Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2017/ШЦТ/28

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа, улсын яллагч Д.Дуламжав, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Батсүх, Л.Эрдэнэцэцэг, шүүгдэгч У.Ванчиг,Т.Лундаадорж  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч У.Ванчиг,Т.Лундаадорж нарт холбогдох эрүүгийн 201621000314 дугаартай, 153/2017/0029/Э/ индекстэй хэргийг 2017 оны 03 дугаар  сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Жижгээ овогт Уламбаярын Ванчиг, 1991 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Ховд аймгийн Дарви суманд төрсөн, 25 настай,эрэгтэй, халх, ПГ91092119 регистрийн дугаартай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт  амьдрах, ял шийтгэлгүй гэх,

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ганган бүжий овогт Тэгшбуянгийн Лундаадорж, 1993 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Ховд аймгийн Дарви суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ПГ93040613 регистрийн дугаартай, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн  хамт Ховд аймгийн Дарви сумын Мөрөн багт  оршин суух,урьд ял шийтгэлгүй гэх

                                      Холбогдсон хэргийн талаар:                              

Шүүгдэгч У.Ванчиг нь 2016 оны 11 дүгээр сарын 07-ноос 2016 оны 11 дүгээр сарын 13-ны хооронд машин механизм хэрэглэж Ховд аймгийн Дарви сумын Булаг багийн нутаг дэвсгэр Ядмын ар гэх газраас хохирогч С.Лодойсамбуу,Д.Лхагвасүрэн нарын нийт 8 тооны адуу хулгайлж хохирогч С.Лодойсамбууд 2.150.000 төгрөгний хохирол, хохирогч Д.Лхагвасүрэнд 2.050.000 төгрөгний хохирол учруулсан,мөн давтан үйлдлээр буюу 2016 оны 11 дүгээр сарын 20-ноос 23-ны хооронд Б.Бат-Эрдэнэтэй бүлэглэн машин механизм хэрэглэж Ховд аймгийн Дарви сумын Булаг багийн нутаг дэвсгэр Ягаан дэл гэх газраас хохирогч Д.Алтангэрэлийн 4 тооны адуу, хохирогч Ш.Батмөнхийн 3 тооны адуу хулгайлж хохирогч Д.Алтангэрэлд 2.200.000 төгрөгний хохирол, хохирогч Ш.Баянмөнхөд 1.650.000 төгрөгний хохирол буюу бусдад нийт 8.050.000 төгрөгний хохирол учруулсан,

Шүүгдэгч Т.Лундаадорж нь Б.Бат-Эрдэнэ,У.Ванчиг нарыг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэдгийг мэдсээр байж гэмт хэргийг үл мэдээлсэн гэмт хэрэгт  тус тус холбогджээ.  

                               /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч У.Ванчиг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 11 сарын 7-ны үеэр Дарви сумын “Ядмын ар” гэх газраас бусдын 8 тооны  адуу хулгайлсан.Тухайн үед аав Уламбаярын эзэмшлийн мотоциклиор явсан. Уг адуунуудаа Баян-Өлгий аймагт аваачиж зарсан. Адуу зарсан мөнгөнөөсөө Батцэнгэлд 2500000 төгрөгний өр өгсөн.Дарви сумын Ягаан дэл гэх газраас 7 тооны адуу авсан.Бат-Эрдэнэ, Т.Нанжид, Т.Лундаадорж бид дөрөв сумын төвд уулзаагүй удсан болохоор пиво уусан.Адуу хулгайлсныг Бат-Эрдэнэ мэдэж байсан.Сүүлийн адуу зарсан мөнгөнөөсөө тээврийн хөлс өгсөн,эхнэртээ 500000 төгрөг, Бат-Эрдэнэд 200000 төгрөг өгсөн.Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.Ах дүү нартаа хэлж тусламж хүсээд хохирогч нарын хохирлыг төлж барагдуулсан. Дахиж хулгай хийхгүй, ажил хийж амьдарна.Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Шүүгдэгч Т.Лундаадорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Дарви сумын төвд 7 хоногийн амралтаараа ирээд байж байтал У.Ванчиг хотоос ирчихсэн байна гэхээр Бат-Эрдэнэ, Нанжид бид нар уулзаад пиво уусан. Тэгээд бид нар Ягаан дэл гэх газарт явж байтал нэлээд адуу байсныг У.Ванчиг “миний худалдаж авсан адуу байгаа юм” гээд 30-аад адуунаас 7 адуу ачиж авч явсан.Маргааш нь Бат-Эрдэнээс асуусан чинь Нанжид та хоёрт хамаагүй гэсэн. Хууль мэдэхгүйдээ айгаад цагдаагийн байгууллагад мэдэгдээгүйдээ гэмшиж байна гэв.  

Хохирогч Д.Лхагвасүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: манайх 70 гаруй адуутай. Би 2016 оны 11 дүгээр сарын эхээр Дарви сумын  Булаг багийн нутаг Ядмын ар гэх газар адуугаа эргээд очтол манай адуунаас 4,5 адуу алга болсон байсан.Тэгээд тэр хавиар 4,5 хоног хайгаад олоогүй.Сар орчмын дараа манай багийн хурал болоход бас хэд хэдэн хүний  морь алга болсон тухай ярьж байсан.Тэгээд хулгайлагдсан байх гэж бодоод цагдаад мэдэгдсэн. 2 хоногийн дараа хүн нь баригдсан гэж сонссон. Манай алга болсон 4 адуу зүүн талын гуяны хавтгайд хэлтэй хувь хэтэн  тамгатай байсан гэжээ.  / 73-74-р хуудас/

Хохирогч С.Лодойсамбуу мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2016 оны 11 дүгээр сарын 10-ны үеэр Дарви сумын нутаг Ягаан дэл, Талын тохой гэх газруудад  бэлчээрт байсан адуугаа эргэж очтол манай адуунаас 4 тооны адуу алга болсон байсан. 4 хоног хайгаад олоогүй.Тэгээд цагдаад мэдэгдээд байж байтал манай адууг хүн хулгайлаад Баян-Өлгий аймагт зарсан болохыг мэдсэн.Манай 2 халиун, 1 халтар  морь онгин тамгатай, хүрэн гүү нь зүүн гуян дээрээ дугуй , дугуйн доор 2 савхан хайрлагатай тамгатай байсан.Манай адууны үнэлгээ нийт 2150000 төгрөг болсон гэжээ. / хх76-77-р хуудас/

            Хохирогч Д.Алтангэрэл мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Дарви сумын Ягаан дэл гэх газарт  адуугаа эргээд очтол манай адуунаас 4 тооны адуу алга болсон байсан.Тэгээд цагдаад мэдэгдсэн.Манай цагаан халиун морь, хар морь, хээр морь гурвуулаа гуян дээрээ галтай саран тамгатай, халтар морь нь зүүн гуян дээрээ дэгрээ тамгатай байсан гэжээ. /хх-79-80-р хуудас/

            Хохирогч Ш.Батмөнх мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 11 дүгээр сарын 25-ны үед манай өвөлжөө рүүгээ нүүхээр болоод адуугаа туухаар очтол манай адуунаас 9 тооны адуу алга болсон байсан.3,4 хоног хайгаад олоогүй. Тэгээд сумын төв дээр ирээд Алтангэрэлтэй уулзахад  миний адуутай хамт байсан танай адуунууд Баян-Өлгийд хулгайлагдсан байна гэж хэлсэн. Манай 3 адуу Баян-Өлгий аймагт зарагдсан, 6 адуу нь бэлчээрт байсныг олж авсан.Манай адуунууд бүгд зүүн талын гуяндаа жоргоолж тамгатай байсан. Манай 3 адууны үнэлгээ 1650000 төгрөг болсон гэжээ./хх82-83-р хуудас/

            Гэрч Х.Аблайхан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Батцэнгэл над руу залгаад “ манай дүүгийн адуу ачаад өгөөч, хөлсөнд нь 500000 төгрөг өгье гэсэн” Тэгээд дүү Хайратын хамт Дарви сум руу явсан.Оройхон У.Ванчиг залгаад сумын төвөөс цааш 20 км яваад кемп дээр хүрээд ир гэсэн. Кемп дээр ирэхэд У.Ванчиг ганцаараа мотоцикльтойгоо байж  байсан. тэндээс 3-4 км яваад нэг хашаан дээр очсон чинь 8 морь уячихсан байсныг 7-г ачаад нэг багтахгүй байсан. Шөнө 12 цагийн үед Ховд аймагт ирсэн. Маргааш өглөө нь У.Ванчиг, Батцэнгэл хоёр гадагшаа явж гарал үүслийн гэрчилгээ бичүүлж авчираад маргааш нь Баян-Өлгий рүү явсан. Өлгийд очоод зах дээр морьдоо зараад 2 морь үлдэхээр нь би Казахстанаас ирсэн хүмүүст заруулсан. Тухайн үед хашаанд 30 орчим адуу байсан. У.Ванчиг уг адуунуудыг манай хүргэн ахын адуу гэж хэлж байсан гэжээ./хх 86-87-р хуудас/

Гэрч Т.Хайрат мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 11 дүгээр сарын 20-ны үеэр ах Х.Аблайханы хамт Дарви сум руу адуу ачихаар 85-20 ХОА улсын дугаартай ГАЗ-53 маркийн машинтай явсан. Дарви сумаас цаашаа яваад нэг хашаанд байсан адуунаас 7 адуу ачсан. Ховдод ирээд 2 хоноод уг адуунуудыг Баян-Өлгий рүү авч явсан.Тэр хашаанд 30 орчим адуу байсан  гэжээ. / хх-88-89-р хуудас/

Гэрч Д.Батцэнгэл мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би У.Ванчигийг багаас нь хурдны морь унадаг гэдгээр нь мэднэ. 2014 онд У.Ванчиг надаас хурдан хул даага 1 сая төгрөгөөр, бор хязаалан үрээг 1500000 төгрөгөөр худалдаж авсан. 2015 оны 03 дугаар сард мөнгөө өгөхөөр тохиролцсон боловч өгөлгүй явсаар 2016 оны 11 дүгээр сарын эхээр 8 тооны адуу манай дүү Батмөнхийн гадаа тууж ирсэн.Эдгээр адууг зараад таны мөнгийг өгнө гэж хэлсэн. Тэгээд би өөрийнхөө Баян-Өлгий оруулж зарах адуутайгаа нийлүүлж авч яваад Баян-Өлгий аймагт аваачиж зарсан .У.Ванчиг адуу зарсан мөнгөнөөсөө надад 2500000 төгрөг өгсөн.  гэжээ. / хх 90-р хуудас/

Гэрч Д.Батмөнх мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: У.Ванчиг 2016 оны 11 дүгээр сарын эхээр манайд 8 тооны адуу Дарви сумаас тууж ирсэн.Баян-Өлгий оруужл зарах гэсэн юм гээд манай ах Батцэнгэлийн 6 тооны адуутай нийлүүлээд Байн-Өлгий рүү авч явсан.Дарви сумаас ирэхдээ манай ах дүү нарын адуу байгаа юм гээд 2 адууг нь Батцэнгэл ахын 2 морины өрөнд өгөх гэж байгаа гэсэн  гэжээ. / хх-138-139-р хуудас/

Гэрч М.Русламын мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:намайг байхгүй хойгуур манай ах Ерболат У.Ванчиг гэдэг хүнээс 2 тооны адуу авсан. Нэгийг нь 450000 төгрөгт тооцож авсан. Авсан 2 адуугаа нядлаад Казахстан гаргасан гэжээ./хх-129- хуудас/

Гэрч Б.Өнөрбек мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Х.Авлайхан өөрийнхөө 85-20 ХОА улсын дугаартай ГАЗ-53 маркийн машинтай 7 тооны адуу ачиж ирсэн. Тэр хажуудаа өөрийнхөө дүү гэсэн нэг залуу, бас нэг монгол залуутай хамт явж байсан...гэжээ./хх-131-р хуудас/

Гэрч Х.Арманбек мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...2016 оны 11 дүгээр сарын 10-ны үеэр байх Батцэнгэл, У.Ванчиг нар адуу авчирч зарсан. Зарагдаагүй үлдсэн 4,5 адууг маргааш нь зах гаргаж зарчихаад Батцэнгэл нь Орос руу яваад 3 хоноод ирсэн. Тэр хооронд У.Ванчиг нь манайд байсан,Батцэнгэл ирээд тэр хоёр явсан гэжээ. /хх-133-134-р хуудас/

Сэжигтэн Т.Нанжид мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:2016 оны 11 дүгээр сард өдрийг нь санахгүй байна.Би Бат-Эрдэнэтэй хамт  мотоцикльтой сумын төвд ирээд У.Ванчигтай таараад бид нар Т.Лундаадоржтой уулзаад 4-үүлээ пиво уусан.Оройхон бид нар Булаг багийн нутагт гэр лүүгээ явж байгаад У.Ванчиг тэнд бэлчиж байсан адуун дээр очоод туугаад эхэлсэн.Тэгээд нэг хашаан дээр очоод хашсан.Би уусан архиндаа нэг хэсэг тасарсан байсан, Сэрээд ирсэн чинь уг хашаан дээр нэг машин ирчихсэн адуу ачиж байсан. Яаж байгаа юм бэ гэхэд Бат-Эрдэнэ “энэ Т.Лундаадорж та хоёрт хамаагүй” гэж хэлсэн. У.Ванчиг адуу ачсан машиндаа суугаад явсан. Бат-Эрдэнэ өөрийнхөө мотоциклиор Т.Лундаадорж бид хоёрын хамт харьсан.У.Ванчиг “миний адуунууд байгаа юм “гэхээр тийм байх гэж бодоод тоогоогүй, сүүлд У.Ванчиг  хүний адуу хулгайлсан гэдгийг сонссон гэжээ./хх-111-112-р хуудас/

Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-3-4-р хуудас/

Үнэлгээ тогтоолгох баримт /хх-18,20,22,24-р хуудас/

Мал тооллогын баримт /хх-63-66-р хуудас/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-100-104-р хуудас/

Таньж олуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 135-137-р хуудас/ зэрэг баримт  хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгч У.Ванчиг нь бусадтай бүлэглэн, машин механизм ашиглан Ховд аймгийн Дарви сумын Булаг багийн нутаг дэвсгэр Ядмын ар гэх газраас иргэн С.Лодойсамбуу,Д.Лхагвасүрэн нарын нийт 8 тооны адуу хулгайлж хохирогч С.Лодойсамбууд 2.150.000 төгрөгний хохирол, хохирогч Д.Лхагвасүрэнд 2.050.000 төгрөгний хохирол учруулсан, мөн давтан үйлдлээр буюу 2016 оны 11 дүгээр сарын 20-ноос 23-ны хооронд  Ховд аймгийн Дарви сумын Булаг багийн нутаг дэвсгэр Ягаан дэл гэх газраас иргэн Д.Алтангэрэлийн 4 тооны адуу, иргэн Ш.Батмөнхийн 3 тооны адуу хулгайлж хохирогч Д.Алтангэрэлд 2.200.000 төгрөгний, хохирогч Ш.Баянмөнхөд 1.650.000 төгрөгний хохирол буюу бусдад нийт 8.050.000 төгрөгний хохирол учруулсан  болох нь хохирогч Д.Лхагвасүрэн /хх-73-74/, С.Лодойсамбуу /хх76-77/, Д.Алтангэрэл /хх79-80/,Ш.Батмөнх / хх82-83/ нарын мэдүүлэг,  гэрч Х.Аблайхан /хх-86-87/, Т.Хайрат /хх 88-89/, Д.Батцэнгэл /хх-90/, Д.Батмөнх /хх -138-139/,М.Рустам /хх-129/, Б.Өнөрбек /хх131/, Х.Арманбек /хх-135/ нарын мэдүүлгүүд,  хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, хураан авсан эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, шүүгдэгч У.Ванчиг,Т.Лундаадорж  нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг болон, шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.Лундаадорж нь У.Ванчиг, Бат-Эрдэнэ нарыг бүлэглэн бусдын адуу хулгайлсан гэмт хэрэг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч У.Ванчиг, Т.Лундаадорж нарын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүдээр  нотлогдож байна гэж  дүгнэв.

Иймд шүүгдэгч У.Ванчиг нь давтан, бүлэглэн, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар  ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч У.Ванчигийн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан бусдын эд хөрөнгө хулгайлсан үйлдэлд нь баривчлах ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Т.Лундаадоржийг У.Ванчигийн гэмт хэрэг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй буюу гэмт хэргийг үл мэдээлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулах үндэслэл тогтоогдож байна. Шүүгдэгч Т.Лундаадоржид ялыг оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 192000 төгрөгөөр тооцож торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.Лундаадорж, У.Ванчиг нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь ЦЕГ-ын МНБГ-ын лавалгааны сангийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-106, 158/ тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч нар нь  хохирол төлсөн болох нь хохирогч С.Лодойсамбуу, Д.Лхагвасүрэн, Д.Алтангэрэл, Ш.Батмөнх нарын хохиролоо хүлээн авсан тухай Ховд аймгийн Цагдаагийн газарт гаргасан тодорхойлолт, мэдүүлэг, шүүгдэгч У.Ванчиг нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл болох У.Ванчигийн эзэмшлийн “Хайрхан” мотоциклийг хурааж  улсын орлого болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар Б.Бат-Эрдэний гэх “Хурд” маркын мотоциклийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоол, Х.Авлайханы ГАЗ-53 маркийн автомашин, Т.Нанжидын “Мустанг-5” мотоциклийг битүүмжилсэн мөрдөн байцаагийн тогтоолыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Т.Лундаадоржийн бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч У.Ванчигийн  батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорихоор тус тус шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283,284,286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                            ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Жижээ овогт Уламбаярын Ванчигийг бүлэглэн, давтан үйлдлээр, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, Ганган бүжий овогт Тэгшбуянгийн Лундаадоржийг  гэмт хэргийг үл мэдээлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Жижээ овогт Уламбаярын Ванчигийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 03 / гурав/ сар 10/ арав/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1-д зааснаар шүүгдэгч Ганган бүжий овогт Тэгшбуянгийн Лундаадоржийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.152.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч У.Ванчигт  оногдуулсан 03 / гурав/ сар 10/ арав/ хоногийн баривчлах ялыг нийгмээс тусгаарлаж  тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар шүүгдэгч Т.Лундаадорж нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл 3 жил хүртэл хугацаагаар  хорих ялаар солихыг дурдсугай.

5.Шүүгдэгч У.Ванчиг, Т.Лундаадорж нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч С.Лодойсамбуу, Д.Лхагвасүрэн, Д.Алтангэрэл, Ш.Батмөнх нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл болох У.Ванчигийн эзэмшлийн шар өнгийн улсын дугааргүй “Хайрхан” маркийн 650.000 төгрөгний үнэлгээтэй мотоциклийг хурааж  улсын орлого болгосугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1, 134.10-д зааснаар шүүгдэгч У.Ванчигийн “Хайрхан” мотоциклийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, иргэн Х.Авлайханы ГАЗ-53 маркийн 8520-ХОА улсын дугааргтай автомашин, Т.Нанжидын “Мустанг-5” мотоцикл, Б.Бат-Эрдэний гэх “Хурд” маркын мотоциклийг битүүмжилсэн мөрдөн байцаагийн тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.  

8. Шүүгдэгч Т.Лундаадоржид урд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж, шүүгдэгч У.Ванчигт авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн  өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч,  дээд шатны прокурор эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү,Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.ГАНТӨГС