| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2021/03588/И |
| Дугаар | 102/ШШ2021/03313 |
| Огноо | 2021-12-09 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 102/ШШ2021/03313
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Б... тоотод оршин суух, регистр ..., Х... овогт Д...ын Л...ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч:..., өөрийн байранд байрлах, регистр ..., Д.... ТӨХК-д холбогдох,
Дутуу олгосон тэтгэмжийн 4 424 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б..., хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б...., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Л... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би 1984 онд Эрчим хүчний нэгдсэн засварын газар засварчнаар ажилд ороод 1991 оноос Д....ын Цахилгаан цехэд мотор ороогчоор орж, тасралтгүй улсад 36 жил ажиллаад Монгол улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалын хавсралтаар баталсан тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтын гуравдугаар бүлгийн хөдөлмөрийн халуун нөхцөлийн нэг дэх нөхцөлд хамаарагдах ажил мэргэжлийн дагуу 2020 оны 08 дугаар сард өндөр насны тэтгэвэрт гарсан.Намайг өндөр насны тэтгэвэрт гарахад сүүлийн 36 сарын үндсэн цалингийн дунджаар тооцоод 44 240 000 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохоор Д....ын захиргаа шийдвэрлэсэн.Д....аас нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгож миний харилцах дансанд шилжүүлэхдээ үнийн дүнгийн 10 хувийг суутган авч үлдсэн байсан. Энэ талаар ямар учиртай болохыг лавлахад Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу суутгал хийсэн гэж мэдэгдсэн.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлд Албан татвараас чөлөөлөх орлогын талаар хуульчилсан байдаг ба 22 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 22.1.1-д “хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөн олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламж“ гэж хуульчилсан.Нэг удаагийн буцалтгүй тусламжаас 10 хувийн татвар авсан талаар Д....ын санхүүгийн албаны ажилчидтай уулзсан боловч тодорхой хариулт өгөөгүй тул Нийслэлийн Баянгол дүүргийн татварын албанд хандахад 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01/122 тоот албан бичгээр Д... ТӨХК-ийн захиргаанд хуулийн дагуу татвараас чөлөөлөгдөх орлого тул хуулийн хэрэгжилтийг хангуулан ажиллах талаар зөвлөмж хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүй тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б... шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Д.Л... 1984 онд Эрчим хүчний нэгдсэн газар засварчнаар орж, 1991 оноос Д...ын Цахилгаан цехэд мотор ороогчоор ажилд орон тасралтгүй улсад 36 жил ажилласан.Монгол улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалын хавсралтаар баталсан тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтын хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтын 3 дугаар бүлгийн Хөдөлмөрийн халуун нөхцөлийн 1 дэх хэсэгт хамаарах ажил мэргэжлийн дагуу 2020 оны 8 дугаар сард өндөр насны тэтгэвэрт гарсан.Д.Л... өндөр насны тэтгэвэрт гарахад сүүлийн 36 сарын үндсэн цалингийн дунджаар тооцон 44 240 000 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор Д...аас шийдвэрлэсэн.Үүнийгээ олгохдоо үнийн дүнгийн 10 хувийг суутган авч үлдсэн байсан. Яагаад суутгасан тухай лавлахад Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу суутгасан гэж мэдэгдсэн.Үүнтэй холбоотойгоор нэр бүхий 10 иргэн Баянгол дүүргийн татварын хэлтэст хандахад татварын албанаас 2021 оны 02 сарын 01-ний өдрийн ... тоот албан бичгээр Д.... хуулийн дагуу татвараас чөлөөлөх, хуулийн хэрэгжилтийг хангуулан ажиллах зөвлөмж хүргүүлсэн боловч өнөөг хүртэл хэрэгжүүлээгүй. Д.Л...эд Д....ын захирлын тусламжаар олгогдсон 1 удаагийн буцалтгүй тусламж нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан албан татвараас чөлөөлөх орлогод хамаардаг тул хуульд авахыг хориглосон татварыг авч Д.Л...эд хохирол учирсан тул энэхүү нэхэмжлэлийг гаргасан гэв.
Хариуцагч Д.... ТӨХК шүүхэд гаргасан тайлбартаа:Д.Л... нь нь Д.... ТӨХК-д нийт 32 жил 11 сар ажиллаад өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тул 2020.08.06-ний өдрийн ... дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн.Манай байгууллагын Д.... ТӨХК-ийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан Хамтын гэрээний 12.1-д заасны дагуу Д.Л...ийн эрчим хүчний салбарт ажилласан жилийг эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр бодож нэг удаагийн мөнгөн тэтгэмж 44 240 000.00 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн.Энэ мөнгөн тэтгэмжээс хувь хүний орлогын албан татвар 10 хувиар тооцон суутгаж татварын дансанд шилжүүлсэн байна.Иймд Баянгол дүүргийн татварын хэлтсээс нэхэмжлэн буцааж авах үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б... шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Д.Л... нь Д....ад 32 жил 11 сар ажилласан, өндөр настны тэтгэвэрт гарах болсон тул 2020 оны 8 сарын 06-ны өдөр ... тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. Үүнтэй холбоотойгоор манай байгууллага Д....ын захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан хамтын гэрээний 12.1-д заасны дагуу Д.Л...ийн эрчим хүчний салбарт ажилласан жилийг эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр бодож нэг удаагийн мөнгөн тэтгэмж 44,240,000 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн.Гэхдээ Д.Л... 60 насанд хүрээгүй байсан тул хуулийн дагуу мөнгөн тэтгэмжээс хувь хүний орлогын албан татвар 10 хувиар тооцон суутгаж татварын дансанд шилжүүлсэн.Баянгол дүүргийн татварын хэлтэст холбогдуулан нэхэмжлэл гаргах боломжтой гэж Д.Л...эд хэлсэн.Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасны дагуу эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан ч нэхэмжлэгчийн хувьд энэ хугацаа дууссан байна.Үүнээс гадна тухайн 10 хувийн шимтгэл Баянгол дүүргийн татварын хэлтэстийн дансанд орсон тул Д....ыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй.Иймд Баянгол дүүргийн татварын хэлтсээс нэхэмжлэн буцааж авах үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Л... нь хариуцагч Д.... ТӨХК-д холбогдуулан дутуу олгосон тэтгэмж 4 424 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Д.... ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх, тэтгэмж олгох тухай ... дугаартай тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн Цахилгаан цехийн Цахилгаан машины засварын цахилгааны слесарь Д...ийн Л...ийн ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, ажлаас чөлөөлж, Д.Л...ийн Эрчим хүчний салбарт ажилласан 32 жил 11 сард ногдох 44 240 000 төгрөгийн тэтгэмжийг олгохоор шийдвэрлэсэн байна.
Д.... ТӨХК нь Д.Л...тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх, тэтгэмж олгох тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйл, ДЦС-4 ТӨХК-ийн захиргаа, ҮЭ-ийн Хороотой байгуулсан хамтын гэрээний 12.1 дэх заалтуудыг үндэслэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн гэх нөхцөлөөр хөдөлмөрийн гэрээг цуцалж, хамтын гэрээнд зааснаар Эрчим хүчний салбарт ажилласан 32 жил 11 сард ногдох тэтгэмжийг Д.Л...эд олгосон тухай үйл баримтад талууд маргахгүй байна.
Д.... ТӨХК-иас нэхэмжлэгч Д.Л...эд мөнгөн тэтгэмж 44 240 000 төгрөг олгохдоо уг тэтгэмжээс 10 хувийн шимтгэл 4 424 000 төгрөгийг хувь хүний орлогын албан татварт суутган авч, үлдэх 39 817 045 төгрөгийг түүнд шилжүүлэн өгсөн болох нь зохигчдын тайлбар, нэхэмжлэгчийн ХААН банкин дах дансны хуулга зэрэгт баримтаар тогтоогдож байна.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-т хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөн олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламжийг орлогын албан татвараас чөлөөлөхөөр заасан байна.
Гэтэл Д.... ТӨХК-ийн захиргаа болон Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулагдсан Хамтын гэрээний 12.1-т заасны дагуу нэхэмжлэгчид олгосон нэг удаагийн мөнгөн тэтгэмж нь орлогын албан татвараас чөлөөлөгдөх орлого байхад хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчид олгосон тэтгэмжээс 10 хувийг хувь хүний орлогын албан татварт суутган авсан нь буруу байна.
Хариуцагч Д.... ТӨХК нь Д.Л...ийн тэтгэмжээс суутган авсан 4 424 000 төгрөгийг татварын байгууллагад шилжүүлсэн нь болох нь баримтаар нотлогдохгүй байна.
Д.Л... нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т зааснаар 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүсээгүй боловч Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар хөдөлмөрийн хөнгөлөлттэй нөхцлөөр өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэж ажил олгогч үзсэн нь түүнд олгосон мөнгөн тэтгэмжээс суутгал хийх үндэслэл болохгүй юм.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасан байна.
Нэхэмжлэгч Д.Л...ийн ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдөр дуусгавар болсон байхад зохигчдыг хөдөлмөрийн гэрээний талууд гэж үзэхгүй ба нэхэмжлэгч нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн үйл баримтыг үндэслэн шаардлага гаргаж байгаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаанд хамаарахаар байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан Д.... ТӨХК-аас 4 424 000 /дөрвөн сая дөрвөн зуун хорин дөрвөн мянган/ төгрөгийг гаргуулан Д.Л...эд олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Л...ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85 735 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.... ТӨХК-аас 85 735 төгрөгийг гаргуулан Д.Л...эд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН