| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2024/0194/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/190 |
| Огноо | 2024-06-21 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Э.Ундармаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 2024/ШЦТ/190
2024 06 21 2024/ШЦТ/190
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Э.Ундармаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд
Хохирогч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн******* дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2005 оны 09 дүгээр сарын 11-ны өдөр Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Зэвсэгт хүчний 327 дугаар ангид артиллерийн дивизионы артиллерийн батарейны 1 дүгээр галт салааны ******* албан тушаалд цэргийн алба хааж байгаа, ам бүл 5, аав, ээж, эгч, дүү нарын хамтаар Дорнод аймгийн Хэрлэн сум 7 дугаар баг Гардан 2-35 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд: Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн №164 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 6 сарын хугацаагаар хойшлуулж байсан, ******* овогт ******* ******* РД: *******
Шүүгдэгч ******* ******* нь өөрийн төрсөн эцэг П.******* нэрийг барьж зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогч *******ийн Дорнод аймгийн Сэргэлэн сумын хаалттай фейсбүүк цахим хаягт нийтэлсэн зарын дагуу түүнтэй холбогдож П.******* эзэмшлийн Хаан банкны ...... тоот дугаарын дансаар 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр “Badamtsetseg. Byruunii une” гэх утгатай 2 удаагийн гүйлгээгээр 4,000,000 төгрөгийг, мөн 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр “Sumiya 11 byaruu” гэх утгатай 1 удаагийн гүйлгээгээр 5,500,000 төгрөгийг буюу нийт 9,500,000 төгрөгийг 3 удаагийн гүйлгээгээр дамжуулан шилжүүлэн авч залилж, өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулж иргэн *******т 9,500,000 (есөн сая таван зуун мянган) төгрөгийн хохирол учруулж залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээж байна. Прокуророос санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.
Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь өөрийн төрсөн эцэг П.******* нэрийг барьж зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогч *******ийн Дорнод аймгийн Сэргэлэн сумын хаалттай фейсбүүк цахим хаягт нийтэлсэн зарын дагуу түүнтэй холбогдож П.******* эзэмшлийн Хаан банкны ...... тоот дугаарын дансаар 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр “Badamtsetseg. Byruunii une” гэх утгатай 2 удаагийн гүйлгээгээр 4,000,000 төгрөгийг, мөн 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр “Sumiya 11 byaruu” гэх утгатай 1 удаагийн гүйлгээгээр 5,500,000 төгрөгийг буюу нийт 9,500,000 төгрөгийг 3 удаагийн гүйлгээгээр дамжуулан шилжүүлэн авч залилж, өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулж хохирогч *******т 9,500,000 (есөн сая таван зуун мянган) төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ийн шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Гэм буруугаа хүлээж байна. Прокуророос санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Шүүх хуралдаанд гаргасан хохирогч *******ийн: “...Миний хувьд Дорнод аймгийн Сэргэлэн сумын харьяат иргэн бөгөөд 2023 оны 06 дугаар сард "бяруу авна" гэж Сэргэлэн сумын хаалттай фейсбүүк цахим хаягт байршуулсан ба тухайн үед нутгийн хэд хэдэн хүмүүс холбогдож надад бяруу зарсан бөгөөд 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр нутгийн залуу ... байна гээд надтай холбогдсон ба тэднийх ер нь малтай гэдгийг мэднэ. Ингээд " хүү байна, таны мал авна гэсэн зарын дагуу холбогдож байна" гээд хэсэг малын үнэ ханшны талаар ярьж байгаад эхлээд зах зээлийн ханшаар гээд 8 бярууг нэг толгойг нь 500,000 төгрөгөөр бодож 4,000,000 төгрөгөөр худалдан авахаар болж, мөн миний хувьд түүнд итгэж түүний Хаан банкны ...... дугаартай данс руу 4,000,000 төгрөг шилжүүлээд бяруугаа 10 сард авахаар тохиролцсон юм. Улмаар түүнээс хойш дахин над руу залгаад "бяруу авах уу" гээд асуугаад байсан бөгөөд сүүлд 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 11 толгой бярууг нэг толгойг нь 500,000 төгрөгөөр бодож мөн П. гэх хүний Хаан банкны ......... дугаартай данс руу 5,500,000 төгрөгийг өөрөө мөнгөгүй байсан учраас Улаанбаатар хотод амьдарч ажилладаг хүү Б.Сумъяасүрэнгийн дансаар 5,500,000 төгрөг шилжүүлэн өгсөн.
Түүнээс хойш ахин олон удаа "бяруу авах уу" гэж залгаад байсан бөгөөд 2023 оны 10 дугаар сард П.ийг Сэргэлэн сумын төв дээр явж байхад нь уулзаад "бяруугаа авъя" гэхэд өөдөөс "юун бяруу, би танаас ердөө мөнгө аваагүй" гэж хэлэхээр нь би түүнд хандан "юу гэсэн үг вэ, чи дансаараа мөнгө авсан, мөн надтай гар утсаар холбогдоод байсан биз дээ" гэж хэлэхэд "харин одоо цэрэгт явсан миний хүү хүнээс мөнгө төгрөг аваад намайг өрөнд оруулсан ба миний картыг ашиглаж байсан. Мөн би хугацаат цэргийн алба хааж байгаа хүү *******тэй холбогдоод танд хариу өгнө гэж хэлсэн юм. Түүнээс хойш П. хохирлыг маань барагдуулна гэж хэд хэдэн удаа хэлж байсан боловч сүүлдээ надтай холбогдохоо больсон юм. Ингээд Зэвсэгт хүчний 327 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байгаа П.******* хүү *******тэй очиж уулзахад "би аавынхаа нэрийг барьж мөнгө авсан" гэж хэлэхээр нь цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/
Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч П.*******: “...Би хүү *******ийн холбогдож байгаа хэргийн талаар цэрэгт явсны дараа 2023 оны 11 дүгээр сард мэдсэн. Ямар ч байсан сонсоход хүнд бяруу өгнө гэж хэлээд мөнгө авсан сурагтай байсан. ...миний хүү ******* нь надад огт хэлээгүй. Би энэ талаар тухайн үед нь мэдээгүй. Харин 2023 оны 11 дүгээр сард мэдсэн. ...Дээрх Хаан банкны данс миний өөрийн эзэмшлийн данс байна. Миний энэ дансыг хүү ******* нь 2022 оноос хойш 2023 оны 08 дугаар хүртэл ашигладаг байсан. Би өөрөө бараг ашигладаггүй. Улмаар 2023 оны 08 дугаар сард дансыг хаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 х/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7/
ХААН бакны Депозит дансны дэлгэргүй хуулга /хх-ийн 10-14 тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч *******ийг зохиомол байдлыг зориудаар бий болгон залилсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна шүүгдэгч ******* нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *******т 9500,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгчээс уг хохирлыг төлж барагдуулсан байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч нь сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийг нэхэмжилж байна гэж мэдүүлж байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******ээс сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрт 2,744,500 төгрөгийг гаргуулж, Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 5-31 тоотод оршин суух, ******* //-д олгохоор шийдвэрлэсэн ба энэ талаар шүүгдэгч маргаагүй, төлөхөө илэрхийлсэн болно.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч *******эд прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь хохирогчид 9500,000 төгрөгийг төлсөн, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохиомол байдлыг зориудаар бий болгон залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******ээс сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрт 2,744,500 төгрөгийг гаргуулж, Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 5-31 тоотод оршин суух, ******* //-д олгосугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь хохирогчид хохирлын 9500,000 төгрөгийг төлсөн, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ