Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1052

 

 

 

 

 

 

 

 

    2024         11        22                                 2024/ШЦТ/1052

 

 

 

                          

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Очбадрах даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Батчимэг,

улсын яллагч Б.Амармөрөн /томилолтоор/,  

шүүгдэгч Д.Э , түүний өмгөөлөгч Д.Ганбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овгийн Д-ийн Э д холбогдох эрүүгийн - дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:

Шүүгдэгч Д.Э  нь 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүнсний 4” дэлгүүрийн орчим насанд хүрээгүй хохирогч Б.Э ий халааснаас түүний өмчлөлийн эд хөрөнгө болох ай фоне 12 /iphone-12/ загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 925,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Э  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд: 

Эрүүгийн ************ дугаартай хэргээс:

Улсын яллагч насанд хүрээгүй хохирогч Б.Э ий мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/, гэрч Л.Э гийн мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 08-09-р хуудас/, эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 11-12-р хуудас/, “Дамно үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр 25-ны өдрийн СБ1-24-950 дугаартай “...925,000 төгрөгөөр үнэлэгдэв” гэсэн дүгнэлт /хх-ийн 24-27-р хуудас/, яллагдагч Д.Э гийн мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.Э-ийн өмгөөлөгч Д.Ганбаатар шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн 8 хуудсыг баримтыг шинжлэн судлуулав.

Шүүгдэгч Д.Э  нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.

Шүүгдэгч Д.Э-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.

1.Гэм буруугийн талаар:

1.1. Шүүгдэгч Д.Э  нь 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүнсний 4” дэлгүүрийн орчим насанд хүрээгүй хохирогч Б.Э ий халааснаас түүний өмчлөлийн эд хөрөнгө болох ай фоне 12 /iphone-12/ загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 925,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Насанд хүрээгүй хохирогч Б.Э гийн: “... 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 1700 цаг өнгөрч байхад эмээ Л.Э гийн хамт “Хүнсний 4” дэлгүүр орчим явж байхдаа өөрийн улаан өнгөтэй ай фон 12 загварын гар утсаа халааснаасаа хулгайд алдсан... миний алдсан гар утас мөн байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/,

- Гэрч Л.Э гийн: “... Би өнөөдөр 1700 цагийн үед өөрийн ач охин болох 10 настай Б.Э ий хамт гэрээс гараад “Их тойруу” худалдааны төв орохоор явсан ба “Хүнсний 4” дэлгүүрийн орчим явж байгаад манай ач охины гадуур хувцасны халаасанд байсан гар утас нь алга болсон... ай фон 12 энгийн загварын улаан өнгийн гар утас байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,

 - Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8-9-р хуудас/,

- Эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 11-12-р хуудас/,

- “Дамно Үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн СБ1-24-950 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 24-27-р хуудас/,

- Яллагдагч Д.Э гийн: “...11 дүгээр хороололд явж байхдаа 2 хүн явж байхад нь арай жаахан буюу бага насны хүүхдийнх нь халааснаас айфон-12 загварын гар утсыг нь хулгайлан авсан. Уг гар утсыг хохирогчид нь буцаагаад хүлээлгэж өгсөн. Одоо тэр хохирогчид төлөх төлбөр байхгүй. Архи уучихсан явж байгаад хулгайн гэмт хэрэг үйлдсэн. Хүний халаасанд гар утас байхад нь авсан. Ямар нэгэн шалтгаан байхгүй... өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/ болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан байх гэмт хэргийн үндсэн шинжийг тусгасан бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Э нь насанд хүрээгүй хохирогч Б.Э гийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан идэвхтэй үйлдэл хийснээр тухайн гэмт хэрэг төгссөн.

            Хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэхэд, шүүгдэгч Д.Э нь 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүнсний 4” дэлгүүрийн орчим насанд хүрээгүй хохирогч Б.Э-ийн халааснаас түүний өмчлөлийн эд хөрөнгө болох ай фоне 12 /iphone-12/ загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 925,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хөдөлбөргүй тогтоогдсон ба энэ талаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Э гийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Д.Э нь мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч Б.Э-д түүний эзэмшлийн Айфоне 12 загварын гар утсыг буцаан биет байдлаар хүлээлгэн өгсөн /хх-ийн 11-12-р хуудас/ байх тул шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” саналыг тус тус гаргасан.

            Шүүх шүүгдэгч Д.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болон түүний урьд хулгайлах гэмт хэрэгт удаа дараа шийтгүүлж байсан хувийн байдал зэргийг харгалзан үзээд хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

            Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх эрүүгийн хариуцлагын зорилго болон мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч Д.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Э  нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 463 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн боловч уг ялыг бүрэн эдэлж дуусаагүй нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Э-ийн хорих ял эдэлж буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 437 дугаар нээлттэй хорих ангийн ялын тооцооны хуудас /хх-ийн 89-р хуудас/-аар шүүгдэгчийн эдлээгүй үлдсэн ялыг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 1 жил 22 хоног гэж дурджээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 463 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 22 хоногийн хорих яла дээр, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг 2 жил 6 сар 22 хоногийн хорих ялын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Э нь энэ хэрэгт 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нийт 52 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, энэ хэрэгт битүүмжилсэн болон хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Э-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Мөн энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон хяналтын камерын бичлэг бүхий СиДи – 1 ширхгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалахаар шийдвэрлэлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл 1, 4, 6 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овгийн Д-ийн Э г Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-г 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-д Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 463 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил 22 /хорин хоёр/ хоногийн хорих ял дээр, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сар 22 /хорин хоёр/ хоногоор тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-д оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сар 22 /хорин хоёр/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Шүүгдэгч Д.Э  нь энэ хэрэгт 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нийт 52 /тавин хоёр/ хоног цагдан хоригдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар уг цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжилсэн болон хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий Сиди – 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд оролцогч нар давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                  М.ОЧБАДРАХ