| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Очбадрах |
| Хэргийн индекс | 185/2024/1060/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1041 |
| Огноо | 2024-11-21 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Э.Булганчимэг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1041
2024 11 21 2024/ШЦТ/1041
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Очбадрах даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Батчимэг,
улсын яллагч Э.Булганчимэг,
шүүгдэгч А.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овгийн А-ын У д холбогдох эрүүгийн *************дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:
Шүүгдэгч А.У нь үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр цахим хэрэгсэл буюу фэйсбүүкт “Дэлхийн цирх Монголд тоглолтын билет зарна” гэх худал зарыг байршуулан тухайн зарын дагуу холбогдсон иргэн А.А , Г.У , Б.Ж нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байсан хохирогч А.А гаас 200,000 төгрөгийг Хаан банкны ***********тоот дансаар, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байсан хохирогч Г.У аас 100,000 төгрөгийг Хаан банкны ******** тоот дансаар, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байсан хохирогч Б.Ж өөс 300,000 төгрөгийг Хаан банкны ***********тоот дансаар тус тус нийт 600,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.У нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Анх 2021 онд онлайн бараа зарж байсан боловч хил хаасан. Урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан. Гэм буруугаа хүлээж байна. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн *************дугаартай хэргээс:
Улсын яллагч хохирогч Б.Ж ийн мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/, гэрч О.Цэвэгнямын мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/, хохирогч Б.Ж ийн “Бэлэн бараа” гэх фэйсбүүк хаягтай харилцсан талаарх зурган үзүүлэлт /хх-ийн 24-28-р хуудас/, хохирогч А.А гийн мэдүүлэг /хх-ийн 51-р хуудас/, хохирогч А.А гийн “Бэлэн бараа” гэх фэйсбүүк хаягтай харилцсан талаарх зурган үзүүлэлт /хх-ийн 53-59-р хуудас/, хохирогч Г.У ын мэдүүлэг /хх-ийн 85-р хуудас/, хохирогч Г.У ын “Бэлэн бараа” гэх фэйсбүүк хаягтай харилцсан талаарх зурган үзүүлэлт /хх-ийн 88-90-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч А.У нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч А.У-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.
Шүүгдэгч А.У нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж дараах дүгнэлтүүдийг хийж шийдвэрлэв.
1.Гэм буруугийн талаар:
1.1. Шүүгдэгч А.У нь үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр цахим хэрэгсэл буюу фэйсбүүкт “Дэлхийн цирх Монголд тоглолтын билет зарна” гэх худал зарыг байршуулан тухайн зарын дагуу холбогдсон иргэн А.А , Г.У , Б.Ж нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байсан хохирогч А.А гаас 200,000 төгрөгийг Хаан банкны ***********тоот дансаар, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байсан хохирогч Г.У аас 100,000 төгрөгийг Хаан банкны 5063424238 тоот дансаар, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байсан хохирогч Б.Ж өөс 300,000 төгрөгийг Хаан банкны ***********тоот дансаар тус тус нийт 600,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:
- Хохирогч Б.Ж ийн: “...Би 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа фейсбүүкээр “Дэлхийн цирк Монголд” гэх тоглолтын билет зарна гэсэн зарыг Бэлэн бараа гэх фейсбүүк хаягтай хүн оруулсан байсан бөгөөд би тухайн хүний фейсбүүк чат хаяг руу нь билет авна гэж бичихэд тухайн хүн над руу войс калл хийж залгасан бөгөөд тухайн хүнтэй ярьж байгаад 6 билетийг 300,000 төгрөгөөр 1 ширхгийг нь 50,000 төгрөгөөр авахаар болсон ба тухайн хүний өгсөн ***********О.Цэвэгням гэх данс байсан ба би тухайн данс руу өөрийн 5031463150 Ж гэх данснаас 300,000 төгрөгийг 58 гэх гүйлгээний утгатай явуулсан бөгөөд тухайн хүн билетийг чинь давхардуулчихлаа мөнгийг чинь буцаагаад өгнө гэж хэлж цаг авч байгаа алга болсон тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/,
- Гэрч О.Цэвэгнямын: “...Би өөрийн Хаан банкны ***********тоот данс руу 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 05 цаг 03 минутад 300,000 төгрөг “58” гэх гүйлгээний утгатайгаар хүлээн авсан байна. Би тухайн үед 1xbet агент буюу "Хбет апарт Улаанбаатар” гэх фейсбүүк хаягаар дамжуулан “1xbet”-ийн цэнэглэлт хийж байсан. Тухайн өдөр над руу “Faith Love” гэх нэртэй хэрэглэгч надтай холбогдож уг мөнгөөр өөрийн 1xbet-ийн аккаунтын 708273839ID хаягаа 300,000 төгрөгөөр цэнэглүүлсэн. Тухайн харилцагчийн ID хаягийн нэр нь У гэх нэртэй байсан ба мөнгөө буцааж татахдаа Хаан банкны Алтанжаргалын У гэх эзэмшигчтэй 5304467769 тоот данс руу хожсон ашгаа таталт хийлгүүлж байсан...” гэсэн дахин мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,
- Хохирогч Б.Ж ийн “Бэлэн бараа” гэх фейсбүүк хаягтай харилцсан талаарх зурган үзүүлэлт /хх-ийн 24-28-р хуудас/,
- Хохирогч А.А гийн: “...Би 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа фейсбүүкээр “Дэлхийн цирк Монголд” гэх тоглолтын билет фейсбүүкээр зарна гэсэн пост оруулсан байхаар нь тухайн хүнтэй чатаар холбогдож 4ш билет худалдаж авья гэж асуухад тухайн хүн 1ш 50,000 төгрөг гэж надад хэлсэн тэгээд би тухайн хүнтэй тохиролцоод 200,000 төгрөгөөр онлайнаар QR кодыг авахаар болсон бөгөөд тухайн хүн надад ***********Цэвэгням гэх данс өгөөд утга дээр нь 58 гэх тоо бичээд явуулаарай гэж хэлэхээр нь би тухайн хүнд итгээд өөрийн 5027499999 гэх Хаан банкны өөрийн данснаас 200,000 төгрөгийг 58 гэх утгатай ***********Цэвэгням гэх данс руу 2024 оны 04 дүгээр сарын 12-нд шилжүүлсэн бөгөөд тухайн хүн адруу QR кодын зураг явуулсан ба тухайн QR кодыг аваад маргааш нь болох 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр “Дэлхийн цирк Монгол” тоглолтыг үзэхээр очоод үүдний касс хэсэгт нь орохоор QR кодоо үзүүлтэл тухайн QR код хуурамч байна гэж надад хэлсэн би тухайн үзээд би залилуулснаа мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-р хуудас/,
- Хохирогч А.А гийн “Бэлэн бараа” гэх фейсбүүк хаягтай харилцсан талаарх зурган үзүүлэлт /хх-ийн 53-59-р хуудас/,
- Хохирогч Г.У ын: “... Би 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа Дэлхийн цирк Монгол гэх тоглолт Монголд ирчихсэн байсан бөгөөд би билет хайхад албан ёсны газраа дуусчихсан басан бөгөөд фейсбүүкээр нэрийг нь бичээд хайгаад үзтэл "Бэлэн бараа” гэх фейсбүүк хаягтай хүн олон тасалбар авсан бөгөөд үзэхээ больсон үнээр нь зарна гэсэн байхаар би тухайн хүнтэй фейсбүүк хувь чатаар чатлахад тухайн хүн 2 билетийг 100,000 төгрөг 1 билет нь 50,000 төгрөгөөр зарна гэж надад хэлсэн ба би онлайнаар QR код өгнө гэж надад хэлсэн тэгэхээр нь би тухайн хүнд итгээд 100,000 төгрөгийг нь өөрийн Голомт банкны 1105048016 У гэх данснаасаа Хаан банкны 5063424268 дугаарын Батнуур Данзанжамц гэх данс руу 56 гэх дугаарын утгатай шилжүүлсэн бөгөөд маргааш нь өгсөн QR кодыг нь уншуултал тухайн QR код нь хүчин төгөлдөр бус байна гэж зохион байгуулж буй талаас нь хэлсэн бөгөөд тухайн үед залилуулснаа мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 85-р хуудас/,
- Хохирогч Г.У ын “Бэлэн бараа” гэх фейсбүүк хаягтай харилцсан талаарх зурган үзүүлэлт /хх-ийн 88-90-р хуудас/ болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг нь бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шунахайн сэдэлтээр үйлдэгддэг өмчлөх эрхэд халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэхэд, шүүгдэгч А.У нь үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр цахим хэрэгсэл буюу фэйсбүүкт “Дэлхийн цирх Монголд тоглолтын билет зарна” гэх худал зарыг байршуулан тухайн зарын дагуу холбогдсон иргэн А.А , Г.У , Б.Ж нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байсан хохирогч А.А гаас 200,000 төгрөгийг Хаан банкны ***********тоот дансаар, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байсан хохирогч Г.У аас 100,000 төгрөгийг Хаан банкны 5063424238 тоот дансаар, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байсан хохирогч Б.Ж өөс 300,000 төгрөгийг Хаан банкны ***********тоот дансаар тус тус нийт 600,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргүүдийг үйлдэж бусдад нийт 600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хөдөлбөргүй тогтоогдсон ба энэ талаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.У-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг үргэлжилсэн үйлдлээр “Бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч А.У нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор Эрүүгийн хуульд тодорхойлсон бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирлыг шүүгдэгч нь бүрэн төлж барагдуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж шинээр гаргаж өгсөн төлбөр төлсөн баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Иймд шүүгдэгч А.У-д эрүүгийн хариуцлага оногдуулах хурлыг үргэлжлүүлэн явуулав.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” саналыг гаргасан.
Шүүх шүүгдэгч А.У-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн буюу түүний хувийн байдал зэргийг харгалзан үзээд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх эрүүгийн хариуцлага болон мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А.У-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овгийн А-ын У ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр “Бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугааар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.У ыг 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.У-д нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
4. Шүүгдэгчийн эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг түүний оршин газрын харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч А.У нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.У-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОЧБАДРАХ