Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 04

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Энхтуяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Б.Дамба, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 153/ШШ2018/00807 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 2-15 тоотод оршин суух, Боржигон овогт Даваадайн Энхтуяа нэхэмжлэлтэй, Ховд цахилгаан түгээх сүлжээ ХХК-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сүнжидмаа, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

                Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол 2,899,800 /хоёр сая найман зуун ерэн есэн мянга найман зуу/ төгрөг гаргуулах тухай .

Нэхэмжлэлийн агуулга: “2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр манай хашааны урд талын хашаанд байдаг шонгийн модонд 13-14 цагийн үед масс гараад утас нь тасарч унасан. Гэрлийн утас тасарч унаснаас болоод манай гурван зурагт шатсан. Би нэг зурагтаа дээр үед 500,000 төгрөгөөр авч байсан учир нэхэмжлэхгүй. Нөгөө хоёр зурагтаа аваад жил гаруй болж байсан. Нэкст электроникс ХХК-ний Ховд аймгийн салбараас 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Sharp брэндийн 55 инчийн  зурагтыг 1,999,000 төгрөгөөр мөн 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Sharp брэндийн 40 инчийн  зурагтыг 899,000 төгрөгөөр худалдаж авсан хоёр зурагтныхаа мөнгийг нэхэмжилж байна. Ховд цахилгаан түгээх сүлжээ ХХК-иас хоёр зурагтны үнэ 2,899,800 төгрөгийн хохирлыг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбар :Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багт оршин суудаг иргэн Д.Энхтуяагаас 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр манай байгууллагад өргөдөл ирсэн гэж манайхан хэлсэн. Тухайн үед надад албан ёсоор өргөдөл ирээгүй. 2018 оны 7 дугаар сарын 21-ний өдөр надад албан ёсоор өргөдөл ирэхэд нь би хүлээж аваад өргөдлийнхөн дагуу шалгаж үзсэн. Нэхэмжлэгч нь зурагт шатсан үедээ ямар нэгэн өргөдөл гомдол гаргаагүй, дүгнэлт үйлдүүлээгүй. ТП113 хүчтэй салхи гарсны улмаас цахилгааны шугамны утас хоорондоо шүргэлцээд тасарсан байсан. Масс гардаг талаар иргэдээс албан ёсны дуудлага ирдэггүй байсан. Хавтаст хэрэгт Галбадрахын мэдүүлэг байгаа. Тухайн босгосон шон утас хоёр хоёулаа Галбадрахын хувийн өмч байсан. Гэмтэл гарсны дараа Галбадрах өөрийнхөө шонг буулгуулах өргөдөл гаргасны дагуу манай байгууллагын инженерүүд шонг нь буулгаад утсыг нь өгсөн. Манай байгууллагын буруутай үйл ажиллагаа байхгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.Тухайн гэмтэл гарсны улмаас нэхэмжлэгчийн зурагт шатсан гэсэн ямар нэгэн дүгнэлт байхгүй.             Тогтоох боломжгүй байгаа тул манай байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 153/ШШ2018/00807 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Ховд цахилгаан түгээх сүлжээ ХХК-иас 2,899,800 /хоёр сая найман зуун ерэн есэн мянга найман зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Энхтуяад олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Энхтуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,347 /жаран нэгэн мянга гурван зуун дөчин долоо/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд цахилгаан түгээх сүлжээ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 61,347 /жаран нэгэн мянга гурван зуун дөчин долоо/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Энхтуяад олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэддавж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай гэж шийдвэрлэжээ.

 

 Хариуцагчийн давж заалдсан гомдлын агуулга: Д.Энхтуяагийн хоёр ширхэг телевизор нь цахилгааны хэлбэлзлээс болж шатсан гэдгийг нэхэмжлэгч хууль зүйн үүднээс нотлож чадаагүй байхад шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн аман тайлбараар цахилгааны хэлбэлзлээс болж шатсан гэж үзсэн нь хууль зүйн хувьд учир дутагдалтай байна. Мөн нэхэмжлэгчийн хоёр телевизорын батлагаат хугацаа дууссан нь баталгаат хуудасны бичгээр нотлогдож байхад шүүх хоёр телевизорыг энгийн элэгдэл хорогдолыг тооцож хасалгүйгээр шинэ телевизорын үнийн дүнгээр нь шийдвэр гаргасан нь нотлох баримтыг үнэлэхдээ хугацааг авч үзэлгүй, хэрэглээний элэгдэлийг тооцож үзэлгүй нотлох баримтыг үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

                Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлага хангаагүй байна.

            Нэхэмжлэгч Д.Энхтуяа нь Ховд аймгийн цахилгаан түгээх сүлжээ ХХК-нд холбогдуулан гэм хорын хохирол 2.899.800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

            Хариуцагч байгууллагын төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй маргасан бөгөөд үндэслэлээ “нэхэмжлэгчийн 2 ширхэг зурагт шатсанд манай байгууллагын буруу байхгүй” гэж тайлбарлажээ.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, хариуцагч Ховд аймгийн цахилгаан түгээх сүлжээ ХХК-иас 2 ширхэг зурагтын үнэ 2899.800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Энхтуяад олгож шийдвэрлэжээ.

            Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хүчтэй салхины улмаас цахилгааны шугамын утсанд маас гарч шугамын утас тасарсан, үүний улмаас нэхэмжлэгч Д.Энхтуяагийн Нэкст электроникс ХХК-ийн Ховд салбараас худалдан авсан 1.999.900 төгрөгийн үнэ бүхий sharp брэндийн 55 инчийн smart led зурагт, мөн салбараас худалдан авсан 899.000 төгрөгийн үнэ бүхий sharp брэндийн 40 инчийн led зурагт шатсан үйл баримт тогтоогдож байгаа боловч хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Тухайлбал зохиогчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбараас үзэхэд “Ховд цахилгаан түгээх сүлжээ компаниас 3 засварчин ирээд шатсан 2 зурагтыг үзээд нэг зурагт нь чад болсон байна. Нөгөө зурагт нь яах л бол доо гэж хэлсэн” гэснээс өөр 2 зурагтыг цаашид ашиглах боломжгүй болсон гэдгийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ дээрх 2 зурагтыг шинэ зурагтны үнээр гаргаж шийдвэрлэжээ. Маргааны зүйл болох 2 зурагт нь засвар авч цаашид ашиглах боломжтой эсэх, эсхүл ашиглах боломжгүй болсон эсэх нь хэрэгт ач холбогдолтой юм.

            Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй байхад, шинэ зурагтын үнэ нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг шүүх тодруулахгүйгээр маргааныг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

            Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            Шийдвэрийг хүчингүй болгосон тул хариуцагч байгууллагын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61347 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олголоо.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 153/ШШ2018/00807 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т заасныг баримтлан хариуцагч байгуулгын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61347 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, түүнд буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.ТУЯА

 

             ШҮҮГЧИД                                        Б.ДАМБА

                                  

М.НЯМБАЯР