсийн бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн баталсан байх ба тушаалын хавсралт 3-д Мэдээлэл технологийн хэлтсийн орон тооноос РТБ шийдэлд дэмжлэг үзүүлэх ахлах шинжээч-ийн ажлын байрыг хасах шийдвэр гаргажээ.

 

Гэвч гүйцэтгэх захирлын 2021.04.16-ны өдрийн №14/21 дугаар Тушаалд өөрчлөлт оруулах тухай тушаалаар ажлын байр, орон тоо хассан дээрх тушаалын хэрэгжих хугацааг өөрчилж Засгийн газрын 2021 оны 91 дүгээр тогтоолтой уялдуулж, бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, хөл хориог цуцалсан өдрөөс хойш ажлын 4 дэх өдрөөр хасах гэж өөрчилж, энэ талаар мэдэгдлийг нэхэмжлэгчид 2021.04.16-ны өдөр хүргүүлсэн байна.

 

Үүнээс үзэхэд хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн шийдвэр гарах хугацаанд нэхэмжлэгчийн ажлын байр хэвээр хадгалагдаж байсан байх ба энэ талаар гэрч Б.Б ... ахлах шинжээчийн ажлын байр 2021.05.13-ны өдрийг хүртэл байсан ... гэж мэдүүлжээ.

 

Хөдөлмөрийн тухай 129 дүгээр зүйлийн 129.2-т ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан.

 

Хариуцагч хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай 2021.04.26-ны өдрийн №Б3425 дугаар тушаалыг 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн болох нь нэхэмжлэгчийн ... ажлаас чөлөөлсөн тушаалыг 2021.06.28-ны өдрийн 11 цаг 20 минутанд танилцаж, хүлээн авсан ... гэх тайлбар болон ажлаас халсан шийдвэрт бичигдсэн нэхэмжлэгчийн гарын үсэг бүхий тэмдэглэгээ, үзлэгийн тэмдэглэлээр бэхжүүлэгдсэн ................ n цахим хаягт нэхэмжлэгчийн илгээсэн 2021.07.01-ний өдрийн илгээсэн мэйлд ... ийм нөхцөлд 2021.06.28-ны өдөр надад гаруулж өгсөн, хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурах боломжгүй байна ... , Э.Ц. Teams чатанд хийсэн үзлэгийн тэмдэглэлд ... 2021.05.10-ны өдөр Э. М.: Халагдах тушаал надад цаасаар ирэх билүү? Ц. Э.т: Юун тушаал, залгаад өөр ажилд орсон тийм юм байхгүй гэж тэмдэглэгдсэн байдал зэргээр тогтоогдож байна. Тодруулбал хариуцагч тал тушаал, шийдвэрийг нэхэмжлэгчид бичгээр 2021.06.28-ны өдөр анх танилцуулж, хүлээлгэн өгсөн талаар маргаагүй бөгөөд энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... 2021.04.26-ны өдрийн №Б3425 дугаар тушаалыг бичгээр 2021.06.28-ны өдөр хүлээлгэж өгсөн, өмнө нь мэйлээр явуулж байгаагүй ... гэжээ.

 

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... сургалтын зохицуулагчийн албан тушаалд ажиллаж эхэлсэн хугацаа буюу 2021.04.26-ны өдрөөс нэхэмжлэгчийн маргаж буй Рио Тинто бизнес шийдэлд дэмжлэг үзүүлэх ахлах шинжээчийн ажлын байрны хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон хугацаа тоологдоно ... ажлын байр нь компаниас түүнд хүргүүлсэн мэдэгдэлд дурдсаны дагуу хасагдсан болохыг мэдсэн атлаа 2021.07.26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн ... гэж тайлбарласан үндэслэл бүхий биш байна.

 

Учир нь нэхэмжлэгч өөр ажилд томилогдон ажилласан нь ажил олгогчийн шийдвэрт гомдол гаргах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн талаар ажилтны гомдол гаргах эрх нь ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс эхлэн тоологдоно. Тиймээс хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох талаар ажил олгогчийн мэдэгдэл нь хуульд заасан ажил олгогчийн шийдвэр-т хамаарахгүй, мэдэгдэл хүлээн авсан, эсхүл тухайн хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсныг ажилтан мэдэж байсан гэх үндэслэл нь хуульд зааснаар гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад ажлаас үндэслэлгүй халсан, хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалыг хүчингүй болгуулах гэсэн боловч энэ нь нэхэмжлэлийн бие даасан шаардлага бус харин ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл гэж үзнэ.

 

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч М.Э.хариуцагч ОТХХК-ийн РТБ шийдэлд дэмжлэг үзүүлэх ахлах шинжээчийн ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоов.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно, мөн хуулийн 46.1 Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй, хуулийн 46.2 Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэжээ.

 

Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 2018-2021 оны цалингийн суутгалын мэдээлэл, хариуцагч Оюутойлгой ХХК-ийн гаргасан цалингийн тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ зэргийг үндэслэн нэхэмжлэгч М.Э. РТБ шийдэлд дэмжлэг үзүүлэх ахлах шинжээчийн ажил, албан тушаалын нэг сарын дундаж цалин хөлсийг 9,044,810 төгрөгөөр тооцож, 2021.07.26-ны өдрөөс 2022.04.22-ны өдрийг хүртэл ажилгүй байсан 9 сарын цалин хөлс 81,403,290 төгрөг гаргуулах үндэслэлтэй.

 

Мөн нэхэмжлэгч 2021.04.26-ны өдрөөс 2021.07.26-ны өдөр хүртэл хариуцагч компанид Үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны сургалтын хэлтэст сургалтын зохицуулагчаар ажиллаж, 2021 оны 5 дугаар сард 6,412,276 төгрөг, 6 дугаар сард 6,411,472 төгрөг, 7 дугаар сард 5,171,427 төгрөг тус тус авч, цалингийн зөрүү буюу дутуу олгогдсон цалин 5 сард 2,632,534, 6 сард 2,633,338, 7 сард 3,873,383 төгрөг нийт 9,139,255 төгрөг болж байна. Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа болон дутуу олгогдсон цалингийн зөрүү 90,542,545 төгрөг болж байх боловч нэхэмжлэгчийн гаргасан шаардлагын хүрээнд ажилгүй байсан хугацааны цалин 88,790,108 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн ажилгүй байх хугацааны нийгмийн, болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт зохих журмын дагуу нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн хангасан дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 601.900 төгрөгийг хариуцагч ОТХХК-аас гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Э хариуцагч ОТХХК-ийн РТБ шийдэлд дэмжлэг үзүүлэх ахлах шинжээчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалин, олговорт 88,790,108 төгрөгийг хариуцагч ОТХХК-аас гаргуулж нэхэмжлэгч М.Э олгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар М.Э ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, зохих бичилт хийхийг хариуцагч ОТХХК-нд даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч ОТХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 601,900 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

5. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН