| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2021/02681/И |
| Дугаар | 102/ШШ2021/02927 |
| Огноо | 2021-11-11 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 102/ШШ2021/02927
| 2021 оны 11 сарын 11 өдөр | Дугаар 102/ШШ2021/02927 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ...-р хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж, . ..тоотод байрлах, регистр ..., А... ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн ...-р хороо, ...-р хороолол, Замчдын гудамж, Б... дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох 83 168 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г.., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Д..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Н. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г.. шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Нийслэлийн газрын албатай 2011 оны 05-р сарын 31-ний өдөр 11/09 дугаартай Хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэрээгээр Баянгол дүүргийн ...-р хорооны нутагт орон сууцны барилга барьсан. Барилга барих газарт иргэн Д.Б....ы амины орон сууцны зориулалттай 400 м.кв газар орсон тул түүний газрыг компанийн эзэмшилд шилжүүлэх, компанийн хөрөнгөөр баригдсан орон сууцнаас Д.Б...д 40 м.кв талбайгаас багагүй хэмжээтэй 2 өрөө орон сууц олгохоор тохирч 2011 оны 9-р сарын 15-нд 2011/11 дугаартай гэрээ байгуулсан. Манай компани гэрээний үүргээ зохих ёсоор шударгаар биелүүлж орон сууц барьж 2013 онд ашиглалтад өгсөн. Энэ байрны 1 орцыг Нийслэлийн газрын албаны ажилчдын орон сууцны зориулалтаар авсан, иргэн Д.Б.д 54 м.кв талбайтай 2 өрөө орон сууц үнэ төлбөргүй олгосон. Баянгол дүүргийн газрын алба нь 40 м.кв талбай бүхий байрыг үнэн төлбөргүй олгосны зөрүүд Баянгол дүүргийн ...-р хорооны нутаг дэвсгэрт 200 м.кв газрыг Засаг даргын 2011 оны 10-р сарын 13-ны өдрийн 490 дугаар захирамжаар олгосон. Үлдэх 200 м.кв газрыг өөр байрлалд өгөхөөр тохиролцсон. Захирамжаар олгосон 200 м.кв газрын дуудлага худалдааны анхны суурь үнэ 3 168 000 төгрөгийг төлсөн боловч газрыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан. Иймд газрыг өөр байрлалд шилжүүлж олгох саналаа удаа дараа амаар болон албан бичгээр өгсөн боловч шийдвэрлээгүй, газрын гэрчилгээг сунгуулахаар өгсөн. Баримт хүлээлгэн өгөх хүртэлх хугацааны газрын төлбөрийг бүрэн төлсөн. Иргэн Д.Б.д үнэ төлбөргүй олгосон 54 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны үнэ 80 000 000 төгрөг, газрын дуудлага худалдааны суурь үнэ 3 168 000 төгрөг нийт 83 168 000 төгрөгийг Б. дүүргийн газар зохион байгуулалтын албанаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Д. шүүх хур.алдаанд гаргасан тайлбартаа: А... ХХК нь манайхтай гэрээ байгуулаагүй, Нийслэлийн газрын албатай гэрээ байгуулсан. 83 168 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А... ХХК нь Б. дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох 83 168 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
А... ХХК нь Нийслэлийн газрын албатай 2011 оны 05-р сарын 01-ний өдөр 11/09 дугаартай Хамтран ажиллах гэрээ байгуулж Баянгол дүүргийн ...-р хорооны нутаг, Жамсранжавын гудамж 10-т байрлах А.. ХХК-ний эзэмшлийн 504 м.кв газар, Нийслэлийн газрын албаны эзэмшил газрыг нэгтгэн үйлчилгээ, орон сууц, оффисын зориулалтай цогцолбор барилгыг тус тусын хөрөнгө оруулалтаар барих, 9 давхар 1 орцтой барилга, 3 давхар үйлчилгээний барилга, 2 орцтой 12 давхар барилгын 1-р орцыг А тал буюу А... ХХК, 12-р давхар барилгын 2-р орцыг Б тал буюу Нийслэлийн газрын алба өмчлөхөөр тус тус /хх 27-30/ тохирчээ.
А... ХХК нь орон сууцны барилгыг 2013 онд ашиглалтанд оруулсан, Б тал гэрээгээр тохирсон сууцны хэсгийг шилжүүлэн авсан, энэ талаар талууд маргаагүй байна.
Харин тухайн барилга барих хэсэгт иргэн Д.Б..ы амины орон сууцны зориулалттай 400 м.кв газар орсон тул түүний газрыг А.. ХХК-ний компанийн эзэмшилд шилжүүлсэн, улмаар 2011 оны 9-р сарын 15-ны өдрийн 2011/11 тоот Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-ээр Д.Б.д 40 м.кв талбайгаас багагүй хэмжээтэй 2 өрөө орон сууц олгохоор /хх 16-17/ тохирчээ.
А... ХХК нь иргэн Д.Б...д 54 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг шилжүүлсэн байх ба өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах, талбайн зөрүү үнийг төлүүлэх талаар тэдгээрийн хооронд маргаан гарч улмаар шүүхэд нэхэмжлэл гаргасан, талууд үндсэн болон сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Иргэний хэргйн анхан шатны шүүхийн 2015 оны 12-р сарын 21-ний өдрийн 00006 тоот захирамж хүчинтэй /хх 18-19/ байна.
Харин эдгээр хамтран ажиллах болон худалдах, худалдан авах гэрээнд Баянгол дүүргийн газрын албаны хүлээсэн үүргийн талаар тусгагдаагүй, гэрээгээр үүрэг хүлээгээгүй байна.
Баянгол дүүргийн Засаг даргын 2011 оны 10-р сарын 13-ны өдрийн 490 дугаар захирамжаар А... ХХК-д Баянгол дүүргийн ...-р хорооны нутагт 200 м.кв газрыг олгосон байх ба газрын анхны үнэ 3 168 000 төгрөгийг 2012 оны 4-р сарын 9-ний өдөр төлсөн нь төлбөрийн баримтаар тогтоогдсон /хх 15/ байна.
Газрын тухай хуулийн 7-р зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар газар эзэмшиж байгаа аж ахуйн нэгж нь Газрын төлбөрийн тухай хуульд зааснаар газрын төлбөр төлөх үүрэгтэй бөгөөд үүргээ биелүүлж төлсөн төлбөрөө гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй.
Түүнчлэн 2 өрөө сууцны үнэ 80 000 000 төгрөгийг Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын албанаас гаргуулахаар шаардсан нь хамтран ажиллах гэрээний үүргээ хариуцагч биелүүлээгүй гэх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 476-р зүйлийн 476.1, 479-р зүйлийн 479.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 7-р зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б. Газар зохион байгуулалтын албанаас 83 168 000 /наян гурван сая нэг зуун жаран найман мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн А... ХХК-ний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 574 000 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээсүгэй.
Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА