Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 1450

 

 

 

 

 

 

       2020         12             3                                           2020/ДШМ/1450                              

 

 

А.Ед холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Гантулгабат,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б, түүний өмгөөлөгч Ю.Тогмид,

яллагдагч А.Е,түүний өмгөөлөгч Н.Золжаргал,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2020/ШЗ/3234 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Гантулгабатын бичсэн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 102 дугаартай эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг тус тус үндэслэн А.Ед холбогдох эрүүгийн 2006 01889 2154 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

О овгийн А.Е, 1999 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гал сөнөөгч мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ Баянзүрх дүүргийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангид гал сөнөөгч ажилтай байсан, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 27 дугаар гудамжны 30 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

А.Е нь 2020 оны 4 дүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Баруун жанжины 27-773 “Б” тоотод байрлах байшингийн гал унтраах албан үүргээ гүйцэтгэх явцдаа “Гал унтраах явцад оролцлоо” хэмээн иргэн Б.Бямбанарангийн цээж хэсэг рүү даралттай усаар шүршсэний улмаас зүрхний булчингийн судас нь гэнэт агшин цусан хангамж дутагдан зүрх зогсож нас барсан буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ.  

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: А.Еийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч А.Еийн өмгөөлөгч Н.Золжаргал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15 дахь заалтад зааснаар хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх тухай хүсэлтийг гаргаж, шүүх хүсэлтийг хүлээн авч мөрдөн шалгах ажиллагаа хийх нь зүйтэй гэж үзэж,

1. Хохирогч Б.Бруу чиглэж цээж хэсэг рүү даралттай усаар шүрших үйлдэл болсон эсэх, энэ үйлдлийг хэн хийсэн эсэхийг анхны тусламж үзүүлсэн гэх хүмүүсээс болон бусад гэрчүүдээс мэдүүлэг авах замаар мөрдөн шалгах ажиллагааг хийх, гэрч Б.Назыгүлээс дахин мэдүүлэг авч мэдүүлгийн зөрүүг асуух,

2. Талийгаач Б.Бнь зүрхний булчингийн архаг цус хомсрох өвчин буюу зүрх томрол /520гр/, титэм судасны хатуурал, зүрхний булчингийн сорвижилт, судасны хатуурал өвчинтэй байсан гэсэн онош тавигдсан байх тул энэ талаар эмчлэгдэж байсан талаар хохирогчийн талаас тодруулж, харьяа дүүргийн эмнэлэг болон бусад мэргэжлийн төрөлжсөн эмнэлгүүдээс лавлагааг гаргуулан авах,

3. Таньж олуулах ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлийн 7-д “Таньж олох хүнийг түүнтэй гаднах байдлаараа адил төстэй хоёроос дээш хүний хамтаар таньж олуулах гэж байгаа хүнд харуулна” гэж заасан үндэслэл журмыг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Учир нь, хуульд таньж олох хүнийг түүнтэй буюу шүүгдэгч А.Етэй гадна байдлаараа адил төстэй /биеийн өндрийн хувьд ижил буюу ойролцоо/ хүмүүстэй хамт оролцуулахаар заасан байхад хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Тухайн үед гал унтраах ангийн ажилчид бүгд хамгаалах хувцас хэрэглэлтэй байсан бөгөөд хувцсаа өмссөн үед биеийн өндөр нам хэрхэн өөрчлөгдөж харагдах боломжтой байсан эсэх талаар тэмдэглэлд дурдагдаагүй байх тул энэ зөрчлөө засах,

4. Шинжээчийн дүгнэлт болон шинжээч эмчээс авсан мэдүүлэг нь өөр хоорондоо зөрж байгаа, шинжээчийн дүгнэлтэд хэд хэдэн асуултад дутуу хариулсан байх тул дахин 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулах тухай хүсэлт гаргасныг хүлээн авч шинжээч томилон дахин дүгнэлт гаргуулах ажиллагааг хийх зүйтэй байна.

Дээр дурдсан ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.Ед холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Баянзүрх дүүргийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч А.Ед урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэргийн хамт хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Гантулгабат бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Үндэслэл нэгийн тухайд: Хохирогч Б.Бруу чиглэж цээж хэсэг рүү нь даралттай усаар шүрших үйлдэл болсон эсэх, энэ үйлдлийг хэн хийсэн эсэхийг гэрч нараас мэдүүлэг авах зэрэг ажиллагааг прокурор мөрдөн шалгах ажиллагааны явцад хангалттай нотлон тогтоосон гэж дүгнэн холбогдох нотлох баримтад үндэслэл прокурорын яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгчийн захирамжид дурдагдсан дээрх нөхцөл байдлыг шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах, өмгөөлөх талын тэгш эрхийн мэтгэлцээний үндсэн дээр эцэслэн шийдвэрлэх учиртай. Мөн шаардлагатай тохиолдолд гэрч нарыг шүүх хуралдаанд дуудан оролцуулах байдлаар хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байтал зөвхөн прокурорын шатанд гэрчээс дахин мэдүүлэг авах ёстой мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Үндэслэл хоёрын тухайд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн шатанд нотолбол зохих байдлыг тодорхойлж, хуульчилсан бөгөөд прокурор хэрэгт хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагааг хангалттай явуулж, нотолбол зохих байдлыг нотолсон.

Өөрөөр хэлбэл, дээрх хэрэгт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 895 болон 2020 оны 6 дугаар сарын 25-ний өдрийн 853 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтүүд гарсан бөгөөд талийгаач нь зүрхний булчингийн архаг цус хомсрох өвчтэй /цээжний бах/ байснаас гэнэт зүрх зогсож /зүрх судасны цочмог дутагдалд орж/ нас барсан болох нь эргэлзээгүй бөгөөд хангалттай нотлогдон тогтоогдсон байна. Харин захирамжид дурдаж буй дүүргийн эмнэлэг болон бусад мэргэжлийн төрөлжсөн эмнэлгүүдээс лавлагааг гаргуулан авах нь хэргийн шийдвэрлэлтэд төдийлөн ач холбогдолгүй нэгэнтээ шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нөхцөл байдлыг дахин шалгах шаардлагагүй юм.

Үндэслэл гурвын тухайд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тодорхой мөрдөн шалгах ажиллагаагаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг бүхэлд нь эсхүл заримыг нь нотлох баримтаар тооцохгүй байх тухай шийдвэрийг прокурорын санал, өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу шийдвэрлэхээр заасан.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд өмгөөлөгчийн зүгээс таньж олуулах ажиллагаатай холбоотой асуудлыг хэлэлцүүлсэн бөгөөд прокурорын зүгээс хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт хуульд заасан үндэслэл журмыг зөрчин цуглуулж, бэхжүүлэгдсэн гэж үзвэл нотлох баримтаар тооцохгүй байх боломжтой талаар тайлбар гаргасан. Шүүхээс прокурорын дээрх санал, өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу нотлох баримтаар тооцох эсэх асуудлыг шүүхийн шатанд шийдвэрлэх боломжтой бөгөөд хэрэв нотлох баримтаар тооцохгүй байх шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд дурдагдаж буй таньж олуулах ажиллагаа, түүний үр дүнгээр илэрсэн нөхцөл байдлаас үл хамаарч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэж байна.

Үндэслэл дөрвийн тухайд: Шинжээчийн дүгнэлт болон шинжээчээс авсан мэдүүлэг нь өөр хоорондоо зөрж байгаа шинжээчийн дүгнэлтэнд хэд хэдэн асуултад дутуу хариулсан байх тул дахин 5 шинжээчийн дүгнэлт гаргуулах нь зүйтэй гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4-д “Шинжээчийн дүгнэлтийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлийг заана”, мөн зүйлийн 5-д “Шинжээчийн хэд хэдэн дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа гарсан тохиолдолд эдгээрийг шүүхээр хянан хэлэлцэж, алийг нь нотлох баримтаар тооцохыг шийдвэрлэнэ.” гэж тус тус зааснаас үзвэл шүүх хэрэгт цугларсан шинжээчийн дүгнэлтүүдийн хүрээнд хэргийг хянан хэлэлцэн шийдвэрлэх бүрэн боломжтой юм.

Нөгөөтэйгүүр, шинжээчийн дүгнэлтийг зөрүүтэй, эргэлзээтэй гэж дүгнэсэн бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгах эрх хэмжээ шүүхэд хуулиар олгогдсон байтал тэрхүү бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүйгээр зөвхөн прокурорын шатанд дахин шинжээч томилохоор хуульчилсан мэтээр тайлбарлаж, шүүх өөрт олгогдсон эрх хэмжээгээ үндэслэлгүйгээр хязгаарлаж байгаа нь ойлгомжгүй байна.

Нэгтгэн дүгнэвэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа гэдэгт шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхэд буюу тухайн шүүгдэгчийг цагаатгах болон шийтгэх тогтоолын аль нэгийг гаргахад шууд нөлөөлж болохуйц, эсхүл хэргийг прокурорт буцаахгүйгээр тухайн асуудлыг шүүхийн шатанд шийдвэрлэх, эргэлзээг тайлах боломжгүй тохиолдлыг хамааруулан үзэх нь зүйтэй бөгөөд шүүгчийн захирамжинд дурдаж буй шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа гэж тодорхойлж буй тодорхой ажиллагаанууд нь тухайн хэргийг прокурорт зайлшгүй буцаах үндэслэл болохгүй юм.

Иймд тодорхой мөрдөн шалгах ажиллагааг явуулах зайлшгүй шаардлагатай гэж шүүх дүгнэвэл тухайн ажиллагааг шүүхийн шатанд явуулах, эсхүл хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруутай эсэхийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр анхан шатны журмаар хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байх тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2020/ШЗ/3234 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх үндэслэлээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.Ед холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч хэлэлцээд 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2020/ШЗ/3234 тоот шүүгчийн захирамжаар мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаажээ.

Хохирогч миний хувьд энэхүү үйл ажиллагааг цаг хожиж, ял завших гэсэн үйлдэл гэж харж байна. Яллагдагчийн өмгөөлөгч Н.Золжаргал нь бараг хагас жилийн хугацаанд хийсэн мөрдөн шалгах ажиллагааны үр дүнг үгүйсгэж өөрийн хийсвэр таамаглал төсөөлөлдөө хөтлөгдөн албаны дүрмээ ноцтой зөрчиж хүний амь хохироосон хэрэгт туйлын хариуцлагагүй мэдэгдэл хийж буйд эгдүүцэж байна.

Миний дүү зүрх судасны ямар нэгэн архаг хууч өвчингүй байсан ба эмнэлэгт үзүүлж эмчлүүлж байсан тохиолдол үгүй, ямар ч баримт, магадлагаа, өвчний түүх байдаггүйг мөрдөн байцаагчид олж тогтоосон байдаг. Бүхий л үйлчилгээний мэдээлэл цахим болсон энэ үед энэ талаар хаанаас ч мэдээлэл авч болно.

Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийн хувьд анхны дүгнэлтийг дахин хянуулах хүсэлтийг хохирогч миний бие мөрдөн байцаалтын шатанд гаргаснаар дахин шинжээч бүрэлдэхүүнтэй томилж гаргасан шийдвэр нь хуулийн шаардлагад нийцсэн, үнэн бодит зүйл болно.

 Гэрч нарын мэдүүлэг болон бусад мөрдөн шалгах ажиллагааны арга, техникээр А.Е нь албаны дүрэм, журмыг ноцтой зөрчиж, салаан захирагч Э.Гүрхүүгийн “наад хүнээ холдуул...,” гэсэн хууль бус тушаал зааврын дагуу даралттай усаар тулгаж буудаж хүний амь насыг хохироосон болох нь тогтоогддог.

Хийж буй үйлдлийнхээ учирч болох хор холбогдлыг ухаараагүй, мэргэжлийн онц ноцтой алдаа гаргаж хүний амь нас хохироосныг нь бодохоор санаатай үйлдэл ч гэж харж болохоор буйг анхааралдаа авна уу. Түүгээр зогсохгүй галын машины хар хайрцгийн тухайн үеийн бичлэгийг арилгаж гэмт хэргийн ул мөрийг нуун дарагдуулсан үйлдэл хийсэн (давхардуулж бичлэг хийсэн байдаг) мөн үгсэн хуйвалдаж хариуцлагаас мултрах оролдлогууд хийсэн гэж бид хардах эрхийнхээ хүрээнд үзэж байгаа.

Хэргийн газар анх очиход амь хохирогчийн бүх хувцас нэвт норсон байдалтай байсныг бид хөргүүрт хадгалж байгаад мөрдөн байцаагчид аваачиж өгсөн байдаг ба энэ талаар шинжээчийн дүгнэлт нь өрөөсгөл маягаар өөрөөр хэлбэл гадуур хувцас дээр механик гэмтэл бий эсэхийг нь тогтоосон байдаг юм билээ. Үүнийг яллагдагчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэг дээр дурдаж байсан нь үнэнд нийцэхгүй юм.

Таньж олуулах ажиллагаа нь хуульд нийцсэн бөгөөд хэргийн газар байсан гэрчүүд бусдаас хамгийн намхан нь байсан, шатаж буй обьектын цонхон доор тавьсан 2 давхар дугуйн дээр зогсож байгаад буудсан болохыг гэрчилдэг. Мөн доор хамт ажиллаж байсан Алтангэрэл нь хошуугаа өөр зүгт буюу дээвэр хэсэг рүү чиглүүлэн шүршиж байсан ба яллагдагч Е нь гэрийн хажууд зогсоод цонх хэсэг рүү шүршиж байснаа гэнэт эргүүлэн талийгч руу буудсан болохыг хөдөлбөргүй нотолдог.

Хамгаалах хувцасны цаанаас хэн болохыг нь тогтоох боломжгүй гэж яллагдагчийн өмгөөлөгч үзэж байгаа нь амь хохирогчийг басамжлан доромжилсон үйлдэл гэж харж байна.

Талийгаачийн гэр бүлд учирсан бодит хохирлыг (оршуулгын зардал) буруутай этгээдээр нөхөн төлүүлж, албаны үүрэгтээ хайнга хандаж, хууль бус тушаал заавар өгсөн Салаан захирагч Э.Гүрхүү болон Гал Унтраах 63-р Ангийн захирагч Н.Ууганбаяр нарт зохих хариуцлага тооцож, амь хохирогчийн насанд хүрээгүй охинд зохих хуулийн дагуу тэтгэмж олгуулж өгөхийг хүсье.

Мөн яллагдагч А.Ед хуульд заасан хорих ялыг оноож, дахин ийм хууль бус хариуцлагагүй үйлдлээс шалтгаалж гэмгүй нэгэн амь хохирохоос урьдчилан сэргийлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Мөрдөн шалгах ажиллагаа хуулийн хүрээнд үнэн зөв явагдсан, дахин ажиллагаа явуулах шаардлагагүй, улсын яллагчийн гаргасан яллах дүгнэлт хуульд нийцэж байна гэж хохирогч миний бие үзэж буй тул буруутай этгээдэд зохих ялыг нь оноож, хэргийг шуурхай хянан шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баатарын өмгөөлөгч Ю.Тогмид тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. Хэргийг шуурхай, үнэн зөв илрүүлсэн тул анхан шатны шүүхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. ...” гэв.

Шүүгдэгч А.Е тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

Шүүгдэгч А.Еийн өмгөөлөгч Н.Золжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурорын эсэргүүцэлд хэд хэдэн үндэслэлийг заажээ. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн 1 дэх хэсэгт хохирогч Б.Бруу чиглэж цээж хэсэг рүү даралттай усаар шүрших үйлдлийг нарийвчлан тогтоох шаардлагатай гэж үзсэн. Энэ нь хавтас хэргийн 8-10 дугаар хуудас, 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлд цогцосны хувцас норсон байдалтай байсан гэж тэмдэглэгдсэн байсан. Гэтэл хэргийн газрын үзлэгээр хохирогч Батнарангийн цамц нороогүй, норсон гэх зүйл ажиглагдаагүй. Энэ нь хавтас хэргийн 12-16 дугаар хуудсанд авагдсан гэрэл зургийн үзүүлэлтийн №4, 5 дахь зургийг ажиглаж үзвэл цогцосны зураг буюу өмд норсон хэсгийг харуулсан байдаг. Мөн хавтас хэргийн 17 дугаар хуудсанд цогцост үзлэг хийсэн тэмдэглэлд нүүр, цээж хэсгээр шороо мэт зүйлээр бохирлогдсон байсан талаар илэрхийлж товч тодорхой тэмдэглэл үйлдсэн байдаг. Үүнд нас барсан хүнийг усаар шүршигдсэн байдалтай байсан гэдгийг тогтоож чадаагүй. Цамц норсон байсан эсэхийг тогтоож чадаагүй. Хавтас хэргийн 16 дугаар хуудсанд авагдсан гэрэл зургийн үзүүлэлт №6-д талийгаачийн хувцаснуудыг харуулсан байдаг. Уг зурган дээр цамц хуурай, өмд норсон харагддаг. Миний үйлчлүүлэгч А.Е тухайн ажиллагаанд хохирогчтой ямар нэг үйлдэл болон үгээр холбогдож харилцаагүй. Энэ талаар авсан баримт хавтас хэрэгт авагдаагүй. Тэгэхээр цээж хэсэг рүү нь даралттай усаар шүршсэн гэх үйлдлийг хэн хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотлогдвол зохих байдал нотлогдоогүй. Иймээс үүнийг нарийвчлан тогтоох шаардлагатай гэж үзэж байна. Мөн хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт хоёр зөрүүтэй байдлаар авагдсан. Хохирогч нь зүрхний булчингийн архаг цус хомсдох өвчтэй, титэм судасны хатууралтай байсан. Уг хатуурлын улмаас нас барсан гэж шинжээчийн дүгнэлтэд авагдсан бол 2 дахь удаагийн шинжээчийн дүгнэлтэд “боломжтой” гэдэг үг байгаа боловч тухайн хүн шүршсэний улмаас нас барсан уу, титэм судасны хатуурал, зүрхний булчингийн томролын улмаас нас барсан уу гэдгийг бүрэн дүүрэн тогтоох ёстой. Миний үйлчлүүлэгчийн хувьд хэрэг маргааныг үнэн зөвөөр шийдвэрлэгдэх ямар ч нөхцөл байдал бүрдээгүй гэж үзэж байна. Гэрч Назыгүлийн хувьд гэрчийн мэдүүлэг, таньж олох ажиллагаанд хоёр өөр янзаар мэдүүлдэг. Гэрчийн мэдүүлэгтээ “хохирогчийг усаар шүршүүлснийхээ дараа 2-3 алхах үйлдэл хийгээд дээш доошоо бууж, өвдөг сөгдөж унасан” гэж мэдүүлдэг бол таньж олуулах ажиллагаанд “шүршсэний улмаас шууд ухаан алдаж унаад амь хохирсон” гэж мэдүүлдэг. Иймд түүний мэдүүлгийн зөрүүтэй байдлыг гаргаж байж, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэх ёстой гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл, хохирогчийн давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад А.Ед холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2020/ШЗ/3234 дугаартай шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

            Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, А.Ед холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай нотолж тогтоогоогүй байх тул шүүгчийн захирамжийн 1, 2, 3 дахь хэсэгт заасан үндэслэлүүдээр хэрэгт нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай гэж үзлээ.

Харин шүүгчийн захирамжийн 4 дэх хэсэгт заасан шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах ажиллагааг хийх шаардлагагүй, энэ талаар дүгнэлт хийн шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Учир нь, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 895 дугаартай “Талийгаач Б.Бямбанарангийн цогцост дух, зүүн хацар, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ... дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Талийгаачийн цусанд угаарын хий буюу карбоксигемоглобин 14 хувь илэрсэн ба энэ нь үхэлд хүргээгүй байна. Талийгаач нь ерөнхий судас хатуурах өвчин, элэгний архаг үрэвсэл, хөнгөн зэргийн элэгний өөхлөлт, зүрхний булчингийн архаг цус хомсрох өвчтэй байжээ. Талийгаач нь зүрхний булчингийн архаг цус хомсрох өвчний улмаас зүрх судасны цочмог дутагдалд орж нас баржээ.” /1хх 126-129/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 853 дугаартай “Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №895 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Талийгаач Б.Бийн цогцост үүссэн дух, зүүн хацар, цээжний зулгаралт нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоохгүй. Талийгаач нь зүрхний булчингийн архаг цус хомсрох өвчтэй байснаас гэнэт зүрх зогсож нас баржээ. Зүрхний булчингийн архаг цус хомсрох өвчинг сэтгэл санаа гэнэт цочирдох, цаг агаарын огцом өөрчлөлт, гэнэт даарах, халууцах, биеийн ачаалал зэрэг нь сэдрээж түргэн үхэлд хүргэдэг. Хүйтэн усаар шүршигдэхэд зүрхний булчингийн судас гэнэт агшин цусан хангамж дутагдан гэнэт үхэлд хүргэх шалтаг болно.” /1хх 142-145/ гэх дүгнэлтүүд, шинжээч эмч М.Золжаргалын “...Харин усаар цацагдаж, шүршигдэх үедээ гэнэт цочролд орж бие организмд нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. ” гэх мэдүүлэг /1хх 140-141/ зэрэгт хохирогч Б.Б-ийн нас барсан шалтгааныг тодорхой тайлбарласан, баримтууд нь хоорондоо зөрүүгүй байна.

Харин шүүгчийн захирамжид дурдагдсан 1, 2, 3 дахь үндэслэлүүдийг шалгахаас гадна дараах ажиллагааг нэмж хийх шаардлагатай гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ. 

2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн “... Гал түймэр унтраах үйл ажиллагааны үед гал унтраах хушуугаар гарах бодисын даралт нь тухайн гал түймрийн нөхцөл байдал, орон зайн байдлаас шалтгаалан өөр өөр байж болно. Хушуугаар гарч байгаа бодисын даралтаас шалтгаалан хүний биед нөлөө үзүүлж болно.” /1хх 161-163/ гэх дүгнэлт, шинжээч Ч.Отгонтөгсийн “... тухайн гал нь ямар байдалтай гарч байгаагаас хамаарч янз бүрээр усны даралтыг өгч ажилладаг. Тэгэхээр тухайн үед ажиллаж байсан бие бүрэлдэхүүний жолооч эсвэл галын зохицуулагчаас асуух шаардлагатай юм.” /1хх 165-166/ гэх мэдүүлэг зэргээс үзэхэд гал унтраах хушуугаар гарах шингэний даралт өөр өөр байдаг байх тул усны даралтын хэмжээг хэргийн үйл баримт болсон үеийнхээр тогтоох боломжгүй бол ажлын байрны тодорхойлолтод заасан гал түймэр унтраах бодисын даралтын хэмжээг зохицуулсан дүрэм, журамд гал түймэр унтраах даралтын хэмжээ хамгийн багадаа болон ихдээ ямар даралтаар гардаг, хэрэг болсон цаг хугацааны нөхцөл байдлыг үнэлэхэд ямар даралтаар ажиллах байсан асуудлыг боломжит байдлаар тогтоож, тодруулах ажлыг хийх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Мөн яллагдагч А.Е нь ажил үүргээ гүйцэтгэх явцдаа тухайн гэмт хэрэгт холбогдсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно.” гэж зааснаар зохих хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татаж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах шаардлагатай байна.

Хэрэгт гэрч Д.Батханд “... байшингийн баруун талын цонхны хажууд зогсож байсан гал сөнөөгч эрэгтэй гэнэт усан буугаа эргүүлээд талийгаачийн цээжин хэсэгт цацаад буцаагаад байшин руу цацсан. ...” /1хх 65-66, 79-80/, Б.Назыгүл “... Гэтэл байшингийн урд талын цонхны хажууд байх давхарласан дугуйн дээр гараад зогссон, бусад гал сөнөөгч нараасаа нуруугаар намхан, махлагдуу гал сөнөөгч залуу гэнэт талийгаач руу усан буугаа чиглүүлээд цээж хэсэг рүү нь шүршсэнээ буцаад байшин руу цацсан. ...” /1хх 75-76/, Г.Анхныбаяр “... номер 1, номер 2-т ажиллаж байгаа алба хаагч нар даралттай усны хоолой хошууг ашиглаж байсан. Уг байшингийн зүүн талын хөрш айлын залгаа шахуу байшин галд хайрагдсан байсныг номер 2-т ажиллаж байсан Е, номер 4-т ажиллаж байсан Алтангэрэл нар хамгаалалтад авч, гал унтраах ажиллагаа явуулсан. ...” /1хх 86-87/, гэрч Э.Гүрхүү “... номер 2-т дэд ахлагч Е ажиллаж байсан. Тухайн хоёр хошууг гал унтраах дүрмийн дагуу номер 1, номер 2 гал сөнөөгч нар барьж байсан. ...” /1хх 94-95/, гэрч Г.Алтангэрэл “... би номер 4 дугаартай, хоолой дэлгэж, усны хоолой холбож өгөх, номер 2 дугаартай гал сөнөөгч, дэд ахлагч Ед туслах үүрэгтэй байсан. ...” /1хх 92-93/, гэрч Б.Дамдин “... номер 2-т ажиллаж байсан дэд ахлагч А.Е монгол гэрийн хойд талаар хоолой хошууг бариад гүйж, зүүн хойд талын хөрш айлын байшингийн гадна байсан. ...” /1хх 96-97/ гэж мэдүүлсэн байх тул гал гарч байсан байшингийн баруун талын цонхны хажууд зогсож байсан гал сөнөөгч хэд гэсэн номертой гал сөнөөгч байсан, гал сөнөөгч А.Е аль байрлалд зогсож байсан, гэрчийн мэдүүлэгт дурдсан байрлал нь хэд дугаартай гал сөнөөгчийн байрлал эсэх зэргийг тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан гэмт хэргийг хэн үйлдсэн болохыг эргэлзээгүй болгоход ач холбогдолтой гэж үзнэ.

            Иймд прокурор Ц.Гантулгабатын бичсэн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 102 дугаартай прокурорын эсэргүүцлийн 4 дэх заалтыг хангаж, бусад заалтыг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжид заасан 1, 2, 3 дахь үндэслэлүүд болон энэхүү магадлалд дурдсан нэмэлт ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2020/ШЗ/3234 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2020/ШЗ/3234 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ц.Гантулгабатын бичсэн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 102 дугаартай эсэргүүцлийн 4 дэх үндэслэлийг хангаж, бусад үндэслэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ОЧМАНДАХ  

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

            ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ