| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Очирын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 106/2024/0837/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/854 |
| Огноо | 2024-10-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Батзаяа |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 2024/ШЦТ/854
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уугантамир,
улсын яллагч Д.Батзаяа,
шүүгдэгч Ч.Л
хохирогч Б.Э, түүний өмгөөлөгч Т.Мөнхсүлд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Баянгол дүүргийн прокурорын газраас О****** овогт Ч************ Л**********д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 24*********** дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 19** оны ** дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, Улаанбаатар төмөр зам ХНН-д д******* с****** и******* ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдүүдийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн ** дугаар хороо "Голден парк" хотхоны *** дугаар байрны *** тоотод оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, О******* овогт Ч************** Л************ /РД:**************/.
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Ч.Л нь 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн ** дугаар хороо *** дүгээр байрны В1 давхрын авто грашийн үүд хэсэгт хохирогч Б.Э***********г "хаалгаа битгий хаа гээд байхад хааж цоожилсон" гэх шалтгаанаар маргалдаж улмаар гараараа зүүн нүдний хэсэгт цохиж зүүн хөмсөгний гадна няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Л***************: “...2024 оны 8 дугаар сарын 23-ны орой эхнэр хүүхдийн хамтаар зуслангаас ирсэн. Манай эхнэр машин бариад би зааж өгөөд явж байсан. Машинаа гараж дотор оруулах гэтэл хохирогч залуу гаражны хаалгыг хаагаад цоожилж байсан. Би түүнд хандаад битгий хаалгыг нь цоожлоорой би машинаа оруулах юм гэж хэлэхэд тухайн залуу хаагаад цоожлоод яваад өгсөн. Би түлхүүр аваад гаражны хаалгыг онгойлгох гэж байхад залуу ирээд миний хөл рүү хоёр гурван удаа өшиглөсөн. Бид хоёр зууралдаад байж байхад эхнэр ирээд бид хоёрыг салгасан. Тухайн үед би хохирогч залууг харааж элдэв бусаар хэлээгүй. Би ням гаригт хохирогчтой уулзсан гоо сайхны эмчилгээ 10,000,000 гаруй төгрөг болно энэ мөнгийг өгчих гэсэн. Надад тийм мөнгө байхгүй 5,000,000 төгрөг өгье гэсэн. Гэтэл хохирогч 10,000,000 төгрөг өгөхгүй бол чи шүүхээр орох юм уу гэсэн. Надад хохирол төлөх хугацаа байхгүй байсан тул шүүхээр орохоор ирсэн. Хохирогчоос уучлал хүсэж байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Э**********: “...Тухайн өдөр буюу 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдөр би машинаа гарааш дотор байрлуулах гээд очсон. Хар өнгийн приус машин гаражны урд байсан. Би приус машины эзэнд машинаа холдуулчих гэж хэлээд машинаа гараж дотор оруулчхаад гараж түгжээд түлхүүрээ гаргах үед шүүгдэгч ирсэн. Шүүгдэгч машинаа оруулах талаар хэлээд битгий цоожил гэсэн. Гараж дотор машин байрлуулдаг хүмүүс бүгд гаражны түлхүүртэй байдаг. Би түүнд та нар өөрсдийнхөө түлхүүрээр онгойлгоод орчих гэж тайвнаар хэлээд явсан. Гэтэл шүүгдэгч араас хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би буцаж очоод бид маргалдаж эхлээд би нэг өшиглөсөн. Гэтэл шүүгдэгч эргэж хараад нэг юмаар намайг цохисон. Бид хоёр зууралдаад газар унасан. Шүүгдэгчийн эхнэр ирээд бид хоёрыг салгасан. Миний нүүрэнд ил том сорви үлдсэн. Энэ нь шимэгдэхгүй бондгор арилах боломжгүй сорви гэсэн. Би Солонгос улсын болон Монгол улсын гоо сайхны эмнэлгүүдэд үзүүлэхэд уг сорвийг арилгахад 10 орчим сая төгрөгийн зардал гарна гэсэн. Би ** настай, залуу насандаа ийм сорвитой болсондоо гомдолтой байна. Баримтаар гаргаж өгсөн зардал болон ирээдүйд гарах зардлуудыг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
-иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 30 дугаар хуудас/
- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 41 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.
Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд Ч.Л************ нь 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн ** дугаар хороо *** дүгээр байрны В1 давхрын авто гаражны үүд хэсэгт хохирогч Б.Э********г "хаалгаа битгий хаа гээд байхад хааж цоожилсон" гэх шалтгаанаар маргалдаж улмаар гараараа зүүн нүдний хэсэгт цохиж зүүн хөмсөгний гадна няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Ч.Л********** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.Л**********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгчээс 375,000 төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд олгуулах, хохирогчид баримтаар учирсан 245,600 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулах, мөн хохирогчийн сэтгэцэд учирсан хохиролд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3,300,000 төгрөгийг гаргуулж хохирогчид тус тус олгуулах саналтай байна...” гэх дүгнэлт,
Хохирогчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Хохирогчид учирсан хохирол шүүгдэгчийн буруутай үйлдлээс тухайн цаг хугацаанд болсон нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа. Хохирогч баримтаар 245,600 төгрөгийн зардал учирсан, эрүүл мэндийн даатгалын сангаас 375,000 төгрөгийн зардал гарсан тул тус тус нэхэмжилсэн байгаа. Хохирогчийн нүүрэн тус газар учирсан гэмтлийн сорвийг арилгуулахад 10 орчим сая төгрөгийг ирээдүйд гарах зардлыг иргэний шүүхээр нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү. Мөн хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол хоёрдугаар зэрэглэлд хамаарч байх тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 8,573,400 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах саналтай...” гэх дүгнэлтүүдийг тус тус гаргалаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:
Шүүгдэгч Ч.Л********** нь 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн ** дугаар хороо *** дүгээр байрны ** давхрын авто гражны үүд хэсэгт хохирогч Б.Э*******г "хаалгаа битгий хаа гээд байхад хааж цоожилсон" гэх шалтгаанаар маргалдаж улмаар гараараа зүүн нүдний хэсэгт цохиж зүүн хөмсөгний гадна няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:
мөрдөн байцаалтад хохирогч Б.Э*************н өгсөн: “...2024 оны 08 дугаар сарын 16-ний орой Баянгол дүүргийн **-р хороо *** дүгээр байрны гараж руу өөрийн хэрэгслийг оруулчхаад эргээд гарч ирээд хаалгыг нь хаах гээд цоожилж байхад араас нэг үл таних залуу хүрч ирээд чи хүн машинаа оруулах гэж байхад яах гэж хаалгаа хаагаад цоожилж байгаа юм гээд над руу уурлаад тэгэхээр нь би тухайн үл таних хүний яриаг сонсохгүй гаражны хаалгыг түгжчихээд явах гэтэл тухайн үл таних залуу нь намайг харгаагаад байхаар нь тухайн үл таних хүнд би хандаж гараж дотор битүү байна аа та нар хэрвээ оруулах гэж байгаа бол өөрсдийн түлхүүрээр гаражны хаалгыг онгойлгоод ороорой гэж хэлчихээд явах гэж байхад тухайн үл таних залуу нь миний урдаас алхаад ирж байхдаа намайг хараагаад байхаар нь би тухайн үл таних залуу нь нэг удаа түлхсэн. Тэгэхэд тухайн үл таних залуу нь миний нүүрэн тус газарт нэг удаа цохисон бөгөөд тухайн залуу намайг цохисны улмаас миний баруун талын хөмсгийг хэсгээс цус гараад эхэлсэн ба тухайн ****** залуутай би зууралдаад байж байхад тухайн үл таних эрэгтэй хүний эхнэр нь гэмээр хүн хүрч ирээд салгаж аваад би цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Б.Х************н өгсөн: “...2024 оны 8 дугаар сарын 16-ны 23 цаг өнгөрч байхад Баянгол дүүргийн ** дугаар хороо Г***** П*** хотхоны ***-р байрны В1 давхарт байрлах 4 тоот автомашины зогсоол руу өөрийн Лексус Ар-Икс 450 маркийн **-** У** улсын дугаартай машинаа оруулах гээд нөхөр Л******** болон төрсөн охин Марал нарын хамт явж байсан бөгөөд тухайн үед би гараж руу машинаа оруулах гээд нөхрөөрөө гаражны хаалга онгойлгох гэтэл урд явж байсан нэг үл таних машинтай хүн гаражны хаалгаар ороод араас нь орох гээд манай нөхөр маань тэр машины жолоочид хандан "хүүе байж байгаарай, хаалгаа битгий хаагаарай гэж хэлэхэд ерөөсөө тоосон шинжгүй хаалгаа хаачихсан. Тэгээд нөхөр маань гараашны хаалга онгойлгох гээд явж байтал нөгөө гаражны хаалга том биетэй залуу араас нь очсон. Машинаа доош гараж руу оруулах гээд ухрах үйлдэл хийж байтал машины камерт манай нөхөр нөгөө залуутай ноцолдоод байсан, хажуу талд байсан эрэгтэй эмэгтэй хоёр надад хандан танай нөхөр чинь хүнд зодуулаад байна гэхээр нь гараад очтол нөхөр маань нөгөө залуу зууралдчихсан байхаар нь тэр хоёрыг салгасан. Салгаад эргээд харсан чинь амын хөмсөгний дээд талд цус гарч байхаар нь машинаасаа салфетик аваад цусыг нь арчиж өгсөн. Тэгээд нөгөө залуу удалгүй байж байгаад цагдаа дуудчихсан байсан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Э.Эрхэмбаярын 2024 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 10*** дугаартай хүний биед хийсэн 1. Б. Э******** биед зүүн хөмсөгний гадна няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. 4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ч.Л *********нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсан субьектив санаа зорилготой байжээ. Шүүгдэгч Ч.Л******** нь хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж цохисон идэвхтэй гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын үндсэн шинжийг хангасан байна.
Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Л********д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ч.Л нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.
Хохирлын талаар
Хохирогч Б.Э********* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...эмчилгээний зардалд 245,600 төгрөгийн баримт гаргасан бөгөөд сэтгэл санааны хохирол хоёрдугаар зэрэглэлээр нэхэмжилнэ...” гэх хүсэлт /хавтаст хэргийн 58,60 дугаар хуудас/,
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /хавтаст хэргийн 68 дугаар хуудас/,
Эрүүл мэндийн даатгалын санд 371,062 /нэг зуун далан нэг мянга жаран хоёр/ төгрөгийн хохирол учирсан талаар баримт /хавтаст хэргийн 64 дүгээр хуудас/-д авагдсан байна.
Иймд Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт буюу “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмын 2 дахь хэсгийн 2.3-т заасны дагуу хохирогч Б.Э гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлын 2 дугаар зэрэглэлийг хүлээн зөвшөөрснийг шинжээчийн дүгнэлттэй адилтгаж үзэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3,300,000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогчид 3,545,600 төгрөг, эрүүл мэндийн даатгалын санд 371,062 төгрөгийг тус тус гаргуулахаар шийдвэрлэлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Улсын яллагч: “...шүүгдэгч Ч.Л**********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх...” гэх дүгнэлт,
Хохирогчийн өмгөөлөгч: “...Тусгайлан гаргах саналгүй...” гэх санал, дүгнэлтүүдийг тус тус гаргав.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Л*********д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэрэгт хавсарган үлдээж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О********* овогт Ч********* Л********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Л********г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ч.Л оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Л*********гээс 3,545,600 төгрөг гаргуулж хохирогч Б.Эт, 371,062 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгуулж,
Хохирогч Б.Э нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлоо баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Ч.Л*******гээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хавсарган үлдээж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Л***********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ