Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2021/02082

 

 

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 04 өдөр                           Дугаар 183/ШШ2021/02082                                  Улаанбаатар хот

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: А.А

 

Хариуцагч: Б ХХК

 

Бүрэн бус болон бүрэн дунд боловсролын гэрчилгээ, холбогдох хувийн хэргийг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: .......шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч А.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Намайг ...........сургуульд суралцаж байхад аав, ээж 2 “Чамайг сургуульд тэтгэлгээр суралцуулж болно гэсэн. Миний хүү авьяастай юм чинь энэ боломжийг ашиглая” гээд намайг Б бүрэн дунд сургуульд оруулсан. Надад сургуулиас “Төлбөрөө төл, төлөхгүй бол сургуулиас гаргана” гэж нэг ч удаа шаардлага тавьж байгаагүй. Хувийн сургуулиуд төлбөрөө төлөөгүй сурагчдыг шалгалтад оруулдаггүй, төлбөр төлсөн сурагч шалгалтад ордог. Гэтэл намайг шалгалтад оруулаад, янз бүрийн урамшуулал шагнал өгч байсан нь миний суралцаж  буй байдал төлбөртэй огт хамаагүй байсныг нотолно. Гэтэл 2019 онд сургуулиа төгсөөд бүрэн дунд боловсролын гэрчилгээ авах үед төлбөр төлөх ёстой гэсэн асуудал үүсэж, миний боловсролын гэрчилгээг барьцаалаад надад өгөөгүй. Энэ нь хууль бус бөгөөд анхнаасаа төлбөртэй сургахаа хэлсэн бол би сургуулиа сольж, энэ сургуульд сурахгүй байсан. Энэ сургуульд төлбөр төлдөг, төлбөр төлдөггүй гэсэн 2 хэсэг хүмүүс сурдаг. Төлбөртэй сурдаг нь төлбөрөө төлөөгүй тохиолдолд тэр сурагчийг хичээлд нь болон шалгалтад оруулдаггүй. Харин А.А нь хичээлдээ бүрэн яваад шалгалтаа бүрэн өгөөд төгссөн байгаа учраас боловсролын үнэмлэх авах бүрэн эрхтэй. Иймд А.Агийн бүрэн дунд боловсролын гэрчилгээг барьцаалах эрх хэнд ч байхгүй байгаа учир бүрэн бус болон бүрэн дунд боловсролын гэрчилгээ, холбогдох хувийн хэргийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Б ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус сургуулийн 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоолд улсын чанартай олимпиад, уралдаан тэмцээнд оролцож байр эзэлсэн тохиолдолд төлбөрөөс чөлөөлөх талаар тусгасан. Гэтэл А.Агийн төлбөр төлөөгүй асуудлыг шалгаж үзэхэд ямар нэгэн улсын чанартай тэмцээн уралдаанд байр эзэлсэн талаар тогтоогддоггүй атал 100 хувийн үнэ төлбөргүй суралцсан байдаг. Учир шалтгааныг тодруулахад хуучин захирал, удирдлагуудтай холбоотой хамаатан садан, найз нөхдийн холбоотойгоор үнэгүй суралцсан асуудал байсан. А.Аг төгсөх үед төлбөрийн асуудал яригдсан гэдэг нь үнэн. Яагаад гэвэл хувьцаа эзэмшигч болон гүйцэтгэх захирал нарын хооронд маргаан гарч, хувьцааг Ж.********* агсан өөртөө шилжүүлж авсан. Иймд А.Аг төлбөрөөс чөлөөлөх үндэслэл байхгүй тул А.А нь 2015-2019 оны хичээлийн жилүүдэд тус сургуулийн 10-13 дугаар ангид элсэн суралцсан бөгөөд сургуультай байгуулсан гэрээний дагуу 2015-2016 оны 10 дугаар ангийн төлбөр 6802 тооцох нэгж, 2016-2017 оны 11 дүгээр ангийн төлбөр 14 336 тооцох нэгж, 2017-2018 оны 12 дугаар ангийн төлбөр 19 350 тооцох нэгж, 2018-2019 оны 13 дугаар ангийн төлбөр 20 315 тооцох нэгж, нийт 60 623 тооцох нэгж буюу 172 757 969 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Сургууль хүүхдийг гэрээнийхээ дагуу сургах үүргээ биелүүлж, сургуулийг төгсгөсөн гэтэл А.Агийн ээж Т.********* 2018 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан сургалтын гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул дээрх гэрээний 4.2.1-д сургалт болон бусад төлбөрийг нэхэмжлэлийн дагуу хугацаанд нь барагдуулах үүрэгтэй, 5.1.3-т төлбөрийн үлдэгдэлтэй сурагчийн бичиг баримт, тодорхойлолт, дүнгийн хуулга зэргийг хүлээлгэн өгөхгүй байх эрхтэй гэж заасны дагуу боловсролын гэрчилгээг өгөхөөс татгалзаж байгаа. Төлбөр төлсөн тохиолдолд холбогдох баримт бичгийг гаргаж өгнө. Сургууль сургалтын гэрээтэй холбоотой сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүйн учир нь сургуулийн хувьцаа эзэмшигч нас барсан учраас өв залгамжлалын асуудал яригдсан, уг асуудал 2021 оны 8 дугаар сард шийдэгдсэн байхаас гадна сургалтын гэрээг А.Агийн ээж Т.*********тэй байгуулсан учир сөрөг нэхэмжлэл гаргах боломжгүй байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.А нь анх тус шүүхэд хариуцагч Б ......дунд сургуульд холбогдуулан бүрэн бус болон бүрэн дунд боловсролын гэрчилгээ, холбогдох хувийн хэргийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, нэхэмжлэгчийн хүсэлтээр, хариуцагчийг Э ХХК-иар сольсон, улмаар ажиллагааны явцад Э ХХК нь Б ХХК болж нэрээ өөрчилсөн, тус хуулийн этгээдийн бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдөөгүй тул шүүх тус хуралдаанаар А.Агийн нэхэмжлэлтэй, Б ХХК-д холбогдох хэргийг хянан хэлэлцэв.  

 

Иргэн, хуулийн этгээдээр хуулиар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх нь иргэний эрх зүйн хамгаалалтын нэг арга бөгөөд энэ нь иргэний зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байдаг тул нэхэмжлэгчийн гаргасан дээрх нэхэмжлэл нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд заасантай нийцсэн гэж дүгнэж, шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

            Хэргийн баримт, талуудын тайлбараар, нэхэмжлэгч А.А 2015 онд Нийслэлийн .....сургуульд шилжин суралцаж, 2019 онд тус сургуулийг төгссөн үйл баримт тогтоогдох бөгөөд зохигчид энэ талаар маргаагүй.

 

           Харин нэхэмжлэгч нь “...Миний бие ......сургуульд бүрэн дунд сургуульд суралцаж байхад аав, ээж 2 тэтгэлгээр суралцуулж болно гэсэн гээд **** сургуульд оруулсан. Надад сургуулиас “Төлбөрөө төл, төлөхгүй бол сургуулиас гаргана” гэж нэг ч удаа шаардлага тавьж байгаагүй, хувийн сургуулиуд төлбөрөө төлөөгүй сурагчдыг шалгалтад оруулдаггүй, гэтэл намайг шалгалтад оруулахаас гадна янз бүрийн урамшуулал шагналыг өгч байсан. Харин 2019 онд сургуулиа төгсөөд бүрэн дунд боловсролын гэрчилгээ авах үед төлбөр төлөөгүй гээд миний боловсролын гэрчилгээг барьцаалаад надад өгөөгүй” гэж тайлбарласан.  

  

Хавтаст хэрэгт, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Нийслэлийн ерөнхий боловсролын **** сургуульд “Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл” олгосон гэрчилгээ авагдсан байх бөгөөд тус сургууль хавсралтад заасан нөхцөл шаардлагыг ханган тухайн түвшний боловсрол эзэмшүүлэх сургалт буюу олон улсын хөтөлбөрийн сургалттай бага, дунд, ахлах ангийн сургалт явуулах, бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх эрхтэй байна.

 

Боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Боловсролын баримт бичиг нь тухайн иргэний эзэмшсэн боловсролын агуулгын түвшин, мэргэжлийг гэрчилсэн албан ёсны баталгаа мөн” гэж заасан байх бөгөөд мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Боловсролын баримт бичиг /гэрчилгээ, үнэмлэх, диплом/-ийг бүрдүүлэх, олгох журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална” гэж заасны дагуу баталсан, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан, Боловсролын сайдын 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн А/156 дугаар “Суурь, бүрэн дунд боловсрол эзэмшигчдэд боловсролын баримт бичиг олгох, дүйцүүлэх журам”-ын хавсралтын 1.3, 1.4, 1.5-д иргэний суурь, бүрэн дунд боловсрол эзэмшсэнийг гэрчлэн төрөөс олгож буй баримт бичиг болох боловсролын гэрчилгээ, үнэмлэхийг боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллага олгохоор зохицуулжээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ “...тус сургуулийн хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоолоор улсын чанартай олимпиад, уралдаан тэмцээнд оролцож байр эзэлсэн тохиолдолд төлбөрөөс чөлөөлөхөөр шийдвэрлэсэн, А.Ад дээрх үндэслэл байгаагүй, ...тэрээр 2015-2019 оны хичээлийн жилийн нийт 60 623 тооцох нэгж буюу 172 757 969 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй. А.Агийн ээж Т.Мг 2018 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан сургалтын гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул мөн 5.1.3-т төлбөрийн үлдэгдэлтэй сурагчийн бичиг баримт, тодорхойлолт, дүнгийн хуулга зэргийг хүлээлгэн өгөхгүй байх эрхтэй гэж заасны дагуу боловсролын гэрчилгээг өгөхөөс татгалзаж байна. Тус гэрээг А.Агийн ээж Т.М-тэй байгуулсан учир сөрөг нэхэмжлэл гаргах боломжгүй байсан” гэж тайлбарласан.

 

Боловсролын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Монгол Улсын иргэн бүх шатны боловсролыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу төлбөртэйгээр сурч эзэмших эрхтэй байхаар зохицуулсны дагуу талуудын боловсролыг төлбөртэй олгохоор тохиролцсон харилцаа нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт “хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан гэрээний шинжийг агуулж байх бөгөөд ажиллагч нь хууль болон гэрээгээр тохиролцсон ажил үйлчилгээг биечлэн хийж гүйцэтгэсэн гэж үзвэл хөлсийг ажиллуулагчаас шаардах эрхтэй боловч тус гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэлбэр, барьцааны зүйл нь боловсролын үнэмлэх, гэрчилгээ байж болохгүй юм.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн шаардаж буй суурь болон бүрэн дунд боловсролын гэрчилгээ, үнэмлэх, холбогдох хувийн хэрэг нь Иргэний хуулийн 154 дүгээр зүйлд заасан барьцааны зүйлд хамаарахгүй байна.  

 

Иймд шүүх хариуцагчийг иргэний суурь, бүрэн дунд боловсрол эзэмшсэнийг гэрчлэн төрөөс олгож буй баримт бичиг болох боловсролын гэрчилгээ, үнэмлэхийг иргэнд олгох үүргээ биелүүлээгүй гэж дүгнэж, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна”, 9.4.3-т “хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх” гэж тус тус заасныг баримтлан, хариуцагч Б ХХК-иас А.Агийн тус сургуульд суурь болон бүрэн дунд боловсрол эзэмшсэн гэрчилгээ, үнэмлэх, хувийн хэрэг, холбогдох баримт бичгийг гаргуулахаар шийдвэрлэв.

 

Шүүх хэргийг зөвхөн нэхэмжлэлийн шаардлагыг хүрээнд шийдвэрлэсэн бөгөөд талуудын хооронд хэлцэл амаар болон бичгээр байгуулагдсан эсэх, гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний үүрэгтэй холбоотой ямар нэг дүгнэлт хийгээгүй тул хариуцагч нь гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийг шүүхэд гаргахад энэхүү шийдвэр саад болохгүй.

 

Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүрэлцэн ирээгүй тул шүүх хариуцагчийн өмгөөлөгчийг оролцуулан талуудын мэтгэлцэх эрхийг хангаж, хэргийг хянан хэлэлцсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон, ТОГТООХ нь:                                                                                                             

 

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.4.3, Боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б ХХК-иас А.Агийн тус сургуульд суурь болон бүрэн дунд боловсрол эзэмшсэн гэрчилгээ, үнэмлэх, хувийн хэрэг, холбогдох баримт бичгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Ад олгосугай.

 

  1.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ