| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2017/0220/э |
| Дугаар | 275 |
| Огноо | 2017-05-18 |
| Зүйл хэсэг | 098.1., |
| Улсын яллагч | Д.Агар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 275
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Б.Билгүүн,
улсын яллагч Д.Агар,
хохирогч А.Дэлгэрмаа, түүний өмгөөлөгч Г.Мандахсайхан,
шүүгдэгч Б.Гантулга, түүний өмгөөлөгч Д.Мөнхдэлгэр, С.Цэмбэлмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Болдбаатарын Гантулгад холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201725010411 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Боржигон овогт Болдбаатарын Гантулга, 1986 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд болозсролтой, барилгын инженер мэргэжилтэй, "Петровие' ХХК-ийн барилга угсралтын албаны дарга ажилтай, ам бүл 5, эхнэр 2 хүүхэд, хадам ээжийн хамт Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 103/2-37 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, УС86090331 тоот регистрийн дугаартай,
Шүүгдэгч Б.Гантулга нь 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Хомеланд хотхоны гражид машин мөргөсөн гэх шалтгаанаар маргалдаж улмаар иргэн А.Дэлгэрмаагийн зүүн гар луу өшиглөж бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Гантулга шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа бол хүлээн зөвшөөрч байна. Хохирогч А.Дэлгэрмаагаас дахин уучлалт гуйж байна. Хэрэг болохын өмнөх оройноос хүүхэд маань өвдчихсөн шөнөжин эмнэлгээр яваад гэртээ ирээд яаралтай ажлаар буцаад гараад явж байсан. Тэгтэл урд явж байсан “Nissan x-trail” маркийн машин гражны хориглосон тэмдгээр урагшаа гарах гэж байгаад гэнэт ухраад миний машиныг мөргөсөн. Тэрнээс үүдээд жолооч болон жолоочийн хажууд сууж байсан 2 хүн гарч ирээд надтай зайгаа барьж явахад яадаг юм бэ гэж маргалдсан. Энэ явдал болоход манай эхнэр дулаан зогсоолын гадаа зогсож байсан, болсон явдлыг хараад доошоо бууж ирээд та нар мөргөчихлөө гэж хэлсэн чинь иргэн А.Дэлгэрмаа бууж ирээд эхнэртэй маань маргалдаад хэл амаар доромжлоод байсан. Би тэгэхээр нь Дэлгэрмаатай маргалдсан иргэн Дэлгэрмаа нь маргаан дундаа миний толгойн тус газар луу барьж байсан зайрмагаа шидсэн. Би хүүхэд өвдчихсөн жоохон бухимдалтай явж байсан, толгой руу барьж байсан юм аа шидэхээр нь уур бухимдлаасаа болоод гар руу нь өшиглөсөн нь үнэн. Гар руу нь өшиглөхдөө би яг санаатай гарыг нь хугалчихья гэж өшиглөөгүй. Болсон явдал бол миний хувьд бол маш том сургамж болж байна, болсон явдалд маш их харамсаж байна. Хохирогчийн эмчилгээний зардалд өмнөх хойшилсон шүүх хуралдаан дээр 500.000 төгрөгийг хохиролд тооцож өгөх гэхэд хохирогч аваагүй. Өнөөдрийн шүүх хуралдаанд хохиролд 1.500.000 төгрөгийг хохирогчид өгөхөөр авчирсан байгаа үүнийгээ хүсэлтийн хамт шүүхэд гаргаж өгч байна ” гэв.
Хохирогч А.Дэлгэрмаа шүүхийн хуралдаанд мэдүүлэхдээ: “Хэрэг болдог өдөр би эгчийнхрүүгээ явж байсан. Байрныхан гадаа очоод орцныхон кодийг мэдэхгүй байсан тул доод талын дулаан авто зогсоолоор дамжин орох гэсэн хаалттай байсан. Тэгээд ямар ч байсан орцныхон кодийг олоод орсон. Тэгээд эгчийндээ орчоод авто зогсоолоос гараад явж байсан чинь гражны үүдэнд нэг эмэгтэй зогсож байсан. Тэр эмэгтэйг харчаад би дотроо энэ эмэгтэй бас орцны код мэдэхгүй зогсож байгаа юм байна даа гэж тухайн үед бодож байсан. Тэрнээс бол би ард байгаа машинтай хүний эхнэр гэдгийн мэдээгүй. Тэгтэл машин урагшаа явж байснаа гэв гэнэт арагшаа ухран машинтай шүргэлцсэн. Тэгээд манай эгч, ах хоёр машинаасаа буусан. Би ойлголцоод машиндаа ороод ирэх байлгүй дээ гээд машиндаа сууж байсан. Тэгсэн дээр байсан эмэгтэй бууж ирээд гэв гэнэт та нар яагаад худлаа яриад байгаа юм бэ гэхээр нь би ах, эгчээ өмөөрхөөр буусан. Та юун хүн бэ? яагаад байхгүй байсан байж худлаа яриад байгаан гэж үгээ хэлж дуусаагүй байхад хэрүүл болсон. Тэгтэл энэ Гантулга манай машин руу 2 удаа хүчтэй өшиглөсөн. Буцаад машиндаа суух гэсэн Гантулга намайг аягүй муухайгаар чи гичий минь, би чамайг ална шүү гэж хараасан. Би Гантулгатай юу ч яриагүй, түүнийг хараачгүй байхад намайг тэгж муухайгаар хараасан. Тэгээд миний уур хүрээд Гантулгатай маргалдаад, идэж байсан зайрмагныхаа цаасыг шидсэн, тэгээд дундуур хүн хориод байхад над руу ирээд гар луу өшиглөсөн. Дундуур хүмүүс орж ирсэн тулдаа миний гар руу өшиглөсөн тэгээгүй бол миний гэдэс, бөөр рүү өшиглөөд би насараа тахир, дутуу болох байсан ч юм уу, би цаашдаа хүүхэдгүй болох ч байсан юм уу, миний хувьд аз нь таарч миний гар руу өшиглөсөн гэж бодож байгаа. Гар хугараад гэртээ 2 сар хэцүү байдалтай байсан. Ойр зуурынхаа юмыг ч хийж чадахгүй байсан. Миний зүүн гарны шуугаар 2 цуурсан, ядам хурууны хойд талаар цуурч, далийсан. Тэгээд миний гар хугарчаад уйлаад байж байхад Гантулга нь утсаа гаргаж ирээд бичлэг хийгээд зогсоод байсан, тэр нь надад үнэхээр муухай санагдсан. Гантулагын эхнэр нь ирж гар барьж үзэх гээд байсан, харсанаа хугарсан гар ийм байдаггүй юм гээд намайг тавлаад хэцүү байсан. Тэгээд би 30-40 минутын дараа цагдаа явсан. Би цагдаа явах гэж байх даа Гантулгын машиныг нь өшиглөсөн, тэгэхдээ тэгж хүчтэй өшиглөөгүй. Цагдаагийн гадаа очоод 2 цагдаа хажууд байхад Гантулга миний хөл рүү бас өшиглөсөн, тэр нь тэгээд хавдсан байсан. Би 2-3 сарын хугацаанд хүний асаргаанд байсан. Гантулга нь надад хэцүү байх хугацаанд нэг ч удаа залгаж, мессэж бичиж, уучлалт гуйгаагүй. Шүүх хуралдаан болохоос 14 хоногийн өмнөөс над руу залгаж уучлалт гуйсан, тэгэхдээ өөрөө ч биш аав нь надаас уучлалт гуйсан. Өөрийн биеэр уучлалт гуйсан юм байхгүй. Миний гар одоо хүртэл бүрэн эдгээгүй байгаа. Үнэхээр гомдолтой байна. Би Солонгос улс руу эмчилгээнд явж ирээд эмчилгээний төлбөр, бусад зардлыг хамт нэхэмжилнэ гэж бодож байгаа. Одоо надад өгөх гээд байгаа 1.500.000 төгрөгийг би авмааргүй байна, учир нь хоёрын хооронд ийм мөнгийг би авахгүй. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэг мөсөн нэхэмжилж авах хүсэлтэй байна. Би анх гарын шивнүүр ясыг гайгүй эдгэх байх гэж бодож байтал тэгээгүй хоорондоо муруй эдгэрсэн. Энэ хүн хэдэн сар шоронд суугаад л зүгээр гараад ирнэ, миний гар насан туршдаа ийм байдалтай болох гээд байна. Тиймээс миний бие Гантулгад маш их гомдолтой байна, улсын яллагчийн хэлж байгаа албадан ажил хийлгэх ялын санал хөнгөн байна гэж үзэж байна, иймд түүнд хуульд заасан хариуцлагыг оногдуулж өгнө үү” гэв.
Хохирогч А.Дэлгэрмаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 14 цаг 30 минутын орчим эгч Лхагвадулам, хүргэн ах Бадрал, тэдний 3 настай хүүхдийн хамтаар Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Хомеланд хотхоны 103 дугаар байрны 1 дүгээр байрны доод талын гражнаас машинд суугаад хөдөлсөн. Машиныг эгч Лхагвадулам жолоодож байсан бөгөөд бид нар гражнаас дээш гарах үед машины урд талаас машин явахад тоормослосон чинь хүч алдаад хойшоо ухарсан. Ухрахдаа ард талд байсан цагаан өнгийн 44-40 УНТ улсын дугаартай машиныг мөргөчихсөн. “...Тэгж байгаад нөгөө залуу намайг жингэр, гичий гэж дуудаад ална шүү гэсэн, тэр үед миний уур хүрээд идэж дуусаж байсан зайрмагны гадна талын цаасаа араас нь шидсэн, тэгсэн чинь хүрч ирээд шууд биеийн дагуу унжиж байсан гар руу буюу бие рүү өшиглөсөн…” гэсэн мэдүүлэг. /хх-18/,
Шүүх эмнэлгийн шинжээчийн эмчийн үзлэг хийсэн акт №1938 дүгнэлт.
Гэрч А.Алтангэрэл мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 25, 26 дугаар хороонд Улиастай 114 дуудлагатай машинт эргүүлийн чиглэлд үүрэг гүйцэтгэж байхад өдөр 16 цагийн орчим Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Хомеланд хотхоны гражид эмэгтэй хүнийг зодоод байна гэх дуудлагын дагуу очсон. “...очиход зодуулсан гэх эмэгтэй байсан ба зодолдоод удаагүй юм шиг харагдсан. Зодсон хүн нь хаана байгаа талаар асууж тодруулахад хажууд нь өндөр биетэй махлаг залуу зогсож байсан…” гэсэн мэдүүлэг. /хх-21/,
Гэрч Б.Бадрал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...тэр үед ахиад маргалдаад байж байхад манай эхнэр Дэлгэрмаа нар хажуунаас орж ирж маргалдсан тэгсэн нөгөө залуу Дэлгэрмааг жингэр, гичий зэрэг үгээр хэлэхэд нь Дэлгэрмаа идэж байсан зайрмагаа нөгөө залуу руу шидэхэд нөгөө залуу эргэж хараад Дэлгэрмаагийн унжиж байсан зүүн талын гар руу нь өшиглөсөн…” гэсэн мэдүүлэг. /хх-22/,
Гэрч Э.Оюун-Эрдэнэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...би ямар нэгэн үйлдэл үзүүлэлгүй хараад л байсан, тэр үед нөгөө охин харааж байгаад гартаа барьсан зайрмагаа манай нөхрийн толгой руу шидэхэд толгойд нь оночихсон. Манай нөхөр яаж байнаа гээд буцаад очоод маргалдаад байхаар нь би салгасан. Тэр үед бужигнаад юу болж байгааг хараагүй. Тэгээд байж байхад нөгөө охин гар хугалчихлаа гээд орилсон...” гэсэн мэдүүлэг. /хх-24/,
Гэрч Ч.Лхагвадулам мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...жолооч залуу эргэж хараад хүрч ирээд уурлаж давшлаад Дэлгэрмаа руу дайрсан, тэр үед би дүүгээ аргадах гээд одоо боль гээд аргадах гээд зогсож байхад жолооч залуу Дэлгэрмаагийн бие рүү өшиглөхөд гар нь оногдсон. Тэгсэн яаж байгаа юм бэ хугалчихлаа шдээ их өвдөж байна…” гэсэн мэдүүлэг. /хх-28/,
Иргэн Ч.Лхагвадуламын гомдол /хх-5/, Б.Бадралын өргөдөл /хх-6/, Э.Оюун-Эрдэний өргөдөл /хх-7/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-11/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-12/, камерын бичлэг /хх-13/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-14/, камерын бичлэг /хх-15/, эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол /хх-16/, хохирогч А.Дэлгэрмаагийн мэдүүлэг /хх18-19/, гэрч А.Алтангэрэлийн мэдүүлэг /хх-21/, гэрч Б.Бадралын мэдүүлэг /хх-22/, гэрч Э.Оюун-Эрдэний мэдүүлэг /хх24-25/, гэрч Б.Мөнгөнчимэгийн мэдүүлэг /хх-26/, гэрч Ч.Лхагвадуламын мэдүүлэг /хх27-28/, шинжилгээ хийлгэх тогтоол /хх-29/, шинжээчийн №1938 дугаартай дүгнэлт /хх-31/, хохирогч А.Дэлгэрмаагийн гарны рентгэн зураг /хх-33/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх35-36/, сэжигтнээр тооцох тогтоол /хх-39/, сэжигтэн Б.Гантулгын мэдүүлэг /хх40-42/, яллагдагч Б.Гантулгын мэдүүлэг /хх-44/, Б.Гантулгын ял шалгах хуудас /хх-47/, хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх49-57/, өмгөөлөгч Г.Мандахсайханы хүсэлт /хх60-61/, прокурорт шилжүүлэх тогтоол /хх64-65/, хохирогч А.Дэлгэрмаагийн өргөдөл /хх56-57/, эмчилгээний баримтууд /хх97-108/, шүүхэд шинээр гаргаж өгсөн хохирлын баримтууд, 3 ширхэг рентгэн зураг, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мөнхдэлгэрийн шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн баримтууд нийт 19 хуудас /хх-126-145/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч Б.Гантулгын хувийн байдлыг тодорхойлсон баримтад түүнийг захиргааны зөрчил гаргаж байсан талаарх мэдээлэл авагдсан ба шүүгдэгч нь энэ захиргааны зөрчлийг гаргаагүй тухайн үед гадаад улсад байсан талаарх Хил хамгаалах ерөнхий газрын албан бичиг, Цагдаагийн ерөнхий газрын албан бичиг зэргийг өмгөөлөгч шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн тул дээрх захиргааны зөрчлийн талаарх баримтыг шүүх нотлох баримт гэж үзээгүй болохыг дурьдаж байна.
Шүүгдэгч Б.Гантулга нь 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Хомеланд хотхоны авто зогсоолд машин мөргөсөн гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж иргэн А.Дэлгэрмаагийн бие махбодид зүүн гар луу өшиглөж бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь
Хохирогч А.Дэлгэрмаагийн: “...Тэгж байгаад нөгөө залуу намайг жингэр, гичий гэж дуудаад ална шүү гэсэн, тэр үед миний уур хүрээд идэж дуусаж байсан зайрмагны гадна талын цаасаа араас нь шидсэн, тэгсэн чинь хүрч ирээд шууд биеийн дагуу унжиж байсан гар луу буюу бие рүү өшиглөсөн” гэсэн мэдүүлэг,
Шүүх эмнэлэгийн шинжээчийн эмчийн үзлэг хийсэн акт №1938 дүгнэлтэд “А.Дэлгэрмаагийн биед зүүн гарын ядам хурууны алга ясны ташуу сэлтэрсэн хугарал, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо” гэсэн дүгнэлт,
Гэрч Б.Бадралын: “...Дэлгэрмаа идэж байсан зайрмагаа нөгөө залууруу шидэхэд нөгөө залуу эргэж хараад Дэлгэрмаагийн унжиж байсан зүүн талын гар луу нь өшиглөсөн…” гэх мэдүүлэг,
Гэрч Э.Оюун-Эрдэнийн: “...би ямар нэгэн үйлдэл үзүүлэлгүй хараад л байсан, тэр үед нөгөө охин харааж байгаад гартаа барьсан зайрмагаа манай нөхрийн толгой руу шидэхэд толгойд нь оночихсон. Манай нөхөр яаж байнаа гээд буцаад очоод маргалдаад байхаар нь би салгасан. Тэр үед бужигнаад юу болж байгааг хараагүй. Тэгээд байж байхад нөгөө охин гар хугалчихлаа гээд орилсон...” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Б.Гантулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.Гантулгад бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, хуульд заасан ял шийтгэхээр шийдвэрлэв.
Хохирогч А.Дэлгэрмаа нь хавтаст хэрэгт эмчилгээнд зарцуулсан талаарх нотлох баримтуудыг гаргаж өгсөн бөгөөд дээрх баримтууд нь нийт 992.810 төгрөгийн баримт цугларчээ.
Шүүгдэгч Б.Гантулгаас хохирогч А.Дэлгэрмаагийн эмчилгээний зардалд өөрийн сайн дураар 1.500.000 төгрөгийг шүүхийн хэлэлцүүлэгт өгөх талаар хүсэлт гаргасан боловч хохирогч авахаас татгалзсан тул шүүх шүүгдэгчээс хохирогчийн эмчилгээнд зарцуулсан нотлох баримт бүхий бодит зардлыг гаргуулж, илүү төлбөрийг буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Гантулгаас шүүх хуралдаанд хохирогч А.Дэлгэрмаад өгөхийг хүссэн 1.500.000 төгрөгөөс 992.810 /есөн зуун ерэн хоёр мянга найман зуун арав/ төгрөгийг хохирогч А.Дэлгэрмаад олгож, үлдэх 507.190 /таван зуун долоон мянга нэг зуун ер/ төгрөгийг шүүгдэгч Б.Гантулгад буцаан олгохоор шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Б.Гантулга нь үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал ба хохирогч гомдолтой, цаашид гадаад улсад өөрийн гэмтлийг эмчлүүлэхэд гарах зардлаа нэхэмжилнэ гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн болно.
Шүүх шүүгдэгч Б.Гантулгад ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, хохирогч гомдолтой зэрэг байдлыг харгалзан үзэж шүүхээс хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасан жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг рентгэн зураг, дүрс бичлэг бүхий 2 ширхэг сиди зэргийг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар Б.Гантулгыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг рентгэн зураг, дүрс бичлэг бүхий 2 ширхэг сиди зэргийг хэрэгт хавсаргасугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Гантулга нь цагдан хоригдсон хоноггүй болохыг болохыг дурьдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Гантулгаас шүүх хуралдаанд хохирогч А.Дэлгэрмаад олгохоор өгсөн 1.500.000 төгрөгөөс 992.810 /есөн зуун ерэн хоёр мянга найман зуун арав/ төгрөгийг хохирогч А.Дэлгэрмаад олгож, үлдэх 507.190 /таван зуун долоон мянга нэг зуун ер/ төгрөгийг Б.Гантулгад буцаан олгосугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Гантулгад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол, эсэргүүцлийг хүлээж авснаас хойш 3 хоногийн дотор хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх журамтай болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР