Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 111

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Буянтогтох даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Б.Цагаанцоож,

улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхмаа

шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн

шүүгдэгч Б.Мөнх-Очир нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мөнх-Очирт холбогдох эрүүгийн 201719000008 дугаартай хэргийг 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1984 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 32 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, хамтран амьдрагч Жавзандуламын хамт Увс аймгийн Цагаанхайрхан сумын 3 дугаар баг Хунт гэх газарт оршин суух хаягтай, уг хаягандаа амьдардаггүй, Улаанбаатар хот болон Төв аймагт оршин суух тодорхой хаяггүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь

-2005 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Завхан аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 73 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 1 сар баривчлах ял,

-2010 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Увс аймгийн Сум дундын шүүхийн 02 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар баривчлах ял,

-2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Завхан аймгийн сум дундын шүүхийн 12 дугаар шүүхийн 02 тоот тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн 261.1 дэх хэсэгт зааснаар  2 жил 5 сар хорих ялаар тус тус шийтгүүлсэн,

-2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 259 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ял оногдуулж мөн тогтоолоор оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялд өмнөх тогтоолоор оногдуулсан 2 жил 5 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 4 жил 6 сарын хорих ялаар тогтоож Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухайн 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид биечлэн эдлэх 4 жил 6 сарын хорих ялыг өршөөн хэлтрүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Тайж овогт Баянбаатарын Мөнх-Очир, /РД:ОС84041014/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б.Мөнх-Очир нь ялтай байх хугацаандаа Б.Нямдоржтой бүлэглэн, урьдчилан үгсэн тохирч, шунахай сэдэлтээр Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг "Элстэй" гэх газраас 2016 оны 07 дугаар сарын 09-ний орой 22 цагийн орчимд Д.Эрдэнээгийн өмчлөлийн хул хүрээ, хул алаг морь зэрэг 2 тооны адуу хулгайлж, иргэн Д.Эрдэнээд 2 000 000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Мөнх-Очир нь ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр Б.Нямдоржтой бүлэглэн, урьдчилан үгсэн тохирч, шунахайн сэдэлтээр Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг "Элстэй" гэх газраас 2016 оны 07 дугаар сарын 10-ны орой Б.Ганцэцэгийн өмчлөлийн хар азарга, бор морь зэрэг 2 тооны адуу хулгайлж, иргэн Б.Ганцэцэгт 2 000 000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,

Мөн шүүгдэгч Б.Мөнх-Очир нь бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Б.Мөнх-Очир шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэхдээ: 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Б.Нямдорж бид хоёр Элстэй гэх газар руу цагаан өнгийн такси 45000 төгрөгөөр хөлсөлж очоод тэндээ хонож өглөө нь өвөлжөөний дээд эх дээр 5 адуу байсан. Орой болтол харж байгаад хул, хул алаг морийг барьж аваад маргааш нь ирж явах замд бор, хар морь таарахаар нь барьж авсан. Бор морийг хөтөлж ирсэн. Хөл нь доголчихсон байсан. Бид хоёр явсаар бэлхийн зүүн талд хоноод маргааш нь Чингэлтэйгээр давж орж ирээд уулын модон дотор 3 хоносон. 07 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар руу орж ирээд Х.Отгонбаатартай утсаар ярьж гэрт нь очоод хул морийг унагаад байж байтал цагдаа нар ороод ирсэн. 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдөр би 3 хүнд зодуулчихаад шүүх дээр ирж чадаагүй, нэгэнт очиж чадаагүй юм чинь гэж бодоод тэр чигтээ зугтчихсан. Оргосон үйлдэлдээ гэмшиж байна гэв.

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд.../хх-ийн 22-30 дугаар хуудас/

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд... /хх-ийн 31-37 дугаар хуудас/

 

Хохирогч Д.Эрдэнээ мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ...Би Төв аймгийн   Эрдэнэ сумын төвд амьдардаг. 2016 оны 07 дугаар сарын 08-наас 07 дугаар сарын 09-ний хооронд 6 тооны адуугаа хайгаад олоогүй. 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 3 тооны адуугаа олсон. Нэг адуунд нь цагаан өнгийн бугуйл бүхий оосор буруу талын хойд хөлөнд орооцолдсон байсан. Хул үрээ, хул алаг морь, хүрэн үрээ зэрэг 3 тооны адуу байхгүй байсан. Нядлагдсан хул үрээ, нядлагдаагүй хул алаг морь хоёр миний өөрийн эзэмшлийн адуу. Малын "А" данс манай хадам аав Цолмон гэх хүний нэр дээр байдаг. Би алдагдсан гэх хул алаг морио хүлээж авсан, нядлагдсан хул үрээнийхээ мах арьсыг хүлээж авсан боловч өтөж ногоорсон учир зарж борлуулах боломжгүй болсон байсан. Нөгөө алдагдсан хүрэн үрээгээ одоо болтол олоогүй байгаа хөлөөрөө алдсан байж болзошгүй  байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 хуудас/

 

Хохирогч Б.Ганцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Манай нөхөр 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр азаргатай адуугаа хайгаад явж байхад манай хар азарга, бор морь хоёр явж байхыг харсан байсан. Тэгээд орой нь манай нөхөр ирээд хар азарга, бор морь хоёр сайхан болсон байна гэж хэлж байсан. Маргааш өглөө адуундаа яваад хар азарга, бор морь хоёроо хайгаад олоогүй. 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр адуундаа яваад хайгаад бас л олоогүй. Өнөөдөр байж байтал манай багийн дарга Мөнхбат танай хоёр морийг хулгайлсан байна. Сонгинохайрхан дүүргийн цагдаад баригдсан байна гэж хэлсэн. Бэлчээрт байсан адууг минь хулгайлаад явсан. Очоод адуугаа автал хар азарга, бор морь хоёрыг хоёулангийнх хөлийг нь гэмтээсэн, хар азарганы хоёр хаа нь зулга татагдсан, зүүн талын хойд хөл нь доголсон, бор морины хойд хөлийн голхыг нь тасалсан явж чадахгүй байсан. Хар азарга, бор морь хоёроо тус бүрийг нь 1 сая төгрөгөөр үнэлж байна. Тухайн 2 морь манай нөхөр Баярхүүгийн нэр дээр А дансаар тоолуулдаг. Хар азаргийг уналга эдэлгээнд хэрэглэхээргүй болсон. Бор морийг хотоос хэвтээгээр нь ачаад Төв аймгийн Эрдэнэ суманд хөдөө гэртээ авч ирээд нэг хоноод үхсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 хуудас/

 

Гэрч Х.Отгонбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Би Б.Нямдорж, Б.Мөнх-Очир нартай нэг нутгийн хүмүүс. 2016 оны 07 дугаар сарын 15-ны шөнө 02 цагт гэртээ байж байтал надруу Б.Мөнх-Очир утсаар залгаад танайд очиж явна гэсэн. 02 цагийн үед хашааны хаалга дугарсан ба гараад хартал Б.Нямдорж, Б.Мөнх-Очир нар 4 тооны хул алаг, хар азрага, бор морь, хул морь зэрэг адуунуудыг хөтлөөд ирсэн. Хар азаргийг нь унасан бололтой эмээлтэй байсан. Хаанаас авч ирсэн адуу вэ, хэний адуу вэ гэж асуухад надад ямар нэгэн зүйл хэлээгүй. Тэгэхээр нь гараад Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 102 утас руу залгаад асуудлыг хэлээд эргээд хашаандаа ороод иртэл хул морийг нь нядлаж байсан. Би тэр хоёрт цагдаа дуудсан талаар хэлээгүй удалгүй цагдаа нар ирж Б.Нямдорж, Б.Мөнх-Очир нарыг авч явсан. Надад 3 тооны адууг түр хүлээлгэн үлдээсэн. Бор зүсмийн адуу нь зүүн хойд хөл нь доголсон байсан. Б.Нямдорж, Б.Мөнх-Очир нар нь өмнө нь малын хулгайн хэрэгт холбогдож шүүхээр орж байсныг мэдэх учир хулгай хийсэн гэж мэдсэн ... гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 хуудас/

 

Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газрын үнэлгээний комиссын шинжээч Э.Энхзаяа, Ш.Гэрэлт-Од, Д.Цэцэгмаа, Б.Пагма нарын алдагдсан 4 тооны адууг үнэлсэн хохирлын үнэлгээ /хх-ийн 56-60, 154-160 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Б.Мөнх-Очирын бусдын батлан даалтанд өгөх, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн хэргийн талаарх баримтууд:

1.   Төв аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн
Б.Нямдорж, Б.Мөнх-Очир нарт холбогдох 201619000494 дугаартай эрүүгийн хэргээс тусгаарлах тухай" 04 тоот захирамж /хх-ийн 2-3 дугаар хуудас/

2.   Яллагдагч Б.Мөнх-Очирын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар
өгсөн: "...Монгол улсын 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан зүйл дээр мөн
хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан ял нэмж сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би шүүх хуралдааны товыг мэдэж байсан...Би оргож явж байх хугацаандаа Улаанбаатар хотод Баянхошуунд найз Отгонбаатар гэх айлд байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

 Хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх  тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Мөнх-Очир нь ялтай байх хугацаандаа Б.Нямдоржтой урьдчилан үгсэн тохирч, бүлэглэн Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг "Элстэй" гэх газраас 2016 оны 07 дугаар сарын 09-ний орой 22 цагийн орчимд Д.Эрдэнээгийн өмчлөлийн 2 тооны адуу /хул хүрээ, хул алаг морь/, - 2016 оны 07 дугаар сарын 10-ны орой Б.Ганцэцэгийн өмчлөлийн 2 тооны адуу /хар азарга, бор морь/ зэргийг хулгайлж, иргэн Д.Эрдэнээд 2.000.000 төгрөгийн, иргэн Б.Ганцэцэгт 2.000.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг,

Мөн  шүүгдэгч Б.Мөнх-Очир нь бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт,

хохирогч Д.Эрдэнийн... “Хул үрээ, хул алаг морь, хүрэн үрээ зэрэг 3 тооны адуу байхгүй байсан. Нядлагдсан хул үрээ, нядлагдаагүй хул алаг морь хоёр миний өөрийн эзэмшлийн адуу. Малын "А" данс манай хадам аав Цолмон гэх хүний нэр дээр байдаг. Би алдагдсан гэх хул алаг морио хүлээж авсан, нядлагдсан хул үрээнийхээ мах арьсыг хүлээж авсан боловч өтөж ногоорсон учир зарж борлуулах боломжгүй болсон байсан. Нөгөө алдагдсан хүрэн үрээгээ одоо болтол олоогүй байгаа хөлөөрөө алдсан байж болзошгүй  байгаа”...гэх мэдүүлэг /хх-ийн 43-47/

Хохирогч Б.Ганцэцэгийн... “бэлчээрт байсан адууг минь хулгайлаад явсан. Очоод адуугаа автал хар азарга, бор морь хоёрыг хоёулангийнх хөлийг нь гэмтээсэн, хар азарганы хоёр хаа нь зулга татагдсан, зүүн талын хойд хөл нь доголсон, бор морины хойд хөлийн голхыг нь тасалсан явж чадахгүй байсан. Хар азарга, бор морь хоёроо тус бүрийг 1 сая төгрөгөөр үнэлж байна. Тухайн 2 морь манай нөхөр Баярхүүгийн нэр дээр А дансаар тоолуулдаг. Хар азаргийг уналга эдэлгээнд хэрэглэхээргүй болсон. Бор морийг хотоос хэвтээгээр нь ачаад Төв аймгийн Эрдэнэ суманд хөдөө гэртээ авч ирээд нэг хоноод үхсэн”...гэх мэдүүлэг /хх-ийн 48-51 дүгээр хуудас/

Гэрч Х.Отгонбаатарын...”гэртээ байж байтал надруу Б.Мөнх-Очир утсаар залгаад танайд очиж явна гэсэн. 02 цагийн үед хашааны хаалга дугарсан ба гараад хартал Б.Нямдорж, Б.Мөнх-Очир нар 4 тооны хул алаг, хар азрага, бор морь, хул морь зэрэг адуунуудыг хөтлөөд ирсэн. Хар азаргийг нь унасан бололтой эмээлтэй байсан. Хаанаас авч ирсэн адуу вэ, хэний адуу вэ гэж асуухад надад ямар нэгэн зүйл хэлээгүй. Тэгэхээр нь гараад Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 102 утас руу залгаад асуудлыг хэлээд эргээд хашаандаа ороод иртэл хул морийг нь нядлаж байсан. Би тэр хоёрт цагдаа дуудсан талаар хэлээгүй удалгүй цагдаа нар ирж Б.Нямдорж, Б.Мөнх-Очир нарыг авч явсан”...гэх мэдүүлэг /хх-ийн 52-55/

2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 04 дугаартай Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн “Эрүүгийн хэргийг тусгаарлах тухай захирамж,

2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр “Урьд сонсгосон ял дээр, ял нэмж сонсгож яллагдагчаар татах тогтоол, байцаасан тэмдэглэлд: Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна, би Улаанбаатар хотод Баянхошуунд найз Отгонбаатарын гэрт байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/

Гэрч Н.Жавзандуламын...Би Мөнх-Очирыг батлан дааж авсан. Мөнх-Очир даалтанд байх хугацаандаа архи ууж ирээд надтай хэрүүл маргаан хийж, би ажлаасаа гарахаас өөр аргагүй болсон. Би Мөнх-Очирыг Төв аймгийн шүүх рүү яв гэж олон удаа гуйгаад яваагүй. Надад шүүгчийн туслах эрх үүрэг болон оргон зайлбал батлан даагчид авах арга хэмжээг тайлбарлан өгч гарын үсэг зуруулсан. Арга хэмжээ авахуулахад гомдолгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 19/

Гэрч Б.Нэргүйгийн...Надад арга хэмжээ авахуулахад гомдолтой байна. Б.Мөнх-Очирыг оргон зугтаасан байхад нь 1 удаа олж өгсөн, утсаар яриад шүүх дээр оч гэж хэлтэл таньд арга хэмжээ авахгүй, би очихгүй гэж сүүлдээ утас нь холбогдохгүй алга болсон. Б.Мөнх-Очирыг баригдсан өдөр нь эхнэр Жавзандулам нь над руу залгаад Мөнх-Очир баригдаад явлаа гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 18/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мөнх-Очир нь хулгайн үйлдлээ болон шүүн таслах ажиллагаанаас зориуд оргон зайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн зүйл ангиар шүүгдэгч Б.Мөнх-Очирыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Б.Мөнх-Очирт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг давтан үйлдсэн, 56.1.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн, 56.1.12 дахь хэсэгт зааснаар ялтай байх хугацаандаа гэмт хэрэг дахин үйлдсэн зэрэг байдлуудыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Эд хөрөнгө битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтын талаар:

Мөрдөн байцаагчийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн эд зүйл битүүмжлэх тогтоолоор шүүгдэгч Б.Мөнх-Очирын төрсөн ээж болох Н.Цэрэнхоролын төлөг хонь 4, төлөг ямаа 4 зэргийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, буцаан олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар цагаан өнгийн хутга 1 ширхэг, улаан хүрэн өнгийн иштэй эвхдэг тонгорог 1 ширхэг, шаргал өнгийн суран хазаар 2 ширхэг, суран ногт 1 ширхэг, цагаан өнгийн бугуйл бүхий олс 1 ширхэг, шаргал өнгийн модтой эсгийн 1 ширхэг тохомтой эмээл 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

 

Хохирлын талаар:

Шүүгдэгч Б.Мөнх-Очир нь хохирогч Д.Эрдэнээд гэмт хэргийн хэргийн улмаас 2.000.000 төгрөгний хохирлоос 1 тооны адууг хүлээлгэн өгч, 1.000.000 төгрөгний хохирол үлдсэнээс өөрт оногдсон 500.000 төгрөгийг төлөөгүй, мөн хохирогч Б.Ганцэцэгт гэмт хэргийн улмаас учирсан 2.000.000 төгрөгний хохирлоос 1 тооны адууг хүлээлгэн өгч, 1.000.000 төгрөгний хохирлоос өөр оногдох 500.000 төгрөгийг төлөөгүй тул шүүгдэгч Б.Мөнх-Очирын нэр хөрөнгөнөөс 500.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Эрдэнээд, 500.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ганцэцэгт нарт олгох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Мөнх-Очир нь 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хүртэл 117 хоног мөн 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл 82 хоног, нийтдээ 199 хоног цагдан хоригдсон болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 293, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь

 

1. Шүүгдэгч Тайж овогт Баянбаатарын Мөнх-Очирыг ялтай байхдаа урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн, шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнх-Очирт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Монгол улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Б.Мөнх-Очирт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялд нь мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай. 

            4. Монгол улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Мөнх-Очирт оногдуулсан 4 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Мөнх-Очирын цагдан хоригдсон 199 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ялтан Б.Мөнх-Очирын эдлэх ялыг 2017 оны 04 дүгээр сарын 06-ний өдрөөс эхлэн тооцсугай.

6. Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар цагаан өнгийн хутга 1 ширхэг, улаан хүрэн өнгийн иштэй эвхдэг тонгорог 1 ширхэг, шаргал өнгийн суран хазаар 2 ширхэг, суран ногт 1 ширхэг, цагаан өнгийн бугуйл бүхий олс 1 ширхэг, шаргал өнгийн модтой эсгий 1 ширхэг тохомтой эмээл 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн эд зүйл битүүмжлэх тогтоолоор Н.Цэрэнхоролын төлөг хонь 4, төлөг ямаа 4 зэргийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан Б.Мөнх-Очирын нэр хөрөнгөнөөс 1.000.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Ганцэцэгт 500.000 төгрөг, хохирогч Д.Эрдэнээд 500.000 төгрөгийг тус тус олгож, энэ хэрэгт иргэний бичиг баримт хураагдан ирээгүй болохыг дурьдсугай.

9. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

10. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Б.Мөнх-Очирт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.БУЯНТОГТОХ