Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2021/03420

 


2021 оны 00 сарын 00  өдөр Дугаар 102/ШШ2021/03420 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүлийг суулгаж тэмдэглэл хөтлүүлэн, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ...

Хариуцагч: ....

Зээлийн гэрээний үүрэгт 3,000,000 /гурван сая/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц...., хариуцагч О.... нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.... шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Ж.... 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр О....д 3,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлдүүлсэн бөгөөд дээрх мөнгийг Хаан банк дахь О....гийн данс руу шилжүүлж өгсөн болно. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу зээлийн гэрээ байгуулсанд тооцох бөгөөд О.... зээлдүүлсэн мөнгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд зээлдүүлсэн 3,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна. Өмнө талуудын хооронд үүссэн Зээлийн гэрээтэй холбоотой маргааныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр шийдвэрлэхэд тухайн зээлийн төлбөрөөс 3,000,000 төгрөгийг хасуулахыгы хүссэн. Гэвч үүнийг шүүх сөрөг нэхэмжлэл гаргаж шаардаагүй гээд хасаагүй ба уг мөнгийг зээлэхээс өмнө шилжүүлсэн учир хасаагүй. Тиймээс О....д Ж....гаас зээлдүүлэн шилжүүлсэн 3,000,000 төгрөгийг хариуцагч О....гаас гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү...гэв.

 

Хариуцагч О.... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Ж.... нь 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 3,000,000 төгрөг надад зээлдүүлсэн хэмээн нэхэмжлэл гаргасан нь ямар ч үндэслэлгүй бөгөөд О.... миний биеэс авсан зээлийн төлбөрийн үлдэгдлийн төлбөр юм. Миний бие Баянгол дүүргийн шүүхэд хүсэлт гарган 14,500,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл төлбөрийн нэхэмжлэлийг гаргаж, 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн ....  шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ... дугаар магадлалаар Ж.... нь 14,500,000 төгрөгийг О....д төлөх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Миний хувьд Ж....гаас хэзээ ч ямар ч тохиолдолд зээл авч байгаагүй. Харин Ж....д 10 гаруй жилийн хугацаанд нийт дүнгээр хамгийн багадаа 200,000,000 гаруй төгрөгийг хүсэлт гаргасан тохиолдол бүрт зээлдүүлж байсан. Ж.... хэнд ч мөнгө зээлдүүлэх чадваргүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү...гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.... нь хариуцагч О....д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,000,000 /гурван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлээ нотлохоор өөрийн банк дахь харилцах дансны хуулгыг нотлох баримтаар гаргажээ.

Хариуцагч О.... нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс 3,000,000 төгрөг зээлж аваагүй, уг мөнгө нь Ж....гийн өөрөөс нь зээлсэн зээлийн төлбөр учир төлөх үндэслэлгүй гэж тайлбарлан маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэлд нотлох баримтаар хавсаргасан Ж....гийн Хаан банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулгад 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 3,000,000 төгрөгийг ... дугаарын данс руу ...гаас гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн байх ба уг данс хариуцагч О....гийн данс мөн болохыг хүлээн зөвшөөрч тайлбарлан, энэ үйл баримтын талаар зохигчид маргаагүй боловч О.... уг мөнгийг Ж....гаас зээлж аваагүй, түүнд зээлдүүлсэн мөнгийг буцаан төлж буй төлбөр гэж тайлбарлаж байна.

Харин нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасны дагуу дансаар шилжүүлсэн 3,000,000 төгрөгөө 1 сарын хугацаатай хариуцагчид шилжүүлсэн учир мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг үндэслэн зээлийн төлбөрийг шаардах эрхтэй гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч нь 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 3,000,000 төгрөг хариуцагчийн данс руу шилжүүлсэн ба үүнийг хариуцагчтай 1 сарын хугацаатай Зээлийн гэрээ аман хэлбэрээр байгуулсан гэж тайлбарласан.

Хэдийгээр Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох боловч тухайн шилжүүлсэн мөнгийг хүлээн авагч нь шилжүүлэн өгсөн талаас зээлж авах хүсэл зоригоо илэрхийлсэн буюу талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан тохиролцоо үүсэж, тэд зээлийн гэрээ байгуулах талаар санал нэгдсэн байх шаардлагатай.

Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.2 дахь хэсэгт Хэлэлцэн тохирсон хэлбэрээр үүргийн харилцаа үүсэхэд гэрээ тохирсон хэлбэрээр байгуулсан байвал зохино гэж хуульчилсан ба хариуцагчийн зүгээс уг 3,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хүлээн авсан болохоо зөвшөөрөх боловч мөнгийг зээлж аваагүй гэж тайлбарлан маргаж байх тул тэдний хооронд Зээлийн гэрээний харилцаа аман хэлбэрээр хийгдсэн болохыг нэхэмжлэгч нотлох үүрэг хүлээнэ.

Дээрх байдлаар талуудын хооронд Зээлийн гэрээний харилцаа үүссэн болохыг нэхэмжлэгч нотлоогүй, хэрэгт нотлох баримтаар гаргасан Хаан банкны ... тоот харилцах дансны хуулгаас харахад 3,000,000 төгрөгийг шилжүүлэхдээ ...гаас гэж бичсэн нь гүйлгээний зориулалт Ж....гаас О....д зээлдүүлсэн гэж үзэхээргүй буюу нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.

Түүнчлэн, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 1... дугаар шийдвэрээр О....гаас Ж....д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14,500,000 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийг хянаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн ба уг шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ... дугаар магадлалаар хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. /хх 12-15/

Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлалд нэхэмжлэгч Ж....гийн хариуцагч О....гаас шаардаж буй 3,000,000 төгрөгийг О....гаас Зээлийн гэрээний дагуу зээлж авсан төлбөрт тооцон төлсөн талаар дурдаж, энэ талаар дүгнэлт хийсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасны дагуу энэ үйл баримтын талаар дахин нотлох шаардлагагүй буюу нэхэмжлэгчээс хариуцагчид 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 3,000,000 төгрөгийг зээлдүүлээгүй, уг мөнгийг Ж....гаас О....д зээлдүүлэхээр тэдний хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э....гаас зээлийн гэрээний үүрэгт 4,008,452 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б....гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА