Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2020/00600

 

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

Нэхэмжлэгч: ... тоотод оршин суух, эмэгтэй, регистр ХБ .., Б... овогт Б...ын Э...ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Баянгол дүүргийн ... тоотод оршин суух, регистр ..., Хатиган овогт Б...ын М...

Хариуцагч:Хан-Уул дүүргийн ... тоотод байрлах, регистр ..., Е... ХХК,

Хариуцагч:Хан-Уул дүүргийн ... тоотод оршин суух, эрэгтэй, регистр ..., Б...ын М...,

Хариуцагч:Баянгол дүүргийн ... тоотод оршин суух, эрэгтэй, регистр ..., Б...ын М...,

Хариуцагч:Хан-Уул дүүргийн ... тоотод оршин суух, эмэгтэй, регистр ..., Боржигон овогт Б...ын Ц... нарт холбогдох

Орон сууцны тайлбайн зөрүү болон бусад зардалд 4 256 500 төгрөг гаргуулах тухай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Э..., түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг, хариуцагч Б.М...ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж..., хариуцагч Б.М..., Б.М..., Б.Ц... нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч Б.Э... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би 2012 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр Б.М...тэй гэрээ байгуулж Баянгол дүүрэг 18 дугаар хороо М... хотхоны 12 давхрын А блокийн ... давхарт 1 м.кв-ыг 1.550.000 төгрөгөөр тооцож 97.5 м.кв талбайтай орон сууцыг зарим нэг өөрчлөлт хийлгэхээр гэрээндээ тусгаж гэрээ байгуулсан.Гүйцэтгэгч нь барилгыг батлагдсан зураг төслийн дагуу Барилгын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж болон барилгын норм стандартад нийцүүлэн чанарын өндөр түвшинд барьж ашиглалтад оруулан улсын комисст хүлээлгэн өгч, захиалагчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн боловч гэрээний 1.2-т заасан талбайгаас 2.59 м.кв дутуу, өөрөөр хэлбэл 94.91 м.кв талбай орон сууцыг хүлээлгэн өгсөн.Энэ нь орон сууцны хэмжилт хийсэн Т... ХХК-ийн гаргасан сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийж, түүний талбайг тооцсон баримтаар тогтоогдсон тул 2.59х1.550.000 төгрөгөөр үржүүлж 4.014.500 төгрөг, орон сууцны хэмжилт хийсэн зардал 183.000 төгрөг, дахин үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулан авахад төлөх 54 000 төгрөг, архиваас баримт хуулбарлаж авсан хураамжид төлсөн 5000 төгрөг нийт 4 256 500 төгрөгийг тэнцүү хэмжээгээр нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч Б.Э... 2020 оны 1 дүгээр сарын 24-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа:Би тус шүүхэд хандаж Д.М..., Е... ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.М..., Б.М..., Б.Ц... нараас 2012 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн гэрээний 1.2-т заасан талбайгаас 2,59 м.кв талбай дутуу хүлээлгэн өгсний үнэ 4 014 500 төгрөг, орон сууцны хэмжилт хийлгэсэн 183 000 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулан авахад төлсөн 54 000 төгрөг, архиваас хуулбар хийхэд төлсөн 5000 төгрөг нийт 4 286 500 төгрөг нэхэмжилж байснаа дараах байдлаар тодруулж байна.Үүнд:иргэн Е... ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.М...ээс нэхэмжилсэн 4 256 500 төгрөгийн 50 хувь буюу 2 128 250 төгрөгийг, хувьцаа эзэмшигч Е... ХХК-ийн өв залгамжлагч иргэн Б.М..., Б.М..., Б.Ц... нараас тус бүр 709 416 төгрөг нийт 2 128 250 төгрөгийг гаргуулахаар тодруулж байна.Е... ХХК-ийн өв залгамжлагч, хувьцаа эзэмшигч нараас нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч Б.Э... шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би 2012 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Б.М...тэй Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах М... хотхоны 12 давхар барилгын А блокны 7 дугаар давхарт байрлах орон сууцыг 1 м.кв-ыг 1 550 000 төгрөгөөр тооцож, 97.5 м.кв талбайтай орон сууцыг захиалан бариулах гэрээ байгуулсан.Гүйцэтгэгч нь гэрээний 5.1.2-т заасан гүйцэтгэгч нь орон сууцны барилгыг батлагдсан зураг төслийн дагуу Барилгын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж болон барилгын норм стандартад нийцүүлэн чанарын өндөр түвшинд барьж, ашиглалтад оруулан улсын комисст хүлээлгэн өгч захиалагчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээнэ гэсэн заалтыг зөрчиж 2.59 м.кв дутуу талбайтай орон сууцыг хүлээлгэн өгсөн.Иймд хариуцагчаас 2.59 м.кв дутуу талбайн төлбөр 4 014 500 төгрөг, орон сууцны талбайд хэмжилт хийлгэсэн зардал 183 000 төгрөг, архиваас баримт хуулбарлан авсан 5000 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ дахин гаргасан төлбөрт 54 000 төгрөг нийт 4 256 500 төгрөгийн 50 хувийг хууль ёсны өв залгамжлагч Б.М..., иргэн Б.М...ээс гаргуулж, 50 хувийг Б.М..., Б.М..., Б.Ц... нараас гаргуулж өгнө үү, Е... ХХК-иас татгалзаж байна, мөн С.Д.., С.Д... нар нь гадаад улсын иргэн тул тэднээс татгалзаж байгаа гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Манайх Е... ХХКомпаниас юм нэхэмжлээгүй, Е... компанийн захирал Б...ын хууль ёсны өв залгамжлагч нараас нэхэмжилж байгаа.Хэрэгт авагдсан 3 янзын гэрээ байгаа.Б.М...ийг байхгүй байхад яагаад энэ хүний гарын үсэг байгаа юм бэ гээд Н...г гэрчээр асуусан.Энэ хүн Б.М...ийн удирдлага дор ажиллаж байсан, хүмүүсийн мөнгийг дансаар нь авч байгаарай гээд мөнгийг нь бэлнээр нь авч гэрээ байгуулсан.Энэ гарын үсэг бол Б.М...ийн гарын үсэг мөн.Нэхэмжлэгч зарын дагуу очсон, 4 256 500 төгрөг нэхэмжилж байгаа, гэрчээр асуугдсан хүмүүс хэлэхдээ аль болох бид нар мөнгөө бэлнээр нь авч өгсөн гэдэг. Хууль ёсны өв залгамжлагч нар болох нь хууль ёсны хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон.Иргэний хуулийн 535.1, 532.2-т зааснаар өв залгамжлагч нараас хувь тэнцүүлж авах хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Б.М... шүүхэд гаргасан тайлбартаа:Би Б.Э...ыг танихгүй, гэрээг тухайн үед барилгыг барьж гүйцэтгэсэн Е... ХХК-ийн борлуулалт хариуцсан менежер надаар гарын үсэг зуруулсан.Би өөрөө Е... ХХК-д хөрөнгө оруулагч ба захиалагчийн гэрээ хийсэн.Б.Э...аас орон сууцны захиалгын үнэ болох мөнгийг аваагүй.Мөнгө хүлээн авагч нь Е... ХХК-ийн борлуулалт хариуцсан менежер, ня-бо нарын гарын үсэгтэй бөгөөд тус компанийн тамгатай орлогын баримт байна.Эдгээр хүмүүс тухайн үед энэ байрны тооцоог надтай хийгээгүй тул нэхэмжлэгч нь мөнгөө Е... ХХК-иас нэхэмжлэх нь зүйтэй.Энэ М... хотхоны барилгын гүйцэтгэлтэй холбоотой хөрөнгө оруулагч Б.М..., гүйцэтгэгч байгууллага Е... ХХК-тай эд хөрөнгийн маргаантай байгаа учраас П.Н..., Б.С... нарт эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа гэжээ.

Хариуцагч Б.М...ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж.. шүүхэд гаргасан тайлбартаа:Б.Э... нь тус шүүхэд иргэн Б.М...тэй Орон сууц захиалагчтай хийх гэрээг байгуулсан гэж нэхэмжлэл гаргасан байдаг.Хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад хэд хэдэн удаагийн шүүх хуралдаан болж хэргийг шийдвэрлэсэн байдаг.Гэрээг анх байгуулсан 2012 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр Б.М... нь Монгол улсад байгаагүй болох нь хил хамгаалах газрын лавлагаагаар тогтоогдсон бөгөөд өмнө нь хэргийг хянан шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн ... дугаар тогтоолоор Б.М... нь Б.Э...тай Орон сууц захиалагчтай хийх гэрээг байгуулаагүй болохыг тогтоож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан.Иргэн Б.М... нь Е... ХХК-ийн өмнөөс гэрээ байгуулах эрх бүхий этгээд биш болно.Хуулийн этгээдийг төлөөлөн хэлцэл хийх болон түүний өмнөөс хариуцлага хүлээхийн тулд хуульд заасан тодорхой шаардлага хангасан байх бөгөөд энэ шаардлагыг хангаагүй.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг маргаад буй орон сууцыг анх барьсан, ашиглалтад оруулсан, нэхэмжлэгчид түлхүүрийг гардуулан өгсөн, төлбөрийг хүлээж авч өөрсдийн үйл ажиллагаандаа зарцуулсан Е... ХХК хариуцах нь хуульд болон бодит байдалд нийцнэ.Нэхэмжлэгч Б.Э...ын төлсөн гэх байрны төлбөрийг хариуцагч нь авч хувьдаа зарцуулж байгаагүй.Энэхүү байрны төлбөрийг компани авч барилгын үйл ажиллагаандаа зарцуулж байсныг гэрч мэдүүлдэг бөгөөд хариуцагч өөрт авч ашиглаж, хувьдаа зарцуулж байсан зүйл байхгүй.Хэрэв надад энэ мөнгийг олгосон бол баримт нь байх ёстой ч баримтыг нь гаргаж өгөөгүй байна.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо нэхэмжлэлийн үнийн дүнг хариуцагч нар буюу Е... ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарт хуваан хариуцуулахаар тодорхойлж байна.Улсын дээд шүүхийн тогтоолоор Е... ХХК-ийн хувьцааг нийт 6 хүнд хуваасан байдаг бөгөөд бүгд ижил тоо хэмжээтэй хувьцааны өв залгамжлагчид болсон боловч нэхэмжлэгч нь зөвхөн нэг хувьцаа эзэмшигчээс нэхэмжлэлийн үнийн дүнгийн 50 хувь буюу тал хэмжээг төлүүлэхийг шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь хэрэв Е... ХХК-ийн хувьцаа эзэмшигчдээс дээрх төлбөрийг гаргуулахаар тогтоож байгаа бол тэнцүү хэмжээгээр нэхэмжлэлийн үнийн дүнг хариуцан төлөх ёстой болно.Иймд хэргийн бодит байдал болон хуульд нийцээгүй нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгааг огт хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагын талыг буюу 2 128 250 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Б.М...ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэгч тал хувьцаа эзэмшигч Б.М...ээс татгалзаж байна гэж ойлгож байна.Б.М...тэй гэрээ байгуулсан гэж ярьж байна.Гэрээ байгуулсан гэж үзэх нотлох баримт хангалтгүй байгаа гэж үзэж Улсын дээд шүүхээс хэргийг анхан шатны шүүхэд буцаасан байдаг.Нэхэмжлэгчийн мөнгийг Б.М... аваагүй гэв.

Хариуцагч Б.М..., Б.М..., Б.Ц... нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С... шүүхэд гаргасан тайлбартаа:Хариуцагчаар татагдсан Б.М..., Б.М..., Б.Ц... нар нь Б.Б...ын төрсөн хүүхдүүд бөгөөд аав нь 2014 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр нас барж түүний 5 хүүхэд Б.М... нарын 6 хүн нь түүний хууль ёсны өв залгамжлагчаар тогтоогдсон юм. Өв залгамжлагч нар нь Е... ХХК-ийн эд хөрөнгийг хариуцах, захиран зарцуулах, хуваан авах өв залгамжлагч нар бишээс гадна төлөөлөх эрх бүхий этгээдүүд ч биш.Нэхэмжлэлийн шаардлага нь өв залгамжлал хийгээд Компаний тухай хуульд заасан хувьцаа эзэмшигч компанийн өрийг хариуцахгүй байх зарчмыг үгүйсгэсэн байна.Түүнчлэн нэхэмжлэгч нь өв залгамжлагч нарт ялгавартай хандаж байгаа нь шударга бус байна.Мөн гэрээний оролцогч биш бөгөөд Е... ХХК-ийн барилгын үйл ажиллагаанд хамааралгүй, хувьцаа эзэмшигч биш этгээдүүдэд хууль зүйн үндэслэлгүй гэрээний доголдлын төлбөрийг хариуцуулахаар шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.Иймд Б.Э...ын нэхэмжлэлтэй Б.М..., Б.М..., Б.Ц... нарт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.М..., Б.М..., Б.Ц... нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Хуулийн этгээд, иргэн 2 тусдаа эрх зүйн байдалтай байх ёстой.Хуулиар шаардах эрх үүсээгүй байна.Нэхэмжлэгч Е... ХХК-тай гэрээ байгуулаагүй, хувьцаа эзэмшигчийн хувьд шаардаагүй гэж хэлж байна.Тийм бол Б.М... гэдэг хүн Б... гэдэг хүнтэй гэр бүлийн харилцаатай хүн болохоор хэрэгт хариуцагчаар татагдана гэсэн утгатай юм яриад байна.Нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ Б... гэдэг хүнтэй ямар эрх зүйн харилцаанд орсон талаар тайлбарлаж нотлоогүй байж түүний хууль ёсны өв залгамжлагч нараас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Э... нь хариуцагч Б.М..., Е... ХХК нарт холбогдуулан орон сууцны талбайн зөрүүний үнэ 4 014 500 төгрөг, орон сууцанд хэмжилт хийлгэсэн зардал 183 000 төгрөг, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ дахин гаргуулахад төлсөн 54 000 төгрөг, архиваас баримт хуулбарлаж авахад төлсөн хураамж 5000 төгрөг нийт 4 256 500 төгрөгийг гаргуулах шаардлагыг шүүхэд гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Е... ХХК-иас татгалзаж, хариуцагчаар Б.М..., Б.М..., Б.Ц... нарыг татаж оролцуулсан болно.

Б.Э... нь нэхэмжлэлийн шаардлага болох 4 256 500 төгрөгийн 50 хувь болох 2 128 250 төгрөгийг иргэн Б.М..., өвлөгч Б.М...ээс гаргуулна, 2 128 250 төгрөгийг Б.М..., Б.М..., Б.Ц... нараас гаргуулна гэж тайлбарлаж байна.

Е... ХХК-ийн захирал Б.Б...ын 2011 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Б.М...тэй байгуулсан гэрээгээр Б.М...ийн эзэмшлийн Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрлах үйлчилгээтэй орон сууцны барилгыг барих Е... ХХК хариуцан бариулахтай холбоотой асуудлыг шийдвэрлэнэ гэжээ./хх183/

Е... ХХК-ийн захирлын 2011 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн ажилд томилох тухай тушаалаар Б.М...ийг 2011 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс тус компанид дэд захирлаар томилон ажиллуулсан байна./хх-61/

Б.Э... нь 2012 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Е... ХХК-ийн дэд захирал Б.М...тэй А/02 дугаартай орон сууц захиалагчтай хийх гэрээ байгуулсан байх бөгөөд Б.Э... нь Баянгол дүүргийн 18 дугаар хороонд баригдаж байгаа М... хотхоны А блокын 97,5 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны үнэ 151 125 000 төгрөгийг хуваарийн дагуу гүйцэтгэгчид төлөх, гүйцэтгэгч байгууллага нь уг орон сууцны барилгыг барьж 2012 оны 2 дугаар улиралд захиалагчид хүлээлгэн өгөх үүргийг тус тус хүлээж талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээ хийгдсэн байна./хх 14-19/

Гэрээгээр тохирсон хуваарийн дагуу Б.Э... нь орон сууцны үнийг 2012 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 45 337 500 төгрөг, 2012 оны 3 дугаар сарын 3-ны өдөр 45 337 500 төгрөг, 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 59 000 000 төгрөгийг тус тус төлсөн болох нь Б.М...ийн гарын үсгийн дардас болон Е... ХХК-ийн тамга бүхий бэлэн мөнгөний орлогын баримтуудаар нотлогдож байна./хх 5-7/

Е... ХХК нь эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт 2013 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/100 дугаартай албан бичиг илгээж, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 83-А дугаар байрны 25 тоот орон сууцыг 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Б.Э...ын өмчлөлд шилжүүлсэн болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000278842 дугаартай гэрчилгээгээр нотлогдож байна.

Гэрээний 2.1-т орон сууцны талбайн хэмжээг 97,5 м.кв гэж заасан байх боловч Т... ХХК-ийн 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн ... дугаар дүгнэлтээр орон сууцны талбайн хэмжээ нь 94,5 м.кв байна гэжээ./хх 10-12/

Иймээс Е... ХХК-ийн гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын үр дүнг Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2-т зааснаар биет байдлын доголдолгүй гэж үзэх үндэслэлгүй байх тул орон сууцны дутуу 2,59 м.кв талбайд төлсөн 4 014 500 төгрөгийг Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Б.Э... нь орон сууцны талбайд хэмжилт хийлгэхэд 183 000 төгрөг, архивын ерөнхий газраас баримт хуулбарлаж авахад 5000 төгрөг тус тус төлсөн болох нь Т... ХХК-ийн 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаартай кассын орлогын ордер, архивын ерөнхий газрын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн баримтаар нотлогдож байх тул энэхүү зардлыг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т зааснаар шаардах эрхтэй байна. /хх 8-9/

Харин Б.Э... нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ дахин гаргуулахад 54 000 төгрөг төлсөн болох нь баримтаар нотлогдоогүй байна.

Е... ХХК нь нэг үүсгэн байгуулагчтай болох нь улсын бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байх бөгөөд үүсгэн байгуулагч буюу компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Б.Б... нь 2014 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр нас барсан, одоогоор Е... ХХК-ийг төлөөлөх этгээдийг бүртгүүлсэн баримтгүй байна.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 102/ШШ2017/02195 дугаар шийдвэрээр ...Е... ХХК-ийн энгийн хувьцааны 16,66 хувийг Б.М..., 16,66 хувийг Б.М..., 16,66 хувийг Б.Ц..., 16,66 хувийг Б.М......нар өвлөх эрхтэй болохыг тогтоож шийдвэрлэсэн байна.

Б.М... нь иргэний хувиар Б.Э...тай хэлцэл хийгээгүй, эрх зүйн харилцаанд оролцоогүй байх тул иргэн Б.М...ээс гэрээний үүрэг шаардах үндэслэлгүй тул 1 050 625 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Харин Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1, 535.2-т зааснаар Е... ХХК-ийн өвлөгч нар болох Б.М...ээс 1 050 625 төгрөг, Б.М...оос 700 417 төгрөг, Б.М...оос 700 417 төгрөг, Б.Ц...гоос 700 417 төгрөгийг тус тус гаргуулан Б.Э...д олгож шийдвэрлэв.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.3, 219 дүгээр зүйлийн 219.1, 535 дугаар зүйлийн 535.1, 535.2-т заасныг баримтлан Б.М...ээс 1 050 625 төгрөг, Б.М...оос 700 417 төгрөг, Б.М...оос 700 417 төгрөг, Б.Ц...гоос 700 417 төгрөгийг тус тус гаргуулан Б.Э...д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 1 104 624 /нэг сая нэг зуун дөрвөн мянга зургаан зуун хорин дөрвөн/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч Б.Э... нь хариуцагч Е... ХХК-иас татгалзсан, иргэн С.Динар, С.Дамир нарыг хэрэгт хариуцагчаар татаагүй болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Б.М...ээс 29 765 төгрөг, Б.М...оос 21 360 төгрөг, Б.М...оос 21 360 төгрөг, Б.Ц...гоос 21 360 төгрөгийг тус тус гаргуулан Б.Э...д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  З.ДОРЖНАМЖИН