| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
| Хэргийн индекс | 183/2021/03381/И |
| Дугаар | 183/ШШ2021/02687 |
| Огноо | 2021-11-23 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 183/ШШ2021/02687
|
| ||
| 2021 оны 11 сарын 23 өдөр | Дугаар 183/ШШ2021/02687 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Э
Хариуцагч: О.Ө
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э , хариуцагч О.Ө , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие О.Ө тай 2010 онд гэр бүл болсон бөгөөд бидний дундаас хүү Ө.А , охин Ө.Н нар төрсөн. Манай нөхөр сүүлийн хэдэн жилүүдэд хувийн зан ааш нь эрс өөрчлөгдөж шалтгаангүй хардаж, хэл амаар доромжлон сэтгэл зүйн дарамт үзүүлдэг болсон бөгөөд байнгын хэрүүлтэй байж сэтгэл санааны гүн хямралд орсны улмаас бид 2 жил орчим тусдаа амьдарч байна. Удаа дараа эвлэрэх оролдлого хийж 2020 онд эвлэрүүлэн зуучлахаар орж эвлэрсэн боловч удалгүй эргэн салж тусдаа амьдарч байгаа. 2021 оны 8 дугаар сард дахин эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч эвлэрээгүй, одоо хамт амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Өөрийн хүүхдүүдийг хэний асрамжид үлдэхийг хүүхдийн үзэл бодлыг сонсож шүүхээр шийдүүлнэ. Хүүхдүүд аавын асрамжид үлдэх саналтай байвал миний зүгээс хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй. Би Сакура дунд сургуульд багшилдаг учир 1 хүүхдийг сургалтын төлбөрөөс чөлөөлдөг тул би хүүхдүүдийн боловсролд хувь нэмрээ оруулж байна гэж үзэж байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй” гэв.
Хариуцагч О.Ө шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд эхнэр бид 2 тусдаа амьдраад 1 жил гаран болж байна. Бид 2 дундаасаа хүүхэдтэй, хүү Ө.А 10 настай, охин Ө.Н 8 настай. Эхнэр бид хоёр тусдаа амьдарснаас хойш хүүхдүүд маань миний асрамжид, эхнэр биднээс тусдаа хол амьдарч байгаа. Миний зүгээс хүү, охиноо өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Хүүхдүүд маань хоорондоо ойрхон настай, нэг нэгэндээ ханьтай тул ямар ч тохиолдолд нэг нэгээр салгахгүй бодолтой байна. Бид урьд нь шүүхийн эвлэрүүлэн зуучлалаар орсон боловч эвлэрээгүй, эхнэр маань хүүхдүүдээ орхиод явсан. Миний зүгээс бүх боломж нөхцөлөөр эхнэрийгээ дэмждэг, цаашид амьдралаа үргэлжлүүлэхийг хүсдэг байсан боловч хүсэл минь талаар болсон. Миний бие хүүхдүүдээ боловсролтой, амар амгалан, зөв хандлагатай хүн болгон өсгөн хүмүүжүүлнэ. Би эх болон эцгийн үүргийг давхар гүйцэтгэсээр 10 гаруй жил болж байна. Цаашид ч ийм байх болно. Иймд гэрлэлт цуцалж, хүүхдүүдийн өөрсдийн саналыг асууж, эцэг миний асрамжид үлдээж өгнө үү. Эд хөрөнгийн маргаан байхгүй, Б.Э ээр эхийн үүргийг нь гүйцэтгүүлмээр байна” гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч О.Ө ад холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа болон хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, зохигчдын тайлбар зэргээр Б.Э , О.Ө нар нь 2009 оны 8 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болсноо 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлж, тэдний дундаас 2011 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүү Ө.А , 2013 оны 7 дугаар сарын 26-ны өдөр охин Ө.Н нар төрсөн болох нь тогтоогдож байна.
Гэрлэгчид гэр бүлийн маргаанаа шийдвэрлүүлэхээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалд удаа дараа хандсан боловч эвлэрүүлэх ажиллагаа нь амжилтгүй болсны улмаас шүүхэд хандсан байх тул шүүх Б.Э , О.Ө нарт Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Талууд хүүхдийн асрамжийг хүүхдүүдийн саналд үндэслэж шийдвэрлэх талаар харилцан тохиролцсон байх тул шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-т зааснаар 2011 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн 10 настай, хүү Ө.А , 2013 оны 7 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 8 настай охин Ө.Н нарын саналыг асуусан. Хүүхдүүдийн хэн аль нь аавын асрамжид үлдэх хүсэлтэйгээ шүүхэд илэрхийлсэн тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан хүүхдүүдийг эцэг О.Ө ын асрамжид үлдээхээр шийдвэрлэв.
Хариуцагч шүүхийн хэлэлцүүлгийн явцад хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шаардаагүй боловч шүүх гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэхдээ хүүхдийн тэтгэлгийн асуудлыг хамтатган шийдвэрлэх боломжтой, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь хүүхдүүдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Ө.А , охин Ө.Н нарыг 11 насанд хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус эх Б.Э ээр тэжээн тэтгүүлэх нь хуульд нийцнэ.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т ...хүүхэд эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй гэж зааснаар эх Б.Э хүүхдүүдтэйгээ уулзах эрх нь нээлттэй болохыг гэрлэгчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Э, О.Ө нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.7 дахь хэсэгт зааснаар 2011 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн хүү Ө.А , 2013 оны 7 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин Ө.Н нарыг эцэг О.Ө ын асрамжид үлдээсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсгүүдэд зааснаар мөн хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Б.Э , энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эцэг О.Ө нарт тус тус даалгаж, гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар Б.Э , О.Ө нар нь эвлэрснээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтийг сэргээж болохыг дурдсугай.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс хүүхдийн тэтгэлэгт ноогдох улсын тэмдэгтийн хураамжид 60 780 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод тус тус оруулсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ