| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
| Хэргийн индекс | 183/2021/01489/И |
| Дугаар | 183/ШШ2021/02224 |
| Огноо | 2021-10-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 183/ШШ2021/02224
2021 оны 10 сарын 18 өдөр Дугаар 183/ШШ2021/02224 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э ХХК
Хариуцагч: О
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 15 560 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: ..........шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э ХХК нь П.О тай 2018 оны 7 дугаар сарын 07-ны өдөр гэрээ хийж 250 маркийн 180 м3 зуурмагийг 25 560 000 төгрөгт нийлүүлэхээр тохирч, П.О ын захиалсан 180 м3 бетон зуурмагийг нийлүүлж гэрээний үүргээ биелүүлсэн. П.О нь гэрээ байгуулахдаа урьдчилгаа төлбөрт 10 000 000 төгрөгийг өгсөн боловч үлдэх 15 650 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулахгүй байна. Иймд П.О аас 15 650 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй хүрэлцэн ирээгүй байх тул эзгүйд нь хэргийг шийдвэрлэх хүсэлтэй байна” гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э ХХК нь П.О т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 15 560 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан, П.О ын гараар бичсэн Бетон зуурмаг зээлээр авах тухай хэлцэл гэх баримт, Бетон зуурмаг хүлээлцсэн 2018 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 12 хуудас баримт, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр талуудын хооронд 2018 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ аман хэлбэрээр байгуулагдсан, нэхэмжлэгч Э ХХК нь мөн өдрөө 25 560 000 төгрөгийн үнэ бүхий 250 маркийн 180 м3 бетон зуурмагийг П.О т нийлүүлж хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн болох нь тогтоогдож байна.
Харин хариуцагч П.О нь урьдчилгаа 10 000 000 төгрөгийг төлж, үлдэх 15 560 000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч тал уг шаардлагыг гаргах эрхтэй юм.
Хариуцагч П.О 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хариуцагчийн эрх, үүрэгтэй танилцан нэхэмжлэлийн хувийг гардан авч, 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн дотор шүүхэд хариу тайлбар ирүүлэх үүрэг хүлээсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй.
Шүүх 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэж, 2021 оны 7 дугаар сарын 08, 10 дугаар сарын 04-ний өдрийн хуралдааныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр тус тус хойшлуулж, мөн өдрийн шүүх хуралдааныг товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, мэтгэлцэх эрхээ эдлээгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, хариуцагч П.О аас 15 560 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.О аас 15 560 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 235 750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ
е