| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2021/02681/И |
| Дугаар | 102/ШШ2021/02989 |
| Огноо | 2021-11-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 102/ШШ2021/02989
| 2021 оны 11 сарын 17 өдөр | Дугаар 102/ШШ2021/02989 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ...-р хороо, ...-р хороолол, ... байр, Х. сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн ...-р хороо,...-р хороолол, ... байрны ... тоотод оришн суух, эрхэлсэн ажилгүй, регистр ..., Б.. овогтой Д.гийн Б...д холбогдох засвар үйлчилгээний зардал 1 769 740 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х.., хариуцагч Д.Б..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б... нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х. шүүхэд. гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөрш 2005 сууц өмчлөгчдийн холбоо нь ... байранд үйл ажиллагаа явуулж байна. ... байрны . тоот.ын оршин суугч Д.Б... нь дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний зардлыг төлөх үүрэгтэй. Гэтэл Д.Б... нь 2012 оны 1-р сараас 2021 оны 9-р сар хүртэлх зардлыг төлөөгүй. Сарын төлбөр нь 16 840 төгрөг бөгөөд нийт 1 769 740 төгрөгийг Д.Б...ээс гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д.Б... шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдсаны дараа манай гэрт хулгайч орсон тул үүнээс хойш төлөөгүй. Өмнө нь намайг шүүхэд өгч байсан, биднийг тохиролцоод төл гэсэн. Тэгээд тохирч чадаагүй. Байшингийн дээврээс ус гоождог, орц цэвэрлэдэггүй, одоо ч жижүүр байхгүй, хогийн бункер нь их хэцүү. Сүүлд мөнгөө төлье гэхээр өмнөхөө төл гэсэн гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х. сууц өмчлөгчдийн холбоо нь Д.Б...д холбогдох засвар үйлчилгээний зардал 1 769 740 төгрөг гаргуулахыг нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 623 080 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, бусад хэсэг болох 1 146 660 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Баянгол дүүргийн ...-р хороо, ... байрны ... тоот сууц өмчлөгч Д.Б... нь Иргэний хуулийн 147-р зүйлийн 147.1 дэх хэсэг, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13-р зүйлийн 132.3 дахь хэсэгт зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй бөгөөд сууц өмчлөгч нь 2012 оны 01-р сараас 2021 оны 9-р сар хүртэлх хугацааны нийт 1 769 740 төгрөгийг төлөөгүй, засвар үйлчилгээний зардлыг тогтоосон хэмжээгээр төлөх үүргээ биелүүлээгүй нь зохигчийн тайлбар, тооцооны баримтаар тогтоогдсон байна.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 75-р зүйлийн 75.2.3 дахь хэсэгт заасан тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байх хугацааг хэтрүүлсэн байх ба 20120 оны 1-р сараас 2018 оны 8-р сар хүртэлх хугацааны 1 146 660 төгрөгийн шаардлага нь энэ хугацаанд хамрагдахар байна.
Харин сууц өмчлөгч Д.Б... нь 2018 оны 08-р сараас 2021 оны 9-р сар хүртэлх хугацааны төлбөл зохих засвар үйлчилгээний зардал 623 080 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж дүгнэлээ.
Хариуцагч нь дундын өмчлөлийн засвар үйлчилгээний зардлыг сар бүр төлөөгүй үндэслэлээ ...дээврээс ус гоождог, гэрт хулгай орсон, жижүүр байхгүй, орц бохир байдаг гэж тайлбарладаг боловч энэ нь засвар үйлчилгээний зардлыг төлөхгүй байх үндэслэл болохгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 147-р зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д...ийн Б...ээс 623 080 /зургаан зуун хорин гурван мянга ная/ төгрөг гаргуулж Х... сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 1 146 660 /нэг сая нэг зуун дөчин зургаан мянга зургаан зуун жар/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43 300 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Д.Б...ээс 19 324 төгрөг гаргуулж Х... СӨХ-нд олгосугай.
3.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА