Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2020/ДШМ/1431

 

 

 

 

 

 

                                                       

Ц.Ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Гүнсэл,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 2020/ШЗ/1880 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Гүнсэлийн бичсэн 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн эсэргүүцлээр Ц.Ад холбогдох 2010014250785 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Х овгийн Цийн А, 1972 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй;

            Ц.А нь 2020 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 30-574 тоотод хохирогч Р.Атэй маргалдаж, улмаар түүнийг модоор цохиж эрүүл мэндэд нь баруун чамархайн хуйх, баруун шуу, сарвуунд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ц.Аы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Хавтас хэргийн 11 дүгээр талд сэтгэл мэдрэлийн өвчтэй хүний судалгаа гэх баримтад Цийн Аг 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхэлсэн тухай баримт авагдсан бөгөөд урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд оролцсон яллагдагч Ц.А “...Би Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн Сэтгэцийн эмчийн хяналтад байдаг, бага байхдаа бүтэн унтуулгатай хагалгаанд орж байсан, сэтгэцийн өвчнөөрөө хөдөлмөрийн чадварын 70 хувийн группд байдаг. ...” гэж мэдүүлсэн. Мөн яллагдагчийн шүүхэд ирж байгаа байдал, урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд оролцож, биеэ авч явж байгаа байдал зэргээс үзэхэд яллагдагч эрүүл мэндийн хувьд ямар байдалтай байгаа болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд авагдаагүй, энэ талаарх яллагдагчийн хамтран амьдрагчаас гэрчээр мэдүүлэг авах зэрэг ажиллагаа хийгдээгүй байна. Яллагдагчийн хувийн байдалтай холбоотой дээрх ажиллагааг хийснээр түүний өвчний байдал, ямар эмнэлгийн хяналтад байдаг, үүнтэй холбоотой гэмт хэрэг гарах үед тухайн өвчин нөлөөлсөн эсэх талаар шинжээчийн дүгнэлт гаргуулах, цаашлаад яллагдагчид хуульд заасны дагуу эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх эсэх асуудлыг нэг мөр шалгасны эцэст хэргийг шүүхэд шилжүүлэх шаардлагатай гэж шүүх дүгнэв. ...” гэсэн үндэслэлээр яллагдагч Ц.Ад холбогдох эрүүгийн 20100145250785 дугаартай хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очих хүртэл яллагдагч Ц.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Прокурор Б.Гүнсэл бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад тус тус зааснаар хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн заалтыг зөрчсөн байна. Шүүгчийн захирамжийн эхний хэсэгт “...Анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Гүнсэл, шүүгдэгч Ц.Ад...” холбогдох хэргийн...” гэж бичсэн атлаа тодорхойлох хэсэгт “...Яллагдагч Ц.Ад холбогдох ...” гэж, захирамжлах хэсэгт “Яллагдагч Ц.Ад холбогдох эрүүгийн 2010014520785 дугаартай хэргийг ... буцаасугай.” гэж бичсэн нь Ц.Ад холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгээс эсхүл шүүх хуралдаанаас буцаасан эсэх нь ойлгомжгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ. ...” гэж заасан. Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ц.Агаас “...А гэх залуу надад салаавч гаргаад намайг цохиод унагасан, би босч ирээд хашаан дотор байсан унь шиг нарийхан мод гартаа бариад 4-5 удаа гарт болон биеийг нь модоор цохисон. ...” гэх мэдүүлэг /хх 40-41/, мөн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд яллагдагч Ц.Агаас хэргийн үйл баримтын талаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээс зөрүүгүй мэдүүлдэг ба хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримт нэмэлт мөрдөн байцаалтаар өөрчлөгдөн тогтоогдохгүйгээс гадна хэргийн зүйлчлэлийг хүндрүүлж хэргийн зүйлчлэлд нөлөөлөх нөхцөл байдал тогтоогдохгүй тул шүүхээс сэтгэц эмгэг судлалын дүгнэлт гаргуулахаар шинжилгээ хийлгэж болохоор байна. Дээрх нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарлах замаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, энэхүү зөрчил нь шүүхээс шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлсөн, нөлөөлж болохуйц гэж үзэх, шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох нөхцөл байдал болохгүй юм. Мөн шүүгчийн захирамжид яллагдагчийн хувийн байдалтай холбоотой .... дээрх ажиллагааг хийснээр ... нэг мөр шалгасны эцэст хэргийг шүүхэд шилжүүлэх шаардлагатай гэж дүгнэсэн атлаа “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар ... мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. ...” гэж захирамжилсан нь үндэслэлгүй байна. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 2020/ШЗ/1880 дугаартай захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос Ц.Аыг 2020 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 30-574 тоотод хохирогч Р.Атэй маргалдаж, улмаар түүнийг модоор цохиж эрүүл мэндэд нь баруун чамархайн хуйх, баруун шуу, сарвуунд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт буруутгаж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, прокуророос шүүгдэгчийн хувийн байдлыг нарийвчлан тогтоогоогүйгээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д “... яллагдагч, шүүгдэгч хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бодитой тусгаж, зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэхэд эргэлзээ төрвөл түүний сэтгэцийн байдлыг тодорхойлох;” гэж заасан бөгөөд нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн зөв тогтоож хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийх нь гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ач холбогдолтой тул дээр дурдсан мөрдөн шалгах ажиллагааг зайлшгүй хийх шаардлагатай.

Хэдийгээр дээрх ажиллагааг шүүхийн шатанд хийх боломжтой боловч яллагдагчийн сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой бичгийн нотлох баримт цуглуулах, гэрч асуух зэрэг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх нөхцөл байдал үүсэхээр байна.

Түүнчлэн, прокурорын эсэргүүцэлд “...Шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн заалтыг зөрчсөн байна. ...” гэсэн нь үндэслэл бүхий байна.

Учир нь, анхан шатны шүүх шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт хэргийг прокурорт буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримталсан нь хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэв.

Өөрөөр хэлбэл, шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаах үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад хамаарч байхад шүүхээс мөн хуулийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг давхар баримталсан нь үндэслэлгүй болжээ.

Иймд анхан шатны шүүхийн Ц.Ад холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцаах тухай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийн “...Шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ““Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэж заасныг зөрчсөн” гэсэн хэсгийг хангаж, “шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатын шүүхээр хэлэлцүүлэхээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 2020/ШЗ/1880 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ,

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

            ШҮҮГЧ                                                                       Б.ЗОРИГ

            ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ