Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2021/02299

 

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 20 өдөр                           Дугаар 183/ШШ2021/02299                                 Улаанбаатар хот

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.Б

 

Хариуцагч: У.Б

 

Хариуцагч: О.Т

 

36 000 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: ...................шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.                                                                                                                                                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа: “...2019 оны 7 дугаар сарын эхээр танил О.Т  нь “Монголд махны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хятадуудтай хамтарч ажиллая. Түүхий мах худалдаж аваад боловсруулаад Хятад руу гаргадаг хужаа нарт өгье. Надад таньдаг хятадууд байна. Ашгаа хуваая” гэж санал анх надад тавьсан тул би боломжийн юм байна гээд итгэж, ажиллаад үзье гэж бодсон. Үүний дараахан 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр О.Т  над руу утасдаад “Маргааш хямдхан мах ирэх гэж байна. Урьдчилгаа мөнгө өгөх хэрэгтэй. Хэдүүлээ хамтарч ажиллах юм чинь үйлдвэртээ авъя. 6 000 000 төгрөг байвал У.Б ийн данс руу шилжүүлээч” гэсэн. Би ч итгэсэн байсан учраас тэр дор нь 6 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Хэд хоногийн дараа О.Т  нь “Хятадуудтай тохирчихлоо.Бид нарыг махаа боловсруулах үйлдвэрээ олоорой гэж байна" гэсэн бөгөөд түүний найз У.Б  нь “Хайж, хайж танилаараа дамжуулж, нэг сарын 5 000 000 төгрөгөөр түрээслэхээр нэг үйлдвэр оллоо. 6 сарын хугацаагаар түрээсэлнэ. Түрээсийн мөнгөө 6 сараар нь авна гэж байна” гээд намайг хурдхан түрээс төлөх мөнгөө өгөөрэй. Бид нар махаа олоод боловсруулъя. Тэгээд ашгаа хуваая” гэсэн. Миний хувьд гурвуулаа мөнгөө хувааж гаргана хэмээн ойлгосон байсан ч тэр хоёр “Эхлээд чи мөнгө гаргачих” гэхээр нь У.Б ийн Хаан банкны 5017372077 дугаарын данс руу 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 10 000 000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 8 805 000 төгрөг,  2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 10 000 000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 1 195 000 төгрөг, нийт 30 000 000 төгрөгийг шилжүүлсэн юм. Ингээд Сонгинохайрхан дүүргийн  20 дугаар хороо, Сонсголонгийн зам, 36/14 тоот хаягт байрлах махны цехэд хэд хоног ирж очин байсан ч “Тоног төхөөрөмж дутуу, БНХАУ руу захиалсан удахгүй ирнэ” гэсээр огт үйл ажиллагаа явуулаагүй тул би больё, мөнгөө буцааж авъя гээд тэдэнд түлхүүрийг нь өгсөн. Түүнээс хойш тэд “Мөнгө буцааж өгнө” гэсээр өнөөдрийг хүрсэн ч нэг төгрөг ч өгсөнгүй. Тухайн үед би түрээсийн гэрээг огт хараагүй байсан бөгөөд эздээс хуулбарлан авснаар тухайн байрыг сарын 3 500 000 төгрөгөөр, 3 сарын хугацаатайгаар түрээсэлсэн гэдгийг мэдсэн. Иймд У.Б , О.Т  нараас нийт 36 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч У.Б  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгч Д.Б  нь надаас 36 000 000 төгрөг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй. 2019 оны 9 дүгээр сард Д.Б  нь өөрөө санхүүжилтээ гарган махыг хагас боловсруулан Хятад улс руу нийлүүлэх санаачилга гарган, найз Б.Бат-Эрдэнэ, миний найз О.Т  нартай ярилцсан байсан. Би тэдний бизнест анхнаасаа оролцоогүй, надад ямар нэг ашиг өгнө гэж тохиролцоо хийгээгүй. Тэгтэл Д.Б  намайг ямар ч үнээр ч хамаагүй, хурдан хугацаанд мах боловсруулах ажлын байр олохыг хүссэн. Ингээд Д.Б  миний Хаан банкны данс руу 10 000 000 төгрөг, 8 805 000 төгрөг, 10 000 000 төгрөг зэрэг 3 удаагийн шилжүүлгээр нийт 28 805 000 төгрөг шилжүүлсэн. Түүний гуйлтаар түрээсийн  байр олж өөрийн танил н.Хишигбуян руу ажлын байрны түрээсийн мөнгө 15 000 000 төгрөг шилжүүлсэн, ажлын байрны гэрээг түрээслүүлэгч н.Уранчимэгтэй нэг сарын 3 500 000 төгрөгөөр хийж, ажлын байрны түлхүүрийг Д.Б т хүлээлгэн өгсөн. 2019 оны 8 дугаар сард Д.Б ын гуйлтаар н.Чимгээ гэдэг махны ченжтэй утсаар холбогдож 50 000 000 төгрөгийн махыг зээлээр түүнд авч өгсөн. Д.Б  Чимгээгээс өөрийн биеэр очиж жинлэж авсан гэсэн. Улмаар Чимгээ махны тооцоо хийхийг шаардахаар нь Б ын шилжүүлсэн мөнгөний үлдэгдлийг шилжүүлсэн бөгөөд тухайн үед нь би Д.Б т Чимгээгээс авсан махны тооцоог хийсэн гэдгийг хэлж байсан. Д.Б  нь Чимгээгээс зээлж авсан махаа “Соёо-Уул” гэдэг хятад эзэнтэй мах хагас боловсруулах үйлдвэрт нийлүүлсэн. Харин Д.Б  махны бизнес хийнэ гэж найз н.Бат-Эрдэнээс өөрт нь шилжүүлсэн мөнгийг хувьдаа машин худалдан авсан байсныг өмнөх шүүх хуралдааны явцад мэдсэн. Иймд өмнө нь Д.Б  надтай махны тооцоотой байсан, 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 6 000 000 төгрөг, мөн 1 195 000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн мөнгөнөөс Д.Б ын зээлээр авсан махны мөнгийг Чимгээд шилжүүлсэн, Д.Б тай ямар нэг тооцоо байхгүй учир түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч О.Т  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Д.Б ын У.Б , О.Т  нарт холбогдуулан гаргасан 36 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Д.Б  нь бидэнтэй адил махны бизнес эрхэлдэг бөгөөд махны ченжүүдээс мах авч миний мэдэхийн “Соёо- Уул” гэдэг Хятад иргэдийн мах хагас боловсруулах үйлдвэрт нийлүүлдэг. 2019 оны 9 дүгээр сард Д.Б  нь өөрөө санаачлан, Хятадуудад мах өгснөөс У.Б ээр ямар ч үнээр хамаагүй түрээсийн мах хагас боловсруулах ажлын байр олуулах, өөрөө найз Б.Бат-Эрдэнийн хамт санхүүгээ хариуцан өөрсдөө махыг хагас боловсруулан би мах бэлтгэх ажилд туслахаар төлөвлөн тохирсон. Би 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Д.Б ыг урьдчилгаа мөнгө 6 000 000 төгрөгийг У.Б ийн данс руу шилжүүл гэж огт хэлээгүй, тэр өөрийнхөө махны тооцоог андуурсан байх. Надад мөнгө санхүүгийн талаар ямар нэг мэдэл байгаагүй, миний гар дээр захиран зарцуулах мөнгө ирээгүй. Мах хагас боловсруулах ажлын байрны 6 сарын түрээсийн мөнгийг У.Б  рүү шилжүүл гэж би түүнд огт хэлээгүй, гүтгэлгийн шинжтэй яриаг нь үнэндээ гайхаж байна. Харин У.Б  түүнд түрээсийн хямд ажлын байр олж өгсөн гэж сонссон, харин ажлын байрны түлхүүрийг Д.Б  биеэсээ салгаагүйг би мэднэ. Д.Б  ашиг гарвал түүний найз Б.Бат-Эрдэнэ бид 3 ашгаа хувааж аваад эргэлтийн хуримтлалтай болно гэж байсан. Д.Б  нь Хятад иргэдийн гадагшаа нийлүүлэх “квот” дуусаж төлөвлөсөн ажил бүтэлгүй болонгуут надаас мөнгө нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Б  нь У.Б ийн данс руу 28 805 000 төгрөг шилжүүлсэн гэдэгт маргадаггүй. Анхнаасаа Д.Б , У.Б , О.Т  нарын дунд хамтран ажиллах гэрээ хийсэн зүйл байдаггүй, зорилго нь ашгаа хуваах байсан. Ашиг олох талаар аман ярианд У.Б  оролцоогүй. У.Б  нь тухайн үедээ Хүчит шонхор зах дээр зохион байгуулагч хийдэг байсан ба танил талын давуу байдлаа ашиглан Д.Б ын хүсэлтийн дагуу 18 805 000 төгрөгөөс 14 500 000 төгрөгийг түрээсийн төлбөрт шилжүүлсэн. 2019  оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 18 805 000 төгрөг шилжүүлснээр түрээсийн гэрээ байгуулсан. Ажлын байрны түлхүүрийг хэн өгсөн авсан гэдэг нь чухал ач холбогдолтой. У.Б  нь Д.Б ын эд хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулсан гэх хууль зүйн үндэслэлгүй. Учир нь У.Б т ашиг хонжоо олсон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үйл баримт, нөхцөл байдал хавтаст хэрэгтэй танилцах явцад харагддаггүй. Харин өндөр түрээстэй биш ажлын байр олж өгөөд үлдсэн мөнгийг махны өрөнд өгсөн нь бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн гэж үзэхээр байна. Дансны хуулгыг нь харахаар 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 8 дугаар сарын 20-ны өдрийн хооронд махны өрөнд нийт 41 217 000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Д.Б  цаг хугацааны хувьд логиктой зүйл ярьмаар байна. Мах боловсруулах үйлдвэрийг 9 сард гэрээ хийгээд авсан байдаг” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  Д.Б  нь хариуцагч О.Т , У.Б  нарт холбогдуулан 36 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрчээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “...2019 оны 7 дугаар сард О.Т  нартай хамтарч ажиллахаар тохирч, мах худалдаж авах мөнгө хэрэгтэй гэхээр нь 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 6 000 000 төгрөгийг У.Б ийн данс руу шилжүүлж О.Т т зээлдүүлсэн тул 6 000 000 төгрөгийг, мөн 2019 оны 7 дугаар сард О.Т  нартай хамтарч ажиллахаар тохирч, мах боловсруулах үйлдвэр ол гэсний дагуу У.Б  түрээсийн байр хайж, сарын 5 000 000 төгрөгөөр, 6 сарын хугацаагаар түрээсэлнэ, мөнгөө 6 сараар нь авна гэж байна, түрээс төлөх мөнгөө өгөөрэй, бид махаа олоод боловсруулъя, тэгээд ашгаа хуваая гэсэн тул У.Б ийн дансанд нийт 30 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл дараа нь би түрээслэгчээс асуухад 3 сараар 3 500 000 төгрөгөөр түрээсэлсэн гэсэн. Би 9 сараас түрээсэлж эхэлсэн бөгөөд тоног төхөөрөмжгүйн улмаас 10 дугаар сарын 05, 06-ны өдөр хүртэл ашиглаж байгаад түлхүүрийг нь өгсөн. Иймд 36 000 000 төгрөгийг хариуцагч нараас тэнцүү хувааж гаргуулна” гэж тайлбарласан. 

 

Хариуцагч О.Т  “...Д.Б , Б.Бат-Эрдэнэ бид 3-ын дунд хамтарч ажиллаад ашиг гарвал хувааж авна гэсэн аман тохиролцоо байсан. Анхнаасаа бид үйлдвэрийн түрээс, ажилчдыг Д.Б  хариуцна, би боловсруулсан махаа зарах хятадуудыг олохоор тохиролцсон байсан. Би Д.Б аас 1 ч төгрөг аваагүй, миний данс руу орж ирээгүй, өөрөө л үйлдвэр түрээсэлнэ гэсэн. Махны өрөндөө л тэр 6 000 000 төгрөгийг шилжүүлчих гэж У.Б ийн данс руу шилжүүлүүлсэн. Д.Б  тал нь иуудчихсан машин мах авчихсан, бид 100 гаран саяар шатах байсныг нь би хөөцөлдөж, угааж янзалж байж 30, 40 саяар шатсан. Тиймээс ашгаа ч тэнцүү хувааж авч байсан юм чинь хариуцлагаа ч мөн адилхан үүрэх ёстой гэж бодож байна. 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Д.Б ыг У.Б ийн данс руу 6 000 000 төгрөгийг шилжүүл гэж огт хэлээгүй” гэж,

Хариуцагч У.Б  “...2019 оны 9 дүгээр сард Д.Б  өөрөө санхүүжилтээ гарган махыг хагас боловсруулан Хятад улс руу нийлүүлэх санаачилга гарган, намайг мах боловсруулах ажлын байр олж өгөхийг хүссэний дагуу түрээсийн байр олж, түрээслүүлэгч н.Уранчимэгтэй сарын 3 500 000 төгрөгөөр ажлын байр түрээслэхээр гэрээ байгуулж, 15 000 000 төгрөг шилжүүлсэн. Үлдэх мөнгийг Д.Б ын гуйлтаар н.Чимгээгээс мах зээлээр авч өгсний үлдэгдэл тооцоог Чимгээ надаас шаардсан тул Д.Б ын өмнөөс Чимгээд төлсөн. Одоо ямар нэг тооцоо байхгүй” гэж тус тус маргасан.

 

Талуудын дээрх тайлбар болон тус шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 752 дугаар шийдвэрээр Д.Б , О.Т , Б.Бат-Эрдэнэ нар Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар хамтран ажиллах талаар аман тохиролцсон болох нь тогтоогдох боловч У.Б  нь дээрх гэрээний нэг тал биш байхаас гадна хамтран ажиллах гэрээний дагуу ямар нэг ажиллагаа явагдаагүй, тус гэрээ хэрэгжээгүй байх тул гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй юм.

 

Хэргийн баримтаар, нэхэмжлэгч Д.Б ын эзэмшдэг Хаан банк дахь 5807052694 тоот данснаас хариуцагч У.Б ийн 5017372077 тоот данс руу 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 270 000 төгрөг, 7 дугаар сарын 23-ны өдөр 20 000 000 төгрөгийг мах гэсэн утгатай, 7 дугаар сарын 25-ны өдөр 200 000 төгрөг, 7 дугаар сарын 28-ны өдөр 800 000 төгрөг, 7 дугаар сарын 30-ны өдөр 3 500 000 төгрөг, 7 дугаар сарын 31-ний өдөр 2 510 000 төгрөгийг мах гэсэн утгатай, 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр мах гэсэн утгатайгаар 6 000 000 төгрөг, 8 дугаар сарын 28-ны өдөр 200 000 төгрөг шилжсэн, хариуцагч У.Б ийн данснаас 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Д.Б  руу 8 524 000 төгрөгийг мах гэсэн утгатай тус тус шилжсэн болох нь тогтоогддог.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох эд зүйл шилжүүлэх үүрэг хүлээдэг бөгөөд дээрх баримтаар талууд удаа дараа харилцан мөнгө шилжүүлсэн, хүлээн авсан  байх тул 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр мах гэсэн утгатай шилжүүлсэн 6 000 000 төгрөгийг О.Т т хуулийн дээрх заалтын дагуу шилжүүлсэн зээлийн мөнгөн хөрөнгө гэж дүгнэх боломжгүй.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч О.Т т 6 000 000 төгрөг зээлдүүлснээ өөрөө нотлох, түүнийг нотолсон баримтаа шүүхэд өөрөө цуглуулж өгөх үүргээ биелүүлээгүй, Д.Б , У.Б  нарын удаа дараагийн харилцан шилжүүлсэн гүйлгээний аль хэсгийг мах худалдах, худалдан авах зорилгоор шилжүүлсэн, аль хэсгийг зээлдүүлсэн гэдгийг дүгнэх боломжгүй, зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зээлийн гэрээ харилцаа үүсээгүй байх тул 6 000 000 төгрөгийг шаардах эрхгүй гэж дүгнэв.  

 

Нэхэмжлэгч Д.Б ын данснаас мөн хариуцагч У.Б ийг дансанд  2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 10 000 000 төгрөг, мөн өдөр 8 805 000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 10 000 000 төгрөг тус тус шилжсэн болох нь тогтоогдох бөгөөд хариуцагч энэ талаар маргаагүй. Харин 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр шилжүүлсэн гэх 1 195 000 төгрөг Д.Б ын шилжүүлсэн орлого биш тул зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

 

Хэргийн баримт болон гэрчийн мэдүүлгээр хариуцагч У.Б  нь 2019 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэгч Д.Б ын өмнөөс Н.Уранчимэгтэй ажлын байрны зориулалтаар өрөө түрээслэх гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүргийн  20 дугаар хороо, Сонсголонгийн зам, 36/14 тоот хаягт байрлах 174 м2 талбайтай 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийг 1 жилийн хугацаатай, эхний сард сарын түрээсийн төлбөр 3 500 000 төгрөг, 4 дэх сараас 4 000 000 төгрөг байхаар харилцан тохиролцсон, 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр түрээс гэсэн утгатайгаар 14 500 000 төгрөгийг Б.Хишигбуянгийн эзэмшдэг 5017005674 тоот данс руу шилжүүлсэн болох нь тогтоогдох бөгөөд түрээсийн дээрх гэрээний талаар гэрч Н.Уранчимэг “...У.Б ээс 3 сарын түрээсийн төлбөрийг 3 500 000 төгрөгөөр тооцож 10 500 000 төгрөг хүлээж авсан, барьцаанд 4 000 000 төгрөг авсан” гэж мэдүүлжээ.  

 

Талуудын тайлбар, дээрх баримтаар хариуцагч У.Б  Д.Б аас түрээсийн төлбөрийн зориулалтаар авсан 28 805 000 төгрөгөөс 14 500 000 төгрөгийг зориулалтын дагуу зарцуулсан болох нь тогтоогдох боловч үлдэх 14 350 000 төгрөгийг Д.Б ын бусдад төлөх төлбөрийг төлөх байдлаар зарцуулсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотлоогүй тул түүнийг 14 305 000 төгрөгийн хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ.

 

Түрээсийн төлбөрт төлсөн 14 500 000 төгрөгийн тухайд, нэхэмжлэгч Д.Б  түрээсийн байрыг 2019 оны 10 дугаар сард буцаан хүлээлгэж өгсөн гэж тайлбарласан боловч үүнийгээ нотлоогүй, харин гэрч Н.Уранчимэг 2019 оны 12 дугаар сардаа багтаж түлхүүрийг хүлээлгэж өгсөн гэж мэдүүлсэн, Д.Б  түрээсийн гэрээ байгуулах эрхээ У.Б т шилжүүлсэн талаар маргаагүй, түрээсийн зүйлийг 3 сарын хугацаагаар ашигласан гэж тус тус шүүх дүгнэсэн тул нэхэмжлэгч нь дээрх 3 сарын түрээсийн төлбөр 10 500 000 төгрөгийг У.Б ээс шаардах эрхгүй байна. 

 

Мөн нэхэмжлэгч нь 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 1 195 000 төгрөгийг У.Б т шилжүүлсэн гэж нэхэмжилсэн боловч Ганаа гэсэн утгатайгаар хариуцагч У.Б ийг дансанд орсон орлого байх тул үүнийг Д.Болбаатараас шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй. 

 

Харин барьцаа 4 000 000 төгрөгийг гэрээний нэг тал болох У.Б т өгөх боломжтой гэж гэрч Н.Уранчимэг мэдүүлсэн тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-т бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй., хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг нь ...дуусгавар болсон... тохиолдолд шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж зааснаар хариуцагч У.Б ээс бусдад зээл төлсөн гэх 14 305 000 төгрөг, барьцааны 4 000 000 төгрөг, нийт 14 30518 305 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Б т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг, хариуцагч О.Т т холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулж нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 337 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Б ээс 249 475 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч У.Б ээс 18 305 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Б т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17 695 000 төгрөг болон хариуцагч О.Т т холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

  1.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 337 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Б ээс 249 475 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.МӨНГӨНТУУЛ