| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Очбадрах |
| Хэргийн индекс | 185/2024/1014/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1051 |
| Огноо | 2024-11-22 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | С.Эрдэнэбаяр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1051
2024 11 22 2024/ШЦТ/1051
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Очбадрах даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Батчимэг,
улсын яллагч С.Эрдэнэбаяр,
шүүгдэгч Ц.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Ц-ын С д холбогдох эрүүгийн ************* дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:
Шүүгдэгч Ц.С нь 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 230/А байрны орцонд байсан хохирогч Б.Б ын эзэмшлийн 360,000 төгрөгийн үнэ бүхий “Meganta” нэртэй унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр найзындаа орох гээд шатаар өгсөнгөө тамхи татчихаад бууж байсан чинь унадаг дугуй орцны шатан дээр байсан. Тэгээд би тамхиа татаж дуусгаад аваад гарсан” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн ************* дугаартай хэргээс:
Улсын яллагч хохирогч Б.Б ын мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/, “Дамно” ХХК-ийн “Meganta” брендийн унадаг дугуйг 360,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх-ийн 39-41-р хуудас/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 49-50-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ц.С нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүгдэгч Ц.С нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж дараах дүгнэлтүүдийг хийж шийдвэрлэв.
1.Гэм буруугийн талаар:
1.1. Шүүгдэгч Ц.С нь 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 230/А байрны орцонд байсан хохирогч Б.Б ын эзэмшлийн 360,000 төгрөгийн үнэ бүхий “Meganta” нэртэй унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан болох нь:
- Хохирогч Б.Б ын: “...Би 2023 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 230а байрны орцонд өөрийн эзэмшлийн “Meganta” бичиглэлтэй унадаг дугуйг 18 цаг өнгөрөөд тавьсан бөгөөд 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 17 цаг 40 минутын орчим унадаг дугуйгаа унах гэтэл алга болсон байсан. Тэгээд хяналтын камер шүүхэд 12 цаг 40 минутын орчим насны саарал өнгийн малгайтай эрэгтэй хүн унадаг дугуйг маань аваад гарч байгаа нь харагдаж байсан. Би алдсан гэх дугуйгаа Солонгос улсаас 2022 онд 670,000 төгрөгөөр захиалж авч байсан. Одоо унадаг дугуйгаа авсан үнээрээ үнэлнэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,
- “Дамно” ХХК-аас “Meganta” брендийн унадаг дугуйг 360,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх-ийн 39-41-р хуудас/,
- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн: “...38 секундын хар ангийн подволк, хар өнгийн малгайтай эрэгтэй баруун гартаа унадаг дугуй түрээд хаалгаар гарч байгаа...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 49-50-р хуудас/ болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан байх гэмт хэргийн үндсэн шинжийг тусгасан бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.С нь хохирогч Б.Б ын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан идэвхтэй үйлдэл хийснээр тухайн гэмт хэрэг төгссөн.
Хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэхэд, шүүгдэгч Ц.С нь 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 230/А байрны орцонд байсан хохирогч Б.Б-ын эзэмшлийн 360,000 төгрөгийн үнэ бүхий “Meganta” нэртэй унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хөдөлбөргүй тогтоогдсон ба энэ талаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.С-ийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор Эрүүгийн хуульд тодорхойлсон бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-д 360,000 төгрөгийн хохирол /хх-ийн 39-41-р хуудас/ учирсан ба шүүгдэгч нь төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч Ц.С-ээс 360,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Б од олгох нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Ц.С 360,000 төгрөгийг хохирогч Б.Б од төлөх төлбөртэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргаагүй тул эрүүгийн хариуцлагын хурлыг үргэлжлүүлэн явуулав.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” саналыг гаргасан.
Шүүх шүүгдэгч Ц.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн буюу түүний хувийн байдал зэргийг харгалзан үзээд хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх эрүүгийн хариуцлагын зорилго болон мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Ц.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.С нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 542 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жил 1 сарын хугацаатай хорих ялаар шийтгүүлсэн боловч уг ялыг бүрэн эдэлж дуусаагүй нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.С-ийн хорих ял эдэлж буй Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 413 дүгээр нээлттэй, хаалттай хорих ангийн ялын тооцооны хуудас /хх-ийн 122-р хуудас/-аар шүүгдэгчийн эдлээгүй үлдсэн ялыг 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар 6 сар 27 хоног гэж дурджээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Ц.С-д Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 542 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 1 сарын хугацаатай хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 сар 27 хоног дээр, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг 1 жил 2 сар 27 хоногийн хорих ялын хугацаагаар тогтоох нь зүйтэй.
Шүүгдэгч Ц.С нь энэ хэрэгт 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн нийт 49 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, энэ хэрэгт битүүмжилсэн болон хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.С-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Мөн энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон хяналтын камерын бичлэг бүхий СиДи – 1 ширхгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл 1, 4, 6 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Ц-ын С-г Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С-д 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Ц.С-д Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 542 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаатай хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 /зургаа/ сар 27 /хорин долоо/ хоног дээр, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сар 27 /хорин долоо/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С-д оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сар 27 /хорин долоо/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Шүүгдэгч Ц.С нь энэ хэрэгт 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн нийт 49 /дөчин ес/ хоног цагдан хоригдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар уг цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Энэ хэрэгт битүүмжилсэн болон хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий Сиди – 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С-ээс 360,000 /гурван зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б-од олгосугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд оролцогч нар давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.С д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОЧБАДРАХ