| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2019/01031/И |
| Дугаар | 182/ШШ2019/01115 |
| Огноо | 2019-06-13 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 182/ШШ2019/01115
| 2019 оны 06 сарын 13 өдөр | Дугаар 182/ШШ2019/01115 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н.Э-н нэхэмжлэлтэй
Хариуцагч: Г.Н-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Э, хариуцагч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ш.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Э миний бие нь 2008 оны Г.Н-тэй танилцан улмаар 2009 оны 11-р сарын 16-нд гэрлэлтийн 1714 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон билээ. Бидний хамтран амьдрах хугацааанд 2010 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүү Э.Б төрсөн. Бид зан хариьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амдрах боломжгүй болж 2012 оноос салж тусдаа амьдрах болсон. Юм. Тэр үеэс хойш хүү маань 2012-2015 он хүртэл мний асрамжид байж байгаад 2015 оноос хойш эх Г.Н-н асраминд өсч торниж байгаа. Одоо бид тус тусын амьдралтай болсон. Цаашид хамтран амьдрах болможгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бидний дунд өмч хөрөнгийн асуудал байхгүй болно гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г овогтой Н 2009 онд Н овогтой Э гэр бүл болсон. Н.Э нь гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас 2012 оны 10 сараас хойш тусдаа амьдрах болсон. 2016 оноос би өөр гэр бүлтэй болсон. Бидний хооронд ямар ч эд хөрөнгийн маргаангүй болно. Би Н.Э-с хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй. Иймээс бид хоёрын гэрлэлтийг цуцлуулж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Н.Э нь хариуцагч Г.Н-д холбогдуулж гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас 2012 оноос хойш тусдаа амьдрах болсон, тусдаа амьдарснаас хойш хүү Э.Б эхийн асрамжид байгаа, эргэж нийлэх боломжгүй, би өөр гэр бүлтэй болсон тул гэрлэлтээ цуцлуулна гэж тайлбарласныг хариуцагч маргасангүй.
Н.Э, Г.Н нар нь 2007 онд гэр бүл болсноо 2009 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр албан ёсоор бүртгүүлсэн байх ба, тэдний дундаас 2010 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүү Э.Б төрсөн, хүү Э.Б нь Баянгол дүүргийн Оюуны Ундраа цогцолбор сургуулийн 3-ын 9 дүгээр бүлэгт суралцдаг болох нь зохигчдын тайлбар, тэдний иргэний үнэмлэхний хуулбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, хүүхдийн эрүүл бойжиж байгаа тухай өрхийн эмчийн тодорхойлолт, Баянгол дүүргийн Оюуны Ундраа цогцолбор сургуулийн тодорхойлолт, 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдсон.
Зохигчдын хэн аль нь Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т заасан гэрлэгчид бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, бие биеэ халамжлах, хүндэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүргээ хангалттай биелүүлж чадаагүй болох нь тэдний тайлбараар тогтоогдож байна гэж дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл зохигчид зан харилцааны хувьд таарамжгүй болсон, нэхэмжлэгч Н.Э-н гэр бүлээс гадуурх харилцааны улмаас хариуцагч Г.Н нь хүүхдээ аваад 2012 оны 10 сараас тусдаа амьдарч байгаа, энэ хугацаанд эргэн нийлээгүй, тэдний хэн аль нь тусдаа гэр бүлтэй болсон, эргэн нийлж амьдрах боломжгүй, хариуцагч Г.Н гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан тэдэнд эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Зохигчдыг тусдаа амьдарснаас хойш хүү Э.Б нь эх Г.Н-н асрамжид үлдсэн байх бөгөөд зохигчид хүү Э.Быг эх Г.Н-н асрамжид үлдээх тухайд болон хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, хариуцагч Г.Н нь нэхэмжлэгч Н.Э-с хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болно.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг үүрэг эцэг, эхийн хувьд хэвээр үлдэхийг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1‑д зааснаар Н.Э, Г.Н нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Зохигчид хүү Э.Быг эх Г.Н-н асрамжид үлдээх тухайд болон хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, хариуцагч Г.Н нь нэхэмжлэгч Н.Э-с хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Э-н тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.Н-с 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Э-д олгосугай.
4.Иргэний бүртгэлийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтээ цуцлуулсан талаар иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхийг Н.Эт, Г.Н нарт мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА