Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2021/00218

 

 

 

 

 

 

 

 

                      2021              01              27

                                               183/ШШ2021/00218

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ц.Н

 

Хариуцагч: Г холбогдох,

 

2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн гэрээнээс татгалзаж, өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 0 дугаар байрны 0 тоот орон сууцыг чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагчийн маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг даалгаж, алданги 4 250 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг тус тус хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: ..............шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Н  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан гаргасан тайлбартаа: “..Ц.Н  надаас миний садан болох Г.А  нь өөрийн гэсэн орон сууцгүй тул Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 0 дугаар байрны 0 тоотыг түрээслүүлээч гэсэн. Тэр үед би уг байрыг худалдахаар зар тавьсан байр хоосон байсан юм. Садан төрлийн холбоотой хүн, бага насны 2 хүүхэдтэйгээ ээжийнхээ хамт байна гэхээр нь оруулсан. Удалгүй зарах гэж байгаа бол зээлээр мөнгийг нь төлөөд худалдаж авмаар байна гэж гуйсан. Ингээд Г.А  гэрээ байгуулмаар байна банкны хүмүүстэй уулзаад “зээл гаргаад төлбөрийг төлнө, нөхөр Солонгос улсад ажил хийж байгаа төлөөд явна” гэсэн тул 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Г.А тай  үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээг байгуулсан. Г.А  гэрээгээ аваад банкаар яваад нэг сарын дараа “зээл болохгүй байна, надад зээл өгөхгүй юм байна, та л надад зээлээр зарчих” гэж гуйсан. Садан төрлийн хүн тул тус болоод өөрийн өмчлөлийн **.6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцаа маш хямдхан 85 000 000 төгрөгөөр зарах болсон. Ингээд дахин 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээг байгуулж, 55 000 000 төгрөг урьдчилж өгөөд үлдэх 30 000 000 төгрөгийг зээлээр графикаар төлж 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр дуусгахаар тохиролцсон. Гэвч урьдчилгаа 55 000 000 төгрөгийг цувуулж өгч эхэлсэн, садан болохоор нь хүлээцтэй хандаж байлаа. Тэгээд 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр би Г.А тай уулзаад “байрны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ энэ байна, чи байрныхаа үлдэгдлийг төлөөд одоо үл хөдлөхөө авч чадах уу” гэхэд “чадахгүй эгчээ би бага багаар төлөөд л дуусгамаар байна” гэсэн. 2020 оны 9 дүгээр сарын 01-нд ярьж мөнгөө гүйцээх боломж байна уу гэж асуухад мөн л бага багаар төлөөд явна гэсэн. Тэгэхээр нь миний өөрийн дүүд бас бизнесийн зээл хэрэгтэй болоод байна, намайг энэ байраа барьцаалаад өгөөч гэсэн тул эгч нь барьцаанд тавьчхаад дуустал зээлээс чөлөөлж авах боломжгүй болно яах вэ гэхэд “би бага багаар төлөөд явна та зээлээ аваад дуусахаар нь чөлөөлөөд надад өгчих, зөвшөөрч байна” гэсэн. Г.А гийн өөрийнх нь данснаас болон өөр хүмүүсийн хадмуудынх нь дансаар мөнгө 2-3 сая төгрөгөөр цуварч өгч байсан. Тэгтэл Г.А  нь 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн байрны үл хөдлөхийн гэрчилгээгээ авмаар байна би нөхрөөсөө салаад Австрали улсын визэнд орсон, явах гэж байгаа. Нөхөр Солонгос улсаас ирэх онгоцны бүртгэлд бүртгүүлсэн удахгүй чартер нислэгээр ирэх гээд байна ирэхээс нь өмнө явах гэсэн юм гэж ярьсан. Бид хоорондоо тохирсон биз дээ чи тэгээд манай байрыг яах гэж байгаа юм гэхэд би өөр хүнд зарах болчихлоо гэсэн. Бид тохирч чамд хямдхан зээлээр өгсөн. Мөн зээлийн барьцаанд байгааг ч мэдэж байгаа биз дээ гэхэд тэгвэл надад 140 000 000 төгрөг шилжүүлээд өгчих тэгвэл байрыг чинь суллаад өгнө гэсэн. Би ямар ч боломжгүй тэгээд ч өөрийнх нь байрыг хямд аваад эргүүлээд өөрт нь үнэ нэмээд зарж болдог юм уу гэж хэлээд учраа олж чадаагүй. Бас Г.А  миний ах руу утсаар яриад 100 000 000 төгрөг өгчих тэгээд байраа ав гэж хүртэл ярьж зүй бус авир гаргасан. Г.А гийн нөхрийнх нь аав, ээжүүд “...хүү минь Солонгосоос мөнгө Г.А  руу шилжүүлсэн, бас бид ч гэсэн байрны мөнгө өгч байсан шүү, тийм болохоор байр нь дундын өмч болно” гэж ярьсан. Иймд би дээрх үл хөдлөх эд хөрөнгө миний нэр дээр байхгүйн улмаас 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж Г.А д өгөх боломжгүй, тус гэрээ бодитоор биелэгдэх боломжгүй байгаа тул Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д “Гэрээ байгуулснаас хойш гэрээний аль нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл бий болсон бол нөгөө тал хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж болно” гэж зааснаар тус гэрээнээс татгалзаж, надад шилжүүлэн өгсөн 85 000 000 төгрөгийг эргүүлэн өгч, өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 0 дугаар байрны 0 тоот орон сууцыг чөлөөлүүлж авах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 85 000 000 төгрөгийг буцаан шилжүүлснийг хариуцагч хүлээж авсан байгаа. Энэхүү үндэслэлээр хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэв.

 

Хариуцагч Г.А  шүүхэд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.Н т байрны урьдчилгаа болгож 55 000 000 төгрөгийг өгч дуусгаад, үлдэгдэл 30 000 000 төгрөгийг графикийн дагуу 1.5 хувийн хүүтэй төлөхөөр гэрээ хийсэн. 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр үлдэгдэл төлбөрөө өгөөд байрныхаа ордерыг авч болох уу гэж асуухад нотариатаар гэрээ хийсэн хугацаандаа л ордероо шилжүүлэх боломжтой, танай байрны ордер зээлийн барьцаанд байгаа 10 сард л гаргаж өгнө гэсэн. Тэгээд 2020 оны 10 дугаар сарын 02-нд үлдэгдэл төлбөрөө өгч дуусгаад ордероо авах гэсэн юм гэж хэлэх гээд залгахад утсаа авахгүй, зурвас бичээд хариу өгөөгүй. Хэд хоногийн дараа Ц.Баатарбилэг гэж Ц.Н ийн төрсөн ах нь залгаад “уулзмаар байна, ярих юм байна” гэсэн. Би “уулзах боломжгүй байна гэхэд утсаар ярья” гээд “ахдаа наад байраа зарчих эсвэл 3 жилийн хугацаатай, сар болгон тодорхой хэмжээний мөнгө өгөөд ордероо 3 жил зээлүүлчих” гэхээр нь би “би сайн мэдэхгүй байна, нөхрөөсөө асуугаад хариу өгье” гэж хэлсэн. Тэгээд нөхөртэйгөө зөвлөлдөөд, 140 000 000 төгрөгөөр зарна гэж хэлэхэд “за тэгвэл ах нь авна, банкныхан орж зураг авна, ахын дүү наад хүмүүстэйгээ уулзаад ажилд нь туслаад өгөөрэй, дараа нь хоёулаа гэрээ хийн, төлбөрийг чинь цувуулаад 1 жилийн дотор өгнө, намайг төлбөрөө өгөөд дуусах хүртэл наад байрандаа амьдарч бай” гэсэн. Тэгээд банкныхан залгаад гэрт орж зураг дарсан, ахыг нь шийдчих байх гээд өдийг хүртэл явсан чинь Ц.Н  шүүхэд өгсөн байсан. Урьдчилгаа 55 сая төгрөгийг шууд өгөх санхүүгийн боломж байгаагүй учраас би хадам аав Г.Баяраагаар банкнаас 12 000 000 төгрөгийн зээл авхуулсан уг мөнгийг хадам аавд жилийн дараа 5 хувийн хүүтэй буцааж төлөхөөр тохирсон, мөн манай нөхөр Солонгос улсаас Ц.Н ийн дансанд 4 сая төгрөгийг, мөн өөрийн таньдаг мэддэг хүмүүс, найз нөхөд, хамаатан саднаас гуйж цуглуулан урьдчилгаа төлбөрийг бүрдүүлж төлсөн. Мөн гэрээний үлдэгдэл 30 сая төгрөгийг хүүгийн хамтаар гэрээний хавсралтад заасан графикийн дагуу хугацаанд нь төлж, Ц.Н т орон сууцны үндсэн үнэ 85 000 000 төгрөгийг, зээлээр худалдах, худалдан авах гэрээний хүүгийн төлбөрт 3 600 000 төгрөгийн хамт нийт 88 600 000 2020 оны 10 дугаар сарын 02-ны дотор төлж, гэрээний үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлж дуусгасан байхад Ц.Н  нь улсын бүртгэлийн Ү-********* дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, ** дугаар байр ** тоот хаягт байрлах **,6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүрлээ. Би байрандаа засвар хийх зорилгоор Хас банкнаас 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 7 000 000 төгрөгийн жилийн 19,2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр өөрийн төрсөн ээж Б*********гаар дамжуулж мөн банкнаас 4 300 000 төгрөгийг дээрх нөхцөлөөр зээлж, гипсэн тааз, гал тогооны тавилга хийлгэж, паркетан шал, хаалга болон ханын цаасаа сольсон, гэрэл болон унтраалга суурилуулж, ариун цэврийн өрөөнд ванн болон суултуур зэргийг шинээр хийлгэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй тул 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах худалдан авах гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, ** дугаар байрны ** тоот хаягт байрлах **,6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж өгөхийг даалгах, гэрээний 3.3 дахь хэсэгт төлбөрийг бүрэн төлснөөр гэрчилгээг шилжүүлнэ, 3.5 дахь хэсэгт хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлнө гэж заасны дагуу алданги 4 250 000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаардаж байна. Байрны үнэ 85 000 000 төгрөг дансанд бол орсон, буцаагаад өгөхөөр буцаагаад шилжүүлчих юм болов уу гэсэн бодолтой байна” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

             

Нэхэмжлэгч Ц.Н  нь хариуцагч Г.А д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах тухай 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн гэрээнээс татгалзаж, орон сууцны үнэ 85 000 000 төгрөгийг буцаан өгч, өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, ** дугаар байрны ** тоот орон сууцыг хариуцагчийн эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад орон сууцны үнэ 85 000 000 төгрөгийг хариуцагчид буцаан өгснийг хариуцагч хүлээж авсан эсэх талаар маргаагүй байна.   

 

  Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, ** дугаар байрны ** тоот хаягт байрлах **.6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Г.А гийн нэр дээр шилжүүлэхийг даалгаж, алданги 4 250 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.     

 

Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэргийн баримтаас үзвэл талуудын хооронд 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд тус гэрээгээр Ц.Н  нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, ** дугаар байрны ** тоот хаягт байрлах **.6 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 85 000 000 төгрөгөөр Г.А д худалдахаар, Г.А  нь урьдчилгаа 55 000 000 төгрөгийг гэрээ байгуулсан өдрөө, үлдэх 30 000 000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тус тус тохиролцсон байна. 

 

Талуудын байгуулсан дээрх хэлцэл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний үндсэн шинжийг агуулсан байх боловч төлбөрийг хэсэгчлэн төлснөөр гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 3 600 000 төгрөгөөр нэмэгдсэн байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж шүүх дүгнэв.

 

Худалдах, худалдан авах гэрээг байгуулснаар талуудад зөвхөн үүрэг үүсдэг бөгөөд худалдан авагч нь Г.А  нь орон сууцны үнийн үлдэгдэл болох 2 030 000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгч Ц.Н ийн Хаан банк дахь *********** тоот дансанд шилжүүлснээр хууль болон гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлсэн, гэрээний үүргийн зөрчилгүй байна. 

 

Харин худалдагч тал болох Ц.Н  нь хуулиар хүлээсэн биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй шалтгаанаа “...тус орон сууцыг зээлээр худалдах зорилгогүй байсан, одоо өөр хүний өмчлөлд шилжсэн тул би байрны өмчлөх эрхийг шилжүүлэх үүргээ биелүүлэх боломжгүй болсон, иймд мөнгийг буцааж өгсөн тул Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д зааснаар гэрээнээс татгалзаж байна” гэж тайлбарласан.

 

Хэргийн оролцогчийн хүсэлтээр, Хур төрийн мэдээллийн системээс хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Ц.Н  нь маргаан бүхий Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, ** дугаар байрны ** тоот орон сууцыг бусдад худалдсан, түүний өмчлөлд байхгүй болох нь тогтоогддог.    

 

Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д “Гэрээ байгуулснаас хойш гэрээний аль нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл бий болсон бол нөгөө тал хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж болно” гэж заасан бөгөөд хуулийн дээрх заалтаар гэрээнээс татгалзах эрхийг гэрээний үүргээ биелүүлж чадахгүй болсон худалдагч тал болох Ц.Н т бус, худалдан авагч буюу Г.А д олгосон байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.     

 

Гэвч нэхэмжлэгчийн хүсэл зориг нь талуудын хооронд байгуулагдсан гэрээнээс татгалзах агуулгатай, улмаар хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээний нэг талын хүсэл зоригоор буцаахыг гэрээнээс татгалзах гэж үзэх тул нэхэмжлэгч Ц.Н  гэрээнээс татгалзаж буйгаа илэрхийлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч Г.А гийн Хаан банк дахь *********** тоот дансанд орон сууцны үнэ болох 85 000 000 төгрөгийг шилжүүлсэн нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар “Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ” гэж заасантай нийцэж байна.

 

Улмаар хариуцагч Г.А  орон сууцны үнэ 85 000 000 төгрөгийг хүлээж авсан боловч буцаан шилжүүлээгүй байгаа үйл баримтаар талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан гэж шүүх дүгнэв.  

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж зааснаар орон сууцны үнийг буцаан авсан хариуцагч Г.А д орон сууцыг буцааж өгөх үүрэг үүсэх боловч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 0 дугаар байрны 0 тоот орон сууцыг чөлөөлүүлэх тухай гэж тодорхойлсон, шүүхээс хэргийг хэлэлцэж эхлэхэд уг шаардлагыг тодруулахад “...Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу шаардаж байна” гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан.

 

Иймд хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Ц.Н  нь маргаан бүхий орон сууцны өмчлөгч биш болох нь тогтоогдсон тул түүнийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж зааснаар шаардах эрхгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1, 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар нэхэмжлэгчийн шилжүүлсэн 85 000 000 төгрөгийг хариуцагч хүлээн авснаар талуудын хооронд 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан гэрээ цуцлагдсан болохыг дурдаж, шүүхээс гэрээг нэгэнт цуцлагдсан гэж дүгнэсэн тул хариуцагчийн гаргасан маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг даалгах тухай шаардлыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн алданги 4 250 000 төгрөг гаргуулахаар шаардсан талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.5 дахь “Гэрээний графикийг зөрчих тохиолдолд хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож нэмж төлнө” гэх заалт нь худалдан авагчид хамааралтай, төлбөр төлөх хугацаа хожимдуулсантай холбоотой хариуцлагын зохицуулалт байх тул тус шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 582 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 582 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 153 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.   

 

Хариуцагч нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т зааснаар гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шүүхэд хандан шаардлага гаргахад энэхүү шийдвэр саад болохгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1, 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт тус тус зааснаар Ц.Н , Г.А  нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг цуцалж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хариуцагчийн хууль бус эзэмшлээс орон сууцаа чөлөөлүүлэхийг хүссэн шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1, 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсгийг баримтлан Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, ** дугаар байрны ** тоот хаягт байрлах **.6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Г.А гийн нэр дээр шилжүүлэхийг даалгах, алданги 4 250 000 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

           3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 582 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 582 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 153 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.    

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.МӨНГӨНТУУЛ