Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2020/ДШМ/1432

 

 

 

 

 

 

                                                       

Л.Тд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Батбямба,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/817 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Тгийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 1811028440726 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Ц үхэрт овгийн Лын Т, 1982 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутагт Жоншны уурхайд малтагч ажилтай, ам бүл 1, ... тоотод оршин суух бүртгэлтэй;

            Чингэлтэй дүүргийн шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 463 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 241 дүгээр зүйлд зааснаар 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял дээр 6 сарын хорих ялын 2 сарын нэмж нэгтгэн нийт 1 жил 8 сарын хорих ялаар шийтгүүлж, 2001 оны 8 дугаар сарын 31-ний өдөр шүүгчийн захирамжаар 7 сар 26 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

            Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 324 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хорих ялаар шийтгүүлж, 2003 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр шүүгчийн захирамжаар 1 сар 19 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

            Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 516 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 2 сарын хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан;

            Л.Т нь 2018 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 18-19 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 5 хорооны нутаг дэвсгэрт, Модны үзэсгэлэн худалдааны хүлэмжээс иргэн Т.Мийн эзэмшлийн голт бор мод 40 ширхэг, бөөрөлзгөнө мод 200 ширхэг, эмэгтэй хүний куртик 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.060.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Л.Тгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц үхэрт овгийн Лын Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Тд 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Тд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Тгийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 14 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Л.Т нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Л.Т гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие 2018 оны 10 дугаар сарын 7-ны өдөр барилгачдын талбайн хажуугаар явж байгаад шат түшүүлээд тавьсан, доогуур нь гялгар уутаар боосон модыг зөвшөөрөлгүй авч явснаа хүлээн зөвшөөрч, хохирогч Мийн нэхэмжилсэн хохирлын 400.000 төгрөг, курткийг авч өгч хохиролгүй болгосон. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргээ үнэн зөвөөр хүлээснийг харгалзан хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү. ...” гэжээ.

            Прокурор Ц.Батбямба тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Л.Т нь 2018 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 хорооны нутаг дэвсгэрт бусдын эд хөрөнгө болох Т.Мийн эзэмшлийн модыг хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч, нийт 1.060.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Л.Тд 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн. Шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Учир нь, шүүгдэгч Л.Т тодорхой оршин суух хаяггүй, 2018 оны 10 дугаар сараас хойш хугацаанд мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан, 2020 оны 7 дугаар сард эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх ажиллагааны явцад мөн оргон зайлахыг завдсан, тодорхой эрхэлсэн ажилгүй зэрэг нөхцөл байдлаас болж хорих ял оногдуулсан. Нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахад шүүгдэгч биелүүлэх боломжгүй буюу оргон зайлах үндэслэл байгаа тул хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Л.Т нь 2018 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 18-19 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 5 хорооны нутаг дэвсгэрт, Модны үзэсгэлэн худалдааны хүлэмжээс иргэн Т.Мийн эзэмшлийн голт бор мод 40 ширхэг, бөөрөлзгөнө мод 200 ширхэг, эмэгтэй хүний куртик 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.060.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Т.Мийн “...Манай эхнэр Г.Б барилгачдын талбайд байрлах модны суулгацын хүлэмжээ цоожлон “Алтанжин бөмбөгөр” худалдааны төв орсон. Тэндээс гэр ахуйн хэрэгсэл худалдаж аваад буцаад хүлэмж рүүгээ явж байхад урт Цы гол хавьд манай эхнэрийн куртиктэй ижил куртик өмссөн, 2 боодол мод барьсан 5 эрэгтэй, 1 эмэгтэй хүнтэй тааралдсан. Манай эхнэр ... хүлэмждээ ирэх үед манай хүлэмжийг зүсэн орж, дотор байсан 4 боодол, ... нийтдээ 2 төрлийн 240 ширхэг мод алдсан байсан. ...” /хх 35-36/,

гэрч Г.Бын “...Нөхөр Т.Мийн хамт модны хүлэмжээ цоожлоод ... “Алтжин бөмбөгөр” худалдааны төв ороод гэртээ ойр зуурын юм аваад ... буцаад мод зардаг хүлэмж рүүгээ явж байхад Урт Цы орчим 5 эрэгтэй, 1 эмэгтэй дундаа нэг боодол мод тавьсан байхаар нь тухай үедээ хэний модыг хулгайлсан юм бол гэж бодоод хурдан очоод хүлэмжээ үзэхэд манай хүлэмжийг зүсээд 4 боодол мод авсан байхаар нь шууд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...” /хх 37/,

Л.Тгийн яллагдагчаар өгсөн “...Барилгачдын талбай дээр явж байхад талбайн шатны хажууд хана түшүүлээд тавьчихсан, доороо гялгар уутаар үндсийг нь боосон байдалтай моднууд байхаар нь авч яваад Урт Цы алт, мөнгөний дарханы газрын Нараа гэх залууд 10.000 төгрөгөөр зарах гэж байгаад цагдаад баригдсан. ...” /хх 46-47/ гэсэн мэдүүлгүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 25-28/, эд зүйлийн үнэлгээ /хх 29/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 48/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Л.Тг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Л.Тгийн барилгачдын талбайд байрлах модны суулгацын үзэсгэлэн худалдааны хүлэмжээс хохирогч Т.Мийн эзэмшлийн голт бор мод 40 ширхэг, бөөрөлзгөнө мод 200 ширхэг, эмэгтэй хүний куртик 1 ширхэг зэргийг хулгайлан авч, нийт 1.060.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Л.Тгийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заажээ.

Анхан шатны шүүх, шүүгдэгч Л.Тгийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Т.Мийн өгсөн “шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх мэдүүлэг, хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэрэгт дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 6 сарын хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгч Л.Тгийн “...хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Тгийн гаргасан гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/817 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Тгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                       

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

                        ШҮҮГЧ                                                                       Б.ЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ