Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2017/ШЦТ/33

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч Х.Еркебулан, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мандалбаяр, шүүгдэгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1,216 дугаар зүйлийн 216.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ийн *******т холбогдох эрүүгийн 201721000054 дугаартай, 153/2017/0038/Э индекстэй хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

            Монгол улсын иргэн, ******* овогт *******ийн *******, 1984 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн  хамт Ховд аймгийн ******* сумын ******* багийн 12-4 тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар /

Шүүгдэгч М.******* нь 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 10 цагийн үед Ховд аймгийн ******* сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр 2-4 тоот хашааны зүүн талын асфальтан замд иргэн Б.*******ын өмчлөлийн 64-21 ******* улсын дугаартай Hyundai Akcent маркийн  автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хохирогч З.г мөргөж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулж, улмаар 2-4 тоот хашааг мөргөж иргэн Д.т 5000 төгрөгний, иргэн Б.*******ын өмчлөлийн эд хөрөнгөнд 165000 төгрөгний хохирол  учруулж, осол болсон газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.*******   шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүгдэгч М.******* мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 02 дугаар сарын 07-ны өглөө 09 цаг өнгөрч байхад 64-21 ******* улсын дугаартай хөх өнгийн Аксент машин унаад хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөөд, эхнэрээ  ажил дээр нь буулгачихаад гэр лүүгээ харих гээд  тоглоомтой гудмаар дээшээ өгсөж яваад цагаан худагтай уулзвар өнгөрөөд тормозоо гишгэсэн чинь барихгүй байсан. Тэгэхээр нь би замынхаа баруун гар тал руу дарсан чинь рулийн таван бул нь сугарсан.Тэгээд руль залагдахгүй болоод машин шарваад цаана байсан эмэгтэй хүнийг мөргөөд айлын хашаа мөргөөд зогссон.Би машинаасаа гараад хэргийн газрыг орхиод явсан. Тухайн үед  манай гэрт манай хүр дүү ирчихсэн байхаар нь “ би хүн дайрчихлаа” гэж хэлсэн чинь би очоодохъё гээд гараад явсан. Би гэртээ ирээд унтсан. Би урьд өдөр нь дүүтэйгээ 2 шил архи уусан,тухайн үед эрүүл байсан.Би сандраад хэргийн газрыг орхиж зугтаасан гэжээ./хх 68-р хуудас/

Хохирогч З. мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2017 оны 02 дугаар сарын 07-ны өглөө 10.30 цагийн үед  гэрээсээ гараад тоглоомтой гудамжаар уруудаад ажил руугаа явж байтал доороос ягаан өнгийн Аксент маркийн машин ирж байсан.Би явган хүний зам дээр явж байгаад шороо руу буусан. Тэгтэл тэр Аксент машин явган хүний зам дээр гарч ирсэн. Би амжиж хашаа руу зугтах гэсэн боловч машин бөгсөөрөө шарваж  ирээд намайг мөргөсөн, би шидэгдээд газарт унасан. Намайг мөргөсөн машины жолооч надад эмнэлгийн тусламж үзүүлэх нь байтугай татаж босгоогүй, хэргийн газраас зугтаад явсан гэжээ. /хх-25-26-р хуудас/

Гэрч Г. мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр би М.*******ийнд байж байтал М.******* гаднаас гүйж орж ирээд “ би аваарь хийчихлээ” гэсэн. Түлхүүрийг нь аваад машин дээр нь очиж үзэхэд тоглоомтой гудамжны худагны дээд талын  уулзварын баруун гар талдаа машин нь  айлын хашаа мөргөөд зогсчихсон, цагдаа нар ирсэн үзлэг хийж байсан.******* бид хоёр урьд орой нь 2 шил архи уусан. Өглөө нь М.******* ахаас архи үнэртэж байсан гэжээ. /хх-29-р хуудас/

Гэрч Х. мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр тоглоомтой гудманд цагаан худагны дээд талын зогсоол дээр зогсож байтал доороос 64-21 ******* улсын дугаартай  Аксент машин ирж байгаад уулзвар өнгөрөөд замынхаа баруун гар талын замын хашлага даваад баруун гар талдаа дараад тухайн машин шарваад цаана нь явж байсан нэг эмэгтэй хүнийг  зүүн талын  хойт бөгсөөрөө мөргөөд  зогссон.Тэгээд мөргүүлсэн эмэгтэй босож ирээд 4-5 алхаад  доороо суугаад хүн дуудсан. Тэгэхээр нь би гүйж очоод хажууд нь зогсоод цүнх, малгай хоёрыг нь аваад хажууд нь тавьсан. Удалгүй баахан хүмүүс цуглаад эмнэлэг, цагдаа дуудсан. Хүн мөргөсөн машины жолооч машиныхаа копутыг сөхөөд буцааж хаах үед нь би очоод “та хүн дайрчихлаа” гэж хэлэхэд  юу ч дуугаралгүй дээшээ алхаад яваад өгсөн.Тэгээд эмч нар ирээд дайруулсан хүнийг аваад явсан гэжээ. /хх-30-р хуудас/

Гэрч Д. мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр би гадуур явж байгаад ирсэн чинь манай хашааны доод талыг машин мөргөсөн байсан. 10 ширхэг блок хагарсан байсныг тухайн жолооч янзалж өгсөн. Одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэжээ. /хх 31-р хуудас/

Гэрч А. мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр тоглоомтой гудманд байдаг цагаан худагны дээд талын зогсоол дээр зогсож байтал  доороос дээшээ  64-21 ******* улсын дугаартай  Аксент маркийн  машин мурилзсан байдалтай ирж байсан. Тэгээд уулзвар өнгөрөөд баруун гар талдаа шарваад тоос манараад явсан. Гэтэл тухайн машин айлын хашаа дайраад зогсоход цаад талд нь нэг эмэгтэй хүн туслаач гэж орилоод газарт сууж байсан. Бид нар тэр эмэгтэй дээр очоод цагдаа, эмнэлэг дуудсан. Удалгүй эмнэлгийн машин ирээд тэр эмэгтэйг аваад явсан. Тухайн машины жолооч тэр эмэгтэйг дайрчихаад зугтаад явсан   гэжээ. /хх-33-р хуудас/

Насанд хүрээгүй гэрч Д. мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хичээлээ тараад тоглоомтой гудмаар нэвт гарахаар явж байтал доод талаас хөх өнгийн Аксент машин хурдтай ирж байсан. Уг машин уулзвар өнгөрөөд замынхаа баруун гар тал руу гараад явган хүний зам дээр бөгсөөрөө шарваад цаад талд нь явж байсан  нэг эмэгтэй хүнийг зүүн талын хойт  шанаагаараа мөргөж  унагаад  машин хашаа мөргөөд зогссон. Тухайн машины жолооч согтуу байх шиг байсан тэр жолооч машин дотроо байж байгаад буруу талын хаалгаараа гараад дээшээ эргээд зугтаад яваад өгсөн гэжээ./хх-34-р хуудас/

Гэрч Б.******* мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 64-21 ******* улсын дугаартай Аксент маркийн автомашиныг Сүхбаатар гэдэг  хүнээс худалдаж аваад өөрийн нэр дээр шилжүүлж амжаагүй байсан. Би уг машиныг 2017 оны 02 дугаар сарын 01-ний үед  М.*******т засуулахаар өгсөн байсан. Би М.*******ийг танихгүй, манай дүү Баасанжаргал таньдаг гэжээ. /хх -37-р хуудас/

2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 06 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд : 64-21 ******* улсын дугаартай Аксент маркийн автомашин жолоодож явсан М.******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.5-д заасан үүргээ биелүүлээгүйгээс гадна дүрмийн 9.2-т заасан “ Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед  тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалт, уг зам тээврийн осол гарахад үзлэг оношлогоонд хамрагдаагүй, бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодсон, М.******* нь тоормосны систем ажиллагаагүй бүрэн бус техник жолоодсон нь замын нөхцөл байдалд хурдаа тохируулалгүй, аюул саад бий болсон үед тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авч чадаагүйгээс зам тээврийн осол гарсан байна. Шинжээч цагдаагийн ахмад М.Алтангэрэл  гэх дүгнэлт /хх 39-р хуудас/

2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 89 дугаартай Шинжээчийн дүгнэлтэнд: 1. З.гийн биед гэмтэл учирсан байна.

2.З.гийн биед умдаг ясны дээд салаа хэсгийн хугарал, баруун тохойн дотор хэсэгт 5.5х3 см цус хуралт, зүүн өвдөгний дотор хэсэгт 6х5.5 см цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

3. З.гийн биед учирсан гэмтлүүд нь  мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй.

4. З.гийн биед үүссэн дээрхи гэмтлүүд нь  Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д... гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг 4 долоо хоногоос дээш хугацаагаар сарниулсан / удаан/ гэх шалгуур  шинж тогтоогдсон тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5.Цаашид эрүүл мэнд болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөхгүй.Дүгнэлт гаргасан.шинжээч эмч Д.Тогтох гэжээ./хх -50-р хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлт /хх -3-8-р хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх -14-15-р хуудас/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-22-23-р хуудас/

Автомашины хохирол үнэлсэн тухай тайлан /хх-62-р хуудас/

Хохирогч З.гийн өвчний түүхийн хуулбар /хх-94-102-р хуудас/

Автомашин үнэлсэн тухай тайлан / хх-109-р хуудас/

Эд зүйлс үнэлсэн тухай тайлан / хх-112-р хуудас/ зэрэг хэрэгт  цугларсан болон  шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай,  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж , бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч М.******* нь 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 10 цагийн үед Ховд аймгийн ******* сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр 2-4 тоот хашааны зүүн талд иргэн Б.*******ын өмчлөлийн 64-21 ******* улсын дугаартай Hyundai Akcent маркийн  автомашин жолоодож яваад замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 2.5-д заасан үүргээ биелүүлээгүйгээс гадна мөн дүрмийн 9.2-т заасан  зөрчсөний улмаас иргэн З.г мөргөж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан, улмаар 2-4 тоот хашааг мөргөж иргэн Д.т 5000 төгрөгний, иргэн Б.*******ын өмчлөлийн эд хөрөнгөнд 165000 төгрөгний хохирол  учруулж, осол болсон газрыг санаатай орхиж зугтаасан үйлдэлд Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1, 216 дугаар зүйлийн 216.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч М.******* нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хохирогч З.г мөргөж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулж, улмаар 2-4 тоот хашааг мөргөж иргэн Д.т 5000 төгрөгний, иргэн Б.*******ын өмчлөлийн эд хөрөнгөнд 165000 төгрөгний хохирол  учруулж, осол болсон газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч З., иргэний нэхэмжлэгч Д.,Б.******* нарын мэдүүлэг, гэрч Г., Х., Д., А., насанд хүрээгүй гэрч Д.  нарын мэдүүлэг, Шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 06 дугаартай дүгнэлт/хх-39х/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлт /хх -3-6-р /,тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх -14-15-р/,мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-22-23-р /,хохирогч З.гийн өвчний түүхийн хуулбар /хх-94-102/, шүүгдэгч М.*******ийн мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудар тогтоогдож байна.

Шүүгдэгч М.*******  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “ЦЕГ-ын МНБГ-ын лавлагааны санд бүртгэгдээгүй” тухай  тэмдэглэл бүхий ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-72х/ тогтоогдож байна.

Шүүгдэгч М.*******  нь хохирогч нарын хохирлыг төлж барагдуулсан болох нь шүүх хуралдаанд хохирогчийн бичгээр ирүүлсэн хүсэлт , мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг хохирол төлбөргүй гэж үзэж байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3-д зааснаар шүүгдэгч нь  анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн тул ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан  түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдах нь зүйтэй.

             Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар шүүгдэгч М.*******ийн өмчлөлийн Г 1604000024 дугаартай 456 м2 талбай бүхий 364.800 төгрөгний  үнэтэй газар, Б.*******ын өмчлөлийн 64-21 ******* улсын дугаартай Хюндэй Аксент маркийн  тээврийн хэрэгсэл битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, энэ хэрэгт эд мөрийн баримт, шүүгдэгчийн бичиг баримт  хураагдаж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүйг  тус тус дурьдах нь зүйтэй.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284 ,286, 290 дүгээр зүйлийн290.3, 294-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг  тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-д зааснаар шүүгдэгч М.*******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 / хоёр/ жилийн хугацаагаар хасч, 03 /гурав/ сарын хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-д зааснаар 02 /хоёр/ жил 08 / найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч М.*******т Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1-д зааснаар оногдуулсан  03 сарын баривчлах ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар оногдуулсан 02 жил 08 сарын хугацаагаар хорих ялд багтааж, нийт эдлэх ялыг 02 жил 08 сарын хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар  шүүгдэгч М.*******т оногдуулсан 02 жил 08 сарын хорих ялыг  жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5.Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч З., иргэний нэхэмжлэгч Д.,Б.******* нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч М.*******т оногдуулсан 02 жил 08 сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж тэнсэж  02 жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар шүүгдэгч М.*******т  хяналт тавьж ажиллахыг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

            8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлхийг дурдсугай.

            9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар шүүгдэгч М.*******ийн өмчлөлийн Г 1604000024 дугаартай 456 м2 талбай бүхий 364.800 төгрөгний  үнэтэй газар, Б.*******ын өмчлөлийн 64-21 ******* улсын дугаартай Хюндэй Аксент маркийн  тээврийн хэрэгсэл битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

            10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.*******т  авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.ГАНТӨГС