| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
| Хэргийн индекс | 183/2021/03406/И |
| Дугаар | 183/ШШ2021/02692 |
| Огноо | 2021-11-23 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 183/ШШ2021/02692
|
| ||
| 2021 оны 11 сарын 23 өдөр | Дугаар 183/ШШ2021/02692 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.С
Хариуцагч: Л
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: ............шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....Миний бие БНХАУ-ын иргэн Л-тэй 2015 онд дотносон танилцаж, 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр бидний хүү Л.Б төрсөн. Л нь 2017 онд Монголд амьдарч чадахгүй гээд Монголоос явснаас хойш 4 жилийн хугацаанд тусдаа амьдарсан, 2 жил орчим огт уулзаагүй. Хамт амьдарч байхдаа ихэвчлэн уурлуулж, гомдоож байсан бөгөөд дахиж хэзээ ч эргэхгүйгээр сэтгэл хөрсөн. Бид шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч эвлэрээгүй. Цаашид бид хамтран амьдрах боломжгүй учир эвлэрэх хугацаа олголгүйгээр гэрлэлтээ цуцалж, хүү Баярыг миний асрамжид үлдээж өгнө үү. Бид тохиролцсоны үндсэн дээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Миний гэр хотхон 0000 тоот, 117м2 байрыг хүү Л.Б-үлдээхээр тохиролцсон. Хүүхдийн тэтгэлэгтэй холбоотой маргаан байхгүй” гэв.
Хариуцагч БНХАУ-ын иргэн Л шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Би 2013 онд Монгол Улсад ирсэн ажил хийхээр ирсэн бөгөөд нэхэмжлэгч С.С тай 2015 онд танилцаж, улмаар бидний хүү Л.Б 2016 онд төрж, бид 2017 онд Хятад улс руу явсан. Сүүлд Ковид-19 цар тахлаас болж Монголд ирж чадахгүй байсан. 2021 оны 9 дүгээр сард С.С надад урилга явуулаад би ирсэн. Тэгээд бид ойрын 2, 3 жил хэл ам, хэрүүл маргаангүй байсан. С.С нь 2019 онд БНХАУ-ын Бээжин хотын сургуульд суралцсан боловч одоог хүртэл төгсөөгүй байгаа. Сүүлд 2021 оны 7 сард гэнэт над руу залгаад би чамд хайргүй болсон гэсэн. Хэрүүл хийж байсан үе байсан ч миний бодлоор бол тэр нэг их асуудал биш. Одоо би хүүгээ бодоод, гэр бүлээ бодоод, ирээдүйгээ бодоод салахыг хүсэхгүй байна. Одоо байгаа орон сууц нь миний нэр дээр байж байгаад дараа нь бид хоёрын нэр дээр болгосон. Орон сууцаа одоо нэрийг нь шилжүүлэхгүй байж байгаад миний хүү 18 нас хүрсний дараа хүүгийнхээ нэр дээр шилжүүлж өгнө. Хүү том болоод орон сууцаа зарах уу, солих уу, амьдрах эсэхээ өөрөө мэднэ биз гэж бодож байна” гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.С нь хариуцагч БНХАУ-ын иргэн Л д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа болон хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, зохигчдын тайлбар зэргээр С.С , БНХАУ-ын иргэн Л нар 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдөр гэр бүл болсноо 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлж, тэдний дундаас 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүү Л.Б төрсөн болох нь тогтоогдож байна.
Гэрлэгчид гэр бүлийн маргаанаа шийдвэрлүүлэхээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч эвлэрүүлэх ажиллагаа нь амжилтгүй болсон байна.
Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “гэрлэлт” гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч С.С цаашид хамтын амьдрал үргэлжлэх боломжгүй, эвлэрэх хугацаа олгохгүйгээр гэрлэлтийг цуцалж өгнө үү гэж тайлбарласан тул шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь хуулийн дээрх заалтад нийцнэ гэж үзлээ.
Хүү Л.Б нь 5 настай эхийн асрамжид байх бөгөөд талууд хүүхдийн асрамжийн талаар маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү Л.Быг эх С.С ын асрамжид үлдээж, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг шаардахгүй гэж тайлбарласан боловч Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Л.Быг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Л рээр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т ...хүүхэд эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй гэж зааснаар эцэг БНХАУ-ын иргэн Л хүүхэдтэйгээ уулзах эрх нь нээлттэй.
Гэрлэгчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг, мөн зохигчид улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, үйлдвэр туул гол гудамж, 60в байр,00 тоот хаягт байршилтай, 117 м.кв талбайтай, 4 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хүү Л.Быг 18 насанд хүрмэгц түүний нэр дээр шилжүүлэхээр талаар харилцан тохиролцсоныг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.3-т хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулахаар хуульчилсан, хэргийн оролцогч нь БНХАУ-ын иргэн байх тул шүүх түүнд өөрийн эх хэлээр шүүхэд тайлбар, мэдүүлэг өгөх, үг хэлэх эрхийг нь эдлүүлж, хариуцагчийн сонгосон Монголын мэргэшсэн орчуулагчдын хөгжлийн холбооны орчуулагч, БНХАУ-ын иргэн, щорчуулагчаар оролцуулж, хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж өгсөн болохыг мөн дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, дахь хэсэгт заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.С, Л нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү Л.Быг эх С.С ын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар тэтгэлгийн хэмжээг хүү Л.Быг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшний хэмжээгээр тогтоож, эцэг БНХАУ-ын иргэн Л с сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар мөн хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг БНХАУ-ын иргэн Л д, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх С.С нарт тус тус даалгасугай.
5. Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн тухайд, гэрлэгчид улсын бүртгэлийн Ү-0000 дугаартай, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, үйлдвэр туул гол гудамж, 60в байр, 00 тоот хаягт байршилтай, 117 м.кв талбайтай, 4 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хүү Л.Быг 18 насанд хүрмэгц түүний нэр дээр шилжүүлэхээр тохиролцсоныг дурдсугай.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 53 дугаар зүйлийн 63.1.5-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээер үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 0000 төгрөг гаргуулан улсын орлогод тус тус оруулсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлиен 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ