Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2021/03101

 
 

2021 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2021/03101

Улаанбаатар хот

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн ...-р хороо, Цагдаагийн гудамж, Прогресс төвийн ... тоот, регистр ..., Зуун .. хадгаламж, зээлийн хоршооны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн .-р хороо, .., .-р байрны ... тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ., Б. овогтой С.ын П.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 353 131 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж Д.Т., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.П. нь 2018 оны 1-р сарын 18-ны өдөр Зүүн түм хадгаламж, зээлийн хоршоонд гишүүнээр элсэж, 500 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлэхээр гэрээ байгуулсан. Хариуцагч 2 удаа мөнгө төлсөн. Иймд хариуцагч С.П.ээс үлдэгдэл зээл 195 100 төгрөг, зээлийн хүү 158 039 төгрөг нийт 353 131 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч С.П. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2018 онд Зуун түм хоршооноос 500 000 төгрөг зээлсэн. Тэгээд өдрийн 5 000 төгрөг төлж явсаар дууссан. Ингэхдээ байршуулах ёстой 80 000 төгрөг, бас хандивын 30 000 төгрөг урьдчилан 110 000 төгрөгийг энэ хоршоо авсан. Буцаан төлж байгаа мөнгийг Зоригоо гэдэг хүн өдөр болгон ирж гарын үсэг зурж авдаг байсан. Би байршуулсан 80 000 төгрөгөө авахгүй, хандивт 30 000 төгрөг өгөхгүй, одоо миний төлөх ёстой мөнгө дууссан гэдгийг хэлсэн. Үүнээс хойш 3 жилийн дараа мөнгө нэхэж шүүхэд өгч байгааг ойлгохгүй байна гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч З. хадгаламж, зээлийн хоршоо нь С.П.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 353 131 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 35 400 төгрөгийг гаргуулахаар хангаж, нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Хадгаламж зээлийн хоршоо нь гишүүдийнхээ эдийн засаг болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээг хангах зорилгоор гишүүддээ хадгаламж, зээлийн үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үзүүлэх ардчилсан удирдлага, хамтын хяналт бүхий ашгийн төлөө бус хуулийн этгээд бөгөөд Хадгаламж, зээлийн хоршооны тухай хууль, хоршооны дүрэм, зээлийн үйл ажиллагааны журамд заасны дагуу зөвхөн гишүүддээ зээл олгодог байна.

 

Зуун түм хадгаламж, зээлийн хоршооны Тэргүүлэгчдийн зөвлөлийн 2018 оны 1-р сарын 16-ны өдрийн 18/09 тоот тогтоолоор С.П.г тус хоршооны гишүүнээр элсүүлж, гишүүний хувь хөрөнгө 80 000 төгрөгийг нийлүүлжээ. /хх 5-6, 18/

 

Тус хоршоо нь С.П.тэй 2018 оны 01-р сарын 16-ны өдөр 108 тоот зээлийн гэрээ байгуулж, 500 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр зээлүүлэхээр /хх 12-13/ тохирчээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 451-р зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Зээлдүүлэгч нь зээлдэгчид 500 000 төгрөг зээлүүлэхээр тохирсон боловч хандив тусламж 30 000 төгрөг суутгаж 470 000 төгрөг шилжүүлсэн байх ба хоршооны гишүүн нь тогтоосон хэмжээгээр хувь хөрөнгө оруулахаас өөрөөр хандив, тусламж өгөх үүрэг хүлээхгүй.

 

Зээлдэгч нь гэрээний хугацаа дуусахад үндсэн зээл 470 000 төгрөг, 3 сарын хүү хүү 42 300 төгрөг нийт 512 300 төгрөг төлөх үүрэгтэй, үүнээс 476 900 төгрөг төлсөн, энэ талаар талууд маргаагүй байна. Иймд үлдэх 35 400 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451-р зүйлийн 451.1 дэх хэсэг, 452-р зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг баримтлан С.ын П.ээс 35 400 /гучин таван мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулж З. хадгаламж, зээлийн хоршоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 317 731 /гурван зуун арван долоон мянга долоон зуун гучин нэг/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11 244 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч С.П.ээс 4 550 төгрөг гаргуулж Зуун түм хадгаламж, зээлийн хоршоонд олгосугай.

 

3.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА