Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2019/02214

 

 

      2019 оны 10 сарын 16 өдөр

                Дугаар 183/ШШ2019/02214

                  Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б овогтой, Э.Б-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: М овогтой, Ш.Б-т холбогдох, 

Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, нарийн бичгийн дарга Т.Ц нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Нэхэмжлэгч Э.Б болон түүний нөхөр нар нь н.Б гэх иргэнд *******,*******,*******,******* тоот хаягт байрлах 66 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг түр хугацаагаар ашиглуулж байсан бөгөөд н.Б гэх иргэн нас барснаар энэхүү орон сууцыг Ш.Б гэх хүн ээж, хүүхдийн хамт өнөөдрийг хүртэл үнэ төлбөргүй эзэмшиж, ашигласаар ирсэн байна. Нэхэмжлэгч Э.Б нь 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр тухайн байранд оршин сууж байгаа Ш.Буяндэлгэрт орон сууцыг яаралтай чөлөөлөхийг шаардахад “бид нар 1 жилийн дотор чөлөөлөөд өгнө, одоогоор чөлөөлөх боломжгүй байна” гэсэн хариу өгсөн байдаг. Үүнийг нэхэмжлэгч Э.Б нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т заасны дагуу шүүхийн журмаар албадан чөлөөлүүлэх хүсэлтэй байна. Иймд нэхэмжлэгч Э.Б-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаартай, *******,*******, Олимпийн гудамж, 39А дугаар байр,******* тоот хаягт байрлах 66 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг Ш.Б-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэв..

 

          Хариуцагч Ш.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Э.Б-ийн нөхөр Т.Ч нь “Э Т” ХХК-ийн захирал бөгөөд миний нөхөр Б.Б-тай хамтарч бизнес эрхэлдэг байсан. Тухайн үед орлого, ашгаа хуваарилж, *******,*******, Олимпийн гудамж, 39А дугаар байрны******* тоот, 20 тоот орон сууцнуудыг манайд өгсөн. Дээрх 20 тоот орон сууц нь Т.Ч-ийн нэр дээр бүртгэлтэй байсан бөгөөд тохиролцсон ёсоор миний нэр дээр шилжүүлж өгсөн. Миний бие амьдралын хэрэгцээний шаардлагаар худалдан борлуулсан. Харин******* тоот байрандаа 2011 оноос хойш одоог хүртэл 8 жил амьдарч байна. Бид бизнесийн сайн найзууд байсан бөгөөд Т.Ч нь 20 тоот байрны гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж өгөх үедээ******* тоот байрныхаа бичиг баримтыг Ш.Б-ийн нэр дээр хурдан шилжүүлж өгөөрэй гэж Э.Б-д хэлж байсан.

Нөхөр маань амьд ахуйдаа хийсэн ажлынхаа үр дүнгээр уг******* тоот орон сууцыг авсан, тэгээд ч олон жил амьдарч байгаа болохоор ийм асуудал болно, хөөгдөхдөө тулна гэж бодсонгүй. Бичиг баримтыг шилжүүлээд өгөх байх гэж бодож явсан болохоос Э.Б-г ийм бодол санаа гаргана гэж бодсонгүй. Э.Б, Т.Ч нар нь өнчин хүүхэд, өндөр настай ээжтэйгээ амьдардаг намайг олон жил амьдарсан 2 өрөө байрыг маань нэхэж, хөөхөөргүй дээд зэрэглэлийн амьдралтай хүмүүс юм. Нөхрийг минь амьд сэрүүн байхад сайхан найзууд явсан, аль аль талаа бодоод байрныхаа бичиг баримтыг шилжүүлээд өгөхийн оронд орох оронгүй биднийг хөөж байгаад маш их харамсан гайхаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

           

Э.Б-ийн нэхэмжлэлтэй, Ш.Б-т холбогдох, хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Маргааны зүйл болох *******,*******, Олимпийн гудамж, 39А дугаар байр,******* тоот, 66 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны өмчлөгч нь Э.Б болох нь эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2007 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 000040534 дугаар гэрчилгээгээр нотлогдож байна.

 

Мөн уг орон сууцанд Ш.Б оршин сууж байгаа болох нь талуудын тайлбараар тогтоогджээ.

 

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан хариуцагч Ш.Б-ийн хууль бус эзэмшлээс Э.Б-ийн өмчлөлийн болох *******,*******, Олимпийн гудамж, 39А дугаар байр,******* тоот, 66 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг чөлөөлөх нь зүйтэй болно.

 

Хариуцагч Ш.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан хариуцагч Ш.Б-ийн хууль бус эзэмшлээс Э.Б-ийн өмчлөлийн *******,*******, Олимпийн гудамж, 39А дугаар байр,******* тоот, 66 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг чөлөөлсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 357.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид 357.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ж.СЭМЖИД