Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 276

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,

улсын яллагч О.Багшбаяр,

шүүгдэгч Б.Бямбадорж, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл,

шүүгдэгч Б.Баяржаргал, түүний өмгөөлөгч П.Одонтунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боргочин овогт Бадамсамсуугийн Бямбадорж, мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Буян-Өлзийгийн Баяржаргал нар тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625012873 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Боргочин овогт Бадамсамбуугийн Бямбадорж, 1995 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зүтгүүрийн инженер мэргэжилтэй, ам бүл 2, ээжийн хамт, Баянгол дүүргийн 23 дугаар хороо, ЗАА-н 25-10-307 тоотод оршин суух, урд ял шийтгэлгүй, гавъяа шагналгүй, УШ 95010791 тоот регистрийн дугаартай,

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Шааз Боржигон овогт Буян-Өлзийгийн Баяржаргал, 1995 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, ээжийн хамт Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн ард аюушийн 25-315 тоотод оршин суух. урд ял шийтгэлгүй, гавъяа шагналгүй, АЮ95071219 тоот регистрийн дугаартай,

Шүүгдэгч Б.Бямбадорж нь 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачуурт тосгоны Туул голын эрэг дээр хохирогч Б.Баяржаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, түүнийг Зодож, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Б.Баяржаргал нь 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачуурт тосгоны Туул голын эрэг дээр хохирогч Г.Тэмүүжинтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, түүнийг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Бямбадорж шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.Баяржаргал шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хохирогч Б.Баяржаргал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр найз Баярын төрсөн өдөр болоод Тэмүүжин, Бямбадорж, Баяр бид 4 орой 22 цагийн орчим уулзалдаад гол орохоор Гачуурт руу явсан. Гол дээр ирээд бид нар авчирсан архи, пивоо ууцгаагаад шөнө 01 цагийн орчим би машиндаа ороод унтсан. Тэгтэл шөнө 04 цагийн орчим Тэмүүжин миний машины цонх, хаалгыг хагалчих шахаад цохиод "андаа гол руу оръё, гол бүлээхэн байна" гэж хэлсэн. Тэгээд би машинаас буугаад Тэмүүжингээс би унтмаар байна гээд 3 удаа гуйж хэлсэн боловч миний үгийг авахгүй байсан учир муудалцаад би Тэмүүжинг нэг удаа цохьсон. Тэгтэл Бямбадорж миний шилэн хүзүүнээс барьж аваад хавирч унагах гэхээр нь би эргэж хараад цохьсон. Тэгтэл Бямбадорж миний эрүү лүү цохьсон ба Тэмүүжин цаашаа явчихсан. 3...Миний эрүү баруун болон зүүн талдаа бяцарч хугарсан. Эрүүний урд тал нь шугаман хугаралттай гэсэн. 3 хэсэг газраа хугарч эрүүгээ хадуулах хагалгаанд орсон. Сар гаруй хугацаанд шингэн юм уухаас өөр хоол унд идэж чадаагүй. Их зовиуртай байсан. Хагалгааны төлбөр баримтаар 3.000.000 төгрөг гарсан. Агт араагаа буцааж суулгахад 1.500.000 төгрөгnay зардалтай байна. Би нийт 4.500.000 төгрөг нэхэмжилж байна…” гэсэн мэдүүлэг. /хх15-16/,

“...Намайг бүлэглэж зодсон асуудал байхгүй. Надад гэмтэл учруулсан хүн нь Бямбадорж. Би Тэмүүжинг цохьчихоод байж байтал цаанаас Бямбадорж хүрч ирээд хүзүүнээс шилдээд барихаар нь би гарыг нь угзраад тавиултал Бямбадорж миний баруун шанааны доод хэсэгт нэг удаа гараараа хүчтэй цохьсон, би их ухаан балартаад манарсан. Бямбадорж эхлээд эрүү рүү цохьсон дараа нь Баяр хүрч ирээд миний цээж рүү түлхсэн. Баяр намайг зодож гэмтэл учруулсан асуудал байхгүй. Одоогийн байдлаар эмчилгээний зардалд 3.000.000 төгрөг зарцуулсан. Эмчилгээний баримт байгаа…” гэсэн мэдүүлэг. /хх-88/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээч эмчийн үзлэг хийсэн №9863 дугаартай дүгнэлт:

  1. Баяржаргалын биед эрүү ясны хугарал, 1 шүдний булгарал, цээжинд цус хуралт, эрүүний зүүн буланд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

      4. Цаашид 1 шүдний булгарал нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонгийг 5% алдагдуулана.

      5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой /хх-ийн 23-р хуудас/

Яллагдагч Б.Бямбадорж мэдүүлэхдээ: “...2016 оны 07 дугаар сарын 09-ний орой 23 цагийн орчим найз Баяр, Баяржаргал, Тэмүүжин нарын хамт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачуууртад Туул голын эрэг дээр очоод 3 ширхэг 2.5 литрийн Шар айраг хувааж уусан, тэгээд бид 4 хоёр машиндаа унтацгаасан. Миний машинд Тэмүүжин бид 2 унтсан. Баяржаргалын машин дотор Баяр тэр 2 унтаж байсан. Тэгээд өглөө үүрээр байх 06 цагийн орчим байх хүн орилоод байхаар нь сэрээд харахад Тэмүүжин, Баяржаргал 2 зууралдсан байдалтай Баяржаргал Тэмүүжинг мөргөөд байсан. Би очоод салгаад Тэмүүжингийн амнаас нь цус гарсан байхаар нь явж цусаа угаа гэж хэлээд явуулсан чинь Баяржаргал намайг шууд цохьсон. Нэлээн олон удаа цохьсон байх зөрүүлээд би нүүр рүү нь гараараа 2-3 удаа цохьсон. Баяржаргал намайг боосон чинь цаанаас Баяр ирээд бид хоёрыг салгасан. Тэгэхэд Баяржаргалын хацар нь хавдсан байсан. Миний бас хацар хавдсан хүзүү хөхөрсөн байсан. Тэгсэн Баяржаргал миний эрүү мултарсан юм шиг байна гэж хэлсэн, бид нар бие биенээсээ уучлалт гуйгаад бид нар гол дээрээс хөдлөөд гэмтлийн эмнэлэг ороход нэгдүгээр эмнэлэгт үзүүл гэсэн нэг зураг авахуулчихаад Нэгдүгээр эмнэлэгт очиж Баяржаргал эмчид үзүүлээд гарч ирээд 2 газар миний эрүү хугарсан байна, 3 хадаасаар хадна гэж байнаа нийт 1.000.000 төгрөгийн зардал гарах юм шиг байна төлөөрэй гэсэн. Гэм буруугаа ойлгож байна, учруулсан хохирлоо барагдуулнаа…” гэсэн мэдүүлэг. /хх44-47/,

Хохирогч Г.Тэмүүжин мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: "...Бид нар өмнөх өдөр нь найз Баярын төрсөн өдрийг тэмдэглэхээр пиво болон идэж уух юм аваад Баяржаргал, Бямбадорж, Баяр бид дөрөв гачуурт руу голын эрэг дээр очсон. Тухайн үед орой 23 цагийн орчим голын эрэг дээр очсон. Тэгээд бид нар авчирсан пивоо уугаад байж байтал Баяржаргал машиндаа ороод унтсан. Тэгээд үүр цайчихсан байхад би Баяржаргалыг сэрээж голын усанд орох гээд очиход машины хаалга нь онгорхой байсан Тэгэхээр нь гарнаас нь татаад босготол намайг учир зүггүй "би унтмаар байна" гэж хэлээд хоёр удаа толгойгоороо нүүрэн хэсэгт мөргөөд гараараа хэд хэдэн удаа толгой руу цохьсон. Баяржаргал боксоор хичээллэдэг байсан учраас гар нь их хурдан юу юугүй намайг цохиод эхэлсэн. Би хамгаалж чадаагүй. Тэгтэл цаанаас Бямбадорж хүрч ирээд бид хоёрыг салгасан ба би нүүрээ угаах гээд гол руу явсан. Тэгээд намайг нүүрээ угаачихаад буцаад ирэхэд Баяржаргалын зүүн шанаа нь хавдчихсан байсан. Тэгээд бид нар өглөө 10 цагийн орчим хот руу орж эмчид үзүүлсэн. Баяр бие засах гээд явчихсан байсан. Зодоон болсныг мэдээгүй байх. Миний үүдэн хоёр шүд хөдөлж уруул язарсан байсан. Уг гэмтлийг Баяржаргал учруулсан…” гэсэн мэдүүлэг. /хх-17-19, 89/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээч эмчийн үзлэг хийсэн №9760 дүгнэлт:

  1. Тэмүүжингийн биед зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, язрал, цус хуралт, 2 шүдний сулрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,
  4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-25/,

Хохирогч Б.Баяржаргалын мэдүүлэг /хх15-16, 88/, хохирогч Г.Тэмүүжингийн мэдүүлэг /хх17-19/, шинжээчийн №9863 дугаартай дүгнэлт /хх-23/, ял шалгах хуудас /хх-60, 62/, ажлын газрын тодорхойлолт, шүүгдэгч Б.Баяржаргалын хүсэлт, сургуулийн тодорхойлолт, хохирол төлж барагдуулсан баримт зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Б.Бямбадорж нь 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачуурт тосгоны Туул голын эрэг дээр хохирогч Б.Баяржаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, түүнийг зодож, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь,

Шүүгдэгч Б.Баяржаргал нь 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачуурт тосгоны Туул голын эрэг дээр хохирогч Г.Тэмүүжинтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, түүнийг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Б.Бямбадоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Б.Баяржаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Бямбадоржийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Б.Баяржаргалыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, хуульд заасан ял шийтгэхээр шийдвэрлэв.

Хохирогч Г.Тэмүүжин нь шүүгдэгч Б.Баяржаргалд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, бид сайн дураар эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Б.Баяржаргалыг бусдад төлөх төлбөргүй,

Мөн хохирогч Б.Баяржаргал нь эмчилгээний зардалд 2.350.000 төгрөгийг хүлээн авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд хүсэлт ирүүлсэн, шүүх хуралдаанд мэдүүлсэн тул шүүгдэгч Б.Бямбадоржийг бусдад төлөх төлбөргүй гэж тус тус дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Баяржаргал, Б.Бямбадорж нар нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, учирсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд тэдгээрт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Баяржаргал нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан шүүгдэгч Б.Баяржаргал нь хохирогч Г.Тэмүүжинтэй сайн дураараа эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Б.Баяржаргалыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэстэй байна гэж шүүх үзлээ.

 Шүүх шүүгдэгч Б.Бямбадоржид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасны дагуу биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Боргочин овогт Бадамсамбуугийн Бямбадоржийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.   Боржигон овогт Буян-Өлзийгийн Баяржаргалыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь хохирогчтой сайн дураар эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр буюу Б.Баяржаргалыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар Б.Бямбадоржийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Бямбадоржид оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5.  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэнзүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Бямбадорж, Б.Баяржаргал нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Б.Бямбадоржид оногдуулсан  1 жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай. 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бямбадорж, Б.Баяржаргал нарт батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авч, давж заалдах гомдол, эсэргүүцлийг хүлээж авснаас хойш 3 хоногийн дотор хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх журамтай болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.ШИНЭБАЯР