Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2017/ШЦТ/34

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, шүүгдэгч Ш.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алаг адуун овогт Шийравын Даваасүрэнд холбогдох  эрүүгийн 201721000072 дугаартай, 153/2017/0040/Э индекстэй хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

            Монгол улсын иргэн, Алаг адуун овогт Шийравын Даваасүрэн, 1996 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Завхан аймгийн Дөрвөлжин суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Говь-Алтай аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн 4-р курсийн оюутан, ам бүл 6, эцэг, эх, ах дүү нарын хамт Ховд аймгийн Жаргалант сумын Буянт баг, Гүн Чандманы 23 айлын орон сууцны 08 тоотод  амьдрах, ИД96042411 регистрийн дугаартай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар /

Шүүгдэгч Ш.Даваасүрэн нь 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр  Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн нутаг дэвсгэрт 64-37 ХОҮ улсын дугаартай  Хюндэй аванте маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас 61-81 ХОҮ улсын дугаартай Мазда памилиа маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан А.Бат-Очирыг мөргөж, зам тээврийн осол гаргаж улмаар осол болсон газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ш.Даваасүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: тухайн үед би урсгал сөрж яваад зам тээврийн осол гаргасан. Тэгээд сандарсандаа зугтаад явсан. Би Говь-Алтай аймагт Анагаах ухааны их сургуулийн салбар сургуулийн 4-р курсэд сурч байгаа.Хохиролд 800.000 төгрөг төлсөн.Хийсэн хэрэгтээ гэмшиж байна  гэв.

Хохирогч А.Бат-Очир мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би захын баруун талын засмал замаар “Тамхи со” дэлгүүр лүү эргэдэг замын уулзвараар баруун гар тийш эргэх дохио өгөөд явж байтал урдаас цагаан өнгийн суудлын автомашин зүүн гар тийш эргэх дохио өгөөд  явж байснаа зүүн тийш эргэлгүй эгц урдаас ирээд мөргөөд буцаж ухраад зугтсан. Их хурдтай явж байсан.Урдаас эгцлээд ирэхэд нь би машинаа зогсооход урсгал сөрж ирээд мөргөөд хойш ухраад миний машины баруун гар талаар тойроод  нэг чигийн  урсгалтай орохыг хориглосон  тэмдэгний хажуу талын гудмаар маш хурдтай зугтсан.64-37 ХОҮ улсын дугаартай цагаан өнгийн  Hyundai avante маркийн автомашин байсан. Ш.Даваасүрэн ээж Н.Баасанхүүгийнхээ эзэмшлийн машиныг барьж явсныг сүүлд мэдсэн   гэжээ. /хх-30-31-р хуудас/

Гэрч З.Ууганбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Ш.Даваасүрэнгийн машины урд гупер нь хагарсан байдалтай байсан. Би очоод цонхыг нь тогшиход Ш.Даваасүрэн машинаасаа бууж ирсэн.Машин чинь яасан юм бэ ? гэхэд өчигдөр орой машин мөргөөд, айгаад зугтаад танай энд ирээд хоночихлоо гэсэн. Тэгээд Ш.Даваасүрэн бид хоёр манай гэрт очиход Ш.Даваасүрэнгийн аав ээж хоёр ирчихсэн байсан гэжээ. /хх-32-р хуудас/

Гэрч Д.Зоригоо мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2017 оны 03 дугаар сарын 02-ны шөнө 2 цагийн үед Ш.Даваасүрэнгийн ээж манайд ирээд хүүхдээ асуугаад явсан.  Өглөө нь манай хүүхэд бие засчихаад орж ирэхдээ Ш.Даваасүрэн урд хашаанд машин дотроо унтаж байна гэж хэлчихээд гараад явсан. Удалгүй Ш.Даваасүрэнгийн ээж аав хоёр манайд ирсэн. Манайд байж байтал цагдаагаас яриад ээж нь цагдаад болсон явдлыг ярьж байсан. Тэгээд энгийн хувцастай цагдаа ирээд Ш.Даваасүрэнг машинтай нь аваад явсан  гэжээ. /хх-33-р хуудас/

Гэрч Н.Баасанхүү мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр би хүүхдээрээ машин бариулж  айлд хүргүүлээд буцаж ирсэн. Орой нь 10 цагийн үед унтах гэж байхад манай хүүхэд ирээгүй бас машин байхгүй болохоор нь утас руу нь залгахад холбогдохгүй байсан. Тэгээд хүүгийнхээ найз Ууганбаатарынд хайж очсон боловч байгаагүй.Өглөө нь цагдаагийн газраас Баясгалан гэдэг хүн яриад танд Аванте маркийн машин байдаг уу гэхээр нь “ байдаг, одоо алга байна, манай хүүхэд унаад явсан,найзуудаар нь хайж үзье “ гэж хэлсэн.Тэгээд Ууганбаатарынд дахин очиход  Ууганбаатарын тасалсан хашаанд машин дотроо унтсан байсан. Би цагдаа руу ярьж болсон байдлыг хэлсэн гэжээ. /хх 34-35-р хуудас/

Гэрч Л.Болд-Эрдэнэ мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гадуур явж байгаад өвөөгийндөө ирээд утсаа гээснээ мэдсэн. Тэгээд найз Ш.Даваасүрэн лүү залгаж хэлсэн чинь би гадуур таксинд явж байна, яваад очъё гээд удалгүй ирсэн. Бид хоёр Ш.Даваасүрэнгийн  64-37 ХОҮ улсын дугаартай Avante XD маркийн машинтай арван мянгат талаас зах руу чиглээд засмал замаар явж байгаад  Монгол тамхи со дэлгүүр лүү эргэх  уулзвар дээр  өөдөөс ирсэн машиныг өнгөрөөж чадалгүй  халз мөргөсөн. Би тухайн үед их сандарсан байсан гэжээ. /хх-37-38-р хуудас/

Шүүгдэгч Ш.Даваасүрэн мөрдөн байцаалтанд сэжигтэн яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:  тэр орой би ээжийнхээ эзэмшлийн 64-37 ХОҮ улсын дугаартай цагаан өнгийн суудлын автомашинаар таксинд явж байтал найз Л.Болд-Эрдэнэ яриад “ намайг ирж аваад манай өвөөгийнд хүргээд өгөөч” гэсэн.Тэгэхээр нь Л.Болд-Эрдэнийг Их цахир дэлгүүрийн тэндээс очиж аваад Монгол тамхи со-гийн дэлгүүрийн уулзвараар эргэх гэж байгаад  багталгүй урсгал сөрөөд өмнөөс ирж байсан машиныг мөргөсөн. Тухайн үед айж сандраад хэргийн газраас зугтаад Ууганбаатар гэдэг найзынхаа хашаанд очиж машинаа тавиад машин дотроо хоносон гэжээ /хх-46-47-р хуудас/

Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-5-10-р хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт / хх-1114-р хуудас/

2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Шинжээчийн дүгнэлтэнд:1. 64-37 ХОҮ улсын дугаартай  Аванте маркийн  автомашин жолоодож явсан Ш.Даваасүрэн нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5-д заасан  зам тээврийн осолд холбогдсон жолооч доорхи үүрэг хүлээнэ.

а/ жолооч тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх,

б/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага / ажилтан/-д мэдэгдэх түүнийг үзсэн хүмүүсийн  овог, нэр, хаягийг мэдэж аваад  осолд холбогдол бүхий  эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх,

2. Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т “ Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас  бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн.

3. 61-81 ХОҮ улсын дугаартай автомашин жолоодож явсан жолооч А.Бат-Очир Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна.

4. 64-37 ХОҮ улсын дугаартай  Аванте маркийн автомашин, 61-81 ХОҮ улсын дугаартай Мазда Памилиа маркийн автомашинууд  үзлэг оношлогоонд хамрагдсан байгаа тул бүрэн бүтэн  байсан гэх үндэслэлтэй байна.

5. Жолооч Ш.Даваасүрэн нь замын нөхцөл байдалд хурдаа тохируулалгүй, эсрэг урсгалд орсноос шалтгаалан зам тээврийн осол гарсан байна. Дүгнэлт гаргасан, шинжээч, Цагдаагийн ахмад М.Алтангэрэл гэжээ. /хх-16-р хуудас/

2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 145 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: А.Бат-Очирын биед гэмтэл тогтоогдсонгүй. Шинжээч эмч Б.Цэндхүү гэжээ. /хх 19-р хуудас/

2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 54 дугаартай Зөвлөх инженерийн дүгнэлт, хавсралт / хх-21-23-р хуудас/

Автомашины хохирол үнэлсэн тухай тайлан / хх-26-р хуудас/  зэрэг хэрэгт  цугларсан болон  шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай,  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж , бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Ш.Даваасүрэн нь 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр  Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн нутаг дэвсгэрт 64-37 ХОҮ улсын дугаартай  Хюндэй аванте маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5-д заасан  зам тээврийн осолд холбогдсон жолооч үүргээ биелүүлээгүйгээс мөн дүрмийн 8.2-т заасан заалтуудыг зөрчсөний улмаас 61-81 ХОҮ улсын дугаартай Мазда памилиа маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан А.Бат-Очирын тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргаж улмаар осол болсон газрыг санаатай орхиж зугтаасан үйлдэлд нь Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Ш.Даваасүрэн нь зам тээврийн осол гарсан газрыг санаатайгаар орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч А.Бат-Очирын мэдүүлэг /хх-30-31/, гэрч Л.Болд-Эрдэнэ, З.Ууганбаатар, Д.Зоригоо, Н.Баасанхүү нарын мэдүүлэг, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-5-10/,тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт / хх-1114/,2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Шинжээчийн дүгнэлт, 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 145 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 54 дугаартай Зөвлөх инженерийн дүгнэлт, хавсралт / хх-21-23 /,Автомашины хохирол үнэлсэн тухай тайлан, шүүгдэгч Ш.Даваасүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ш.Даваасүрэнг зам тээврийн осол болсон газрыг санаатайгаар орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-д зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ш.Даваасүрэн нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “ЦЕГ-ын МНБГ-ын лавлагааны санд бүртгэгдээгүй” тухай  тэмдэглэл бүхий ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-57/ тогтоогдож байна.

Шүүгдэгч Ш.Даваасүрэн нь хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан болох нь хохирол төлсөн баримтаар /хх-79-р/ тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэж байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3-д зааснаар шүүгдэгч нь  анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хувийн байдлыг нь харгалзан  түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг дурдах нь зүйтэй.

            Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүйг тус тус дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар шүүгдэгч Ш.Даваасүрэнгийн 32 инчийн Sharp маркийн зурагт битүүмжилсэн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284 ,286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Алаг адуун овогт Шийравын Даваасүрэнг  зам тээврийн осол гарсан  газрыг санаатайгаар орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-д зааснаар шүүгдэгч Алаг адуун овогт Шийравын Даваасүрэнг  01 / нэг/ жил 01 / нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ш.Даваасүрэнд оногдуулсан 01 /нэг/ жил  01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

            4.Шүүгдэгч Ш.Даваасүрэн нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч А.Бат-Очир нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурдсугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Ш.Даваасүрэнд оногдуулсан 01 /нэг/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар шүүгдэгч Ш.Даваасүрэнд хяналт тавьж ажиллахыг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

            8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлж болохыг дурдсугай.

            9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шүүгдэгч Ш.Даваасүрэнгийн Шарп маркийн зурагт битүүмжилсэн  2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

            10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ш.Даваасүрэнд  авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.ГАНТӨГС