Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2018/02802

 

 

 

      2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2018/02802

                Улаанбаатар хот

                

        

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

                     

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... дүүрэг, ... дугаар хороо, ... тоотод байрлах, П ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... дүүрэг, .. дугаар хороо, ...тоотод байрлах, Ч... ХХК д холбогдох

 

Гэрээний үүрэгт ... төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Н..., хариуцагчийн төлөөлөгч А.Д..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.А... нар оролцов.

 

            Нэхэмжлэлийг 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авав. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ПХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч ХХК нь ПХХК-тай 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр ... дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулж, мөн оны 8 дугаар сараас 12 дугаар сарын хооронд нийт 307 490 литр дизель түлшийг гэрээгээр тохирсон үнээр  худалдан авахаар тохиролцсон. Хариуцагч Ч ХХК нь дараахь байдлаар шатахууныг авсан болно. 2017 оны 08-р сарын 01-ний өдөр - 33,620 литр /1 литрийн үнэ 1,400 төгрөг/ 2017 оны     08-р сарын 01-ний өдөр - 37,730 литр /1 литрийн үнэ 1,400 төгрөг/ 2017 оны  08-р сарын 11-ний өдөр - 33,620 литр /1 литрийн үнэ 1,400 төгрөг/ 2017 оны 08-р сарын 15-ны өдөр -31,910 литр /1 литрийн үнэ 1,400 төгрөг/ 2017 оны 10-р сарын 09-ний өдөр - 33,620 литр /1 литрийн үнэ 1,460 төгрөг/ 2017 оны 10-рсарын 13-ныөдөр - 23.550 литр /1 литрийн үнэ 1,460 төгрөг/ 2017 оны 11 -р сарын 09-ний өдөр- 33,620 литр/ 1 литрийн үнэ 1,600 төгрөг/ 2017 оны 11-р сарын 21-ний өдөр- 46,200 литр /1 литрийн үнэ 1,680 төгрөг/ 2017 оны 12-р сарын 11-ний өдөр- 33,620 литр /1 литрийн үнэ 1,830 төгрөг/ нийт 307 490 литр буюу 468 032 800 төгрөгийн түлш худалдан авсан байх ба тус гэрээний хүрээнд Ч ХХК нь зээлээр худалдан авсан түлшнээс 91 508 200 төгрөгийн үндсэн төлбөрийг төлөөгүй, энэ хэмжээний үндсэн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Үүнээс 60 174 746 төгрөгийн хувьд Ч ХХК нь төлөх үүрэгтэй талаар бидний хооронд маргаан байхгүй. Харин үлдэгдэл 31 333 454 төгрөгийн хувьд Ч ХХК нь төлбөр төлөх үүрэг хүлээхгүй гэж маргаж байгаа. Тус компаниас 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр ирүүлсэн санал хүргүүлэх тухай 51/18 тоот албан бичигт 31 333 354 төгрөгийг төлөхгүй гэх үндэслэлээ Нүүрс худалдах, худалдан авах гурвалсан гэрээний дагуу нүүрс худалдан авагч БНХАУ-ын Z... ХХК танай компанид төлөх үүрэгтэй гэж тайлбарласан. Гэвч нэхэмжлэгч ХХК нь тус үнийн дүнгээр Ч ХХК-ийг төлбөр төлөх үүргээс чөлөөлсөн агуулга бүхий хэлцэл хийгээгүй тийнхүү хүсэл зориг илэрхийлээгүй. Иймд худалдах, худалдан авах гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 91 508 200 төгрөгийг Ч ХХК-иас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Харин хариуцагч нь шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа уг төлбөрөөс 25 000 000 төгрөгийг төлсөн асуудлаар тайлбар хэлэх нь зүйтэй байх гэв.  

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани түлш авах гэрээ байгуулсан ба уг гэрээний дагуу төлбөр тооцоо хийж төлбөрийг төлж ирсэн. 2017 оны 12 сарын 8-ны өдөр манай Ч ХХК болон ПХХК, БНХАУ-ын  Ж... ХХК /Zh.../ -иуд нь Нүүрс худалдах, худалдан авах гурвалсан гэрээний дагуу хамтран ажиллахаар болж, уг гэрээний саналыг манай талаас ПХХК-ийн хариуцсан захирал О...д хүргүүлсэн. Ингээд манай компаниас Ж...н ХХК-д 15 вагон буюу 995.6 тонн нүүрс ачуулж, нийт мөнгөн дүнгээр 86 333 454 төгрөгийн нүүрсийг ачуулсан байдаг. Уг нүүрсний мөнгөнөөс 55 000 000 төгрөг орсныг авсан талаараа тус компанийн нягтлан У... хэлдэг. Гэтэл үлдэгдэл төлбөрийн зөрүү 31 333 354 төгрөгийг манай компаниас нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй байгаа бөгөөд тус компанийн захирал хийж байсан О... энэ асуудлыг хариуцах ёстой хүн байсан боловч ажлаасаа гарсан тул авсан эсэхийг мэдэхгүй байдалд хүрээд байна. Харин түлш худалдан авсан тооцооны үлдэгдэл 61 174 746  төгрөгийн төлбөрийг манай компани төлөх асуудлаар маргадаггүй бөгөөд уг төлбөрөөс 25 000 000 төгрөгийг төлсөн байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 31 333 354 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П ХХК нь хариуцагч Ч ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 91 508 200 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад харицагч Ч ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 25 000 000 төгрөгийг төлж барагдуулсан байх ба энэ нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 66 508 200 төгрөгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Талуудын хооронд 2017 оны 8 сарын 01-ний өдөр Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдаж, хариуцагч Ч ХХК нь ПХХК-иас 307 490 литр түлшийг гэрээгээр тохирсон үнээр худалдан авахаар тохиролцжээ. /хх-ийн 9-11/

 

            Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч П ХХК нь 307 490 литр буюу 468 032 800 төгрөгийн үнэ бүхий түлшийг хүлээлгэн өгч, хариуцагч Ч ХХК нь дээрх төлбөрөөс 376 524 600 төгрөгийг төлж, үлдэгдэл 91 508 200 төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогдож байх ба хариуцагч Ч ХХК нь 31 333 454 төгрөгийг “Нүүрс худалдах, худалдан авах гурвалсан гэрээний дагуу нүүрс худалдан авагч БНХАУ-ын Z... import trade co,ltd төлөх үүрэгтэй гэж маргажээ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба хариуцагч Ч ХХК нь гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлээгүйгээс маргаан үүссэн байх бөгөөд нэхэмжлэгч П ХХК нь нийлүүлсэн түлшний дутуу төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.  

 

            Хариуцагчийн тайлбар, татгалзал дараах үндэслэлгүй байна.

            Тодруулбал, хариуцагч Ч ХХК нь 31 333 454 төгрөгийг хариуцан төлөх үндэслэлгүй талаараа баримтаар нотлоогүй байх ба энэ талаарх баримтыг хэрэгт ирүүлээгүй байна.

 

            Дээрхийг нэгтгээд хариуцагч Ч ХХК-иас 66 508 200 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,  115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч... ХХК-иас 66 508 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ПХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Ч ХХК нь 25 000 000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 615 490 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч... ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 615 490 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                                   Б.МӨНХЖАРГАЛ