Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2020/ДШМ/26

 

Д.Бт холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч О.Баатарсүх, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                       Б.Саранчимэг   

Прокурор                                                            Ч.Мөнхзул

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч                 Б.О

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                     А.Мэндсайхан нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/125 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч Аймгийн ерөнхий прокурор Т.Ууганбаатарын бичсэн эсэргүүцлээр шүүгдэгч Д.Бт холбогдох эрүүгийн ______ дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Дашбалбар суманд 1976 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, эрэгтэй, Х овогт Д.Б.

Шүүгдэгч Д.Б нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1-д заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх, мөн ажлын байрны тодорхойлолтын 2 дугаар үндсэн чиг үүргийн 2.5-д заасан “Үйлдвэрлэл, үйлчилгээний бүх нэгж, хэсэг, салбарын ажлын байранд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, дүрэм, заавар, журмын биелэлтэд шалгалт хийж илэрсэн зөрчлийг арилгуулах” гэж заасныг тус тус хангалтгүй биелүүлсний улмаас ажилтан Ж.Бнь 2018 оны 12 сарын 23-ны өдөр 12 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр  багт байрлах Дорнод бүсийн Эрчим хүчний систем төрийн өмчит хувьцаат компанийн авто гражийн яамны нүхэнд унаж гавал тархины гэмтлийн улмаас амь нас нь хохирсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзул шүүгдэгч Д.Бийг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохироосон гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/125 дугаар цагаатгах тогтоолоор:

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас шүүгдэгч Х овогт Д.Бийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Бийг цагаатгаж,

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бт холбогдох ______ дугаартай хэргийг прокурорт буцааж,

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Д.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

- Шүүгдэгч Д.Б нь хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж,

- Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О 3 500 000 төгрөгийн хохирол төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Д.Бийн _______ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг хэрэгт хавсаргаж,

- Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэхийг дурдаж шийдвэрлэжээ.

Дорнод аймгийн ерөнхий прокурор Т.Ууганбаатар 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр бичсэн эсэргүүцэлдээ: “... Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/125 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч эсэргүүцэл бичиж байна. Учир нь:

1. Хэрэгт цугларсан бичгийн баримтууд болох Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Т.С-ийн гаргасан 2019.03.07-ны өдрийн 12-06-003 дугаартай дүгнэлтэд: “...Монгол улсад машины нүхэн зогсоол түүн дээр ажиллах аюулгүй ажиллагааны стандарт дүрэм журам батлагдаагүй, мөн “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1-д заасныг зөрчсөн ... ажлын байрны тодорхойлолтын 2 дугаар үндсэн чиг үүргийн 2.5-д /үйлдвэрлэл үйлчилгээний нэгж, хэсэг, салбарын ажлын байранд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, дүрэм, заавар, журмын биелэлтэнд шалгалт хийж илэрсэн зөрчлийн арилгуулах/ гэсэн байна. Дээрх албан тушаалтан нь хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль, холбогдох дүрэм, журмыг сахин хангуулах үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж дүгнэсэн.

Мөн МХЕГ-ын хөдөлмөр нийгмийн хамгаалал, тусгай хяналтын газрын хөдөлмөрийн улсын байцаагч нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2019 оны 12 сарын 24-ний өдрийн 05-092/47 дугаартай дүгнэлтэд: ... ДБЭХС ТӨХК-д ажил олгогч нь үйлдвэрлэлийн явцад бий болж байгаа сөрөг хүчин зүйлийг илрүүлэх эрсдлийн үнэлгээ хийгээгүй техник зохион байгуулалтын арга хэмжээ авч тухайн машины засварын яам буюу нүхийг аливаа осол гаргахаас урьдчилан сэргийлж хаалт хамгаалалт хийгээгүй нь дээрх хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-д заасныг мөн хуулийн 28.1.4-д заасныг зөрчсөн гэж дүгнэсэн байна. Шүүгдэгч Д.Б нь ДБЭХС ТӨХК-ийн захирлын тушаалаар Хөдөлмөр хамгаалал, ашиглалт, аюулгүй ажиллагааны байцаагч, инженер албан тушаал эрхэлдэг бөгөөд энэхүү ажил албан тушаалын “Ажлын байрны тодорхойлолт”-д заасан ажлын байрны үндсэн чиг үүрэг нь:

1.Осол эндэгдлээс урьдчилан сэргийлэх тэргүүлэх ач холбогдол бүхий хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн менежментийн тогтолцоог бий болгон хөгжүүлэх,

2.Удирдах болон нийт ажилтныг хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн мэргэжлийн зохицуулалт арга зүйгээр хангах гэсэн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж ажиллахаар... заасан байна.

Мөн ажлын байранд хийгдэх ажлын нэгдүгээрт үндсэн чиг үүргийн хүрээнд ...1.4-т ажлын байрны нөхцөлийн талаар судалгаа дүгнэлт хийх, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг мэргэжлийн байгууллагаар тодорхойлуулан стандартын шаардлага хангасан ажлын байранд ажилтан ажиллах боломжийг бүрдүүлэх гэж заажээ.

Харин хоёрдугаар үндсэн чиг үүргийн хүрээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хууль тогтоомжийн хүрээнд байгууллагын дотоод дагаж мөрдөх журам, заавар боловсруулж батлуулахаар тус тус зааж өгсөн байгаа нь дээрх Монгол улсад машины нүхэн зогсоол түүн дээр ажиллах аюулгүй ажиллагааны дүрэм журам батлагдаагүй гэснийг үгүйсгэж дотооддоо дээрх хуульд нийцүүлэн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг сахин хангуулах зайлшгүй шаардлагатай болохыг харуулж байгаа төдийгүй Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлтэд мөн дээрх хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн талаар дэлгэрэнгүй тусгаж өгсөн болно.

Иймд шүүгдэгч Д.Бт холбогдох үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан “ хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас... хүний амь насыг хохироосон гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэх үндэслэлтэй юм.

2. Прокуророос шүүгдэгч Д.Бийг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс хүний амь насыг хохироосон гэж хэргийг зүйлчлэн, ялласан байхад анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Бийг ...хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн шинжийг хууль тогтоомж, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусдад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол учирсан байхаар хуульчлан тогтоосон байна.

Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Бийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн эс үйлдлийн улмаас хохирогч Ж.Баттулгын амь нас хохирсон болох нь тогтоогдсон тул Д.Бт холбогдох үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэргийг илтэд хууль зүйн үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Бийг цагаатгаж шийдвэрлэсэн байх тул шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар дээд шатны прокурор эсэргүүцэл бичив.” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Осгон ..............гаргасан тайлбартаа: “ Д.Бийн хэргийн хохирогч Б.Осгон би үнэндээ хууль дүрэм мэдэхгүй, ойлгохгүйгээсээ болж хохирсон дээрээ хохироод явж байна. Яаж гомдол гаргахаа ч мэдэхгүй шантаажинд орсон хүн билээ. Энэ хэргийн анхан шатны цагаатгасан тогтоолыг сонсоод гайхаж, балмагдсан. Харин прокурор эсэргүүцэл бичсэн байна. Түүнийг дэмжиж байна. Ер нь хүний амийг дүрэм, стандарт байхгүй гээд тоохгүй орхиж, хийх ёстой зүйлээ, ажлаа зохих ёсоор хийгээгүй хүн хариуцлага хүлээхгүй байгаад гомдолтой байгаа. Байгууллагын албан тушаалтан гэрээний дагуу ажлын байрны бүх шат дамжлага хэсгүүдийн аюулгүй байдлыг хангах, шалгах, эрсдлээс сэргийлж, үнэлгээ хийлгэх, хамгаалсан, аюулгүй байдлыг хангасан газарт л ажилтныг ажиллуулах ёстой гэж ойлгосон. Миний хүүг аавынх нь оронд ажилд авсан учраас хуулийн дагуу олгох 36 сарын цалинтай тэнцэх нөхөн олговор олгоогүй. Авах ёсгүй хүнийг авлаа шүү гэсэн. Мөн энэ мөнгийг олговол танай хүү ажилгүй болно гэж хэлсэн. Тэрнээс нь болоод нөхөн олговрыг нэхэж чадахгүй байгаа. Манай талийгаач 24 сая төгрөгийн цалингийн зээлтэй. Хүүг чинь ажилд авч энэ зээлийг төлүүлж байгаа гэсэн. Үнэндээ бид тэр их зээлийг төлж чадахгүй болохоор л хүү ажил хийж байгаа юм. Гэхдээ ажлаа хийж яваад харамсалтайгаар амь насаа алдсанд гомдолтой байлгүй яах вээ. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би анхан шатны шүүх хуралдаанд хууль мэдэхгүйн улмаас гомдолгүй гэж хэлсэн. Талийгаач маань бие муутай байсан. Талийгаачийг өөрийн муугаас болж нүхэнд унасан мэт зүйл ярьсанд нь гомдолтой байна. Манай нөхөр тархины хавдрын улмаас хагалгаанд ороод цоо эрүүл болсон. Эрүүл болсныг нотлох эмчийн тодорхойлолтыг компаний даргад өгч байсан. Би анхан шатны шүүх хуралдаан болсноос хойш М.Энхтуяа өмгөөлөгчөөс хуулийн зөвлөгөө авч давж заалдах шатны шүүхэд хүсэлт гаргаж өгсөн. Манай нөхөр 23 жил харуулын ажил хийсэн. Архи ууж, тамхи татдаггүй хүн байсан гэв.

Шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээд Д.Бийн өмгөөлөгч А.Мэндсайхан гаргасан тайлбартаа: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид дахин гүн эмгэнэл илэрхийлж байна. Прокурор Д.Бийг мэдэх ёстой байсан зүйлээ мэдээгүйн улмаас талийгаачийг нас барсан мэт зүйлийг тайлбарлаж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, 28 дугаар зүйлийн 28.1.3, 28.1.4 дэх заалтууд нь ажил олгогчтой холбоотой заалтууд юм. Хэрэгт ХХАААБ-тай холбоотой зүйл яриад байгаа боловч авто гаражийн яамны нүхэнд ажиллах талаар батлагдсан дүрэм, журам одоогоор байхгүй байна. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй ...” гэж заасан байна. Манай байгууллага авто гаражийн яаманд ажиллах дүрэм, журам батлагдсан байсан бол дагаж мөрдөн ажиллах байсан нь ойлгомжтой юм. Д.Б нь ажлын байрны тодорхойлолтод заасан бүхий л ажлыг зохион байгуулаад явж байна. Гэхдээ ажлын байрны тодорхойлолтод нүхэн гарцанд ажиллах тухай заалт байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж оролцож байна гэв.

Шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Ч.Мөнхзул гаргасан дүгнэлтдээ: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4-т тус тус зааснаар ажил олгогч нь ХХАААБ инженерээр шүүгдэгч Д.Бийг томилсон байдаг. Монгол Улсад авто гаражийн яамны нүхэнд ажиллах дүрэм, журам байхгүй учраас дээрх байдлыг хангаж ажиллаагүй гэж тайлбарлаж байна. Гэтэл дүрэм, журам байхгүй гээд тухайн нүхэнд хүн унаж нас бараад байвал “ДБЭХС” ТӨХК-д хамааралгүй мэтээр ярьж байгаа нь ойлгомжгүй байна. Тухайн яамыг байдаг гэдгийг мэдсээр байж хүн унаж нас барсан.  Гэвч эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжгүй юм. Иймд аймгийн ерөнхий прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж оролцож байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх цагаатгагдсан этгээд Д.Бт холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бусад оролцогч, прокуророос гомдол, эсэргүүцэл гаргасан эсэхийг харгалзахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзул Д.Бийг Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1-д заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх, мөн ажлын байрны тодорхойлолтын 2 дугаар үндсэн чиг үүргийн 2.5-д заасан “Үйлдвэрлэл, үйлчилгээний бүх нэгж, хэсэг, салбарын ажлын байранд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, дүрэм, заавар, журмын биелэлтэд шалгалт хийж илэрсэн зөрчлийг арилгуулах” гэж заасныг тус тус хангалтгүй биелүүлсний улмаас ажилтан Ж.Бнь 2018 оны 12 сарын 23-ны өдөр 12 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр  багт байрлах Дорнод бүсийн Эрчим хүчний систем төрийн өмчит хувьцаат компаний авто гаражийн яамны нүхэнд унаж гавал тархины гэмтлийн улмаас амь нас нь хохирсон гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгон, цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Хөдөлмөр хамгаалал, ашиглалт, аюулгүй ажиллагааны байцаагч инженерээр ажиллаж байсан Д.Бийн ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийн хуваариар хэдийгээр тус компанийн авто гаражийн гадаа байрлах нүхэн зогсоолд ажилтан эсхүл гадны хүн унаж амь нас, эрүүл мэндээрээ хохирох эрсдэл байгаа эсэхийг үнэлж үзээд нүхэн зогсоолыг таглах, эсхүл тойруулж хязгаар тогтоох зэрэг арга хэмжээ авах үүрэгтэйг тодорхой заагаагүй боловч Д.Б нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах инженерийн хувьд ажлын байран дээр эрсдэлийн үнэлгээ хийгээд ажилтнуудын эрүүл мэндэд гэм хор учруулж болох осол нөхцөлийг урьдчилан тооцоолж түүнийг аль болох бууруулах арга хэмжээ авах үүрэгтэй. Энэ нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1-д тодорхой заагдсан байна. Ийм нөхцөлд ажил хийсний дараа авто машины нүхэн зогсоолыг таглах, хилийн хязгаарлалт тогтоох арга хэмжээ авах боломжтой байна. Энэ талаар бичсэн аймгийн ерөнхий прокурорын эсэргүүцэл  үндэслэлтэй байна.

Д.Бийн хайхрамжгүй, болгоомжгүй үйлдэл, хохирогчийн амь нас хохирсон осол хоорондоо шалтгаант холбоотой эсэхийг шалгаж үзэхэд амь хохирогч нь авто гаражийн гадаа байрлах нүхэн зогсоолд яг ямар нөхцөлд унасан болох нь тогтоогдоогүй. Тухайлбал амь хохирогч ажил үүргээ гүйцэтгэж явахдаа тухайн нүхийг анзаараагүйгээс унасан уу, эсвэл яам руу орох гэж байгаад хальтирч унав уу гэдэг нь камерт бичигдээгүй, үүнийг харсан үзсэн хүн байхгүй байна. Ийм нөхцөлд Д.Бийг ажлын байрны тодорхойлолтод заасан арга хэмжээг аваагүйгээс болж амь хохирогч унаж нас барсан, нүхэн зогсоолд хамгаалалт, хязгаарлагч хийсэн бол хохирогч унахгүй байсан гэж дүгнэхэд эргэлзээтэй байна.

Амь хохирогч Ж.Бнь тус компанийн авто гражид ээлжийн манаачаар тасралтгүй 20 гаруй жил, үүнээс 2016 оноос  харуул, хамгаалалтын албанд хамгаалагчаар ажиллаж байсан бөгөөд ажил үүргийн хуваариар яам гэдэг байгууламжийн талаар мэдэж байсан /гаднын хүнтэй харьцуулахад/ гэж үзэх бүрэн боломжтой байна.

Мөн хэрэгт цугларсан нотлох баримт болох гэрч Д.М-ны “...Талийгаач Б 2018 оны 12 дугаар сарын 23-ны өглөө 05 дугаар постонд үүрэг гүйцэтгэхээр явж дотор холбоогоор 08 цаг 40 минутын үед холбогдож ажил үүргээ бүрэн хүлээж авлаа гэж надад мэдэгдсэн мөн 11 цагийн үед дахин дотуур холбоогоор холбогдож үүрэг гүйцэтгэл хэвийн гарсан зөрчилгүй тайван байна гэж хэлсэн. Талийгаач түүнээс хойш холбоо барихгүй байхаар нь ...би өөрөө 5 дугаар пост руу алхаж ирээд гаражийн даамингаар ороод автомашин зогсоож засварладаг яам руу харахад хүний хөл харагдсан тэгэхээр нь гүйгээд очиход талийгаач яамны шатруу унаж дээш харсан хэвтсэн хамарнаас нь цус гарсан амнаас нь хөөс гарсан байдалтай байсан. ...2018 оны 12 дугаар сарын 23-ны өглөө талийгаачийг ажилд гарахад нь үүргээ хэвийн гүйцэтгэж постоо бүрэн хүлээж аваарай гэж би амаар зааварчилгаа өгсөн. ...Би харуулын ээлжийн ахлагчаар буюу ахлаж ажилласан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар тал/, гэрч П.Г-ийн “... 2018.12.23-ны өдөр амралтын өдөр байсан юм. Гэртээ байхад 12 цаг 55 минутанд ээлжийн инженер утсаар ярьж “Авто гаражийн хамгаалалтын ажилтан яаманд унасан юм шиг байна. Яаралтай ир гэж хэлсэн. ...Камерын бичлэгээ шалгаж үзсэн. Камер өөр чигт харсан байсан учраас талийгаач унаж байгаа нь бичигдээгүй байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр тал/, гэрч Д.Э-ын “...2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 09 цагт үүрэг гүйцэтгэж дуусгаад 3-р ээлжийн хамгаалалтын ажилтан Ж.Б-д ажил үүргээ хүлээлгэн өгч буусан. ...Бид нарыг үүргээ гүйцэтгэж эхлэхээс өмнө ээлжийн дарга нар зааварчилгаа өгдөг ...” гэх мэдүүлгийг/ хх-ийн 41 дүгээр тал/   мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн байна.

Хэргийн нотлох баримтуудыг бүх талаас нь харгалзан үзээд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, ...эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэх заалт, мөн хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэх заалтуудын агуулгад нийцсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна.

Иймд Дорнод аймгийн ерөнхий прокурор Т.Ууганбаатарын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож,  анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/125 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн  1.1, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/125 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, Дорнод аймгийн ерөнхий прокурор Т.Ууганбаатарын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Л.НАРАНБАЯР

                      ШҮҮГЧИД                                          О.БААТАРСҮХ

                                                                                Ж.ДОЛГОРМАА