Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2017/00591

 

 

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2017/00591

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Засгийн Газрын хэрэг эрхлэх газрын харьяа ТӨБЗГ ын нэхэмжлэлтэй

 

    Хариуцагч: Хан-Уул дүүрэг, *дугаар хороо, * Ажилчдын гудамж-46, БХТН ТББ-д холбогдох

 

    Буудлага спортын төвийн иж бүрэн барилга байгууламж, эд хөрөнгийг төрийн өмч болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, Б.А, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Э, нарийн бичгийн дарга Б.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ТӨБЗГ ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгийн газар 2015 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 55 дугаар тогтоолоор Эрүүл мэнд, спортын харьяа Техник спортын төв-ийг аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар болгон зохион байгуулж тогтоолын 7-р заалтаар өөрчлөн байгуулсан байгууллагын дүрэм, зохион байгуулалтын бүтцийг батлах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллах, тухайн байгууллагын үндсэн болон бусад эд хөрөнгийг хүлээн авч бүртгэхийг Төрийн өмчийн хороонд даалгасан байна. Энэ тогтоолын дагуу Төрийн өмчийн хороо 2015 оны 7 сарын 08-ны өдрийн 506 дугаар тогтоолоор техник спортын төв ТӨҮГ-ийн эзэмшилд олгох үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн үнэлгээ бүхий эхлэлтийн бланс, зохион байгуулалтын бүтэц, дүрмийг хавсралтаар баталж захирлыг томилсон. Дээрх тогтоол шийдвэрүүдийн үндсэн дээр Буудлага спортын барилга байгуулж, эд хөрөнгийг хүлээлцсэн бөгөөд хүлээлгэн өгч байгаа талаас нярав Г.Б, ерөнхий нягтлан бодогч Д.Б, зэвсгийн нярав Д.С нар байлцаж, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг хүлээлцсэн. БХТН ТББ нь Засгийн Газрын харьяа ТӨБЗГ ын барилга байгууламж, эд хөрөнгийг чөлөөлж өгөхгүй ТӨБЗГ ын үйл ажиллагаанд саад учруулж байна. БХТН нь анх 1929 онд байгуулагдсан. Энэ байгууллага нь байгуулагдсан цагаасаа төрд харьяалагдаж, ах дүү орнуудын туршлагаар төрийн санхүүжилтээр хот төдийгүй хөдөө орон нутагт салбар клубуудыг нээн ажиллуулж ирсэн тул олон иргэдийг хамруулах үүднээс хөдөлмөрчдийн байгууллага болгосон ч зохион байгуулалт, удирдлага нь төрөөс томилогддог нь хэвээр, улсын төсвөөс санхүүждэг нь хэвээр байсан. 1960 оны Үндсэн хуулийн 37 дугаар зүйлд БНМАУ-ын төрийн гүйцэтгэн захирах дээд байгууллага бол БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл мөн, 40 дүгээр зүйлд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс гаргасан тогтоол, тушаалуудыг БНМАУ-ын бүх нутаг дээр заавал биелүүлнэ, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн эрх хэмжээг 41 дүгээр зүйлд Улс төр, эдийн засаг, соёлын байгуулалтыг удирдах талаар БНМАУ-ын яамд ба харьяа бусад албан газрын ажиллагааг нэгтгэн удирдана. Улс ардын аж ахуйг төлөвлөх ажпыг удирдаж улс ардын аж ахуйн төлөвлөгөө, улсын ба орон нутгийн төсвийг биелүүлэх арга хэмжээ авах ба санхүү зээллэгийн бодлого явуулна гэж тодорхойлсон байна. Тус улсын хууль дүрэм, Сайд нарын Зөвлөлийн тогтоол, захирамжийг үндэс болгон, тэдгээрийг биелүүлэхийн тулд БНМАУ-ын яамдын сайд, тусгай газрын эрх баригчид эрх хэмжээнийхээ дотор тушаал, заавар гаргаж түүний биелэлтийг шалгах эрх хэмжээг мөн хуулийн 45 дугаар зүйлд заажээ. Харин Үндсэн хуулийн /1960 оны/ 14 дүгээр зүйлд заасан зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд БХТН-ийн Төв зөвлөл бол МУ-ын Батлан хамгаалах яамны харьяанд байгуулсан байгууллага юм. 1975 оны 18 дугаар тогтоолын 2 дахь заалтаар БХТН-ийн Төв зөвлөлийг Батлан хамгаалах яамны харьяанаас гаргаж хөдөлмөрийн сайн дурын үндсэн дээр олон нийтийн байгууллага болгох нь зүйтэй гэж үзэж, Сайд нарын Зөвлөлийн харьяанд шилжүүлсэн нь мөн л төрийн шийдвэр бөгөөд энэ байгууллагын үндсэн үйл ажиллагаа хэвээр харин олон нийтийг хамруулах зорилгоор нэг яамны харьяаллаас гаргах бодлого байсан бөгөөд энэ олон нийтийн байгууллага нь мөн л Үндсэн хуулийн хүрээнд улс төрийн замаар үйл ажиллагаа явуулах үүргийг нь хэвээр үлдээсэн нь бүтэц, зохион байгуулалт, удирдлагын эрхийг тогтоосон 1976 оны 81 дүгээр тогтоолоос харагддаг. Ийм ч учраас БХТН-ийн төв зөвлөл гэдгийг бие даасан олон нийтийн байгууллага гэж үзээгүй бөгөөд энэ байгууллагын хараат бус байх эрхийг нь хамгаалах гэж улсын бүртгэлд бүртгэсэн баримт байхгүй. Түүнчлэн энэ байгууллагыг Батлан хамгаалах Яамны харьяаллаас гаргахдаа ямар нэгэн хөрөнгө өмчлөлд нь өгөөгүй бөгөөд харин харьяалалдаа авсан Сайд нарын Зөвлөл Улсын иргэний хамгаалалтын газар буюу одоогийн Онцгой байдлын газрын байранд 10 өрөөг хуваарилж өгснөөр БХТН-ийн төв Зөвлөл тэнд үйл ажиллагаагаа явуулдаг байсан. БХТН-ийн төв зөвлөл нь Монгол Улсын нийгэм, улс төрийн хэрэгцээнд зориулагдсан төрөөс зориудаар бий болгосон байгууллага гэдэг нь нотлох баримтуудаар маргаангүй тогтоогдох ба Техник спортын төв нь анхнаасаа БХТН-ийн харьяа байгууллага байсан. Техник спортын төв нь анхнаасаа л БХТН-ийн материаллаг бааз, боловсон хүчин дээр тулгуурлан, 1954 оноос техникийн спортын анхны клубуудыг нээж, улмаар буудлага, нисэх, радио, авто мото клубуудыг нэгтгэсэн төв болсон. Техник спортын төв нь Эрүүл мэндийн яам, Биеийн тамир спортын хорооны дарга буюу төсвийн ерөнхийлөн захирагчтай Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хууль-ийн дагуу улсын төсвийн байгууллагын ерөнхий менежертэй хийдэг, бүтээгдэхүүн нийлүүлэлтийн гэрээг жил бүр байгуулан, улсын төсвөөс санхүүжилт авч жилийн эцэст гэрээгээ дүгнүүлэн ажилладаг байсан. Монгол улсад Буудлагын спортыг түлхүү хөгжүүлэх зорилгоор Буудлагын иж бүрэн сургалтын барилга байгууламжийг барих ажлыг 1977 оноос эхлүүлсэн бөгөөд БНАГУ-ын Спорт, техникийн нийгэмлэгийн төв захиргаа /тухайн үеийн МУ-ын УБХТН-тэй ижил чиг үүрэгтэй төрийн байгууллага/-аас зөвлөгөө тусламж авах, Монгол Улсад байхгүй, зориулалтын шаардлага хангахуйц зарим бараа бүтээгдэхүүнийг авах тухай хүсэлтийг тавьснаар 2 орны ижил чиг үүрэг бүхий байгууллага Монгол Улсад баригдах Буудлагын спортын барилга байгууламжийг барих том бүтээн байгуулалтанд хамтран ажиллах болсон байдаг. БНМАУ-ын Буудлага спортын иж бүрэн барилга байгууламжид зориулан зарим бараа материал нийлүүлсэн тэр цаг үед УБХТН-ийн Төв зөвлөл нь БНМАУ-ын эрх бүхий байгууллаас удирдлага нь томилогддог, санхүүждэг, ажлын чиглэл өгдөг Төрийн байгууллага байсан байдаг. Ингээд 2 талын төлөөлөгчид Улсын Төлөвлөгөөний комиссын орлогч дарга Т.Мөнхжаргалын өрөөнд 1977 оны 04 сарын 20-ны өдөр уулзалтаа хийж, энэ бүтээн байгуулалтыг эхлүүлэх хэлэлцээрт хүрсэн. Уг барилга байгууламж 2-3 жил дамнан баригдаж, 1980 онд ашиглалтанд хүлээлгэн өгсөн ба БНАГУ-ын ГСТ нийгэмлэгийн төв захиргаанаас БНМАУ-ын Улсын БХТНийн хооронд хийгдсэн 1980 оны 10 сарын 25- ны өдрийн 7 дугаар протоколоор БНАГУ-ын Спорт, техникийн нийгэмлэгийн Төв захиргаа Улаанбаатар хотноо Спортын буудлагын сургалтын цогцолбор байгуулж тоноглоход боловсон хүчин, барилга байгууламж болон материал техникийн хангамжид зориулан БНАГУ-ын талаас зарцуулсан 740 мянган маркийн хөрөнгийг БНАГУ-ын Үндэсний Батлан хамгаалах Яамны даалгавраар БНМАУ-ын БХТНийн төв зөвлөлд эв санааны нэгдлийн бэлэг болгон өгөв гэсэн байдаг. Энэхүү 7 дугаар протоколоор БНАГУ талаас хүлээлгэж өгсөн зүйл нь буудлагын спортын барилга байгууламж биш байна. Мөн Төр өмч хөрөнгийн элэгдэл хорогдолыг тооцон засан сайжруулалт хийж, Буудлага спортын төвд Эрүүл мэндийн сайдын багцын хөрөнгө оруулалтаар 2008 онд 178 сая, 2009 онд 89 сая, 2010 онд 89 сая төгрөгийг улсын төсвөөс гаргаж, задгай тир, халаалтын шугам сүлжээний их завсар болон гадна талбайд буудлагын нийтийн тир барих ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Тухайн үеийн БХТНийн удирдлага хувийн эрх, ашиг сонирхлын үүднээс Сайд нарын Зөвлөлийн харьяаллын БХТН гэдэг Төрийн чиг үүргийг хэрэгжүүлэгч олон нийтийн байгууллагын, төр олон нийтэд зориулагдсан хөрөнгийг Төрийн бус байгууллагын эд хөрөнгө мэт өнөөдрийг хүртэл эзэмшиж, ашиглаж ирлээ. Энэ ТББ-ын үүсгэн байгуулсан хөрөнгө тодорхойгүй, төрийн өмчийг давхардуулан бүртгэсэн зэрэг олон зөрчлүүдийг гаргасан бөгөөд өөрийн өмчлөлийн гэж маргаж байгаа Техник спортын төвийн Буудлагын барилга байгууламж, эд хөрөнгийг өмчлөх хууль ёсны бичиг баримт байхгүй. БХТН төрийн бус байгууллага нь төр өөрийн хөрөнгийг бүртгэж баталгаажуулах, төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагын эзэмшилд шилжүүлэх талаарх төрийн эрхэнд халдаж, Буудлага спортын эд хөрөнгөтэй холбоотой Төрийн өмчийн хорооны тогтоолуудад удаа дараа маргаж, эд хөрөнгийг санхүүгийн тооллогоор хүлээлгэн өгсөн хэрнээ Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан Техник спортын төв төрийн өмчит үйлдвэрийн газарт хүлээлгэн өгөхгүй, төрийн ажилд саад учруулсаар байна. Ийнхүү эд хөрөнгийг өгдөггүй шалтгаанаа Буудлага спортын төвийн барилга байгууламж, эд хөрөнгө, буу зэвсгийг БХТН Төрийн бус байгууллагынхаа хөрөнгө гэж тайлбарладаг тул Монгол улсад цорын ганц байдаг, төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон Буудлага спортын төвийн барилга байгууламж, эд хөрөнгө нь төрийн өмч үү, төрийн бус байгууллагын өмч үү гэдгийг тогтоолгох зайлшгүй шаардлага тулгарч байна. Манай нэхэмжлэлд дурдагдах үйл баримт нь социалист нийгэм буюу социалист чиг баримжаатай хөгжлийн үетэй холбогдож байгаа бөгөөд тухайн үеийн нийгэм, улс төрийн нөхцөл байдал, төрийн бодлогыг тодорхойлсон Үндсэн хуулийн үзэл баримтлалтай уялдуулан авч үзэх ёстой. 1960 оны БНМАУ-ын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлд БНМАУ бол ажилчин, хоршоолсон ардууд /малчин тариаланчид/ хөдөлмөрч сэхээтний социалист улс бөгөөд түүний үндэс нь ажилчин анги, хоршоолсон ардын холбоо мөн, 2 дугаар зүйлд БНМАУ бол ардын ардчилсан төрийн хэлбэрээр тогтнон хөгжиж байгаа социалист улс мөн 5 дугаар зүйлд Төрийн бүх байгууллагын зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн зарчим бол төвлөн удирдах ардчилсан ёс мөн гэж тунхагласан. Энэ ажилчин анги, хоршоолсон ардын холбоонд үндэслэсэн социалист чиг баримжаа бүхий төрийн эдийн засгийн үндсэн зарчим нь ... нийтээрээ өмчлөх социалист өмч байна гэж мөн хуулийн 8 дугаар зүйлд заасан ба социалист өмч нь улсын буюу бүх ард түмний хөрөнгө, хоршооллын буюу хөдөө аж ахуйн нэгдэл ба бусад төрлийн хоршооллын хөрөнгө гэсэн 2 хэлбэртэй байхыг уг хуулийн 9 дүгээр зүйлд заасан байдаг. Мөн хуулийн 11 дүгээр зүйлд хоршоолсон байгууллага, хөдөө аж ахуйн нэгдлийн бусад эд хөрөнгө эдгээр нэгдэл, хоршооллын байгууллагын социалист өмч мөн. Хөдөө аж ахуйн нэгдлийн өрх нэг бүр нэгдлийн нийгмийн үйлдвэрлэлд гишүүдээ оролцууж үндсэн орлого олохоос гадна амины туслах аж ахуйтай байж болно, 13 дугаар зүйлд иргэний хөдөлмөрлөж олсон орлого, хадгаламж, орон сууц, амины туслах аж ахуй, амины хэрэгцээт зүйлс, гэрийн эд хогшил, түүнчлэн амины өмчийг өвлөх эрхийг хуулиар хамгаална гэж зааснаас харахад, тухайн үед улсын өмчийн зэрэгцээ иргэдийн амины өмчийг хүлээн зөвшөөрсөн байх ба олон нийтийн байгууллага, түүнчлэн бусад хэлбэрийн байгууллагад хөрөнгө өмчлөх эрх олгоогүй байна. БХТН ТББ нь манай байгууллагад бэлэглэсэн эд хөрөнгө гэдэг боловч тухайн үеийн хууль тогтоомжоор олон нийтийн байгууллага бэлэглэлээр өмчлөх эрхтэй болох зохицуулалт байхгүй. Мөн 1963 оны Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд өмчийн төрлийг социалист өмч, амины өмч гэж ялгана, 60 дугаар зүйл Социалист өмч нь улсын өмч, хоршооллын өмч, үйлдвэрчний эвлэл, олон нийтийн бусад байгууллагын өмчөөс бүрдэнэ, 61 дүгээр зүйл өмчлөгч нь БНМАУ-ын хуулиар тогтоосон журам, хэмжээ хязгаарын дотор эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй гэж тус тус заасан. Техник спортын төвийн буудлагын барилга, тоног төхөөрөмж нь БХТН-ийн төв зөвлөлийн эзэмшил, ашиглалтанд байсан ч төсвөөс санхүүжиж боссон, социалист өмчид хамаарах ба Төрөөс уг эд хөрөнгийг Төрийн бус байгууллагад шилжүүлсэн, худалдсан, өмчийн хэлбэрийг өөрчилсөн шийдвэрийг огт гаргаагүй байна. Иймд Буудлага спортын төвийн иж бүрэн барилга байгууламж, эд хөрөнгийг төрийн өмч болохыг тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагч БХТНийн төв зөвлөл шүүхэд ирүүлсэн хариу тайлбарыг хариуцагч төлөөлөгч, өмгөөлөгч нар дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БХТН нь улс орны батлан хамгаалах хүчнийг бэхжүүлэхэд туслах, иргэдэд цэргийн анхан шатны мэдлэг олгох, батлан хамгаалах үйл хэрэгт татан оролцуулах, цэрэг ардын холбоог бэхжүүлэх зорилгоор 1929 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Монгол улсыг хамгаалах явдалд туслах эвсэл нэртэйгээр анх байгуулагдсан байдаг ба 1942 онд Ардын өөрийгөө хамгаалах сайн дурын отряд, 1958 онд Ардын цэрэгт туслах сайн дурын нийгэмлэг, 1959 онд Батлан хамгаалах хөдөлмөр нийгэмлэг, 1970 онд Улсыг БХТН нэртэй болж үйл ажиллагаагаа олон зуун гишүүд, идэвхтэнүүдийнхээ оролцоотойгоор өнөөг хүртэл тасралтгүй явуулж ирсэн. Тус байгууллага нь Батлан хамгаалах яамны дэргэд үйл ажиллагаа явуулж байсан боловч 1975 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Монгол ардын хувьсгалт Намын Төв Хорооны Улс төрийн товчооны 18 дугаар тогтоолоор Батлан хамгаалах яамны харьяанаас гаргаж, хөдөлмөрчдийн сайн дурын биеэ даасан байгууллага болгон өөрчлөн зохион байгуулсан байдаг. БХТНийн төв зөвлөл нь 1997 оныг хүртэл олон нийтийн байгууллагын хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж байгаад 1997 онд Төрийн бус байгууллага гэсэн хэлбэрээр зохион байгуулагдаж өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. Маргааны зүйлийн өмчлөгч болох Техник спортын төв нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш БХТНийн харьяа байгууллага байсан бөгөөд энэ нь БХТНийн төв зөвлөлийн даргын 1997 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 47 дугаартай тушаалаас илэрхий харагдана. Энэхүү тушаалаар Техник спортын төв-ийн бүтэц, зохион байгуулалтыг баталсан ба энэ төрлийн спортыг хөгжүүлэх талаар улсаас өгч байсан хөрөнгө оруулалт, гадаад арга хэмжээний зардлыг олгохгүй болсон талаар мөн дурдсан байна. Маргааны зүйл болсон барилга байгууламж, эд хөрөнгийг 1980 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 7 дугаар протоколоор БНАГУ-ын Спорт, техникийн нийгэмлэгийн зөвлөлийн төв захиргаа Бүгд найрамдах ардчилсан Герман улсын Үндэсний Батлан хамгаалах яамны даалгавраар БНМАУ-ын БХТНийн төв зөвлөлд эв санааны нэгдлийн бэлэг болгон бэлэглэсэн байдаг тул уг эд хөрөнгө нь анхнаасаа БХТНийн өмч байсан гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн 1999 онд Улсын Их Хурлаас төрийн өмчийг анх тоолж, төрийн өмчийг тодорхой болгох үед төрийн өмчийн жагсаалтанд БХТНийн төв зөвлөл төрийн бус байгууллага болон түүний өмчийг оруулан тоолоогүй байдаг. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1-д "Төрийн өмчид энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас бусад төр эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж болох дараах эд хөрөнгө хамаарна, төрийн байгууллага, албан газарт эзэмшүүлсэн эд хөрөнгө, төрийн өмчит үйлдвэрийн газарт эзэмшүүлсэн эд хөрөнгө, төрийн өмчийн оролцоотой аж ахуй нэгжийн төрд ногдох хувь хөрөнгө, улсын төсвийн хөрөнгө болон төрийн бусад тусгай сан хэрэгцээний бэлтгэл нөөц, хуульд заасан бусад үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө нь төрийн өмч мөн гээд тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт төрийн өмчид эд хөрөнгийг олж авах хэлбэрүүдийг заасан байна. Хуулийн дээрх заалтаас үзвэл БХТНийн төв зөвлөл хэмээх төрийн бус байгууллагын өмчийг төрийн өмч гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй. Учир нь тус байгууллага төрийн байгууллага, төрийн өмчийн аж ахуй нэгж биш тул Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд зааснаар төрийн бус байгууллагын өмч төрийн өмч болох ямар ч үндэслэл байхгүй. Гэтэл төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар төрийн өмчид байгаагүй, хуульд заасан журмаар олж аваагүй, хууль ёсны дагуу төрийн өмчид хамааралгүй хөрөнгийг төрийн өмч болохыг тогтоолгох талаар нэхэмжпэл гаргасан нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101-д Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасан өмчлөгчийн эрхийг зөрчиж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлав.

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь хариуцагч БХТНийн төв зөвлөл ТББ-д /БХТН/ холбогдуулан Буудлага спортын төвийн иж бүрэн барилга байгууламж, эд хөрөнгийг төрийн өмч болохыг тогтоолгохоор шаардсныг хангах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Нэхэмжлэгч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Монгол улсад Буудлагын спортыг түлхүү хөгжүүлэх зорилгоор Буудлагын иж бүрэн сургалтын барилга байгууламжийг барих ажлыг БНАГУ-ын Спорт, техникийн нийгэмлэгийн төв захиргааны дэмжлэгтэйгээр 1977 оноос барьж эхлүүлсэн байдаг бөгөөд Монгол Улсын Сайд нарын зөвлөлийн Улсын төлөвлөгөөний комисс 1978, 1979, 1980 онуудад улсын төсөвт зохицуулалт хийж, Монгол банкаас мөнгөн хөрөнгийг гаргаж, Барилгын цэргийн анги барилга байгууламжийг барьж ашиглалтад оруулсан. БХТН-ийн төв зөвлөл нь Монгол Улсын нийгэм, улс төрийн хэрэгцээнд зориулагдсан төрөөс зориудаар бий болгосон байгууллага гэдэг нь нотлох баримтуудаар маргаангүй тогтоогдох ба тус байгууллага нь 2011 оныг хүртэл төрөөс санхүүжиж, үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн байдаг. Иймд уг барилгын засвар үйлчилгээ бүхий л зардлыг төрөөс гаргаж, төр өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан барилга байгууламж тул төрийн өмч гэж тайлбарлажээ.

Хариуцагч БХТНийн төв зөвлөл /БХТН-ийн/ ТББ нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байх ба татгалзлалын үндэслэлээ уг барилга байгууламжийг 1980 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 7 дугаар протоколоор БНАГУ-ын Спорт, техникийн нийгэмлэгийн зөвлөлийн төв захиргаа Бүгд найрамдах ардчилсан Герман улсын Үндэсний Батлан хамгаалах яамны даалгавраар БНМАУ-ын БХТНийн төв зөвлөлд эв санааны нэгдлийн бэлэг болгон бэлэглэсэн байдаг тул уг эд хөрөнгө нь анхнаасаа БХТНийн өмч бөгөөд уг барилгыг зөвлөлийн гишүүдийн татвар болон бусад үйл ажиллагааны санхүүжилт, хуримтлалаас бий болсон хөрөнгөөрөө барьж байгуулсан манай байгууллагын өмч гэж тайлбарласан байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар болон зохигчдын гаргасан тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Хариуцагч БХТНийн төв зөвлөл ТББ /БХТН/-ийн тухайд:

 

БХТНийн төв зөвлөл ТББ нь анх 1929 онд улс орныг батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэхэд идэвхитэй туслах үндсэн үүрэгтэйгээр Монгол Улсыг хамгаалах явдалд туслах эвлэл гэсэн нэртэйгээр Батлан хамгаалах яамны харьяанд байгуулагдаж байжээ.

 

МАХН-ын Төв хорооны Улс Төрийн Товчоо хуралдаж, 1975 оны 1 сарын 18-ны өдрийн БНМАУ-ын Улсыг БХТН /энэ үед ийм нэртэй болсон/-ийн ажлыг сайжруулах зарим арга хэмжээний тухай 18 дугаар тогтоол, 1976 оны 3 сарын 25-ны өдрийн БНМАУ-ын Улсыг БХТНийг зохион байгуулах ажлын 81 дугаар тогтоолуудыг гаргаж, уг тогтоолуудаар УБХТН-ийг Батлан хамгаалах яамны харьяаллаас гаргаж хөдөлмөрчдийн сайн дурын биеэ даасан байгууллага болгон өөрчлөн зохион байгуулж, тус нийгэмлэгийн ажлыг хариуцан байнгын удирдлагаар хангаж байхыг Аймаг, хотын намын хороо, Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд, мөн тус нийгэмлэгийн ажлыг сайжруулах, нийгэмлэгийн спорт цэрэг техникийн сургалтын материаллаг баазыг бэхжүүлэхэд бүх талаар туслах, ... байхыг Батлан хамгаалах яаманд, нийгэмлэгийн хэрэгцээнд зориулан спорт буудлагын ордон, сургууль-буудлагын төхөөрөмжилсөн талбай байгуулах, сургалт, спортын зарим шаардлага бүхий багаж, хэрэгсэл тоног төхөөрөмжийг гадаадад захиалах арга хэмжээг төлөвлөгөөтэйгээр авахыг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлд тус тус даалгаж, УБХТН-ийн анхдугаар хурлыг 1976 оны 6-р сарын эцсээр хуралдуулж, хийлгэж тус ниймэглэгийн дүрмийг энэ хурлаар батлах нь зүйтэй гээд БХТН-ийн сургалт спортын 1976-1980 оны 5 жилийн төлөвлөгөөг хянан баталж, түүний материаллаг баазыг сайжруулан бэхжүүлэх арга хэмжээг авахыг Сайд нарын Зөвлөлд даалгасугай гэжээ. /1-р хх-ийн 151-154, 2-р хх-ийн 21-23/

 

Ингээд МАХН-ын Төв хорооны Нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний 1975 оны 1 сарын 31-ний өдрийн 26 дугаар тогтоолоор БНМАУ-ын УБХТН-ийн төв зөвлөлийн тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг болон аймаг, хотын тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг/2-р хх-ийн 25-26/ тус тус баталж, 1976 оны 6-р сарын 28-ны өдөр БНМАУ-ын БХТНийн төв зөвлөлийн Анхдугаар хурал хуралдаж, хуралдаанаар БНМАУ-ын БХТНийн дүрэм-ийг баталсан байна.

Тэр цаг үеэс хойш БХТНийн төв зөвлөл нь 1997 оныг хүртэл хөдөлмөрчдийн сайн дурын биеэ даасан байгууллагын хэлбэрээр, үндсэн үүргээ хэрэгжүүлэн үйл ажиллагаагаа явуулж байгаад 1997 оны 12 сарын 5-ны өдөр БХТН нэрээр, Нийгэмд үйлчилдэг ТББ /Төрийн бус байгууллага/ хэлбэрээр, 1 гишүүнтэйгээр улсын бүртгэлд бүртгүүлсэн байна./хх-ийн 40/

Түүнчлэн БХТН нь 1997 онд дотооддоо бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийж спортын авто-мото, нисэх, радио, буудлага спортын төв клубуудыг нэгтгэж, БХТН-ийн Техник спортын төв болгон өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулж ирсэн талаар болон төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлж, салбарын яамтай байгуулсан гэрээний үндсэн дээр тамирчид, дасгалжуулагчдыг бэлтгэх, бэлтгэл хангуулах чиглэлээр хамтран ажиллаж, энэхүү хамтын ажиллагаа, гэрээний үндсэн дээр хөрөнгө оруулалт авч байсан талаараа тайлбарласан байна.

 

Дээрх үйл баримтаас дүгнэхэд БХТН-ийн төв зөвлөл ТББ нь байгуулагдсан цагаасаа төрд харьяалагдаж, зохион байгуулалт, удирдлага нь төрөөс томилогддог, төрөөс өгсөн ажлын чиглэлийн дагуу үйл ажиллагаагаа явуулж, улсын төсвөөс санхүүжиж байсан нь хавтаст хэрэгт авагдсан санхүүжилтийн мэдэгдэл 2010 оны 6, 7 сар,/2-р хх-ийн 180, 188/ улсын төсвийн байгууллагуудын санхүүжилтийн эрх олгох жагсаалт 2010, 2011 он /2-р хх-ийн 227-228/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Маргаан бүхий Буудлагын спортын төвийн иж бүрэн барилга байгууламжийн тухайд:

 

БНАГУ-ын Спорт, техникийн нийгэмлэгийн төв захиргаа, БНМАУ-ын БХТН /БХТН/-ийн төв зөвлөлийн хоорондын 1977 оны 4-р сарын 22-ны өдрийн хэлэлцээрээр хоёр нийгэмлэгийн ах дүүгийн харилцааг улам үр ашигтай болгох, армид буудагч бэлтгэх, буудлага спортыг эрчимтэй хөгжүүлэх, ангийн нөөц ихтэй түүнийг ашиглахад болон залуучуудыг техникийн спортоор хөгжүүлэхэд ач холбогдолтой гэсэн зорилгыг тодорхойлж, БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотод Спортын буудлагын сургалт-спортын цогцолбор барьж байгуулах ажлыг эхлүүлсэн байна.

Уг хэлэлцээрийн дагуу Спортын буудлагын сургалт-спортын цогцолбор нь хэлэлцээрийн 2 дугаар зүйлд заасан нийт 5 төрлийн барилга байгууламж, зайлшгүй шаардлага бүхий гаднын төхөөрөмжүүд, хашаа зэргээс бүрдэхээр зураг төсөлд тусгагдаж, уг барилгыг 3 сая маркийн хөрөнгөөр барьж байгуулахаар төлөвлөж, хоёр талын хүлээх үүрэг, хийх ажлыг тохиролцжээ.

 

Үүний дараа Улаанбаатар хотын АДХГ Захиргааны 1977 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 93 дугаар Барилгын байршил тогтоох тухай тогтоолоор Буудлагын иж бүрэн барилга байгууламж барихад зориулан Ажилчны районы дэвсгэрт 3-р цахилгаан станцын баруун хойт талд 1-р хувилбарын дагуу 2,8 га газар олгох ба байрлуулахыг барилга архитектурын газарт зөвшөөрсөн байна./1-р хх-ийн 189/

Уг барилга байгууламжийг барих ажлын зургийн захиалгыг Улсын төлөвлөгөөний комиссын орлогч даргаар 1977 оны 5 дугаар сарын 12-ны өдөр батлуулж, ажлыг эхлүүлэн 1980 оны 11 сарыг хүртэлх хугацаанд барьж дуусгасан байх ба барилга барих ажлыг Ардын армийн 073 дугаар анги хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн баримтууд хавтаст хэрэгт авагдсан байх ба зохигчид энэ асуудлаар маргаагүй байна./1-р хх-ийн 187, 191-215/

 

Хариуцагч БХТН-ийн төв зөвлөл нь уг барилгын захиалагчийн эрх, үүргийг хэрэгжүүлж барилгыг бариулах ажиллагааг хариуцаж, ашиглалтанд өгсөн талаар маргаагүй. Харин тухайн үед БХТН-ийн төв зөвлөл барилгыг санхүүжүүлж, өөрийн хөрөнгөөр барьсан гэж маргасан нь дараах үндэслэлгүй.

Уг барилга баригдах хугацаанд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл /СнЗ/-ийн Улсын төлөвлөгөөний комисс 1978 оны 122 дугаар, 318 дугаар, 1979 оны 174 дугаар, 1980 оны 235 дугаар Хөрөнгө оруулалт, барилга угсралтын ажил, ашиглалтад оруулах барилгын 1978-1981 оны төлөвлөгөөнд зохицуулалт хийх тухай тогтоолуудыг гаргаж, уг тогтоолоор улсын төсвөөс санхүүжүүлж, хөрөнгө оруулалт хийх барилгын жагсаалтыг баталж, жагсаалтад Буудлагын клубын барилга орсон байна. Санхүүжилтийг 1978, 1979, 1980 онуудад Улсын банкны ерөнхий хорооноос олгож байсан нь тухайн онуудын хөрөнгө оруулалтын ...жилийн системийн тайлангийн товчоогоор тогтоогдож байна./1-р хх-ийн 226-235/

 

Түүнчлэн барилгыг ашиглалтад авах үед БНАГУ-ын Спорт, техникийн нийгэмлэгийн төв захиргаа, БНМАУ-ын БХТН /БХТН/-ийн төв зөвлөлийн хооронд 1980 оны 10 сарын 25-ны өдрийн 7 дугаар протокол үйлдэгдэж, БНАГУ-ын Спорт, техникийн нийгэмлэгийн Төв захиргаа Улаанбаатар хотноо Спортын буудлагын сургалтын цогцолбор байгуулж тоноглоход боловсон хүчин, барилга байгууламж болон материал техникийн хангамжид зориулан БНАГУ-ын талаас зарцуулсан 740 мянган маркийн хөрөнгийг БНАГУ-ын Үндэсний Батлан хамгаалах Яамны даалгавраар БНМАУ-ын БХТНийн төв зөвлөлд эв санааны нэгдлийн бэлэг болгон өгөв гэж тэмдэглэгджээ./хх-ийн 216-217/

Дээрх байдлуудаас дүгнэхэд маргаж буй Буудлага спортын төвийн иж бүрэн барилга байгууламжийг улсын төсвийн санхүүжүүлжилтээр бариулсан үйл баримт тогтоогдож байх ба уг барилгын дагалдах эд хөрөнгүүд, тоног төхөөрөмж, материал техникийн хангамжид БНАГУ-аас зарцуулсан 740 мянган маркийн хөрөнгө тухайн барилгын бүрдэл хэсэг болсон байх бөгөөд үүнийг бүхэлд нь уг барилгыг бэлэглэсэн гэж дүгнэх үндэслэлгүй байна.

 

Тухайн үед үйлчилж байсан 1960 оны БНМАУ-ын Үндсэн хуулийн 9 дүгээр зүйлд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын социалист өмч бол улсын /бүх ард түмний хөрөнгө/, хоршооллын /хөдөө аж ахуйн нэгдэл ба бусад төрлийн хоршооллын хөрөнгө/ ийм хоёр хэлбэртэй байна., мөн хуулийн 10 дугаар зүйлд Бүх газар, түүний хөрсөн доорх баялаг, ... соёл шинжлэх ухааны газрууд, мөн улсын бүх байгууллагын эд хөрөнгө энэ бүхэн бол улсын өмч буюу ард түмний хөрөнгө мөн. 37 дугаар зүйл БНМАУ-ын төрийн гүйцэтгэн захирах дээд байгууллага бол БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл мөн. 41 дүгээр зүйлд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл: а/ Улс төр, эдийн засаг, соёлын байгуулалтыг удирдах талаар БНМАУ-ын яамд ба харьяа бусад албан газрын ажиллагааг нэгтгэн удирдана. д/ Улсын эрх ашгийг сахин хамгаалж социалист төрийн эдийн засгийн үндэс болсон социалист өмчийг бүхий л аргаар хамгаалах, бэхжүүлэх арга хэмжээ авна. гэж, 1963 оны БНМАУ-ын Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд Өмчийн төрлийг социалист өмч, амины өмч гэж ялгана., 60 дугаар зүйлд социалист өмч нь: улсын өмч /бүх ард түмний хөрөнгө/, хоршооллын өмч /хөдөө аж ахуйн нэгдэл, хоршооллын бусад байгууллагын өмч/, үйлдвэрчний эвлэл, олон нийтийн бусад байгууллагын өмчөөс бүрдэнэ., 61 дүгээр зүйлд Өмчлөгч нь БНМАУ-ын хуулиар тогтоосон журам, хэмжээ хязгаарын дотор эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй. гэж тус тус заажээ.

Дээрхээс дүгнэхэд БХТН /БХТН/-ийн төв зөвлөл нь МАХН-ын Төв хорооны Улс Төрийн Товчоо болон Сайд нарын Зөвлөлийн даалгавраар уг барилгын зураг төслийг боловсруулахаас эхлээд дуусах хүртэлх хугацаанд барилгын ажлын явцын захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэх, барилгыг ашиглалтад оруулах, хүлээн авах зэрэг захиалагчийн эрх, үүргийг хэрэгжүүлж, барилгыг 1980 оны 11 сарын 10-ны өдрийн улсын комиссын актаар/1-р хх-ийн 204-215/ Буудлагын спортын төв клубын иж бүрэн барилга байгууламжийг хүлээн авч, уг барилга байгууламжийг үйл ажиллагааныхаа үндсэн үүргээ хэрэгжүүлэхэд зориулж өнөөг хүртэл ашиглаж байсан хэдий ч уг эд хөрөнгө нь социалист өмчид хамаарахаас гадна төрөөс уг эд хөрөнгийг худалдсан, шилжүүлсэн өмчийн хэлбэрийг өөрчилсөн шийдвэрийг өнөөг хүртэл гаргаагүй байна.

Иймд төр уг эд хөрөнгийн өмчлөгч мөн болох нь тогтоодож байна.

 

Хөөн хэлэлцэх хугацааны тухайд:

Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар БХТН-ийн төв зөвлөл ТББ нь маргаан бүхий барилгыг анх ашиглалтад орсон цагаас нь хойш эзэмшиж, ашиглаж байгаа бөгөөд эдгээр хөрөнгүүд нь Төрийн өмчийн хороо/хуучнаар/ бий болохоос өмнө 16 жилийн өмнө бий болсон хөрөнгө. Гэтэл шат шатны шүүхүүд уг хөрөнгө төрийн өмчид байгаагүй гэдгийг тогтоогоод байхад маргаад байгааг ойлгохгүй байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад нэхэмжлэл гаргаж, мөн төрийн хөрөнгө гэдгийг тогтоолгоно гэж Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нэхэмжлэл гаргаад байгаа нь хууль зөрчиж байна гэж тайлбарлан маргаж байна.

Төрийн өмчийн хорооны 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 323 дугаар ...Техник спортын төвийн нийт 1 278 108 744 төгрөгийн хөрөнгийг төрийн өмчид хүлээн авч, бүртгэхийг Төрийн өмчийн хяналт шалгалтын газарт зөвшөөрч, уг хөрөнгийг эзэмших ашиглах байгууллага, харьяаллыг тогтоож, комисс томилон эд хөрөнгө хүлээлцэх ажлыг зохион байгуулах үүргийг Эрүүл, мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж шийдвэрлэсэн тогтоолыг БХТН ТББ эс зөвшөөрч ...323 дугаар тогтоолыг илт хүчин төгөлдөр бус болохыг зөвшөөрүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд гаргасныг тус шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 74 дугаар шийдвэрээр хангаж шийдвэрлэсэн байх ба уг шийдвэрийг хянаж хэвээр үлдээсэн 136 дугаар магадлал, 110 дугаар тогтоолууд хэрэгт авагдсан байна./1-р хх-ийн 94-99/

 

Дээрхээс дүгнэхэд 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 323 дугаар тогтоол гарах хүртэлх хугацаанд маргаан бүхий Буудлага спортын төвийн иж бүрэн барилга байгууламж нь хэн нэгний өмчлөлд бүртгэгдэж, улсын бүртгэлээр баталгаажиж байгаагүй байна.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэснээр дээрх 323 дугаар тогтоол гарснаар зохигч талууд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн талаар маргасан үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ үеэс талуудын хуульд заасан шаардах эрх үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй.

 

Нэхэмлэгч Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 4 дугаар тогтоолоор байгуулагдсан байх ба Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 1-д Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, хамгаалах ажлыг эрхлэн гүйцэтгэх үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг мөн. гэж зааснаар нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                ТОГТООХ нь: 

 

1. 1963 оны Иргэний хуулийн 60 дугаар зүйл, 63 дугаар зүйлд заасныг баримтлан Хан-Уул дүүрэг, * дугаар хороо, * гудамж 46 тоотод байрлах Буудлага спортын төвийн иж бүрэн барилга байгууламж, түүний зориулалтын дагуу ашиглагддаг, дагалдах эд хөрөнгийг төрийн өмч болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч БХТН-ийн төв зөвлөл ТББ-аас улсын тэмдэгтийн хураамжинд 70 200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, Техник спортын төв ТӨААТҮГ-ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 тоот данснаас гаргуулан буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ