| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2019/00565/И |
| Дугаар | 182/ШШ2019/00752 |
| Огноо | 2019-04-30 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 182/ШШ2019/00752
| 2019 оны 04 сарын 30 өдөр | Дугаар 182/ШШ2019/00752 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.У-н нэхэмжлэлтэй
Хариуцагч: Т.А-т холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.У, хариуцагч Т.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ш.Ундраа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: С.У миний бие 2008 онд А-тай танилцаж, 2009 оны 12 сарын 04-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж, гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2010 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүү А.Ттөрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2012 оноос би оюутан байсан, А дөнгөж ажил хийж эхэлж байсан, ажил ихтэй байсан, бие биеэ ойлгохгүй, хардалтын улмаас салж тусдаа амьдрах болсон. Дунд нь 2012 оны 12 сараас нэг удаа эргэн нийлж амьдрах гэж оролдсон боловч бүтээгүй, тэгээд 2013 оны 01 сараас хойш бүр мөсөн тусдаа амьдарсан. Энэ хугацаанд хүү маань миний асрамжид өссөн. Шаардлагатай үед аав руу нь залгаж, мөнгөн тусламж авч байсан. Одоо Т.А тусдаа амьдралтай, гэр бүлтэй болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Иймд гэрлэлтээ цуцлуулж, хүү А.Т-г өөрийн асрамжид авна, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулна. Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ямар нэгэн маргаангүй гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид танилцаад 2009 оны 12 дугаар сард хүүхэдтэй болсон. Тухайн үед би ажил хийдэг байсан бөгөөд гэр бүлийн уур амьсгал хүйтэн, бидний харилцаа таарамжгүй байсан. Ингээд бид таарч тохирхоо больж 2012 оноос тусдаа амьдарсан. 2012 оны 12 сард эргэн нийлж амьдрах гэж үзсэн боловч бүтээгүй, 2013 оны 1 дүгээр сарын 08-ны өдрөөс өнөөдрийг хүртэл бид тусдаа амьдрах болсон. Одоо бид буцаж хамтран амьдрах боломжгүй болсон. Яагаад гэвэл би 2014 оноос тусдаа гэр бүлтэй болж хоёр хүүхэдтэй болсон. Одоогоор эхнэр хоёр хүүхдийн хамт амьдарч байгаа. Бидэнд эд хөрөнгийн маргаан байхгүй. Би гэрлэлтээ цуцлуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Мөн хүүхдийг эхийнх нь асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрч байна. Харин хүүхдийн тэтгэлэг төлөхөөс татгалзаж байна. Яагаад гэвэл С.У-н хүүхэд минийх мөн гэдэгт би эргэлзээтэй байна. Мөн надад өөрийн гэсэн эд хөрөнгө, орон гэр гэж байхгүй, ээжийнхээ гэрт амьдардаг, амьдралын боломж бололцоо муутай байгаа гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч С.У нь хариуцагч Т.А-т холбогдуулж гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас 2012 оноос тусдаа амьдарч, 2012 оны 12 сард эргэн нийлсэн боловч таарч тохироогүй, 2013 оны 01 сараас хойш өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байна, одоо эргэн нийлж амьдрах боломжгүй, Т.Аөөр гэр бүлтэй болсон, хүү А.Т миний асрамжид үлдсэн гэж тайлбарласан бөгөөд хариуцагч уг тайлбарын талаар маргаагүй, тэрээр гэрлэлтээ цуцлуулах, хүү А.Т-г эх С.У-н асрамжид үлдээхийг зөвшөөрч, харин хүүхдийн тэтгэлгэлийг төлөхгүй гэж маргав.
С.У, Т.Анар нь 2008 онд гэр бүл болсноо 2009.12.04-ний өдөр албан ёсоор бүртгүүлсэн байх ба, тэдний хамтран амьдрах хугацаанд 2010.03.07-ны өдөр хүү А.Т төрсөн, хүү А.Т нь Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 120 дугаар сургуулийн 3б ангид суралцдаг болох нь зохигчдын гаргасан тайлбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, түүнийг эрүүл бойжиж байгаа тухай өрхийн эмчийн тодорхойлолт, Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 120 дугаар сургуулийн тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдов.
Зохигчид гэр бүл болсноор Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т заасан бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, бие биеэ халамжлах, хүндэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүргийг хэн алиныхаа өмнө хүлээх бөгөөд, уг үүргээ зохигчдын хэн аль нь хангалттай сайн биелүүлж чадаагүй байна гэж шүүх дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл зохигчид үзэл бодол, зан харилцааны хувьд таарч тохирохгүй, С.У оюутан, Т.А ажлын гараагаа эхлүүлж байснаас шалтгаалж ар гэртээ болон бие биедээ анхаарал хандуулж чадаагүй хайр халамжаар дутааж, 2012 оны эхээр тусдаа амьдарсан, 2012 оны 12 сард эргэн нийлж амьдарсан боловч бие биеэ ойлгоогүйн улмаас 2013 оны 01 сараас өнөөдрийг хүртэл тусдаа амьдарсан, энэ хугацаанд хариуцагч Т.А өөр гэр бүлтэй болж эргэн нийлж амьдрах боломжгүй болсон, хариуцагч Т.А гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан тэдэнд эвлэрүүлэх арга хэмжээ авалгүй гэрлэлтийг цуцлах хууль зүйн үндэслэлтэй байна.
Зохигчдыг тусдаа амьдарснаас хойш хүү А.Тэх С.У-н асрамжид үлдсэн байх бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар зохигчид хүү А.Т-г эх С.У-н асрамжид үлдээх тухайд болон дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаар маргаангүй болно.
Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “гэрлэгчид бие биеэ, эцэг, эх нь хүүхдээ, хүүхэд нь эцэг, эхээ, төрөл садангийн хүмүүс бие биеэ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй”, 38.1-д “эцэг эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэжээ.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан хэмжээгээр тэтгэлэг тогтоож, хариуцагч Т.А-р хүү А.Т-г сар бүр тэжээн тэтгүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Харин хариуцагч Т.А-н гаргасан “би өөрийн гэсэн эд хөрөнгө, орон гэр гэж байхгүй, ээжийнхээ гэрт амьдардаг, амьдралын боломж бололцоо муутай байгаа тул хүүхдэдээ тэтгэлэг төлж чадахгүй” гэх тайлбар хуульд заасан дээрх үндэслэлээр няцаагдаж байх бөгөөд хариуцагч Т.А ингэж тайлбарласнаараа хүүхдийн тэтгэлэг төлөх хуульд заасан үүргээс чөлөөлөгдөхгүй юм.
Мөн хариуцагч Т.Ань хүүхдийн тэтгэлэг төлөхгүй байх нэг үндэслэлээ “хүү А.Т-н эцэг мөн гэдэгт эргэлзэж байна” гэж тайлбарлаж байх боловч Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т зааснаар хүү А.Т-н эцэг болох нь захиргааны журмаар буюу хүүхдийн төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээгээр нэгэнт тогтоогдсон тул түүний тайлбар үндэслэлгүй болно.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг үүрэг эцэг, эхийн хувьд хэвээр үлдэхийг дурдаж байна.
Нэхэмжлэгч С.У нь гэрлэлт цуцлуулах тухай шаардлагадаа 70,200 төгрөг, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагадаа 35,868 төгрөг, нийт 106,068 төгрөгийг төлсөн бөгөөд хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул түүний илүү төлсөн 35,868 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч С.Уд олгох нь зүйтэй.
Үндэсний статистикийн хорооны даргын 2019.01.22-ны өдрийн А/12 тоот тушаалаар 2019 онд мөрдөх Хүн амын амьжиргааны доод түвшинг Улаанбаатар хотод 217,900 төгрөгөөр тогтоосон байх тул хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийн хэмжээг уг дүнгээс тооцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1‑д зааснаар С.У, Т.А нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2010.03.07-ны өдөр төрсөн хүү А.Т-г эх С.У-н асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2010.03.07-ны өдөр төрсөн хүү А.Т-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50%-иар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Т.А-р сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4.Зохигчид дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.
5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1‑т зааснаар нэхэмжлэгч С.У-н хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай шаардлага нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгч С.Уас тэмдэгтийн хураамжид төлсөн 106,068 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 35,868 төгрөгийг буцааж, хариуцагч Т.А-с 106,068 /70,200+35,868/ төгрөгийг гаргуулж, үүнээс 70,200 төгрөгийг нэхэмжлэгч С.Уд олгож, 35,868 төгрөгийг улсын төсөвт оруулсугай.
6.Иргэний бүртгэлийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтээ цуцлуулсан талаар иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхийг С.У, Т.А нарт мэдэгдсүгэй.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА